Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

UB.LIFE-ийн зөвлөгөө: Гитар тоглож сурахаар төлөвлөсөн хүмүүст Базо туршлагаасаа хуваалцлаа

Базогийн дуулж, гитар тоглохыг “Playtime” наадмаар үзэж болно шүү.


Гитар сурч байгаа, сурахаар төлөвлөж буй гитар сонирхогч залууст 9 жилийн турш тасралтгүй гитар тоглож байгаа Базо туршлагаасаа хуваалцлаа. Тэрбээр "Хамгийн гол нь гитар тоглох нь өөрт чинь хэр чухал вэ" гэдгийг маш сайн бодох хэрэгтэй гэдгийг онцолсон. Базогийн дуулж, гитар тоглохыг та долоодугаар сард болох “Playtime” наадмаар үзэж болно шүү.

Базо: Гялс нэг юмыг сануулъя. Би мундаг сайн гитарчин биш шүү. Зүгээр л гитар тоглохоо болихгүй гэж шийдсэн нөхөр байна. Туршлагаасаа хуваалцсаныг минь хүлээн авна уу!  

Гитар хөгжим тоглож сурахын давуу тал нь юу вэ?

Ер нь шинэ зүйл сурах, ялангуяа хөгжим тоглож сурна (заавал мэргэжлийн түвшинд бус) гэдэг хүний бие болоод сэтгэлд маш их эерэг нөлөөтэй гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гитар хүний амьдралыг баяжуулдаг, хүссэн үедээ үүрээд, хаана ч, хэнтэй ч хамт тоглож болдог сайхан хөгжим.  

Сул тал гэж бий юу?

Ямар ч зүйлийг хэтрүүлбэл сул талтай байх аа. Зарим лаг гитарчид нуруу нь бага зэрэг өвддөг асуудалтай юм шиг. Гэхдээ өдөрт 8 цаг тоглохгүй бол энэ асуудал биш байх. Эхэн үедээ гарын хуруунууд жаахан өвддөг тал бий. 

Нэг ая тоглож сурахын тулд хамгийн багадаа хэр хугацаа зарцуулдаг бол?

Хэр хэцүү ая болон тоглож байгаа хүний чадвараас хамаарна. Огт тоглодоггүй ч, сонсголтой хүн “Маамуу нааш ир” дууны аяыг хэнээр ч заалгахгүй сурчихдаг. Тэгэхээр, хугацааг хэлэхэд хэцүү юм даа. 

Сурах явцдаа шантрахгүйн тулд яах ёстой вэ?

Хм… Бодсон чинь, би өөрөө яг шантрахгүйг хичээж байгаа юм байна. Сайжирч байгаагаа өөрөө мэдрэнэ гэдэг хамгийн том баяр баясгалан байх аа. Дээрээс нь тодорхой түвшинд тоглож сураад найзууд, бусад хүмүүстэй хамт гитар тоглохыг хүмүүс зөвлөдөг. Нэг чухал зүйл. Гитар тоглох гэдэг өөрт чинь хэр чухал гэдгийг сайн бодоорой. 
 
Бэнжамин Зэндэр багшийнхаа нэг богино лекцийг санал болгоё. Ер нь хүн хөгжмийг сонсдог, сонсдоггүйн тухай, хүүхдүүд багадаа төгөлдөр хуур тоглож эхлээд яг юунаас болж зогсдог талаарх гайхалтай яриаг заавал сонсоорой гэж зөвлөе. 

Анхлан суралцагчдад зориулсан видео хичээлүүдээс санал болговол?

Марти багш, Энди багш хоёрынхоо лекцийг үзээрэй гэж зөвлөе дөө. Марти бол эрч хүчтэй, цоглог, анхлан сурч байгаа хүмүүст маш хэрэгтэй зөвлөгөө өгдөг нөхөр. Харин Эндигийн хувьд яг гитар сураад дунд шатандаа явж буй хүмүүст онол, техник талын их сонирхолтой хичээлүүд оруулдаг. Хэдий хоёулаа лаг ч, би өөрийгөө шавь нь гэж бодох дуртай ч, багшийнхаа DVD-г нь худалдаж аваагүй л байна :p
 
Нэгэнт эхэлснийх Стив Вай багшийнхаа нэг бичлэгийг бас үзэхийг зөвлөе. Сахилга бат, төвлөрөл гээд чухал зүйлсийг ярьсан байгаа. 

Анх удаа гитар авах гэж буй хүмүүст зөвлөгөө өгнө үү?

Бүр эхэлж байгаа бол аль болох хямдхан, “ямбий” гитар авсан нь дээр. Бүх л алдартай гитарчид хамгийн хямдхан гитарнаас, бүр Buddy Guy ах ердөө товчыг утсаар ороож тоглож эхэлснийг бүү март, Жэк Уайт ах яаж гарын дор гитар хийж байгаагаас мөн суралцагтун! 
 
"Ямбий" гитарын нэг гоё зүйл нь сайн тоглодог болохын хэрээр сайн гитарын үнэ цэнэ, эвтэйхэн байдал, дуугаралтыг бүр илүү ялгаж мэдэрдэг болно.

Гитарыг өөрөө сурах боломжтой юу?

Ер нь л юм сурахад хүний идэвх чармайлт их ордог болохоор “тийм ээ” л гэе дээ. Гэхдээ тасралтгүй хөгжим сонсох, өөрийгөө хөгжүүлэх их чухал гэдгийн зах зухаас нь ойлгоод байгаа шүү. 

Багшаар заалгах, өөрөө сурах хоёрын гол ялгаа нь юу вэ? 

Эцсийн эцэст хүн өөрөө сурсан зүйлээ л хэзээ ч мартдаггүй байх аа. Хүнээр аргыг нь заалгасан ч өөрөө л бэлтгэлээ сайн хийж гэмээнэ сурна. 

Гитартай холбоотой сайхан дурсамжаасаа хуваалцана уу? 

Би сүмд анх гитар тоглож сурсан болохоор гитар миний хувьд маш их сүнслэг эд байсан, одоо ч байгаа. Тиймээс ч би одоо хүртэл гитар тоглох боломж л гарвал тоглож, гитар сонсох боломж л гарвал сонсохыг хичээдэг. Жазз, метал, сонгодог, фолк… Ялгалгүй бүгдийг нь сонсох хэрэгтэй. 
 
Хэдэн жилийн өмнө автобусны буудал дээр халамцуу, гунигтай, өвгөжөөр байрын хэдэн хүмүүст Chris Norman & Suzie Quatro - Stumblin Inдууг гитартай дуулж өгч билээ. Дуулж эхэлмэгц хормын өмнө гунигтай харагдаж байсан тэр хүмүүсийн нүдэнд залуу цагийн оч дүрсхийж “Одоогийн хүүхдүүд энэ дууг мэддэг юм уу” гэж ирээд л бид хамтдаа сөөнгө хоолойгоор “Our love is alive, so we begin” гээд дуулж билээ. Тэгэхэд л би гитар жаахан гадарладаг болсондоо өөртөө тун их талархсан.

Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе. 

Зөвлөгөө эхлэхэд хэлсэнчлэн би мундаг гитарчин биш зүгээр л одоог хүртэл гитар тоглохоо болихгүй л гэж шийдсэн нэгэн. Хэрэв та гитар сурахаар шийдсэн бол танд амжилт хүсье! Хэн ч таныг “Хүүш чи гитар сур аа” гэж шахахгүй. Энэ бол цэвэр өөрийн чинь сонголт байх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.