Хайх зүйлээ бичнэ үү

"The Mongolian Family" буюу Монгол гэр бүл гэх нэрээр цахим орчинд алдаршаад байгаа өхөөрдөм хөөрхөн гэр бүлийг бид энэ удаад ярилцлагын буландаа урьсан юм.

- Сайн байцгаана уу? Ярилцлагын урилгыг хүлээж авсанд баярлалаа. Яагаад “The Mongolian Family” хуудсыг нээхээр шийдсэн юм бэ? Хэзээ хамгийн анхны Vlog-оо оруулж байв?

- Манай Нара 4 билүү 5 сартай байсан юм. Бид хоёр нэг өдөр охиноо төрснөөс хойш бичсэн бүх бичлэг, зургуудыг үзэж суухад яг тэр мөчүүддээ эргээд очсон мэт сайхан санагдаж байсан. Мөн эмээ, өвөөд нь охиныхоо бичлэгийг явуулах их дуртай байсан. Тэр үеэс л гэр бүлийн бичлэг түлхүү хийж эхэлсэн. Залуу үеэ эргэн дурсаж, хүссэн үедээ үзэж байхын тулд Youtube дээр хуудас нээж бичлэгүүдээ оруулах болсон. Бид гэр бүлийнхээ юу хийж байгааг, гоё, сайхан дурсамжаа найз нөхөдтэйгээ болон бусадтай хуваалцах дуртай.

- АНУ-д хэр удаан амьдарч байгаа вэ? Тэмүүжин, Марлаа хоёр хэрхэн танилцаж байсан тухай бичлэгийг үзээгүй хүмүүст зориулаад хайрын түүхээсээ товчхон хуваалцаач?  

- Марлаа АНУ-д 19 жил амьдарч байна. Харин би (Тэмүүжин) 9 жил болох гэж байна. Бид 2 анх Охио мужид амьдардаг байхад монголчууд цагаан сараар Марлаагийн аав, ээжийнд золгохоор очсон юм. Тэр үед хамгийн анх бие биенээ харж байсан. Тэр үеэс жилийн дараа бид хоёр нэг үдэшлэг дээр таарч, илүү дотно танилцаж эхэлсэн.

- Амьдралынхаа нэгээхэн хэсгийг ингэж олон нийттэй хуваалцаж, бичлэг болгон үлдээхийн хамгийн сайхан нь юу вэ? 

- Хожим нь залуу насаа эргэн дурсах нь хамгийн сайхан юм уу даа. Хөгширсөн хойноо хүүхдүүдтэйгээ тойрч суугаад аав, ээж нь залуудаа ингэж билээ, аав ээжтэйгээ бүгдээрээ ийм юм хийж байсан шүү дээ гээд л яг тэр үедээ эргэж очсон мэт сайхан мэдрэмж төрнө байх.

-Гэр бүлийг нэг үг юм уу, нэг өгүүлбэрээр тодорхойлбол?

- Аз жаргал.      

- Нэг Vlog хийхэд recording хийхээс гадна editing-тэй нийлээд хэр хугацаа зарцуулдаг вэ?

- Энгийн, амархан Vlog хийе гэвэл бараг нэг өдөртөө засаад гаргаж болно. Харин илүү ажиллагаатай, гоё бичлэг хийе гэвэл 3-аас 4 өдөр ч болох тохиолдол байдаг. Яаж хийхээс л шалтгаална даа. Бид хоёр бичлэгээ ихэвчлэн Canon-ийн камераар бичиж “Final Cut Pro” программаар edit хийдэг.

- Марлаа, Тэмүүжин хоёр ямар ажил хийдэг вэ? Өөрсдийнхөө тухай товч танилцуулаач?

Марлаа: Би мэргэжлийн нүүр будалт хийдэг. Ихэвчлэн хуримын нүүр будалт болон сэтгүүлийн зураг авалтын будалт хийдэг. Заримдаа загварын шоуны нүүр будалт хийдэг.

Тэмүүжин: Би нэг хоолны газар тогооч хийдэг. Энэ мэргэжлээр бараг 7 жил ажиллаж байна.

- Гэр бүлээрээ эх орноосоо хол амьдрахын сайн болон саар тал нь юу вэ?

- Сайхнаас нь эхэлье даа. Өндөр хөгжилтэй, соёлтой оронд амьдарч, тэндээс суралцаж, 21 дүгээр зуунтайгаа хөл нийлүүлэн алхаж байгаа нь сайхан юм уу даа. Харин муухай нь эх орноо санал л юм даа.

- “The Mongolian Family” хуудаст бизнесийн санал ирдэг үү? Бизнесийн байгууллагуудтай хамтарч ажиллах тухай бодож байсан уу?

- Монгол болон гадаадын компаниудаас хамтран ажиллах санал их ирдэг. Одоогийн байдлаар бид ямар нэг компанийн санал хүлээж аваагүй байна.

- Нарад багаас нь монгол хэл, уламжлал зааж, сургах талаар ээж, аав хоёр нь хэрхэн анхаардаг вэ?

- Энэ тал дээр их анхаардаг шүү. Монголд байгаа эмээ, өвөөд нь дандаа монгол хүүхдийн ном захидаг. Бид хоёр аль болох монгол хэлээрээ ярьж, монгол ном уншиж өгөхийг хичээдэг. Ирээдүйд ядаж хоёр хэл мэддэг байх нь хэрэгтэй шүү дээ.

- “Монгол гэр бүл” монголдоо ирж, амьдрах зорилго бий юу?

- Байлгүй яахав. Гэхдээ яг одоогоор хэзээ очихоо сайн хэлж мэдэхгүй байна.

- “The Mongolian Family”-ийн ямар төрлийн бичлэгийг үзэгчид шимтэн үздэг вэ?

-Бидний гаргасан бичлэг бүрийг үзэгчид маань идэвхтэй үздэг. Мөн ямар нэг чалленж хийсэн бичлэгүүдэд маань хүмүүс илүү дуртай байдаг нь анзаарагддаг.

- Нууц биш бол Нарад хэзээ дүү гаргаж өгөхөө төлөвлөсөн үү?

- Яг одоогоор энэ тухай төлөвлөөгүй л байна. Гэхдээ эхний хоёр хүүхэд ойролцоо настай байсан нь дээр байх. Бид хоёр Нарагийн дүүгийн тухай ярилцаж л байгаа.

- “The Mongolian Family”-ийн үзэгчид танай Vlog-уудаас юу мэдэрч, ойлгож аваасай гэж хүсдэг вэ?

- Бидний бичлэгээс хүмүүс сайхан энерги авч чадаж байвал л бид баяртай байдаг. Гэхдээ бид Vlog-оо хийхдээ үзэгчдэд ямар нэгэн тодорхой зүйл мэдрүүлж, харуулах гэж хичээж хийдэггүй болохоор аль болох өөрсдийнхөөрөө л байдаг.

- Vlog хийх хүсэлтэй хүмүүст зориулж бяцхан зөвлөгөө өгөөч? Юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?

- Бүтээлч сэтгэхүй их чухал. Мөн мэдээж бусдыг дуурайлгүй өөрийнхөөрөө байх хэрэгтэй.

- Марлаа, Тэмүүжин хоёрын хэн нь гэрийн ажил, хоол сайн хийдэг вэ?

Тэмүүжин: Бид хоёр хоёулаа гэрийн ажилд сайн. Нэг нь гэрээ цэвэрлэж байхад нөгөө нь хоолоо хийдэг. Гэр цэвэрхэн байвал хамт хоолоо хийдэг.  Гэхдээ миний бодлоор Марлаа хичээвэл надаас илүү гоё хоол хийдэг.

- Марлаа одоо нүүр будалтын бичлэгүүдээ хийдэг хэвээрээ юу? “The Mongolian Family”-г эхлүүлснээс хойш бичлэг оруулдаг давтамж нь өөрчлөгдсөн үү?

Марлаа: Нүүр будалтын бичлэгээ хийдэг хэвээрээ. TMF Vlog-ийн давтамжийг нь огт өөрчилдөггүй. Бүр ажил ихтэй, завгүй үедээ энэ төрлийн бичлэг оруулахаа багасгах тохиолдол бий. Нүүр будалтын хуудастаа хувийн амьдралынхаа нууц зүйлсийг биш харин илүү мэргэжлийн төрлийн бичлэгүүд оруулдгаараа ялгаатай.

-Тэмүүжингийн ямар чанар таныг хамгийн ихээр татдаг вэ?

Марлаа: Маш олон таалагддаг чанар бий. Энэ бүгдээс хамгийн ихээр намайг татдаг нь үргэлж өөдрөг үзэлтэй, сайхан энергитэй байдаг нь юм уу даа.

-Марлаагийн ямар чанар таныг хамгийн ихээр татдаг вэ?

Тэмүүжин: Олон байна аа. Хамгийн их татдаг нь намайг үргэлж ойлгож, дэмжиж байдаг, бас шудрага зан чанар.

- Марлаатай холбоотой хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?

Тэмүүжин: Бид хоёр дөнгөж аав, ээж болчихоод эмнэлэг дээр охинынхоо живхийг хамгийн анх удаа солих гэж жаал будилж байсан. Хоёулаа өмнө нь огт живх сольж үзээгүй байсан болохоор хаа сайгүй нялж өгсөн дөө. Тэгээд л аав, ээжийнхээ хамгийн анхны үүргийг хамтдаа биелүүлж байсан үе мань хамгийн сайхан санагдаж байна.

- Хүүхэдтэй болсноос хойш та хоёрын харилцаа өөрчлөгдсөн үү? Зөвхөн хоёулаа өнгүүлэх цаг гаргадаг уу?

- Бид хоёрын харилцаа хэвээрээ байгаа. Нара төрснөөс хойш харин их завгүй болоод хоёулаа өнгөрүүлдэг цаг маань эрс багассан. Орой нь охиноо унтуулчихаад бие биедээ цаг гаргахыг хичээдэг ч өдөр нь амжуулаагүй зүйлсээ хийсээр байгаад таарах үе бий. Гэхдээ бид хоёр үргэлж ярилцаж, бага ч болов цагийг хоёулахнаа өнгөрүүлэхийг хичээдэг.

- Гэр бүлээрээ чөлөөт цагаа яаж өнгөрүүлэх дуртай вэ?

- Далайн эрэг, эсвэл парк явах дуртай. Амралтын өдрүүдэд бид аль болох утас, компьютер, зурагт бага харахыг хичээдэг. Ер нь хамтдаа л байвал юу ч хийсэн гоё байдаг даа.

- Залуу гэр бүлүүдийг ямар байгаасай гэж зөвлөмөөр байна вэ?

- Бие биенээ хүндэлж, ойлгодог бас уучилдаг байгаасай. Мөн мэдээж үргэлж бие биенээ дэмжих нь юу юунаас чухал юм шүү.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
10
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Мэндбаяр Ж 2019.06.26 202.126.88.157

Залуу хосуудад үлгэр жишээ болсон сайхан хосууддаа эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе

0 Хариулах


Mishka 2019.04.10 66.181.183.16

Bi dandaa l tmf iin vlogiig uzdeg nadad uram ogch zarimdaa ymar negen zuil surch avdag neeree bi goy ym bodoj olsom tmf=temuujen +marla+forevor i love you nara

0 Хариулах


Зочин 2019.03.29 202.126.89.162

He’ S good

0 Хариулах