Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ностальгиа: Кино, Хайр, Парис


Хэтэрхий урт байж мэдэх ч орхих ёсгүй оршил.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа эрх чөлөөгөө ахин олж авсан Парис бүтээх, өөрийгөө илэрхийлэх хүслээр шатаж эхэлсэн гэдэг. Парист урлаг, улс төр, гүн ухааны маргаан буцалж, энэ бүхний тэргүүн эгнээнд А.Камью, Ж.П.Сартр нарын соён гэгээрүүлэгчид алхаж байв. Нацист нарын хатуу хяналтад байсан кино урлагийн салбарт энэ тэсрэлт юу юунаас илүү хүчтэй ажиглагдсан бөгөөд Америк киноны давлагаа Мөнхийн хотыг бүрхэж байв. Энэ бол кинонд донтогчдын хувьд өмнөх хугацаанд алдсанаа нөхөх тэр цаг нь байв. Энэ тухай хожмоо Ж.Л.Годар “Энэ үед кино яг л талх шиг чухал зүйл байлаа” хэмээн дурссан байдаг. Парист өрнөсөн энэхүү кино тэсрэлт нь кино сонирхогчдыг энэ урлагийн мөн чанарын талаар ахин авч хэлэлцэхэд хүргэсэн юм.

Энэ үед Францын кино урлаг улстөрийн адилаар баруун зүүн гэсэн эсрэг тэсрэг хоёр жигүүрт хүчтэй хуваагдаад байв. Зүүн жигүүрийн хүмүүнлэг үзэлтнүүд “Бүхий л урлаг нийгмийн сайн сайхны төлөө үйлчилж байх ёстой” хэмээн үзэж байсан бол нэрт критик Андре Базен тэргүүтэй баруун жигүүрийн радикалууд “Урлаг зөвхөн туурвигчийнхаа сонирхлын төлөө бүтээгддэг, бодит үнэнийг нээн харуулдаг байх ёстой” хэмээн үзэж байв. Өөр нэг критик Александр Аструк “Кино урлаг бол уран зохиолтой адил туйлын хувийн шинжтэй байх ёстой. Найруулагчийн хувьд камер гэдэг түүний үзэг нь байх ёстой. Кино бүтээгчид ямарваа нэгэн нөлөөнд авталгүйгээр цэвэр өөрийн сэрэл мэдрэмж ба төсөөлөл дээр тулгуурлан бүтээн туурвих хэрэгтэй” хэмээн бичиж байсан нь хожмын үеийн онолчдын үзэл бодлоор баяжсаар Auteur Theory буюу “Туурвигчийн онол” хэмээх ойлголтын суурь болжээ. А.Базен 1951 онд Cahiers Du Cinema нэртэй кино урлагийн тухай сэтгүүл байгуулсан бөгөөд уг сэтгүүл нь киноны талаар шүүмж, нийтлэл басхүү оюунлаг маргаан өрнөх талбар болж байлаа.

Энэ үеийн Парисын кино соёлын орхих ёсгүй хэсэг нь кино цуглуулагч Анри Ланглуагийн нээсэн Синематек хэмээх тавь гаруйхан хүний суудалтай бэсрэг кинотеатр байв. А.Ланглуа энэ театраа зөвхөн кино үзэх газар төдийхөн биш киноны талаар боловсрол олж авах сургууль болгон хувиргаж, өөр өөр улсын, өөр өөр төрлийн кинонуудыг орой бүр гаргаж, киноны талаарх маргаан мэтгэлцээнүүдийг өрнүүлж байсан бөгөөд хожим ийм төрлийн синематекүүд Парис даяар нээгдэж эхэлжээ.

Энэ л цагийн Парист өсөж, А.Ланглуагийн синематект танилцан, кино урлагт хандах үзэл бодлоороо нэгдэн нөхөрлөж, А.Базений нөлөөн доор бойжсон хэсэг хөвгүүд хожмоо дэлхийн кино урлагт даацтай ул мөрөө үлдээснийг кино шүүмжлэгчид Францийн шинэ давалгаа хэмээн нэрийдэх болсон юм.

"Кино бүтээхэд чамд буу, охин хоёр л хэрэгтэй" - Жан Люк Годар.

Том хар хүрээтэй нүдний шилнээсээ хэзээ ч салдаггүй, бага зэрэг замбараагүй гэмээр хувцасладаг, экзистенциалист бас марксист үзэлтэн Жан Люк Годар бол Францын шинэ давлагааны хамгийн радикал, хамгийн увайгүй бас хамгийн алдартай төлөөлөгч байсан бол түүний сахиусан тэнгэр Анна Карина нь гэрэл цацруулсан хурц нүд, гэгээн тунгалаг төрхөөрөө кино урлагийн түүхийн хамгийн чухаг эгшнүүдэд мөнхрөн үлдсэн, анхны постмодерн дүрүүдийн нэг, 1960-аад оны залууст өөртөө итгэх итгэл, эрч хүч бэлэглэгч дарь эх нь мөн болж байв. 1961-1966 оны хооронд тэд хамтдаа долоон кино бүтээсэн бөгөөд тэдний хооронд зөвхөн жүжигчин ба найруулагчийн харилцаа байсангүй ээ.

Анхны уулзалт ба тэдний түүх.

Кино урлагт чин сэтгэлээсээ дурласан, өөрийн гэсэн бүрэн хэмжээний кино бүтээхээс өөр хүсэлгүй Жан Люк Годар арван наймхан настай Анна Каринаг анх Палмолив савангийн сурталчилгааны зураг авалтын үер мөрөө далдалсан хөөстэй онгоцонд байхад нь олж харсан гэдэг. Годар тэр үед эр хүний зөнгөөр бүсгүйд татагдсан уу эсвээс зөвхөн ажил хэрэгч байдлаар хандсан уу ямартай ч Аннад ажлын өрөөндөө ирж уулзах санал тавьжээ. Тэр үед Годар хожмоо Францын шинэ давлагааны шилэгдмэл бүтээлүүдийн нэгт тооцогдох тавилантай Breathless кинондоо жижиг дүр бүтээх бүсгүйг хайж байсан бол харин Дани гаралтай Анна жүжигчин болохын тулд Франц дуудлагаа сайжруулахаар өдрийн турш кинотой нөхөрлөдөг байв. Тэдний анхны уулзалт тийм ч удаан үргэлжлээгүй бөгөөд эрээ цээргүй Годар Аннаг хувцсаа тайлхыг шаардахад хилэгнэсэн бүсгүй хаалгыг нь саван одсон гэдэг.

Тэдний туулсан амьдрал дэндүү эсрэг тэсрэг байв. Годар 1930 онд Парист чинээлэг, сэхээтний гэр бүлд төрсөн бол Анна арван жилийн хойно Копенхагенд усан цэргийн ахмадын охин болон мэндэлжээ. Швейцарьт өнгөрөөсөн жаргалтай бага насныхаа тухай Годар “Яг л диваажингийн мэт” хэмээн дурссан бол Аннаг мэндэлсний дараа эцэг нь гэр бүлээ үүрд орхин явж, бяцхан охин эхлээд асрамжийн газарт дараа нь эмээ өвөөгийнхөө асрамжид байгаад эцэст нь ээж болон хойд аавтайгаа амьдрах болсон бөгөөд түүний бага нас хэнд ч хайрлагдалгүй өнгөрсөн юм. Үүнээсээ ч болоод Анна өсвөр насандаа өөрийг нь Копенхагенаас өөр хашаа ч хамаагүй аваад явах хөлөг онгоц хүлээж, ямагт гэрээсээ оргохыг оролддог байв.

Гэхдээ тэдэнд адилхан талууд ч бас байсан. Годар дунд сургуульд байхдаа кино урлагт хэт дурлаж, өдөр шөнөгүй кино үзэх болсноос төгсөлтийн шагналтдаа унасан бол Анна шагналтдаа тэнцсэн ч багш нар нь түүнийг хуулсан гэж үзсэн гэдэг. Хожим Годар Сорбоннийн их сургуульд угсаатан судлалаар элсэн орсон ч дараа нь сургуулиа хаяж кино урлагийн сургуульд элсжээ. Гэсэн ч ахиад л бодол нь өөрчлөгдөж кино бүтээгч болохын тулд академик мэдлэг чухал биш гэж үзсэнээс А.Ланглуагийн Синематек, Quarter Latin дүүрэг дэх CineClub-т өдрийг өнгөрөөж, тэнд анх хожмын шинэ давлагааны бүтээлчид болох Жак Риветт, Франсуа Трюффо нартай танилцан нөхөрлөх болсон бол Анна жүжигчин болохыг мөрөөдөн драмын сургуульд элсэхийг хүсэж байсан ч нас нь элсэлтийн насанд хүрээгүй байв.

Годарын кино урлагт донтсон явдал нь гэр бүлтэй нь үргэлж зөрчилдүүлдэг байлаа. Годар анхны богино хэмжээний киногоо бүтээхэд нь Риветтэд тусалж байх үедээ уран бүтээлд шаардлагатай мөнгө олохын тулд нэртэй теологич өвөг эцэг Жульен Монодийнхоо номын сангаас Поль Валеригийн номын анхны хэвлэлтийг хулуулан зарж байв. Энэ нь түүний хүсэл мөрөөдлийнхөө төлөө хийсэн сүүлийнх нь хулгай ч байгаагүй юм. Хожим тэрээр өөрийн ажиллаж байсан Cahiers Du Cinema сэтгүүлээс мөнгө хулгайлан Швейцар руу оргосон бөгөөд нэр нөлөөтэй эцэг нь хүүгээ баривчлагдахад шоронгоос гаргасан ч дараа нь сэтгэцийн эмнэлэгт хүргэсэн гэдэг. Харин Анна арван наймтайдаа анхны богино хэмжээний кинондоо дүр бүтээснийхээ төлөө хойд эцэгтээ зодуулан тэвчээр нь алдарч өвөөгөөсөө авсан арван тавхан доллартойгоор замын унаанд дайгдан Парисыг зорьж байв.

Гэхдээ тэд хоосон мөрөөдөгчид биш бурхнаас заяасан авьяастнууд байлаа. Годар А.Базений толгойлж байсан Cahiers Du Cinema сэтгүүлд элдэв шүүмж, нийтлэлүүд хэвлүүлдэг байсан бөгөөд ердөө 19 настайдаа л нөлөө бүхий критик болоод амжсан байв. Харин Парист хэнийг ч танихгүй, мөнгөгүй өлсөж ядарсан Анна дэмий тэнүүчилж яваад Ж.П.Сартр, С. Бовуар, П.Пикассо, А.Камю, Э.Хэмингуэй гээд тухайн үеийн бүхий л интеллактуалуудын цугладаг Les Deux Magots кафед түр амарч суухдаа Катерин Хэрлийн нүдэнд өртөн фотомодел болох замаа нээсэн гэдэг. Уг нь Аннагийн жинхэнэ нэр нь Ханна Карин Байер байсан ч Elle-д зориулсан зураг авалтын үер түүнтэй уулзсан домогт загвар зохион бүтээгч Коко Шанель жүжигчин болохыг хүсэж буй эмэгтэйд хэтэрхий тохиромжгүй нэр гэж үзсэнээс түүнд Анна Карина гэсэн шинэ нэр санал болгож, Анна ч энэ саналыг нь дуртайяа хүлээн авчээ.

Сэтгэл мэдрэлийн эмнэлгээс гарсныхаа дараа Годар далангийн барилга дээр ажиллаж, цуглуулсан цалингаараа далангийн ажлын тухай богино хэмжээний кино хийж, барилгын компанидаа худалджээ. Эндээс олсон мөнгөөрөө тэр Женевт ахин нэг богино хэмжээний кино бүтээсэн (гол дүрд нь найзууддаа тоглуулсан) бөгөөд сэдэв нь бие үнэлэгч бүсгүйн тухай байв. Хойшид ч энэ сэдэв Годарын уран бүтээлд нэг бус удаа дурдагдсан юм.

Хоёр богино хэмжээний бүтээлтэй, халаасандаа мөнгөтэй Парист эргэн ирсэн Годар Cahiers Du Cinema сэтгүүл дээр А.Базентэй кино бүтээх үйл явцын талаар маргаан өрнүүлээд амжив. А.Базен тасралтгүй үргэлжилсэн урт зураг авалтууд бодит байдлыг хамгийн сайнаар илэрхийлж чадна хэмээн үзэж байсан бол Годар харин эвлүүлгийн ажиллагаа нь бодит байдлын мөн чанарт хүрнэ хэмээн үзэж байв. Годарыг богино хэмжээний бүтээлүүд дээр ажиллаж байх үед нь Cahiers Du Cinema-ийн андууд нь уран бүтээлийн хүрээгээ өргөжүүлсээр байсан бөгөөд Ж.Риветт, Э.Ромер, Ф.Трюффо нар бүгд л анхны бүрэн хэмжээний бүтээл дээрээ ажиллаад эхэлчихсэн байлаа. Үүнээс болж Годар өөрийн зогсонги байдалдаа туйлын ихээр бухимдаж байв. Гэтэл 1959 оны хаврын нэгэн орой бүх зүйл өөрчлөгдсөн юм. Каннын кино наадам дээр Ф.Трюффогийн анхны бүтээл 400 Blows (400 цохилт) шилдэг найруулагчийн шагнал хүртэж, энэ оройноос хойш амтай бүхэн л шинэ давлагааны тухай шуугиж эхэлсэн бөгөөд Ф.Трюффогийн санамсаргүй амжилт андуудынх нь замналыг илүү шулуутгаж өгсөн юм. Годар ч Канн явах галт тэрэгний тасалбар яаралтай худалдаж авлаа.

Үүнээс хэдэн жилийн өмнө Ф.Трюффо нэгэн жижиг гэмт хэрэгтний цагдаа буудан хороож, баригдах хүртлээ Парисаар тэнүүчилсэн тухай түүхээр кино хийхээр сонирхож байсан ч продюсер олдоогүйгээс энэ бодлоо орхиод байв. Годар Трюффод энэ санааг кино болгох саналаа тавьсан бөгөөд Трюффо Годарыг продюсер Жорж Бюрегартай танилцуулж өгчээ. Продюсерлэсэн сүүлийн хоёр ч бүтээл нь дараалан бүтэлгүйтсэнээс санхүүгийн хүндрэлд ороод байсан Бюрегар Годарын маш бага төсөвтэй кино төсөл тун ч таалагдсанаар "Амьсгаагүй"-г бүтээх ажил эхэлжээ. Годар хожмын домогт жүжигчин Жан Поль Бельмондог гол дүрээр сонгосон бөгөөд анх богино хэмжээний бүтээл дээр хамтран ажиллаж байхдаа анхны бүрэн хэмжээний бүтээлдээ түүнийг гол дүрээр сонгоно хэмээн амласан байсан гэдэг. Тухайн үед Ж.П.Бельмондод томхон мөнгөний гэрээний санал ирээд байсан ч тэр энэ бүхнийг үл тоон Годарт итгэсэн аж. Бельмондод агент нь “Амьдралдаа хийсэн хамгийн том алдаа чинь энэ байх болно” хэмээн анхааруулж байсан ч, Бельмондогийн бүтээсэн Мишелийн дүр түүний замнал дахь хамгийн шилдэг дүрүүдийн нэг болсон билээ.

Амьсгаагүй киноны зураг авалтын үеэр Годар суумгай хүний тэргэнцрийг ашиглаж буй нь. 

Годар кино зохиолоо Трюффогийн анхны санаа болох засахын аргагүй алдаа хийж, гэмт хэрэгт хутгалдсан залуугийн нийгмийн ёс суртахуун ба хууль ёсонд экзистенциалаар хандаж буй тухай байв. Годар зураг авалтаа баримтат бүтээл мэт ихэвчлэн гар дээрээс, гэрэлтүүлэг бараг ашиглалгүй авна хэмээн тооцож байсан учраас хуучин армийн мэдээний зураглаач асан Рауль Кутарыг зураглаачаар сонгосон бөгөөд хожмын олон бүтээл дээрээ хамтран ажилласан юм. Зураг авалтын туршид Годар уламжлалт кино хийх арга барилуудыг уландаа гишгэж байв. Тэр техникийн нөхцөл байдлыг огтхон ч харгалзалгүйгээр хүссэн үедээ, хүссэн газартаа зураг авч, зураг авалтын явцад зохиолоо өөрчлөн бичиж, бүтээлдээ цэвэр импровизациар хандаж байсан бөгөөд түүний энэ радикал байдал нь эвлүүлгийн ажил дээр ч үргэлжлэв.

Хоёр дахь уулзалт буюу тэдний дурлал.

1959 онд Годар хоёр дахь удаагаа Анна руу дүрийн сонголтод оролцох урилгыг цахилгаан мэдээгээр илгээсэн бөгөөд үүндээ өмнөхөөсөө илүү боловсноор “Хатагтай, Энэ удаад гол дүр байх болно.” хэмээн тодотгожээ. Анна эхлээд бүдүүлэг эрийн урилгыг үл ойшоосон ч найз нь залуухан найруулагчийн эхний бүтээл хэчнээн их амжилтад хүрсэн, Парис даяар түүний тухай шуугиж буйг Аннад сануулж, мөнөөх урилгыг хүлээж авахыг ятгаснаар Аннагийн бодлыг өөрчилжээ. Аннаг сонгон шалгаруулалтад орохоор очиход Годар шуудхан л гэрээ байгуулах санал тавив. “Юуны тухай кино болохыг нь ч мэдэхгүй байж, хэрхэн гэрээ байгуулах билээ” хэмээн Аннаг гайхахад Годар хариуд нь тайвнаар “Чиний юу хийх ёстойг чинь би чамд хэлж өгөх болно” хэмээн хариулсан гэдэг. Удалгүй Годарын шинэхэн гол дүрийн тухай хэвлэлүүд “Годар “найзаа” оллоо хэмээн бичиж эхэлсэн бөгөөд энэ нь Аннад найруулагчтай учир ургуулсан учраас л гол дүрд тоглох болсон гэсэн далд утгатай санагдсанаас бухимдаж гомдохдоо продюсерууд рүү утастан гол дүрд тоглохоос татгалзаж буйгаа уйлан байж хэлсэн гэдэг. Харин хэдэн мөчийн дараа хаалганы нь ард арван таван улаан сарнай барьсан Годар зогсож байв. Годар Аннад урилга илгээхээс ч өмнө Францын кино урлаг сонинд шинээр хийхээр төлөвлөж буй кинондоо 18-25 насны эмэгтэй дүр хайж байгаа, тэр нь зөвхөн жүжигчин биш бас миний “найз” байх хэрэгтэй хэмээн яриснаас энэ мэдээ үүдэлтэй байсан бөгөөд Годарын тайлбарыг сонсож байж сая нэг Анна тайвширсан юм.

Алжирын тусгаар тогтнолын төлөөх Францтай хийсэн дайнаас үүдсэн хүчирхийллийн тухай “Бяцхан цэрэг”-ийн зураг авалт 1960 оны хавар мөн л маш бага төсөвтэйгээр Женевт эхэлсэн бөгөөд Годар зарим өдөр онгод нь ирээгүйгээс болж зураг авалтаа бүхлээр нь зогсоодог байв. Зарим хүмүүс үүнийг нь Каринатай хамт өнгөрөөх цаг хугацаагаа уртасгахыг хүссэндээ ингэсэн хэмээн таамаглаж ч байв. Учир нь Аннагийн найз залуу кино зургийн багт зурагчнаар ажиллаж байсан ч Годар тэр хоёр зураг авалтын туршид байнга л харц тулгардаг байсан гэдэг.

Анна "Бяцхан цэрэг" кинонд.

Нэгэн өдөр кино багийнхан хамтдаа оройн зоог барих үеэр Годар Анна хоёр өөд өөдөөсөө харан сууж таарчээ, эсвэл тааруулжээ ч юм уу. Хоолны дундуур Аннагийн гарт хэн нэгэн хүрч жижигхэн цаас атгуулсан гэдэг. Удсан ч үгүй Годар уучлал хүсээд оройн хоолыг орхиж одов. Олдсон эхний боломжоор Анна хажуугийн өрөөнд зурвасыг нээн харвал “Би чамд хайртай. Café De La Paix-т шөнө дунд уулзъя” хэмээн бичсэн байсан гэдэг. Аннагийн найз залуу өнөөх зурвасыг харчихсан ч хэдэн мөчийн дараа гэхэд Анна найз залуугаа орхиод Годарын зүг Café De La Paix -руу хурдалж байв. Энэ мөчөөс хойш тэд салж, хагацашгүйгээр биестээ дурлацгаасан юм. Тэдний харилцааны он жилүүдийн хамгийн мартагдашгүй, гайхамшигтай магадгүй эхний жил нь л байлаа. “Бяцхан цэрэг”-ийн зураг авалт дууссаны дараа тэд эргээд дурлалын хотод ирж, шөнөжин Парисаар зугаалж, машинаар хурдлан, найзуудынхаараа зочлон цэнгэж байв. Энэ үед Годар Аннагаас кино урлагийг орхихыг хүссэн ч Аннад найруулагч Мишель Девиллийн инээдмийн киноны гол дүрийн урилга ирэхэд огтхон ч эргэлзэлгүй зөвшөөрч орхисон юм.

“Бяцхан цэрэг” кино нь тухайн үед Францад маш эмзэг асуудал болоод байсан Алжирын дайны сэдвийг хөндсөнөөр кино театруудад нээлтээ хийх эрхээ хасуулсан ч Годар бууж өгсөнгүй 1961 онд “Бүсгүй л бол бүсгүй” киноныхоо зураг авалтыг эхлүүллээ. Энэ удаад Годар эхний хоёр бүтээлээсээ тэс өөр хөнгөн, гэгээн өнгө төрхтэй инээдмийн мюзикль бүтээхээр төлөвлөж байсан ч зураг авалтын үеэр Анна болон Годарын харилцаа хүндэрч эхэлсэн гэдэг. Аннагийн найз залуугийн дүрд тоглож байсан Жан Клод Бриали “Тэд зураг авалтын туршид хоорондоо марган хашхичиж, биесээ хайрлаж басхүү үзэн ядаж байлаа” хэмээн тэдний харилцааг дүрсэлсэн удаатай. Дурлалын энэ хүндхэн харилцаа нь яваандаа Годарын бүтээлд нөлөөлсөн бөгөөд тэрээр уг инээдмийн бүтээлээрээ Аннатай харилцах хүндхэн харилцааныхаа үнэн чанарыг илэрхийлэн харуулжээ. Үр дүнд нь хувь заяаны шоглоом гэх үү, Анна кинон дээр ч амьдрал дээр ч жирэмсэн болсон юм. Годар ч огтхон ч эргэлзэлгүйгээр гэрлэх санал тавьж, тэдний хурим эхлээд Швейцарт, дараа нь Парист болов.

Үлгэрт л жинхэнэ хайр байдаг.

Годар Аннад хайртай байсан. Эргэлзэх юмгүй. Бүр маш их. Гэсэн ч Годарын кино урлагт дурласан сэтгэл нь юутай ч зүйрлэшгүй байлаа. Гэрлэлт ч түүний амьдралын хэв маягийг өөрчилсөнгүй. Тэр маш их ажиллаж, заримдаа тамхи авахаар гэрээсээ гараад хэдэн долоо хоногоор алга болдог байв. Нэгэн орой Годарыг гэртээ ирэхэд түүнийг цусандаа хутгалдсан Анна хүлээж байв!!! Тэр зулбажээ!!! Каринаг эмнэлгээс гарсны дараа ч Годарын зан засарсангүй.

Жан Поль Бельмондо ба Анна "Бүсгүй л бол бүсгүй" кинонд. 

1961 оны зургадугаар сард "Бүсгүй л бол бүсгүй" бүтээл нь Берлиний кино наадамд нээлтээ хийсэн бөгөөд энэ үед дэлхийн кино урлаг анх удаа Анна Каринаг олж харав. Шүүмжлэгчид Аннагийн талаар “Бурхнаас заяасан билэг авьяас Бриали, Бельмондо (хамтран тоглогчид) нарын мэргэжлийн ур чадварыг сүүдэртээ үлдээлээ хэмээн” бичиж байв. Уг бүтээл нь мэргэжилтнүүдийн зүгээс өндөр үнэлэлт авсан ч тухайн үедээ төдийлөн нийтэд таашаагдаагүй бөгөөд хэвлэлийн томоохон дайралттай нүүр тулах хувьтай байлаа. Энэ амаргүй нөхцөлд Годар дараагийн бүтээлийнхээ ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ кинондоо авьяаслаг эхнэрээ яв цав тохирно гэдэг итгэж байв. Харин Анна энэ хооронд Жак Бордоны кинонд тоглож байх үедээ хамтран тоглогч Жак Перрентэйгээ учир ургуулж орхив.

Анна Годарт салах тухайгаа хэлэхэд тэр бараг л галзуурах дөхсөн бөгөөд тэр шөнө хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс ухаан алдсан бүсгүйг шинэхэн амраг Перрен гэрээс нь олов. Тийм ээ, Годар Аннагийн харилцаа туйлын төвөгтэй байсан ч тэд хэн хэнээсээ татгалзах нь бүр ч амаргүй байсан бөгөөд хосууд 1962 оны эх гэхэд эвлэрцгээв. Энэ үед Годар хожмоо Каринагийн ч мөн өөрийнх нь ч замналын хамгийн шилдэг бүтээлүүдийн нэгт тооцогдох Vivre Sa Vie буюу “Түүний амьдрал” бүтээл дээрээ ажиллаж байв. Годар уг бүтээлээрээ нүдэн дээр нь сүйрч буй гэр бүлийн амьдралаа кино урлаг дахь хамтын ажиллагаагаар аврахыг оролдож байсан юм. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө өөрийгөө золиосолж буй бүсгүйн тухай 12 хэсгээс бүрдэх эмгэнэлт басхүү хахир хүйтэн уг бүтээл нь Аннагийн ур чадварыг бүрэн дүүрэн нээн харуулж чадсан юм.

1963 онд Годар “Жигшил” нэртэй шинэ бүтээлийнхээ ажлыг эхлүүлээд байсан бөгөөд продюсер Ж.Бюрегар тухайн үеийн секс билэг тэмдэг Брижит Бардо Годартай хамтран ажиллахыг хүсэж байгааг дуулгажээ. Ингээд продюсерууд Бардогийн нэр хүндийг ашиглан Холливүдээс томоохон хэмжээний хөрөнгө оруулалт татсанаар Годарын замнал дахь хамгийн том төсөвтэй бүтээл эхэллээ. Гэсэн ч энэ их мөнгө Годарт зөвхөн зовлон л авчирсан юм. Бүтээлийн эхнээс тэр Бардотой ч, продюсеруудтай ч байнга санал зөрөлдөж байсан бөгөөд Камиль бүсгүйн дүр нь Бардогоос илүү Аннад тохиромжтой байснаас Годар Бардог Аннатай адилхан алхахыг шаардаж, Аннагийн "Түүний амьдрал"-д тоглохдоо өмссөнтэй адил даашинзыг Бардод өмсүүлж байлаа. Тэр ч бүү хэл Анна Бардог юу хийх ёстой талаар Годарт зөвлөгөө өгч байсан гэдэг. Годар бүтээлээ дуусгаад продюсеруудад үзүүлэхэд нь тэд Бардо хэтэрхий цөөхөн удаа дэлгэцэн дээр нүцгэлж байна хэмээн гомдоллосон бөгөөд хэдэн сарын маргааны эцэст Годар арга буюу бууж өгч продюсерүүдийн хүсэлтэд тохируулан ахин зураг авалт хийсэн гэдэг. Хэдийгээр "Жигшил" нь Годарын өмнөх бүтээлүүдээс илүү олонд хүрсэн ч Годар “Туурвигчийн бие даасан байдал үүгээр дууслаа. Энэ бол бидний эмгэнэл” хэмээн халагласан гэдэг.  

Зураг авалтын үеэр Годар Анна хоёр хамтдаа клубт байхад нэгэн эр Аннаг бүжгэнд урьсан бөгөөд бүжгээс эргэж ирэхэд нь Годар олны нүдэн дээр Аннаг алгадаж орхив. Гэхдээ Анна үүнийх нь төлөө огтхон ч уурлаагүй бөгөөд энэ тухайгаа тэр “Түүний нүдэнд хайр харагдаж байсан юм. Энэ бол галзуурсан дурлал, хардалт бас өшөө авалт” хэмээн дурссан байдаг.

1963 оны төгсгөл гэхэд Годар Анна нарын харилцаа ахиад л хүндэрч, Анна хоёр дахь удаагаа амиа хорлохоор завдлаа. Гэрийнх нь дотоод заслыг хийж байсан зураач түлхүүрээ мартаад эргэж ирээгүй бол Анна нөгөө ертөнцөд оччих байв. Годар ч эргэлзэх юмгүй Аннаг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд Аннаг эмнэлгээс гарснаас ердөө гурав хоногийн дараа Годар Аннатай хамтарсан дараагийн бүтээл “Бүлэг шоовдрууд”-ын зураг авалтыг эхлүүлэв.

Уг бүтээлд хоёр гэмт хэрэгтэнтэй дурлалын гурвалжин үүсгэсэн залуу бүсгүйн дүрийг бүтээсэн Анна энэ тухайгаа “Энэ үе миний амьдралын хамгийн хүнд үе байлаа. Надад амьдрах өчүүхэн ч хүсэл байгаагүй. Би амьдралын амтыг аль хэдийн мэдрэхээ байчихсан байсан. Энэ бүхнээс намайг кино л аварсан юм” хэмээн дурссан байдаг. Үнэхээр ч Аннагийн цөхрөл, гуниг камерын өмнө оргүй арилж, урьдын хөхиүн, хөгжүүн Анна ахин гэрэлтэж байв. Ингээд киногоор тэжээгдэн хэвийн амьдралдаа аажмаар орж эхэлсэн Анна залгаад Морис Роньегийн найруулж, тоглосон Le Voleur de Tibidado (Тибидадогийн хулгайч) бүтээлд тоглож байх үеэрээ Роньед дурласнаар Годар ба Аннагийн харилцаа улам төвөгтэй болсон юм. Энэ үеэр Годар “Гэрлэсэн эмэгтэй” киногоо гуравхан сарын дотор бүтээв.

Драмын гэхээсээ илүү философийн шинжтэй эл бүтээлдээ тэрээр хайрын гурвалжны тухай сонгодог түүхийг модернист байдлаар задлан шинжлэхээр оролдсон бөгөөд өөрийгөө олох гэсэн эрэл хайгуул, хүн хоорондын харилцааны үл ойлголцол, орчин үеийн нийгмийн алдаануудыг абстракт байдлаар дэлгэн харуулсан юм. Мэдээж хэрэг Аннагийн урвалтаас үүдэлтэй Годарын зовлон гуниг ч энэ бүтээлд нь хүчтэй шингэжээ. 1964 оны 12-р сард гэрлэлтээ цуцлуулснаар тэсэхийн аргагүй хэцүү хэрнээ салахын аргагүй амтлаг Анна ба Годарын харилцаа албан ёсоор төгсгөл боллоо. Гэхдээ тэдний хайрласан сэтгэл халуунаараа л үлдсэн байх.

Салалтынхаа дараа Годар уран зөгнөлт нуар триллер "Альфавилл" дээрээ ажиллаж эхэлсэн бөгөөд Анна гол дүрд нь тоглосон юм. Хэдийгээр тэд аль хэдийнээ салцгаасан ч Годарын зүрхэн дэх хайр дурлалаа киногоор дамжуулан сэргээх нууцхан найдвар нь оршсоор байсан байж болох. Аннагийн бүтээсэн Альфавилл хотод ирсэн нууц агент Наташагийн дүрд хэрхэн хайрлах тухай зааж өгдөг хэсгийг Годар Аннад л зориулан оруулсан гэж үздэг. Тэр ч бүү хэл гэрчүүдийн баталдгаар зураг авалтын туршид тэд биесээ урьдын адил хайрлаж байсан гэх нь ч бий. Магадгүй тэдний дурлал зөвхөн киноны ертөнцөд л амьдрах чадвартай, харин эгэл жирийн амьдралын уйтай өдрүүдийн аяыг даах тавилангүй ч байсан юм уу.

"Галзуу Пьеро" зураг авалтын үеэр Годар ба Анна. 

Годар болон Аннагийн дараагийн хамтын бүтээл нь “Галзуу Пьеро” байв. Энэ нь Аннагийн урвалтад уурссан Годарын уур хилэнгийн дэлгэцэн дэх илрэлүүдийнх нь нэг байлаа. Зураг авалтын туршид тэдний харилцаа яг л там мэт байсан гэдэг. Энэ тухай Бельмондо “Тэд яг л могой ба мангус (могой идэшт доргоны төрлийн махчин) шиг байсан. Тэд үргэлж биесээ үзэн ядсан харцаар шилбүүрдэж, хорон үгээр утаж байв” хэмээн дурссан байдаг. Хэдийгээр хүндхэн гэмээр нөхцөл байдалд бүтсэн ч уг бүтээл нь Годарын төдийгүй, кино урлагийн түүхэн дэх шилмэл бүтээлүүдийн нэг болж чадсан юм. 1966 онд Годар Анна хоёр Made in USA буюу “Америкт үйлдвэрлэв” бүтээл дээр хамтран ажиллагсдын хувиар сүүлчийн удаа уулзсан юм. Урьдын л адил тэдний харилцаа зураг авалтын турш маш хүнд байсан бөгөөд Годар ч Аннатай харилцах романтик харилцаагаа уран бүтээлдээ ахиад л шингээж байлаа. Нэгэн хэсэгт Годар Аннагийн дүрд зориулан “Би түүнд одоо хүртэл хайртаа эсэхээ мэдэхгүй ч бидний дурсамжид үлдсэн тэр сайхан цагийн төлөө түүнд би өртэй” гэсэн текстийг оруулж байсан бөгөөд магадгүй түүний зүгээс Аннад зориулсан сүүлчийнх нь үгс нь энэ байсан биз ээ.

“Тэр бол миний амьдралд тохиосон хамгийн гайхамшигтай хайр минь.” - Анна Карина.

Нийтлэлийг А.Амармэнд

Эх сурвалж: Artfilm.mn

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
1 цагийн өмнө
Шави бодлоо өөрчилж, "Барселона"-гийн дасгалжуулагчаар үргэлжлүүлэн ажиллана
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.