Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

UB.life жагсаалт: Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн санал болгож буй 10 ном

Саяхан "Хотол цагаан гүнж" романаа худалдаанд гаргасан зохиолч Б.Шүүдэрцэцэг хүн бүр унших ёстой хэмээн 10 ном нэрлэлээ.


1. Монголын нууц товчоо 

“Монголын нууц товчоо” бол нүүдэлчин монголчуудын бүтээсэн их хөлгөн судар. Эртний Грекийн “Илиада”, “Одиссейн дуулал”, “Манас”, “Нибуленгуудын дуулал” зэрэг туультай эн тэнцэхүйц уран зохиол, түүхийн үнэт өвд тооцогддог. “Нууц товчоо”-г уншаагүй хүн уг гарваль, монгол угсаатныхаа түүх, гүн ухааныг танин мэдэх боломжгүй юм. Америк, Европ, Дорно дахины боловсролтой хүмүүстэй уулзаж ярилцахад өөдөөс '“Нууц товчоо”-нд тэгж өгүүлдэг. Дэлүүн болдогт очиж үзсэн үү?" гэх мэтээр асуухад хэлэх үггүй зогсож болохгүй л дээ.

2. Жангар 

“Жангар” тууль уран сэтгэмж, ховор эрдэнийн шигтгээ мэт уран үг, хэллэгээр бүтээсэн, монгол угсаатны зан заншил, ахуй соёл, түүх, уран зохиолын гайхамшгийг багтаасан сод туурвил юм. “Жангар” туулийг Оросын агуу их найрагч А.С.Пушкин уншаад гайхан дуу алдаж байсан гэдэг. “...Алтан шар нарыг Аягын чинээ байхад гэлээ л Алиман цагаан сарыг Адгын чинээ байхад гэлээ л...” гэж хичнээн уран яруу эхэлж байна вэ? “Жангар” туулиа уншаагүй хүн төрсөн газраа мэдэхгүйтэй адил санагддаг.

3. Монголын түүхийн таван боть

2004 онд Түүхийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан Монголын нэн эртний түүхээс өнөөг хүртэлх түүхийн судалгааны цогц бүтээл. Миний хувьд багадаа улаан хүрэн хавтастай “Монголын түүх” гэсэн ганц боть, Анандын Амар гуайн “Монголын түүх” гэх мэт олон ном уншсан. Ардчиллаас өмнөх түхийн номуудын үзэл суртлын тайлбар, өнцөг нь хэцүү ч судалгаа нь ултай байдаг. Харин 2004 оны энэ таван боть үзэл суртлын хүлээс тайлагдсан, Монголын түүхийн үе бүрийг дэлгэрэнгүй, бичлэг найруулга нь ч төдийлөн нойр хүргэхээргүй сонирхолтой бичсэн, олон эрдэмтдийн хамтын бүтээл учраас үнэ цэнэтэй судалгаа болж чадсан.

4. Д.Нацагдоржийн түүвэр зохиол 

Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж “Түүвэр зохиол”. Надад 1961 оны хэвлэл нь байдгийг нандигнан хадгалдаг. Д.Нацагдоржийн “Миний нутаг”, “Миний хэнз хурга”, “Хавар”, “Хуучин хүү”, “Цагаан сар ба хар нулимс”-ыг уншаагүй бол өөрийгөө монгол хэл соёлтой, орчин цагийн монгол хүн гэхэд ичгэвтэр гэж би шууд хэлнэ. “Хөдөөгийн байдал шальдар булдар, цагийн улирал ороо, босоо, элстэй шанд, буттай цайдмыг дагаж, хааяа нэг хар гэрээс утаа суунаглана...” хөдөө очиход одоо ч заримдаа зуун жил өнгөрөөгүй юм шиг гайхамшигтай дүрслэл. Д.Нацагдоржоо уншиж, монгол хэл, соёлоо мэдрэхгүй бол Шекспир уншаад яахав дээ.

5. Бодь мөрийн зэрэг 

Монголчуудын үндсэн шашин нь өнөөдөр Бурханы шашин болжээ. Мэдээж, ислам, загалмайн шашинтнууд ч цөөнгүй бий. Гэхдээ Бурхан багшийн сургаалийг унших нь зөвхөн шүтлэг, сүсэг биш, орчлонг, амьдрахуйн утга учрыг таних гэгээрэл гэж боддог. Дэлхийн соёлт хэсэг нь Бурханы шашны гүн ухаан, гэгээрэлд хүрэх, сэтгэлийн амар амгаланг олох сургаалийг улам улам сонирхон судалдаг болсон байхад Бурханы шашинт монголчууд бид “Бодь мөрийн зэрэг”-ийг заавал унших хэрэгтэй гэж боддог.

6. “Илиада”, “Одиссей” туульс

Эртний Грекийн уран зохиолын үнэт өв “Илиада”, “Одиссей” туульс. Ерөөс эртний Грекийн домгуудын тухай цухас ч мэдэхгүйгээр Өрнийн соёлд нэвтрэх ямар ч боломжгүй. Эртний Грекийн домог туульс бол Өрнийн соёлын үүд хаалга нь юм. Тийм ч учраас дэлхийг байлдан дагуулсан “Харри Поттерийн түүх” ч дан Грекийн домог туульсын идтэн шидтэнээр дүүрэн байдаг. Дундад зууны үеийн сонгодог зохиол уншвал язгууртнуудынх нь ярианы гуч дөчин хувь, адилтгал зүйрлэл нь эртний Грекийн бурхад, домгийн баатрууд л байдаг шүү дээ.

6. "Гамлет"

У.Шекспир “Гамлет”. Хүн төрөлхтний сод бүтээл. Мөн л хүний нийгмийн ёс суртахууны доройтол, соёл иргэншлийн аврал эрэн хашгирахуйг “Орших уу эс орших уу?” гэж асуусан нь цаг үе зуун зуунаар урсан өнгөрөвч хэвээр байх мэт санагддаг. “Гамлет”-ын өгүүлбэр бүр нь нэгийг бодогдуулдаг, ёгт утгатай, цаг хугацааны уртад огтхон ч ач холбогдлоо алддаггүйд л үнэ цэнэ нь байдаг. Жүжгийг нь заавал үзэж, номыг нь тогтон тогтон уншмаар зохиол.

7.  “Дайн ба энх”

"Анна Каренина” нь ч гайхамшигтай. Гэхдээ “Дайн ба энх” бол бидний мөнхийн хөрш Оросын ард түмний сэтгэхүйн онцлог, түүхэн замналыг ойлгох нэг ёсны нэвтэрхий толь. Баатар бүхний дотоод сэтгэлийн өөрчлөлт, энх амгалан цаг үе, хөнөөлт дайны уршгийг мэс засалч шиг уудлан бичиж чадсанаараа гайхамшигтай. Бид их хөршөө мэдэхгүйгээр зэрэгцэн орших боломжгүй.

8. “Эрт эдүгээгийн гайхамшигт сонин үзэгдэл”

“Эрт эдүгээгийн гайхамшигт сонин үзэгдэл” нь Хятадын уран зохиолын нэгэн эрдэнийн шигтгээ юм. Манайд хэд хэдэн янзаар дуун хөрвүүлж хэвлэсэн байдаг. Монголын өмнөд хөрш, дэлхийн хамгийн эртний соёл иргэншилт Хятадын уран зохиолын нэг томоохон өв учраас заавал уншаарай. Энэхүү зохиол өмнөд хөршөө танихад нэн тустай гэж боддог. Манай их бичгийн хүмүүсийн нэг, анхны зохиолч, Ерөнхий сайд асан Догсомын Бодоо энэхүү “Эрт эдүгээгийн гайхамшигт сонин үзэгдэл” судраас “Улаан торгон цамц” өгүүллэгийг монголчлон “Үзэмжит өгүүлэл” зохиолоо бичиж байсан юм. Их сонирхолтой, уншууртай бичлэгтэй зохиолууд байдаг.

9. "Үүлэн зардас"

Эртний жагарын их сэтгэгч, яруу найрагч Калидасын “Үүлэн зардас” зохиолыг Монголын номч мэргэн Бямбын Ринчен гуай гайхамшигтайгаар дуун хөрвүүлсэн байдаг. “Үүлэн зардас” нь Дорно дахины уран зохиолд асар алдартай, нэнч хайрын сэтгэлийн дуулал юм. Энэ зохиолын монгол орчуулгыг монгол хэлний сонгодог бичгийн найруулгын сод үлгэр дууриалал гэж л би хэлнэ дээ. Ер нь бид Дорнын ард түмэн. Эхлээд өөрийнхөө үндэстний ахуй соёлыг таньж, дараа нь Дорно дахины дуу хоолойг сонсож байж барууны соёл руу хандах хэрэгтэй гэж би вээр хатуу бодох болсон.

10. "Зуун жилийн ганцаардал"

Алаг бөмбөр, өнгө яруу цэцэг мэт нижигнэсэн гал дөлтэй уран зохиолын сод төлөөлөгч Г.Г.Маркесийн энэ зохиол орчин цагийн шидэт реализм, Өмнөд Америкийн соёлын шинэ цагийн хөлгөн судар гэж боддог.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хаврын улиралд л ойлгох зовлонгууд: "Хавар хайр ирдэггүй, сайр л ирдэг"
2
1 цагийн өмнө
Бээжингийн олон улсын автомашины үзэсгэлэнд юу үзүүлэв?
3
16 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
45
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.