Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Үнэ цэнэтэй санаа, үнэмшихийн аргагүй түүх, бахархлын нулимсаар дүүрэн TEDxUlaanbaatar

TEDxUlaanbaatar арга хэмжээ бүхэлдээ асуудлыг шийдэх арга зам, залуусыг “өдөөн хатгасан” санал санаачлага, гайхалтай түүх, дурсамжуудаар дүүрэн байлаа.


“Ямар ч тэнэг хүн юмыг шүүмжилж, муулж болдог. Гэхдээ тэр асуудлынхаа шийдлийг санал болгохын тулд жинхэнэ мэргэн ухаан шаарддаг. Шийдлийг нь хэлэхгүй байж асуудал л яриад байдаг хүнийг ГОНГИНУУР гэж байгаа юм” хэмээн TEDxUlaanbaatar-ийн тайзан дээр монгол хэлээр төрөлх хэл шигээ ус, цас ярих Вагнер Ази Автомотив ХХК-ийн гүйцэтгэх захирал Гаррет Вилсоны үг танхимд сууж байсан 1000 гаруй хүнийг “Би гонгинуур бил үү? Би үргэлж юмыг шүүмжилж, гоочилдог хэрнээ арга зам, шийдлийг нь ярьдаг бил үү?” гэх бодол эргэцүүлэлд автуулах шиг болсон. Олон зуун залуусыг энэ зэрэг маш олон эргэцүүлэлд автуулж, үнэ цэнэтэй санаагаар бодол оюуныг нь цэнэглэсэн яриа, илтгэлээр дүүрэн нэг өдөр өнгөрсөн бямба гарагт болж өнгөрсөн юм.

“Айсуй давалгаа” сэдвийн дор зохион байгуулагдсан энэ жилийн TEDxUlaanbaatar арга хэмжээ бүхэлдээ асуудлыг шийдэх арга замыг дэвшүүлдэг байя, гар бие оролцъё, яриад суугаад байх биш бодитой алхам хийе гэж уриалсан, залуусыг “өдөөн хатгасан” санал санаачлага, гайхалтай түүх, дурсамжуудаар дүүрэн байлаа. Өөрийгөө ялан дийлж, өрөөл бусдад урам зориг хайрлаж, салбартаа тэргүүлж яваа 19 илтгэгч, 4 уран бүтээлчээс гадна 3 TED илтгэлээс бүрдсэн энэ удаагийн TEDxUlaanbaatar маш амжилттай, үр өгөөжтэй болж өндөрлөв. Амьдралдаа бодож, төсөөлж ч байгаагүй санал санаачилгыг сонсож, хэсэг зуур ч болов амьдралыг бусдын нүдээр харж, ойлгоход тусалдаг TED илтгэлүүдийг бид зөвхөн интернэтээс л олж үздэг байсан цаг саяхан. Гэхдээ манайд эл гайхалтай илтгэлүүдийг хүлээн авагчид нь зөвхөн англи хэлтэй хүмүүсээр л хязгаарлагддаг байсан. Тэгвэл бид хэсэг бүтээлч залуусын ачаар энэ бүхнийг TED орчуулагчдын ачаар монгол хэлээр үзэж, бүр монголынхоо манлайлагч, эгэл баатруудын түүх, санаа бодлыг сонсох боломжтой болсон билээ. TEDxUlaanbaatar арга хэмжээг 2011 оноос Монголд албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд одоогоор салбар үйл ажиллагаануудтай нийлээд 10 гаруй үйл ажиллагааг тогтмол зохиодог болоод байна.

Энэ дундаас хамгийн том нь болох TEDxUlaanbaatar арга хэмжээний хамрах хүрээ, илтгэгчид болон зохион байгуулалт жил ирэх тусам сайжирч, олон зуун залууст үнэ цэнэтэй санаануудыг түгээн дэлгэрүүлсээр байна. “Монгол масс медиа” группын захирал А.Амундра ирээгүйг эс тооцвол “Айсуй давалгаа”-ны бусад илтгэгчид бүгд хуваарийн дагуу, сонирхолтой яриа хийж, хоолон дээр урт дараалал үүсэх, цагтаа эхлээгүй гэх ямар ч асуудалгүй өндөр төвшний зохион байгуулалттай арга хэмжээ болсонд TEDxUlaanbaatar-ийн арын албаныханд талархах ёстой.

“Улаанбаатар хот олон жилийн өмнөхөөсөө өгт өөрчлөгдөөгүй юм шиг санагддаг. Сүүлийн үед баригдсан барилгуудыг харвал бүгд дэлгүүр, зочид буудлууд байна. Харин соёлыг хадгалж түгээх музей, номын сангуудын барилгууд маань нурж унахаа шахсан” хэмээн ярих Т.Баттүшиг бол хотынхоо төлөө цохилох зүрхтэй, асуудлыг олж хардаг, түүнийг өөрчилхийн тулд өөрийнхөө чадах зүйлийг хийж буй олон зуун залуусын нэг.

Энэ жилийн TEDxUlaanbaatar-т чадварлаг залуу эмэгтэйчүүд онцгойрч байсныг дурдах нь зүйтэй. Залуусын оролцооны тухай маш сонирхолтой яриа хийж, өөрийнхөө туршлага дээр үндэслэн өнөөгийн залуусыг ямар нэг шийдэл хийж, бодитой үйлдэл хийдэг ухамсартай иргэд болохыг уриалсан Б.Булганчимэг, өнгөрсөн өвлийн тэвчихийн аргагүй агаарын бохирдлын тухай дэмий гомдоллож, фэйсбүүктээ бичиж суухын оронд хандив босгож, хүүхдийн эмнэлгүүдэд агаар цэвэршүүлэгч шүүлтүүрийг тараасан "Бяцхан агаар" аяны санаачлагч Б.Онон, нийгмийн тэгш бус байдлын золиос болсон бүлгийг буруутгах бус, өөр өнцгөөс харж, “хөөс”-нөөсөө гарахыг нэхэн сануулсан А.Долгионы яриа танхимд цугласан олныг гайхшруулсан. Мөн хөгжлийн бэрхшээл гэх саадыг үл хайхран өөрийгөө ялан дийлж, өрөөл бусдад урам зориг хайрлаж, нийгэмд хувь нэмрээ оруулж яваа Ч.Тунгалагтуяа, Б.Болороо гэх 2 гайхалтай бүсгүйн яриа олныг гайхшруулж орхисон.

Эмчийн буруутай үйлдлээс болж тархины саажилттай болсон Б.Болороо өдийг хүртэл ямар замыг туулж, тэр тайзан дээр зогсож буй түүхийг сонссон хүн бүр тэсгэлгүй нулимс дуслуулж, өөрсдийгөө ямар азтай хүмүүс болохыг мэдэрч, ойлгож суусан юм. Тархины саажилт өвчин нь түүний сургуульд сурч, эрдэм боловсрол авах хүсэл эрмэлзлийг унтрааж дийлээгүй. Үзэг барихын тулд 4 жил хичээллэж, олны өмнө илтгэл тавих гэж орой үдэш бүр “өөрт нь захирагддаггүй” гараа хөдөлгөн хөлсөө дуслуулж явсан тухай санаанд оромгүй түүхүүдээ тэр нуулгүй хуваалцсан. Тэр бол яах аргагүй энэ цагийн эгэлгүй баатар.

Нулимстай, инээд хөөртэй, дуу хөгжимтэй энэ удаагийн TEDxUlaanbaatar олон талт байдлаараа онцгойрч байсан юм. Дээр дурдсан хүчирхэг, залуу эмэгтэйчүүдээс гадна төрөл бүрийн салбарын, янз бүрийн насны эрэгтэй, эмэгтэй илтгэгчид байлаа. Нийгмийн бүхий л салбарыг хамарсан сонирхолтой ярианууд дунд ЛГБТ эрхийн асуудлыг хөндсөн яриа байсан бол илүү “diverse” байж чадах байсан болов уу.

Монголчуудыг интернэт гэх зүйлтэй анх танилцуулсан Д.Энхбат гуйан энтепренер сэтгэлгээний тухай сонирхолтой яриа, оюуны өмчийн хулгайг бидэнд ойр жишээгээр тайлбарлан ойлгуулж чадсан С.Дөлмандах захиралаас эхлээд гэр хорооллын хог хаягдлын асуудлыг маш ухаалгаар шийдвэрлэх санаачлага гаргасан Г.Батдорж, мөрөөдлийн үнэ цэнийг ойлгуулж чадсан Н.Эрдэнэбаярын түүх, өнчирч хоцорсон олон зуун хүүхдийн энэрэлт ээж С.Эрдэнэчулууны сэтгэл хөдөлгөм яриаг сонссон 1000 залуу айсуй давалгааны нэг хэсэг болж ирээдүйг бүтээлцэх эрч хүчээр цэнэглэгдсэн гэдэгт итгэлтэй байна.

Энэ бүхэн өглөөний 10 цагаас оройн 6 цаг 30 минут хүртэл үргэлжилсэн. Бүхэл бүтэн 8 цаг яаж тэнд “тэвчээртэй” суудаг байна аа гэж та гайхаж байна уу? Энэ 8 цаг бидний амьдралд цөөн тохиох маш үнэт мөчүүдийн нэг байсан болохоор үнэндээ энд уйдах ч зав гараагүй. Бүтэн өдөр болдог дийлэнх арга хэмжээ үдээс хойш олон хоосон суудалтай болсон харагддаг. Харин TEDxUlaanbaatar-ийн суудал эхнээсээ төгсгөл хүртэл дүүрэн үзэгчтэй байсан юм. Учир нь тэд бүгд айсуй давалгаанд нэгдсэн, эрч хүчээр дүүрэн ирээдүйн эзэд билээ.

Гэрэл зургуудыг У.Цогтбилэг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.