Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Фетхуллах Гюлен: Турк минь танигдахаа байлаа

Турк Ерөнхийлөгчийн засаглалд шилжиж буйтай холбогдуулан Ф.Гюлен үзэл бодлоо нийтэлснийг хөрвүүлэн хүргэж байна.


Өнгөрсөн долоодугаар сард Туркт төрийн эргэлт хийх оролдлого болсноос хойш тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан, Фетхуллах Гюлен нарын зөрчил хурцадсан. Баруун гар нь байсан гюленистүүдтэй түнжин хагарснаас хойш Т.Эрдоан муугаар эргэсэн хэрэг бүхнийг ганц сөрөг хүчин болох Ф.Гюлен рүү чихэх болсон гэвэл буруудахгүй. Турк Ерөнхийлөгчийн засаглалд шилжиж буйтай холбогдуулан Ф.Гюлен “Washington Post” сонинд үзэл бодлоо нийтэлснийг хөрвүүлэн хүргэж байна.

Фетхуллах Гюлен бол Исламын шашин судлаач, номлогч, нийгмийн зүтгэлтэн юм. 

Мягмар гарагт АНУ, Туркийн Ерөнхийлөгчид Цагаан ордонд уулзаж, хориод жилийн өмнөөс гэр минь болсон улсын удирдагч эх орны минь төрийн тэргүүнтэй нүүр тулав. “Исламын улс”-ын эсрэг тэмцэл, Сирийн ирээдүй, дүрвэгсдийн хямрал гээд хоёр орны удирдагчдад хэлэлцэх зүйл их бий.

Ардчиллаа баталгаажуулж, төрөөс сүм хийдийг тусгаарлах зөөлөн бодлогыг хэрэгжүүлэх замд бат орж, итгэл найдварын голомт болсон Турк сөрөгчдийг дарж, эрх мэдэл цуглуулахын тулд бүхий л аргыг ашиглагч Ерөнхийлөгчийн хожлын хөлөг төдий болсныг би харж байна. Ийм ч учраас ардчиллын замд эргэн ороход Баруун туслах ёстой. Энэхүү айлчлал, НАТО-ийн дээд хэмжээний уулзалтыг үүнд зориулах хэрэгтэй юм.

Долоодугаар сарын 15-ны төрийн эргэлт хийх жигшүүрт оролдлогоос хойш Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан баривчлах, саатуулах, ажлаас нь гаргах зэргээр гэмгүй хүмүүсийг хавчин дарамталж, 300 мянга гаруй иргэний амьдралыг бусниулаад байна. Тэр дунд курд, алевит үндэстэн, сэтгүүлч судлаачид, төрөөс сүм хийдийг тусгаарлахыг дэмжигчид, Хизмет хөдөлгөөнийхөн байгаа. Энэхүү энхтайванч хүмүүнлэгийн байгууллагад миний бие мөн харьяалагддаг билээ.

Төрийн эргэлт хийх оролдлогод намайг холбосон хүмүүсийн гүтгэлгийг би эрс няцааж, огтхон ч оролцоогүйгээ дахин дахин давтан хэлж байсан. Тэр бүү хэл, тэрхүү үйл явдалд үүрэгтэй оролцсон хүн бүр миний үнэт зүйлийг уландаа гишгэснээс өөрцгүй гэж онцолсон билээ. Гэсэн ч Эрдоан ямар ч баримт нотолгоогүйгээр хаа 5000 милийн цаана байгаа намайг буруутгасаар л байв.

Маргааш нь Туркийн Засгийн газар “Хизмет”-тэй холбоотой гэх мянга мянган хүний жагсаалт гаргав. Тэдгээр хүн банкинд данс нээж, сургуульд хичээлээ зааж, хэвлэлд мэдээлснийхээ төлөө гэмт хэрэгтэн болж, амьдралаа сүйтгүүллээ. Тэр жагсаалтад нь өөд болоод өчнөөн сар болж байгаа хүмүүс, НАТО-ийн Европ дахь захиргааны ажилтнууд ч байв. Олон хүнийг хүчээр хорьж, тамлан, бүр хөнөөсөн талаар олон улсын хүний эрхийн байгууллагууд мэдээлж буй.

Засгийн газар гадаадад амьдарч байгаа хүмүүсийг ч зүгээр орхисонгүй. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд “Хизмет” хөдөлгөөнийг дэмжигч гурван хүнийг албадан гаргахыг Малайзаас шаардсан. Тэднийг нэг, сургуулийн захирал Малайзид 10 гаруй жил амьдарч байгаа нэгэн. Тэр гурвыг буцааваас шоронд хорьж, бүр тамлаж ч магад.

Өнгөрсөн сард болсон бүх нийтийн санал хураалгын үеэр хууль бус явуулга хийгдсэн тухай ноцтой дуулианыг үл хэрэгсэн Ерөнхийлөгч ялалтаа тунхагласан. Саналын багахан зөрүүтэйгээр тийн ялснаар тэрбээр Ерөнхийлөгчийн засаглал байгуулан, төрийн гурван эрх мэдлийг бүхэлд нь атгаж, хараа хяналтгүйгээр гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлэх боломжтой болов. Үнэндээ ёс суртахуунгүй засаглал, хавчлага мөрдлөг ашиглан энэ эрх мэдлийн дийлэнхийг хэдийн гартаа атгачихсан байсан юм. Дарангуйллын шинэ эринтэй золгож байгаа туркчүүдээ бодохоос айдаст автаж байна.

Эхэндээ тэс өөр дүр зураг байв. Эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам (AKP) 2002 онд төрийн эрхэнд гарахдаа ардчилсан үзэл баримтлалаар явж, Европын холбооны гишүүн болно гэж байлаа. Гэвч сар жил өнгөрөхийн хэрээр Эрдоан өөрөөс нь өөрөөр сэтгэгчдийг улам дарах болов. Тэр төрийн хянагч агентлагуудын тусламжтайгаар хэвлэл мэдээллийн олон хэрэгслийг нөхдийнхөө нэр дээр шилжүүлсэн. 2013 оны зургаадугаар сард Гези цэцэрлэгт хүрээлэнг хамгаалан тайван жагсагчдыг тэр хүчээр тараав. Мөн оны арванхоёрдугаар сард Засгийн газрын гишүүд нь авлигын томоохон хэрэгт холбогдоход тэрбээр шүүгч, сэтгүүлчдийг атгандаа оруулах “арга хэмжээ” авсан.  Долоодугаар сарын 15 үйл явдлын дараа тогтоосон онцгой “түр” байдал одоо ч хүчинтэй хэвээр. Амнести Интернешнлийн мэдээлснээр дэлхий даяар хоригдож байгаа нийт сэтгүүлчдийн гуравны нэг нь Туркт буй.

Эрдоан иргэдээ ийн хавчиж байгаа нь Туркийн дотоод асуудал төдий юм биш. Иргэний нийгэм, сэтгүүлч, судлаачид, курдүүдийг мөрдсөөр байгаа нь энэ улсын хэтийн хөгжилд саад учруулах эрсдэлтэй. Шударга ёс, хөгжлийн намын засаглал хэдийн Туркийг хурц зөрчилтэй хоёр хэсэгт хуваачихаад байна. Дарангуйлагч засаглал дор радикал үзэлтнүүд дэвжиж, курд иргэд цөхрөх цагт Ойрхи Дорнодод энх тайван тогтоох давшгүй даваа болж магадгүй еэ.

Ардчиллаа эргүүлэн авахад туркүүдэд АНУ, Европын түншүүдийн маань дэмжлэг хэрэгтэй. Турк 1950 онд олон намт сонгуулийг шударгаар зохион байгуулж, улмаар НАТО-ийн гишүүн болсон түүхтэй. НАТО гишүүнчлэлийнхээ хүрээнд байгууллагын ардчилсан хэм хэмжээг дагахыг Туркээс шаардах эрхтэй юм.

Туркийг дарангуйллаас салгахад хоёр арга зам байна. Үүнд:

Юун түрүүнд, Олон улсын хууль эрх зүй, хүмүүнлэгийн ёс зүйд нийцсэн, нийгмийн бүхий л хэсгийн ашиг сонирхлыг тусгасан шинэ Иргэний хууль батлах хэрэгтэй. Ингэхдээ ардчилсан зарчмыг баримталж, Барууны тэргүүлэх улсуудын туршлагаас “будаа идвээс” зохилтой.

Хоёрдугаарт, сургуулиудын сургалтын хөтөлбөр ардчилсан, нээлттэй үзэл баримтлалыг шингээж, аливаад шүүмжлэлтэй хандахад сургах ёстой. Төрийн эрх мэдэл, хувийн эрх чөлөө тэнцвэртэй, төрийн гурван салаа мөчир тусдаа, хэвлэл эрх чөлөөтэй байх ёстой гэдгийг сурагч бүрт мэдүүлж, хэт үндсэрхэг үзэл, шашны улстөржилт буруу болохыг, аль ч төр, удирдагчийг тахин шүтэх ёсгүйг таниулах шаардлагатай юм.

Туркийн Засгийн газар энэ хоёр зарчим хэрэгжихийг хүлээж суухаас түрүүнд энгийн иргэдийг хавчин дарамтлахыг зогсоож, тодорхой үндэслэлгүйгээр Эрдоанд шийтгүүлсэн хүмүүсийн эрхийг сэргээх нь зүй.  

Турк үлгэр дуурайл болсон ардчилсан улс болохыг би лав үзэхгүй нь шиг байна. Гэвч дарангуйллын сум аминд хүрэхээс наана зогсоож чадна гэж найднам.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
QUIZ: Та шүдний талаар хэр мэдлэгтэй вэ?
2
2 цагийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
3
3 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
санал болгох
1
5 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
21
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.