Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

“Тагтаа паблишинг”-ийн үүсгэн байгуулагч Б.Баясгалангийн санал болгож буй 9 ном

“Тагтаа паблишинг”-ийн үүсгэн байгуулагч, орчуулагч, яруу найрагч Б.Баясгалан UB.LIFE-ийн уншигчдад дараах номуудыг санал болгож байна.


“Тагтаа паблишинг”-ийн үүсгэн байгуулагч, орчуулагч, яруу найрагч Б.Баясгалан UB.LIFE-ийн уншигчдад дараах номуудыг санал болгож байна.

1. Вольтерын “Жамаараа яваа ертөнц”

Францын аугаа их соён гэгээрүүлэгчдийн нэг, түүхч, философич, зохиолч Вольтерын (1694-1778) “Жамаараа яваа ертөнц” тууж 1990 онд франц хэлний нэрт орчуулагч Т.Төмөрхүлэгийн хавтай орчуулгаар монгол уншигчдын гарт ирсэн билээ. Философийн санаануудаа илэрхийлэхийн тулд уран зохиолын хэлийг бүтээлчээр ашиглаж байсан Вольтерын зохиолууд амьдралын утга учир, мөн чанарын тухай ултай бодолд уншигчдаа дуудна. Ялангуяа бүхий л амьдралаа юунд хүргэх нь үл мэдэгдэх зорилго, адал явдал, эрэл хайгуулын дунд өнгөрөөж, сав ертөнцийг хөндлөн гаталчихаад эцэст нь зүгээр л тариа тарьж, тэнгэр ширтэж суух эглийн эгэл аж төрлөөс аз жаргалаа олж буй Кандидын амьдралыг уншаад энэ насаа юунд үрэх гэж буйгаа эрэгцүүлж нэг бодвол аштай юу.

2. Умберто Экогийн “Сарнайн нэр”

1980 онд Англи хэлнээ орчуулагдан хэвлэгдсэнээсээ хойш бүх цаг үеийн шилдэг борлуулалттай номуудыг замаасаа ядах юмгүй зайлуулсан энэ романы амжилтыг гайхан мэлэрсэн шүүмжлэгчид “Хүмүүс ийм ном худалдаж аваад байгаа нь, мөртлөө түүнийгээ уншаад байгаа нь, уншсанаа ойлгох гэж оролдоод байгаа нь хамгийн үнэмшихэд хэцүү, солиотой үзэгдэл болж байна” гэж шогширч байсан гэдэг.

Яагаад вэ гэвэл “Сарнайн нэр” бол зүгээр нэг гэмт хэргийн роман биш, Эко хэмээх дэлхийд нэртэй семиотикч философичийн гоо зүйн үзлээ цэгцэлсэн философийн зохиол юм. Хамгийн гол нь энэ зохиол уншигчдадаа хэрхэн эрэмбэтэй зөв сэтгэн бодох, мэдээллийг яаж задлан шинжлэх, түүнээсээ боломжид оюун дүгнэлтүүдийг яаж гаргаж авах дадал, арга замуудыг жинхэнэ философич хүний сэтгэлгээний ирээр зааж чаддагаараа залуу уншигчдад ач холбогдолтой. Гол нь маш анзааргатай, няхуур унших нь чухал.

3. Шерман Алексигийн “Дайны бүжиг”

Уншигчийн хувиар би давамгайлагч орнуудын уран зохиолоос жаахан дөлөмтгий. Хаана ядарсан, зовлондоо нухлуулсан, дарлагдсан ард байна, тэдний үгийг олж уншихыг илүүд үздэг. Шерман Алексиг америкийнх бус, Индианы зохиолч гэвэл зохино. Тэр бол европын булаан эзлэгчдэд нутаг усаа дээрэмдүүлж, хүн төрөлхтний түүхэнд гарсан хамгийн аймшигт, хамгийн том геноцидыг овог отгоороо туулж, америкийн өнцөг буланд мал мэт хашигдан хэсэг бусагханаараа аж төрж буй Индиан үндэстний зовлон зүдгүүр, мухардал, шантралын дундаас төрөн гарсан авьяастан.
Уншигчийн хувиар би бас өөрсдийнхөө туулж буй эмгэнэлийг инээж байгаад ярьж чаддаг зохиолчдод үнэнхүү хайртай. Тийм зохиолчдоос л амьдралыг илүү гүн таньсан, илүү цэцэн мэргэнд хүрсэн хувь хүний сэтгэлгээний гайхамшгийг мэдэрч болно. Шерман Алексигийн бүх зохиолд индианчуудын туулж буй эмгэнэлт хувь тавилангийн эцсийн үр дүнг хүлээн зөвшөөрсөн, эвлэрсэн, тиймдээ ч нэг л тайван, ёжтой, хоржоонтой өнгө аяс нэвт шингээтэй байдаг. 
Номыг нэрлэсэн “Дайны бүжиг” өгүүллэгт нь тархины хавдартай хэмээн ташаа оношлогдож олон сар бухимдуухан явсан индиан эрийг эмч нь буруу оношилсноо сая мэдэж, багадаа өвчилсөн өвчнийх нь сорвийг хавдар хэмээн андуурсандаа хүлцэл өчөөд “Таны тархи цоо эрүүл байна. Та үнэхээр сайхан тархитай хүн юм” гэж тайтгаруулж буй тухай гарна.

Индиан эр эмчийн үгийг ээждээ ярьтал нэг их тоосонгүй, эхнэр нь ч тогтож ойшоосонгүй. Тэгээд тэр индианчуудыг тусгаарлан хорих бүс нутагт бүх насаа элээхдээ архичин болж, эцэстээ “архиар явчихсан” муу эцгээ дурсан бодож “Цагаан арьст эмч мань шиг индианыг их сайхан тархитай хүн байна” гэж магтсаныг сонссон бол миний муу аав, хар архичин туучий элгээ хөштөл инээх байсан даа” гэж харуусан боддог. Ийм энгийн, анзаарагдамгүй ганцхан өгүүлбэрээр тэр цагаан арьстнуудтай тулсан индианчуудын эмгэнэлт амьдрал, золгүй хувь тавилан, түүхийн шарх сорвийг сэтгэл урагдтал зураглаж чаддаг юм.

4. Милан Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”

Зарим зохиолыг уншихад гол руу уурга шидчихээд ус ширтэн суух мэт үнэтэй санааг ганц нэгээр нь гогдоно. Харин Кундераг унших бол асар том тороор загасчлахтай адил гялалзсан санаа, сонин гаргалгаа, жиг сэтгэлгээг бөөн бөөнөөр нь олборлохын нэр. Тэр бол юухнаар ч дамжаад хүний дотор орчихож чаддаг адтай зохиолч. Дүрүүдээ ахуй дүрслэл, үйл хөдлөлөөр нь нээх бус, чинхүү дотоод сэтгэл, тэнд өрнөж буй үй түмэн зөрчлөөр нь уншигчдадаа танилцуулдаг, тэр хэрээрээ баялаг бичлэгтэй, бодууштай юм ихтэй, өгөөжтэй, орчин цагийн хүүрнэл зохиолын нэгэн инжаан Монгол хэлээр монгол уншигчидтайгаа учран золгож буйд би хувьдаа тун баяртай байна.

5. Гүр.Нямдоржийн “Бэнсэн үлгэрч”

Хөвсгөлийн Түнэлээр нутагтай, шог зураач, яруу найрагч, зохиолч энэ хүний тухай үлгэр домог шиг олон зүйл сонсогддог л юм. “Манай уран зохиолоос Нобель авах ганц хүн нь байлаа” гэж харуусах үеийн нөхөд нь ч таарах. Тийм ч биз, үгүй ч биз. Гэхдээ,
Хоёр Түнэлийн хооронд
Хүдэн манан татахад
Модон хөл минь даарна
гэхчлэн хөврөх богино шүлгүүдийг нь уншихад яалт ч үгүй монгол туургатны уран зохиолын нэгэн гялалзсан эрдэнэ байж дээ гэж хүндлэх хайрлах сэтгэл төрдөг. Сүүлд энэ номыг нь олж уншаад хамгийн түрүүнд “Их сайхан эрмэг монгол хэлтэй юм” хэмээн бодож, дараа нь “их зоригтой, задгай сэтгэлгээтэй хүн байж ээ” гэж бас нэг бахадсан. Залуу уншигчид маань ийм нэг сайхан монгол зохиолчийнхоо нэрийг цээжлээд аваасай гэхдээ энд орууллаа.

6. Жумпа Лахиригийн “Өвчин зовиурын хэлмэрч”

Даяарчлал, түүний нөлөөллөөр олон соёлын нийлэгжил эрчимжиж, соёлууд нийлэгжихийн хэрээр бага үндэстнүүдийн дархлааны тогтолцоо цочирч, өөрсдийн соёл уламжлалдаа улам мэдрэг хандах болсон өнөө цагийн дүр төрх урлаг, уран зохиолын өнгө аяст ч нөлөө тусгалаа олоод эхлэчихсэн билээ. Өнөөгийн уран зохиолыг товчхондоо цагаачдын хийгээд уугал иргэдийн гээд ангилчихад буруудамгүй санагддаг. Цагаачдын уран зохиолын гол шинж нь нэг соёлоос нөгөө соёл руу шилжих үйл явц, давамгайлагч соёлын түрэлтэд нэгдэн замхрах хийгээд сөрөн зогсохуйн тухай, ялгаатай соёл тээгчдийн хоорондын харилцааны тухай, товчхондоо олон соёлын мөргөлдөөний тухай өгүүлдэгт оршино.

Энэтхэг-Америкийн зохиолч Жумпа Лахири “Өвчин зовиурын хэлмэрч” хэмээх анхны өгүүллэгийн түүврээрээ уран зохиолын ертөнцөд багагүй шуугиан дэгдээж нэр хүндтэй олон шагнал хүртсэн юм. Түүний эл богино өгүүллэгийн түүвэр агуулгын хувьд цагаачдын уран зохиолын нэгэн содон төлөөлөл яах аргагүй мөн.

7.  Амос Озын “Юудас” роман

Үндэстэнд нэг сайн зохиолч байна гэдэг аврал юм. Үндэстний хэмжээний зохиолч байна гэдэг тухайн үндэстнийхээ сэтгэлгээний туг, соёлын бамбай байхын нэр. Амос Оз цусаа хөөвөл Еврэй бус Польш, Литви гаралтай хүн ч шинэ тутамд тусгаар тогтносон Израйл улсад өсч хүмүүжин, бүхий л насаа эл улсад өнгөрүүлж яваа зохиолчийн хувьд яах аргагүй Израйл зохиолч, израйлын ард түмний соёл сэтгэлгээний дууч болсон хүн юм. Түүний 2012 онд хэвлүүлсэн “Юуда” хэмээх эл зохиолд Христийн арван хоёр найдангийн нэг, их багшаа гучхан зоосоор худалдан Ромчуудад барьж өгсөн урвагч гэдгээрээ түүхнээ үлдсэн Юудагийн домгийг нэхэн сурвалжилж, хоёр мянган жилийн турш огт хөндөгдөлгүй, хэв суртаал болон мөрдөгдөж буй библийн сударт “криминалистикийн шинжилгээ” хийсэн зохиол юм.

Юудагийн домгийн нэхэн сурвалжлах шалтгаан Амос Озод бий. Чухам Юудагийн урвалтыг цагаатгаж байж бурхан эзнээсээ урвасан хэмээн адлагдаж хоёр мянган жил нутаг усгүй тэнэсэн Еврэйн ард түмнийг цагаатгах болно. Харин эл зохиолыг манай залуучууд уншсанаараа тогтсон ёсыг сөрж сэтгэх, асуудалд шүтэн бишрэгч, сохроор дагагчийн байр сууринаас бус цэвэр оюунаар хандаж сурахын гайхамшгийг уран зохиолын хэлээр хүртэж мэдрэх боломжтой болох вий.

8. Оливер Сакс “Эхнэрээ малгайтай андуурдаг эр”

Оливер Сакс бол орчин цагийн хамгийн амжилттай зохиолчдын нэг байгаад зогсохгүй ньерологийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтдийн нэг байлаа. Өөрийнхөө өвчтөнүүдийг олон жил ажиглаж, онцгой тохиолдлуудыг нь тэмдэглэж авч байсныгаа “Эхнэрээ малгайтай андуурдаг эр” хэмээх ном болгосон нь хүний тархи хэмээх асар гайхамшигтай, тэр хэрээрээ нууцлаг эрхтний үйл ажиллагааны талаар, хүний тархины үйл ажиллагаанд гардаг хачин жигтэй доголдлуудын талаар өгүүлсэн баримтат уран сайхны маш сонирхолтой бүтээл болсон юм. 

9. Ха Жинийн “Чөлөөт амьдрал” роман

Ха Жин бол Тьянамины талбайд болсон оюутны бослогыг засгаас нь маш харгис хэрцгийгээр нухчин дарсны дараа эх орноо орхин дүрвэсэн олон мянган хятад залуусын нэг. Түүний зохиолууд аанай л өнөө цагаачдын уран зохиол хэмээх ай савд хамаарна. Жумпа Лахиригийн зохиолууд Индира Гандигийн засаглалаас зугатаж Америкт очсон энэтхэгчүүдийн сэхээтний маягийн амьдрал, их сургуулиудын хүрээлэл дунд өрнөж буй боловсролтой энэтхэгчүүдийн оюун санааны ертөнцийг илүүтэй зурагладаг бол Ха Жинийн түүх хүний газарт очиж хар бор гэж голохгүй ажил бүхэнд зүтгэсэн хятад хүмүүсийн түүх, нэг хөрснөөс сугарч нөгөө хөрсөнд ургах гэж тэмцэн буй хятадуудын аж төрлийг зурагладаг. Сэхээлэг энэтхэгчүүд хоёр дахь үеэсээ бүрэн америкжиж, уугал соёлоосоо хөндийрч байхад ажилчин хятадууд хаа явсан газраа шинэ хятад хөрс бий болгож, очсон газрынхаа соёлд уусах бус, тэндээ хятад хороолол, хятад гуанзнууд ажиллуулан өөрсдийгөө тойруулсан бичил хятадыг үүсгэчихэж дөнгөдгийг дурдсан хоёр зохиолоос харьцуулаад уншчихад сонирхолтой. Үүнд л цагаачдын уран зохиолын сонин содон, амт шимт, авууштай санаанууд нь оршиж байдаг даа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.12.30
UB LIFE-ийн Түүхүүд: Энэ онд хүмүүсийн үзсэн хамгийн гоё КИНОНУУД
2
2022.09.05
Есдүгээр сарын жаврыг даван гарахад туслах "дурлам" 10 дуу
3
2022.07.22
Playlist: Бороотойд "эморох" хүсэлгүй хүмүүст санал болгох Биллбоардын 20 дуу
санал болгох
1
22 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.