Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

"Алтан хальс" холбооны үүсгэн байгуулагчдын нэг Ш.Ихбаярын санал болгож буй 10 кино

Эдгээр 10 киног үзээгүй бол үзэхэд хэзээд ч харамсахгүй гэдгийг батлах байна. Заримыг нь “Алтан хальс” холбоогоороо дамжуулан “Dreamers’ Day” кино өдөрлөгөөр гаргаж байсан.


"Алтан хальс" холбооны үүсгэн байгуулагчдын нэг Ш.Ихбаярын санал болгож буй 10 киног та бүхэнд хүргэж байна.

Эдгээр 10 киног үзээгүй бол үзэхэд хэзээд ч харамсахгүй гэдгийг батлах байна. Заримыг нь “Алтан хальс” холбоогоороо дамжуулан “Dreamers’ Day” кино өдөрлөгөөр гаргаж байсан. Энэ 10 киноноос гадна сэтгэлд үнэхээр хүрч чадсан кинонууд гэвэл тоолшгүй олон байгаа нь мэдээж. Санал болгох 10 кино таалагдваас миний бас хүндэлж явдаг дараах найруулагчдын аль ч киног үзээд сэтгэл ханамж эдлэх бүрэн боломжтой. Урт жагсаалт болгохоос үл цааргалан дараах нэрсийг дурдмаар байна: Уэллс, Форд, Стержес, Кассаветис, Кокто, The Archers, Дарденнууд, Лозница, Брессон, Годар, Рене, Гринуэй, Цай Мин Лянь, Тарковский, Сокуров, Малик, ван Сант, Бунуэль, Мэддин, Тэшигахара, Уоткинс, Херцог, Мурнау, Ланг гэх мэтээр олон сод уран бүтээлчдийг нэрлэж болох аж.

Кино зүгээр нэг түр зуур сэтгэл засал олгох хямдхан урлаг биш харин хүний оюуныг тэлэх боломжтой үнэ цэнэтэй урлаг гэдгийг эдгээр найруулагчдын бүтээлүүд батална. Хэрвээ үзэгч та мянга мянган кино үзчихээд байтал хаа нэгтээ нүсэр алтан сан хөмрөг байгаа гэж сэжиглэсээр ирсэн бол энэ 10 киноноос эхлээд үз л гэж зөвлөмөөр байна.

1. Карл Теодор Драйер – Жанна Д’Аркийн шаналан (La Passion de Jeanne d’Arc)

Энэ киног дуугүй болон “Гэрлийн дуу хоолой” хөгжмийн зохиолын хамт үзсэн ч энэ бүтээл аль ч тохиолдолд үзэгчийг кино урлагаар “ариусгаж” орхих нь дамжиггүй. Хүмүүс бид дайсагналцах талаа төлөөлж болохуйц хүн, олонхиос өөр хүмүүсийг хянан хавчих зангаа гээхгүй нь мэдээж. Шашин иймэрхүү хүмүүний муйхар дутагдлыг засахаас илүүтэй улам илүү өрдөж байдгийг энэ киноноос харж болно. Энэ бүтээлийн ихэр буюу ижил сэдэвтэй атлаа үүнээс дутахааргүй лут кино гэвэл мөн Драйерийн “Цээрлэлийн өдөр” бүтээлийг нэрлэж болох юм шүү.

2. Жак Турнёр - Өнгөрснөөс өнгийхүй (Out of the Past)

Холливүдийн Алтан үеийн драм, мюзикл, гэмт хэрэгт ямар ч сайн кино хүний сэтгэлийг ёстой нэг сэргээх шиг болдог юм. Энэ дундаас нуар кинонууд хамгийн үзүүштэй нь. Үйл явдлын ээдрээг хөөхөөс гадна харах, сонсоход (Бэколл, Стэнвикийн бүтээсэн femme fatale-уудын хоолойг нэг сонсоод үзээрэй) тун таашаалтай нь нуар кинонууд. Эдгээр дундаа маргашгүй шедевр нь Өнгөрснөөс өнгийхүй юм. Митчум нууцлаг нуар дүрүүд бүтээхдээ гаргууд нэгэн. Түүний тоглосон “Анчны шөнө” бүтээлийг энэ кинотой хавсарч үзвэл ёстой нэг катарсис болох нь дамжиггүй. Энэ киногоор би анх Жейн Гририйг нээж байлаа. Гэхдээ киноны хамгийн сонин бөгөөд чухал элемент нь мэдээж найруулагч. Францад төрсөн, кино найруулагчийн хүүхэд болох энэ Жак гэгчийн “Муур хүмүүс”, “Зомбитой хамт гэлдэрсэн нь” мэтийн гайхмаар жигтэй атлаа лут аймшгийн кинонуудыг нь бас үзэх хэрэгтэй. Тэгсэн цагт түүний хэв маяг энэхүү нуар жанрт ямар төгс зохицсон болохыг ойлгох болно.

3. Ингмар Бергман - Онгон горхи (Jungfrukällan)

Бергманыг ямар агуу болохыг хэн ч хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх байх. “Хашхираан ба шивнээ”, “Зэрлэг гүзээлзгэнэ” зэргээс илүүтэй энэ бүтээл нь илүү намайг тавгүйтүүлдэг юм. Кино урлаг ямар хүчтэй байж чадахыг мэдэрье гэвэл энэ бүтээлийг тольдоорой. Хэдий готик гэж хэлж болохуйц өнгө аястай ч киноны дүрүүд, харилцан яриа, үйл хөдлөл нь хүртэл тэр чигтээ яруу найраг.

4. Стэн Брэкиж – Нохой од хүн (Dog Star Man)

Стэн Брэкижийн бүрэн хэмжээний аль нэг бүтээлийг амтархан үзэж чадваас таны билгийн мэлмий нээгдэх нь гарцаагүй. Энэ киног дуугүй чигээр нь үзэж нүдээ баясгах шиг өөрөө өөртөө үйлдэх буян гэж үгүй. Хэдий түүний кинонд ямар нэг хүүрнэл оноох нь утгагүй хэрэг ч энгийн тайлал хэрэгтэй байж магад: Сахалтай эр (Брэкиж) уул руу нохойтойгоо хамт мод бэлтгэхээр явахдаа элдэв янзын зүйл харж, дурсаж, мэдэрнэ. Тэр дунд нь бүсгүй хүн (Брэкижийн анхны эхнэр), хүүхэд нь, байгаль эх нь, од эрхэс үзэгдэнэ.

5. Элем Климов – Ирээд үзэхтүн (Иди и смотри)

Энэ киног хүн болгон л үзсэн байх. Гэхдээ энэ удаад “twist” нь юу вэ гэвэл Климовын эхнэр Лариса Шепитькогийн “Өгсөхүй” (1977) киног эхлээд үз гэмээр байна. “Иди и смотри” яагаад агуу вэ гэвэл эрчүүдийн ялангуяа романтикжуулж үзэх дуртай дайн үнэндээ ямар болохыг хүний сэтгэл оюун, бие махбодод мэдрүүлж чаддагт нь байгаа юм.

6. Михаэль Ханеке – Долоо дахь тив (Der siebente Kontinent)

18-аас доош насны хүүхдүүд, эсхүл сэтгэлзүй нь тогтворгүй ямар ч насны хүн энэ киног үзэхгүй байхыг зөвлөе. Бусдаар эрүүл хүмүүс бол энэхүү бодит явдал дээр сэдэвлэн бүтээсэн киног үзээд өөрсдийн амьдралд заавал ч үгүй утга учир оноож таардаг. Уг бүтээл таалагдвал Ханекегийн уг бүтээлээс хойш туурвисан бүх киног үзэхийг зөвлөмөөр байна. Эцэст нь та илүү сэтгэлийн тэнхээтэй, уужим хараатай, хүлээцтэй хүн болох нь хаашаа ч юм бэ, гэхдээ сэтгэлээс гол хамааралтай амьдралын тань чанар дээшлэх нь тодорхой.

7. Бела Тарр – Чөтгөрийн танго (Sátántangó)

Долоон цаг гаран үргэлжлэх ч хэзээ ч уйдашгүй энэ киног Сюзан Зонтаг жилд заавал ч үгүй нэг удаа үздэг байсан гэдэг. Тиймээс хүн амьдралдаа энэ киног ядаж нэг удаа үзэхгүй бол урлагийн түүхэн дэх нэгэн том мөнх цаст ноён оргилыг хараагүй юм шиг хажуугаар нь мөлхөөд өнгөрсөн хэрэг болох вий. Кино алгуурхан тасралтгүй зураг авалтууд олонтой ч сонирхууштай ээдрээт өрнөлтэй. Хамгийн гол нь энэ кино гайхам үзэсгэлэнтэй. Хар цагаан ямагт өнгөт зураглалыг дийлдэг гэдгийн нэг жишээ юм даа.

8. Чарли Кауфман – Синекдоки, Нью-Йорк (Synecdoche, New York)

Кауфман + Филип Сеймур Хоффман = Үзэхгүй бол алдас болох кино. Үнэнийг хэлэхэд Филип Сеймур Хоффман тоглосон л бол би ямар ч киног нь үзнэ. Хоффманыг зуурдаар нас барахад шууд л энэ киног дахин үзэж билээ. Кинонд хөндсөн олон сэдвийн нэг нь яах аргагүй үхэл байдгаас тэр биз. Мөн миний хувьд Кауфман зүгээр л орчин үеийн Америкийн кино урлагт тохиосон цор ганц гайхамшиг (П.Т. Андерсон, Пэйн, Лонерган гурвыг эс тооцох юм бол).

9. Брюно Дюмон – Бяцхан Кенкен (P'tit Quinquin)

Энэ мини цувралын дүрүүд нь хоёр хэмжээст ч юм шиг хэрнээ асар нарийн төвөгтэй дотоод зөрчилтэй байх аж. Учир битүүлэг хүн амины хэргийг сурвалжлах мөрдөгч болон нутгийн хүүхдүүдийн тухай өгүүлэх уг кино хамгаас хүмүүнлэг инээдмийн кинонуудын нэгт зүй ёсоор багтах учиртай. Брессоны залгамжлагч гэгддэг Дюмоны хувьд энэ кино өөрийн өвөрмөц хэв маягийг хүчтэй тамгалсан гэхэд хилсдэхгүй.

10. На Хон-жин - Цурхирал [Gokseong (The Wailing)]

Аймшгийн гэж хэлж болохуйц кино хэзээ ч сонирхол татаж байгаагүй ч энэ кино үнэхээр сонин, содон, жигтэй бүтээл мөнөөс мөн. Юу гэхээр зарим Солонгос найруулагчдын кино урлах “modus operandi” нэг л гойд байгаа нь уламжлалт жанруудыг яаж мушгиж, сэгсэрч байгаагаар нь илэрдэг. Японы дарангуйлал, бөөгийн болон Христийн шашны худал бузар булай, цагдаагийн ажилтнуудын чадваргүй байдал, хүн хоорондын итгэлцэл гээд олон давхарга агуулгыг хооронд нь егөөтэйхнөөр сүлбээрдэхдээ үзэгчдэд ойлгомжтой байх эсэхийг нэгдүгээрт тавиагүй нь энэ киноны гол давуу чанар билээ.

Мөн тав дахь жилдээ зохиогдож буй "Алтан хальс индепендент кино наадам" энэ жил 6 сарын 9-11-нд iCinema кино театрт зохион байгуулагдах гэж байна. 52 орны 268 бүтээлээс сонгогдсон шилдэг бүтээлүүд ба сонирхолтой кинонуудыг та уг наадмын үеэр хүлээн авч үзэх боломжтой. Кино урлагийг сонирхдог, хайрладаг хэн бүхнийг урьж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.