Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Цай, цэцэгс бас ой модны үнэр ханхийсэн “HIGHGARDEN”

“Highgarden” гэх үгийг сонссон хүний толгойд хамгийн түрүүнд халуун дулаан уур амьсгал, цэцэг ногоогоор бялхсан сайхан газар орж ирэх нь гарцаагүй.


“Highgarden” гэх үгийг сонссон хүний толгойд хамгийн түрүүнд халуун дулаан уур амьсгал, цэцэг ногоогоор бялхсан сайхан газар орж ирэх нь гарцаагүй. Гэхдээ мэдээж та “Game of Thrones”-ийн фэн бол шүү дээ. (Хэрвээ энэ киног үзээгүй, бүр дуулж ч байгаагүй бол одоо тантай юу ч ярихав…) Долоон хаант улсын хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн ногоонтой ижил нэрт нэг хөөрхөн газар нээгдсэн гэх сургаар би Төв шуудангийн чанх баруун талд байрлах “Highgarden” эко дэлгүүр-цайны өрөөг зорьсон юм. Хотоос гарч уул ус, модны бараа хараагүй удсан намайг ой модны чийглэг, цэвэр агаар угтахад золтой л нүднээс нулимс дусчихсангүй. Ийм сайхан үнэрийг бараг л мартахаа шахаж шүү. (Үнэндээ би яг тэр үед ийм их юм бодоогүй л дээ. Харин дараа нь л ийм дүгнэлт хийсэн хэрэг)

Хамгийн түрүүнд хайсан юмаа оллоо! IRON THRONE! Ханан дээрх “Iron Throne”-ийг цэцэрлэгжүүлэлтийн багаж, хэрэгслээр дүрсэлж зурсан нь таалагдав. Цаашлаад хадны сүг зураг юм уу гэхэд бас үгүй, нэг сонирхол татам ханын зураг харагдана. Дунд нь Блю-Скай, лаптоп барьсан омгийн хүмүүс ч явж байх шиг... Өнөөгийн амьдралыг өвөг дээдсийн хадны сүг зурагтай сүлсэн зургууд нь үнэхээр их сонирхлыг минь татсан шүү.

“Game of Thrones”-ийн фен, үнэртэн цуглуулагч, эхнэр бас ээж, цэцэг ногоон ургамалд хайртай нэгэн бүсгүйн санаачилгаар бүтсэн жижигхэн хэрнээ асар том амин сүнстэй энэ газар нээгдээд нэг сар ч болоогүй. Мод үржүүлэг, өвлийн хүлэмж, говийн ургамлын эмийн судалгаа хийдэг ээждээ туслан өвс ургамал, байгаль дэлхийтэй салшгүй холбоотой өссөн А.Уранчимэг буюу Мори гэр бүл болон найзуудынхаа тусламжтай нээсэн энэ газар ургамал, цэцэг тарих хоббитонгуудын хувьд шоу рүүм, харин цайнд дуртай, чөлөөт цагаараа нэг газар ном уншиж, эсвэл чимээгүй газар ганцаараа ажиллаж суух дуртай хүмүүсийн хувьд кафе. Өглөөний 6 цагаас онгойдог энэ эртэч газарт та хүссэнээрээ сууж, ажиллаж, хичээлээ давтах боломжтой. Нээхээс нь эхлээд хаах хүртэл ганц цайтай л суугаад байхгүй бол таныг хөөгөөд гаргачихгүй л байх... Гэхдээ яадаг юм, 3000-аар нэг цай аваад нэлээн хэдэн цаг суусан ч ер нь яадаг юм... Азаар тэд тун удахгүй жижиг амттан, смүүтигээр үйлчилж эхлэх юм гэнэ.

Ганцхан “Greenzone”-д л тийм гоё хананы ургамал байдаг гэж бодож байвал та эндүүрч. “Highgarden”-д ч бас тийм ханын ургамалтай юм билээ. Тэд мөн айлуудыг эко интерьерээр тохижуулах үйлчилгээ хийдэг юм байна. Өрөөгөө үнэтэй чамин тавилгуудаар бус өвс ургамал, цэцэгсээр тохижуулбал янзтай биш гэж үү. Гэхдээ мэдээж цэцэгсээ хатаагаад үхүүлчихгүй бол шүү дээ. Хананы ургамлын усалгааны системийг нь шийдэж, арчилгааны зөвлөгөөг “Highgarden”-ийнхан өгдөг юм байна.

“Таримал цэцэг гэхээр л манайхны толгойнд хамгийн түрүүнд цонхны тавцан дээр байдаг савтай цэцэгнүүд орж ирдэг. Гэхдээ ногоон ургамлыг хананд суулгаж, өлгөж, гэрийн зай талбайг ашиглаж гээд янз бүрээр ашиглаж болно. Гэрийн интерьер дизайныг эко аргаар шийдэхэд бид тусалдаг” хэмээн А.Уранчимэг ярьсан юм.

"Highgarden" захиалгаар гүйцэтгэсэн айлын ханын эко тохижилт

“Highgarden”-аас цэцэгжүүлэлт сонирхдог хүмүүст зориулсан сургалт, лаа хийх сургалт гээд олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Хэрвээ та “Game of Thrones”-ийн улаан фен бол, бас хотын шорооноос холдож, ой модны үнэрт хэсэг зуур тайвшрахыг хүсвэл “Highgarden”-ийг зориорой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хаврын улиралд л ойлгох зовлонгууд: "Хавар хайр ирдэггүй, сайр л ирдэг"
2
1 цагийн өмнө
Бээжингийн олон улсын автомашины үзэсгэлэнд юу үзүүлэв?
3
16 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
42
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.