Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

2016/2017 улирлын шилдэг залуу тоглогчид

Заримыг нь шинээр нээсэн бол зарим нь багаасаа л гялалзаж явсан тамирчид байлаа.


Европын хөлбөмбөгийн энэ улирал олон сайн залуу тоглогчийг фэнүүдэд танилцууллаа. Заримыг нь шинээр нээсэн бол зарим нь багаасаа л гялалзаж явсан тамирчид байлаа. Ингээд 2016/2017 улирлын шилдэг залуусыг (1996 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн) толилуулья.

10. Патрик Шик (“Сампдори”) – 35 тоглолт, 13 гоол, 5 оновчтой дамжуулалт

Чехийн шинэ залуу авьяастан Шикийг Томаш Росицки, Милан Барош нарын үеэс хойш төрөөгүй тод од гэж нутагт нь үзэж байна. Шик Италид дасах гэж хоёр сар болоод “Ювентус”-ын эсрэг гараанд гарч, шууд л гоол оруулсан. Сүүлдээ сэлгээнээс гарч гоол оруулсаар “Шинэ Солшер” нэр зүүж, удалгүй үндсэн бүрэлдэхүүнээс Муриэлийг хасч чадсан залуу. Алсын хүчтэй цохилт, хурд, хурдан сэтгэх чадвараараа тодорч байгаа Шик “Ювентус”, “Интер”, “Борусси” Дортмунд багуудын алийг нь сонгохоо шийдэх гэж байна.

9. Каспер Дольберг (“Аякс”) – 48 тоглолт, 23+8

Данийн 19 настай энэ довтлогч Европын лигэд ч тодорч, 6 гоол оруулсан. Хүчирхэг бие, оновчтой цохилт, гоолын мэдрэмжтэй энэ хүү “Аякс”-т удаан тогтохгүй болов уу.

8. Юри Тилеманс (“Андерлехт”) – 53 тоглолт, 18+15

20 настай бельги залуугийн холын цохилтоор оруулсан гоолууд тэр дороо л “RMC”, “Eurosport”-ийн ганган гоолд тооцогддог. Гэхдээ Юри цохилтоос гадна талбайг харах чадвар, оновчтой дамжуулалт, хагас хамгаалалтын ямар ч байрлалд тоглож чаддагаараа алдаршсан. “Монако” энэ жил түүнийг худалдан авсандаа харамсахгүй нь тодорхой.

7. Тимо Вернер (“РБ Лейпциг”) – 32 тоглолт, 21+7

Дөрвөн жилийн өмнө түүнийг Германы хамгийн авьяаслаг вингерийн нэг гэж тооцож байлаа. Гэвч “Штутгарт”-д өнгөрөөсөн он жилүүд түүнийг тодруулсангүй. Харин “РБ Лейпциг”-т тэр огт өөр болоод гарч ирсэн юм. Хавсаанд орох шахан довтолж, хаана зай байгааг андахгүй энэ залуу удахгүй Германд шилдэг нь болно.

6. Мусса Дембеле (“Селтик”) – 49 тоглолт, 32+9

Том багуудын анхаарлаас гадуур үлдсэн шилдэг залуу тоглогч. Жилийн өмнө Чемпионшипт тодорсон түүнийг “Селтик” бараг үнэгүй авсан. Харин одоо түүний үнэ 40 сая евро хүрсэн байна. Хэзээ нэгэн цагт Английн топ багууд түүнийг худалдан авах нь тодорхой. Хурд, техник, гоолын мэдрэмж гээд агуу Роналдотой адил зүйл түүнд их бий. Сэтгэл зүйн хатуужил, биеийн хөгжил нь харин Дрогбаг санагдуулна.

5. Габриэль Жезус (“Манчестер Сити”) – 11 тоглолт, 7+5

Англид ирээд хагас жил болохдоо тэр Агуэрог сэлгээнд суулгаж, “Этихад”-ыг эзлээд, хүнд гэмтэж, гялалзтал эргэн ирж амжсан. Түүний гоол “Ман Сити”-д Аваргуудын лигийн эрх авах тун чухал оноонуудыг авчирсан. Хэрэв гэмтээгүй бол баг нь Аваргуудын лигт амжилттай тоглож болох байлаа. Ирэх улирал түүний хувьд Английг байлдан дагуулах жил байх болно.

4. Усман Дембеле (“Борусси” Д) – 49 тоглолт, 10+21

Хурдтай, техниктэй, ухаалаг Усман Бундеслигт тун хурдан дасан зохицсон. Обамеянг байсан болохоор олон гоол оруулж чадаагүй ч оновчтой дамжуулалтаар Мхитаряны зайг нөхөж чадсан.

3. Жанлуижи Доннарумма (“Милан”) – 41 тоглолт, 12 тоглолт хуурай манасан

Энэ залуу хаалгач яг л 20 жилийн өмнөх Буффон шиг гарч ирж байгаа. Насанд хүрэхээсээ өмнө тэр Буффоны хэд хэдэн рекордыг эвдээд амжсан. Энэ жил тэр “Милан”-д Супер Цомын эзэн болоход нь туслаж, Дибалагийн пенальтиг хаан, Италийн шигшээ багт багтсан. Харин түүний амжилтын гол саад нь агент Мино Райола болж магадгүй болоод байна. Мино залуу хүүгийн толгойг эргүүлж, Англи авч явах гээд байгаа бол “Милан” баг Доннаруммад агент баг хоёрын аль нэгийг сонго гэсэн шаардлага тавьсан байгаа.

2. Деле Алли (“Тоттенхэм”) – 50 тоглолт, 22+13

Алдарт Фергюсон түүнийг Гаскойноос хойш төрсөн хамгийн авьяаслаг англи тоглогч гэж үнэлсэн. Үнэхээр тэр насандаа баймгүй сайн тоглолт үзүүлж, хоёр жил дараалан Премьер лигийн шилдэг залуу тоглогчийн хэргэмийг хүртсэн.

1. Килиан Мбаппе (“Монако”) – 44 тоглолт, 26+14

“Шинэ Анри” гэгдэж байгаа түүний талаар хөлбөмбөг сонирхдог хүн болгон ярьж байгаа. Бараг сонин болгоны тэргүүн нүүрэнд гарч, маш хурдан од болон хувирсан. Том багууд бүгд түүнийг эгнээндээ авахыг хүсч байгаа ч хэвлэл мэдээллийн шуугианаас болоод үнэ нь хэд дахин өссөн. Энэ их мөнгөний үнэд хүрэх эсэх нь ирэх жилээс харагдана.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
6 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
47
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.