Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ЦЭЦЭРЛЭГТЭЙ болох хүсэл, мөрөөдлөө илэрхийллээ

Тэд бүгдийг чадна. Улсаас багахан дэмжлэг л хэрэгтэй.




Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Цэцгэн хээтэй даашинз, хайртай баатрынхаа зурагтай хувцсаар гангарч, аав ээжийнхээ гараас хөтөлсөн, шаар үлээж, чихэр хүлхсэн багачууд энд тэндгүй харагдана. Нийслэлийн төв талбай дээр багачуудад зориулсан арга хэмжээ үргэлжилж, олон асар майхан сүндэрлэн хүүхдүүдэд зориулан үйлчилгээ үзүүлж байгааг та бүхэн харсан биз ээ.

Энэ дундаас онцгойрон буй нэгэн асрыг танилцуулъя. Сүхбаатарын талбайн зүүн талд байрласан, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолбор” гэсэн хаягтай асарт тус цогцолборт суралцдаг хүүхдүүд гар зургийн үзэсгэлэн дэлгэжээ. “Миний мөрөөдлийн цэцэрлэг” нэртэй тус үзэсгэлэнгээр олон сайхан зураг эгнүүлэн өрсөн байна. Асрын гадна ширээ засч, зургийн хэрэгсэл дэлгэн тавьж, зурахыг хүссэн хүүхэд бүрт нээлттэй үйлчилж байгаа юм.

Тус цогцолборын хүүхдүүд “Миний мөрөөдлийн цэцэрлэг” үзэсгэлэнгээрээ өөрсдийн дуу хоолойгоо нийгэмд хүргэж, өөрсдийн гэсэн цэцэрлэгтэй болохыг хүсч буйгаа, нийгэмдээ тэгш оролцоотой байж чадна гэдгээ илэрхийлж байгааг онцлууштай.

/Тэдний цэцэрлэгийг 2013 онд акталж, нураасан юм. Одоогийн байдал/

2013 оноос 1512 өдрийн турш өөрсдийн гэсэн цэцэрлэггүй, Асрамжийн 58 дугаар цэцэрлэгийн нэг талын жижиг корпуст толгой хоргодон байрласаар 5 дахь хавраа үдлээ. Бага, дунд, ахлах гурван бүлгийн 120 хүүхэдтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан улсдаа ганцхан байдаг цэцэрлэг шүү дээ. 

Үзэсгэлэнгийн үеэр С.Намуунцэцэг, дүрслэх урлагийн “Анима” сургуулийн оюутан Ч.Энхсайхан нар зураг зурж сонирхуулсан. Хөлөөрөө, амаараа зурж байгаа ч ямар гоё зурдаг гэж санана. Энэ хоёр охин хоёулаа мундаг зураач болох хүсэлтэй. С.Намуунцэцэг “Хөгжлийн бэрхшээлтэй дүү нар маань одоо байгаагаасаа илүү том цэцэрлэгтэй болоосой гэж бодож байна. Том цэцэрлэгтэй болбол тэд нар хүссэн бүхнээ хийж чадна. Хүүхэд бүхэн мөрөөдөлтэй байдаг. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн чадахгүй зүйл бидэнд байхгүй. Бүжиглэнэ, дуулна, зурна, бичнэ гээд бүгдийг чадна. Би багаасаа зурж эхэлсэн. Зүүн хөлөөрөө зурдаг. Алдартай зураач болох мөрөөдөлтэй” гэсэн юм. Харин Ч.Энхсайхан дүрслэх урлагийн “Анима” сургуульд сурдаг бөгөөд ирэх жил төгсөнө гэсэн. Багш нартаа маш их хайртай гэдгээ дамжуулж, хэлсэн. 

Хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдөр сайн дурын ажилд хамрагдан тусалж байгаа хүмүүс ч цөөнгүй байв. Тэдний нэг О.Байгалмаа хэлэхдээ “Би зургаан жилийн турш сайн дурын ажилд хамрагдан ажиллаж байгаа. Өмнө нь “Хамтдаа инээмсэглье” нэртэй өдөрлөгөөр бүтэн өдрийн турш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж, тэднийг тоглуулж үзсэн. Тэр үед л эдгээр хүүхдүүдийг асарч, хамгаалах, нийгмийн харилцаанд оролцуулахад ямар хэцүү байдгийг ойлгосон. Тиймээс нэг өдөр ч гэсэн дүү нартаа өөрийн чадах зүйлээрээ тусалж, хувь нэмрээ оруулъя гээд ирсэн” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.  

Өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулахад Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хэвлэлийн хүрээлэн, “Хаан даатгал”, “Монголын тархины сааны холбоо” дэмжлэг үзүүлэн, хамтарч ажилласан байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн их эмч Т.Өлзийсайхан тэргүүтэй эмч нар энд ажиллаж байв. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зарим үед татдаг учраас бэлэн байдалд байгаа аж. Түүнчлэн эцэг эхчүүдэд ч хүүхэд нь татахад хэрхэн яаралтай арга хэмжээ авах талаар зөвлөхөөр ирсэн нь энэ.

Эцэг эхийн төлөөлөл болсон Л.Байгалмаа “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр “Миний мөрөөдлийн цэцэрлэг” зургийн үзэсгэлэн гарч байна. Хүүхдүүд маань ямар цэцэрлэг, ямар орчинд хүмүүжмээр байгаагаа зургаараа харуулж байгаа юм. 10 дугаар цэцэрлэг маш хүнд байдалтай байгаа. Нэг ангид гэхэд л хоёр ангийн хүүхдүүд нийлээд, 6 багштай хичээллэж байна. Энэ хүүхдүүд чинь хүний туслалцаатай, тэргэнцэртэй явдаг болохоор анги танхимын хүрэлцээ маш чухал. Төр засгийн зүгээс энэ асуудлыг хурдан шийдэж өгөхгүй, тав дахь жилдээ явж байгаад харамсаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн хүүхдээс маш их ялгаатай, хараа хяналт хэрэгтэй байдаг учраас цэцэрлэгийг нь хурдан барьж өгөөсэй гэж хүсч байна. Манай хүүхэд ахлах бүлэгт нь сурдаг, 4 настай. Анх ийм цэцэрлэг байдгийг ч мэддэггүй байлаа. Эмнэлэгт хэвтэж байгаад хүнээс сонсож, мэдээд өнгөрсөн намар цэцэрлэгт орсон. Цэцэрлэгт ороод маш их зүйл сурсан. Алхаж чаддаггүй байсан бол алхдаг болсон. Багш, найзуудтайгаа тоглож, нийгэмтэйгээ харилцаж сурсан. Хичээлийн байрны асуудал л хүнд байна” гэлээ.

Бүхэл бүтэн 1512 өдрийн турш цэцэрлэггүй байгаа хүүхдүүдийн энэ асуудлыг хэвлэлийнхэн хөндөж, 1512 цагийн дотор шийдэлд хүргэхээр, барилгын ажлыг нь эхлүүлэхээр зорьж байгаа юм. Эдгээр хүүхдүүдийг өөрсдийн гэсэн цэцэрлэгтэй болгож, илүү хөгжихөд нь таны оролцоо, чин сэтгэл ч хэрэгтэй гэдгийг дуулгамаар байна.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.10.24
Фото сурвалжлага: Shiseido-гийн нүүр будалтын бүтээгдэхүүн дахин төрж ТЭСРЭЛТ ХИЙЛЭЭ
2
2018.10.24
Монголын дээд боловсролын салбарт япончууд 5 ТЭРБУМ төгрөгийн буцалтгүй тусламж үзүүллээ
3
2018.10.04
Оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүс ажилладаг кофе шоп нээгджээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
21
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.