Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Ц.Чинзориг: Дэлхийн театрын шилдэг сургуульд сурсан мэдсэнээ гаргах цаг ирлээ

Ирэх амралтын өдрүүдэд ДБЭТ-т “Дэггүй Лиз” нэртэй шинэ балет тоглох гэж буйтай холбогдуулан тус балетыг найруулан тавьсан Ц.Чинзоригтой ярилцлаа.


Ирэх амралтын өдрүүдэд ДБЭТ-т “Дэггүй Лиз” нэртэй шинэ балет тоглох гэж буйтай холбогдуулан тус балетыг найруулан тавьсан Ц.Чинзоригтой ярилцлаа.

Английн Хатан хааны театрын Ф.Аштоны тавилтаас санаа авч Монголд анх удаа “Fille mal gardee”-г найруулан тавьж буй Ц.Чинзориг 

- “Дэггүй Лиз”-ийг тавихаар хэзээ шийдэв? Хэзээ ажлаа хүлээж авсан бэ?

- Москва дахь Оросын театрын урлагийн институтыг (ГИТИС) төгсөж ирээд хоёр жил болж байна. Дипломын ажлынхаа хүрээнд бүрэн хэмжээний балет тавихаар төлөвлөж байсан. Энэ балетаас өөр олон сонголт байсан л даа. Хоёр жилийн өмнө хүүхдийн бүтээл цөөхөн байна гээд тэр төрлийн бүтээлийн төсөл, хөтөлбөр байвал төрөөс дэмжинэ гэсэн. Найруулагч хүн мэдээж санхүүгийн талаа бодно, тэгээд барьж авсан. Бас мэдээж театрын урын санд шинэ бүтээл нэмэгдэх давуу талтай. Манай театр 50 гаруй балет тавьсан, урын сан арвин. Дэлхийд алдартай сонгодгуудаас тавигдаагүй нь цөөн шүү дээ. Хуучин балетуудыг шинэчлэн тавих уу, цоо шинэ балет тавих уу гэж тунгаасны эцэст тэгж шийдсэн. Театртаа ажиллаж байгаад явсан болохоор дарга нар ч намайг шинэ бүтээл тавина гэж харж байсан байх. Гэхдээ төрөөс дэмжлэг авах нь бүтээгүй. Уг нь хоёр жилийн өмнө гарчих байсан юм.

-  Хөтөлбөрт “Үр дүнгүй болгоомжлол” гэсэн атал яагаад “Дэггүй Лиз” болчихов?

- Францаараа бол “Fille mal gardee”. Орос нэр нь ч ээдрээтэй (Тщетная предосторожность). Эхэндээ шууд орчуулгаар нь “Үр дүнгүй болгоомжлол” гэж нэрлэхээр ярьж байсан. Дараа нь уран сайхны зөвлөл, маркетингийн алба гэхчлэн тал талаасаа ярилцаж байгаад хүүхдүүдэд ойр байлгах үүднээс “Дэггүй Лиз” гэж нэрлэсэн.

-Орост суралцаж байхдаа үзэж байсан уу?

-Орост хоёр хувилбараар тоглогддог. Санкт-Петербургт Фердинанд Хэрольдын хөгжим дээр найруулга хийснээр тоглодог бол Москвад Петер Хертель гээд өөр хөгжмийн зохиолчийн бүтээлд суурилсан тавилт голлоно. Харамсалтай нь, тэнд байх эхний хоёр жилдээ би энэ балетыг тоож үзээгүй. Сүүлийн хоёр курстээ үзье гэтэл тоглогдоогүй. Бичлэгүүдийг нь бол зөндөө үзэж, судалсан.

-ДБЭТ-ынхан Хэрольдын хөгжмөөр тоглож байгаа гэхээр Хатан хааны театрын Фредерик Аштоны хувилбараар тавьж байгаа гэсэн үг үү?

-Тийм. Ф.Аштоны талаар сайн мэддэггүй байж байгаад энэхүү уран бүтээлийг тавихаар болсныхоо дараа судалж эхэлсэн. Найруулга нь маш их таалагдсан. Гэхдээ түүний тавилтыг тэр чигээр нь хөрвүүлж тавихгүйгээр шийдээд зохиолыг нь шинэчилж бичсэн. Юун төлөө дэлхийд театрын тэргүүлэх сургуульд сурсан билээ, хамаг хүчээ дайчлан энэ балетыг хийж байна. 

-Хэрхэн өөрчилсөн бэ?

-Үйл явдал өрнөж буй зууныг өөрчилсөн, дагаад хувцас хэрэглэлийг нь өөрөөр хийсэн. Дэглэлтийнх нь 80 хувийг өөрийнхөөрөө шинэчилсэн байгаа.

- “Fille mal gardee” үзэхэд хөнгөхөн, өөдрөг сэтгэгдэл төрүүлэх авч техник гүйцэтгэлийн хувьд амаргүйгээрээ алдартай шүү дээ. Жүжигчдээ хэрхэн сонгов?

-Бүжигчдээ найруулагч мэдээж өөрөө сонгоно. Бүжгэн жүжиг маань таван гол дүртэй. Үнэндээ театрт маань сонгон шалгаруулахуйц олон бүжигчин байхгүй. Нийт 10 гоцлооч бий. Эмэгтэй таван гоцлоочийн маань хоёр нь бие давхар байгаа. Үлдсэн гурваас Лизийн дүрд Б.Саруул, О.Анужин хоёрыг сонгосон. Харин Лизийн ээжийн дүрд гавьяат жүжигчин Х.Мөнгөнхөлөг бүжиглэнэ. Симонагийн дүрийг анхнаас нь эрэгтэй хүн бүтээж ирсэн. 

-ДБЭТ бүжгэн жүжигт, тэр дундаа нээлтийн үзвэрүүддээ хоёр бүжигчин ээлжлүүлэн тоглож байгаа. Дэлхийн томоохон театруудад бол голдуу нэг л гоцлооч дагнадаг шүү дээ. Ач холбогдол нь юу вэ?

-Аль ч театрт нэг дүрд хоёроос гурван хүн бэлддэг. Нэгдүгээр гоцлооч өвдөх ч юм уу, асуудал гарахад шууд орлохуйц бэлтгэгдсэн байх үүднээс. Дэлхий даяаршиж, бүжигчид маань гадаадын театруудад ажиллах сонирхолтой болчихсон. ДБЭТ ч үүнийг нь дэмжиж, өөрийгөө хөгжүүлэх, сорих хүсэл эрмэлзэлд нь нээлттэй хандаж байгаа. Нэг гоцлооч маань саяхан л гэхэд БНСУ руу явлаа. Тухайн дүрээр мэргэшсэн гоцлооч явлаа гэхэд тайзан дээр дүрээ бүтээж үзээгүй хүн үлдвэл хэцүү. Хөшигний ард л бэлдэх хангалтгүй шүү дээ. Ийм учраас л сөөлжих бодлого баримталж байна.

-Театрын урын сангаас шинэчилж тавихаар бодож байгаа балет байна уу?

-Балетын хөгжил сангаас “Цөмөөхэй”-г америк тайзтайгаар тавьж байгааг бүгд мэдэх байх. ДБЭТ-ынхан өөрсдөө тэр гайхалтай балетыг тавьж байх ёстой гэж удирдлагууд үзэж байгаа. Тийм ч учраас тоглоогүй нэлээн удсаны эцэст өнгөрсөн арванхоёрдугаар сард тоглосон. Гэхдээ одоогийн үзэгчдэд зориулаад тайзнаас эхлээд бүрэн өөрчлөх шаардлагатай гэдэгт бид санал нийлсэн. Ирэх арванхоёрдугаар сард шинээр тавина гэж төлөвлөж байна. Найруулга дээр нь хэн ажиллах нь одоохондоо тодорхойгүй байна. Энэ сарын сүүлчээр ирэх улирлын тоглолтууд яригдана. Тэр үеэр шийдэх болов уу.

-Үзэгчийн хувьд таны хамгаас дурладаг балет аль вэ?

-Аль ч балетыг үзсэн мэргэжлийн талаас нь л хардаг болж дээ. Алдартай, нэгэнт хөдөлшгүй орон зайгаа эзэлчихсэн “Дон Кихот” зэрэг балет юугаараа тэгж онцгойрдгийг судлах хэрэгтэй гэж бодон суралцаж байна. Хөгжмийн найруулга, дэглэлт, техникийн гээд тал талаас нь. Тэгж гэмээнэ стандарт тогтох байх. Эдгээрийг шинэчилж тавих бодол байхгүй. Классик болчихсон тавилтыг оролдож байхаар шинийг хийх нь илүү дээр болов уу. Тэгж чадваас миний зорилго оршино.

-Цаашид дан сонгодог чиглэлээ барих уу, эсвэл модерн балет зэргээр хөрвөх үү?

-Монголын театрт аль аль нь хэрэгтэй гэж харж байна. Модерн, комтемпорари балет, бүтээлүүд хэрэгтэй байна. Хамгийн гол нь бид үндэсний чиглэлээ барих ёстой. Монголд балет  хөгжөөд 50 гаруй жил боллоо. Бусад театр аваад тоглочихоор үндэсний бүжгэн жүжиг байхгүй л байна. Үндэсний онцлог, түүхийг харуулсан “Спартак” шиг тодорч харагдахуйц бүтээл гарч ирээсэй.

-Хөгжим, зохиол гээд бүхэлдээ цоо шинэ бүтээл гаргахаар бодож байна уу? Эсвэл магадгүй “Уран хас”-ыг ч юм уу шинэчлэх бодолтой байгаа юу?

-Тийм санал хэд хэд ирсэн. Орост сурч байхад Ж.Чулуун агсны хүү Ч.Чинбат аавын минь балетыг шинэчлэн найруулаач гээд хандаж байсан. Надад хугацаа хэрэгтэй. Тэр тусмаа үндэсний бүтээл дээр.

-Баярлалаа. Танд амжилт хүсье. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий Архангай аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойн барилдаанд түрүү...
2
3 цагийн өмнө
Л.Энхрийлэн жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
3
3 цагийн өмнө
Б.Хорлоодой жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
10
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.