Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

Цэцэрлэгийг нь БАЛГАС болгосон ч итгэлийг нь БҮҮ хөсөрдүүлээч, ШИЙДВЭР гаргагчид аа!

Улсдаа ганцад тооцогддог тус цэцэрлэг 1512 өдрийн турш бусдын бөөрөнд хавчуулагдан тав дахь хавраа үдэж байна.


Өглөөний нар таатай ээсэн тавдугаар сарын сүүлчийн өдөр Баянзүрх дүүргийн Асрамжийн 58 дугаар цэцэрлэг буюу “Өнөр” төвийн нэгэн жигүүрт толгой хоргодож буй “Сувиллын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолбор”-ыг зорьж очсон юм. Асрамжийн 58 дугаар цэцэрлэгийн гадна очиход хүүхдүүд эгнэж зогсоод, багшийн заасан дасгал хөдөлгөөнийг хийж, шинэ өглөөг эхэлж байв. Харин тус цэцэрлэгийн нөгөө жигүүрт нөхцөл байдал тэс өөр. Цагийн зүү 09:00-ийг заахтай уралдан эцэг эхчүүдийн сүүлч хүүхдүүдээ тэвэрсээр цэцэрлэгийн хаалгаар орж, арай эрт ирсэн зарим нь багш нартай хамжилцан модон тэргэнцэрт суугаа хүүхдүүдээ үүднийхээ гаднах багахаан талбайд гаргаж байлаа. Эдгээр хүүхдүүд бидний адил эсвэл, дасгал хөдөлгөөн хийж буй хүүхдүүдийн адил хүссэнээрээ хөдөлж, алхаж, сууж чадахгүй. Учир нь тэд хөгжлийн бэрхшээлтэй. Эцэг эх, багш нар нь голдуу хөдөлгөөний бэрхшээлтэй хэмээн ярьдаг юм билээ. Магад энэ нь хамгийн зөв нэршил байж ч мэднэ.


 
Цаг агаар дулаарч, налгар өдрүүд эхэлсэн тул хүүхдүүдээ жижигхэн, бүгчим өрөөнд байлгаснаас агаарт гаргаж, салхилуулж байгаа нь энэ. Ахлах багш, туслах хоёр багштайгаа хамтран хорин хүүхэдтэй ажиллаж, тэднийг асардаг. Зарим хүүхдүүд нь өөрөө алхаж, ярьж чаддаг болсон учир намраас жирийн цэцэрлэгт хамрагдах болсныг багш нар нь баяртайгаар ярьж байсан. 
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан улсын хэмжээнд цорын ганцад тооцогддог тус цэцэрлэг 1512 өдрийн турш бусдын бөөрөнд хавчуулагдан тав дахь хавраа үдэж байна. Тархины саатай, дауны хам шинжтэй, аутизмтай 120 хүүхэд, 20-иод багштайгаа гуравхан ангид хичээллэж байгааг харах битгий хэл сонсоход ч эмзэглэмээр. X цогцолбор нь ахлах бүлгийн “Сархан, Салхихан”, дунд бүлгийн “Солонгохон, Нархан”, бага бүлгийн “Цасхан, ” гэсэн гурван бүлгийн 6 ангитай. Гэсэн ч анги танхимын хүрэлцээгүйгээс бүлгээрээ хуваагдан нэг ангид 40 хүүхэд, 6 багш ажиллаж байгаа юм. Тус цогцолбор нь 1964 онд Эрүүл мэндийн яамны харьяа 0-3 хүртэлх насны хүүхдүүдийг асарч, хүмүүжүүлдэг 42 дугаар ясли нэртэйгээр байгуулагдаж, 1996 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Боловсролын газрын харьяанд шилжин тулгуур эрхтний согогтой хүүхдийн сувиллын ангитай Сувиллын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолбор нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болжээ. Тус цэцэрлэгийн байрыг 2013 оны дөрөвдүгээр сард акталж, суурин дээр нь шинэ цэцэрлэг барихаар болсон. Шинэ цэцэрлэгтэй болох хүртэл нь хүүхдүүд болон багш нарыг 58 дугаар цэцэрлэг рүү нүүлгэсэн нь энэ. 
 
Унтлагын, хоолны, хичээлийн өрөө тус тусдаа байх ёстой ч хүүхдүүд, багш нар нэг ангид багтаж ядан өдрийг өнгөрүүлж байна.

Багш П.Сарантуяа: Дүүрэг бүрт барьж чаддаггүй юм гэхэд ядаж Монголдоо ганцыг барьчихмаар л байна

Дунд бүлгийн багш П.Сарантуяа “Барилга баригдчихвал хүүхдүүдэд ч, бидэнд ч хэрэгтэй байна шүү дээ. Монголдоо ганц учраас 120 хүүхдийн цаана хамрагдах шаардлагатай хэдэн ч хүүхэд байгааг мэдэхгүй. Эцэг эхчүүд ч ийм цэцэрлэг байдгийг бараг мэддэггүй. Нэг нэгнээсээ сонсож л мэддэг юм билээ. Дүүрэг бүрт барьж чаддаггүй юм гэхэд ядаж Монголдоо ганцхан байгаа цэцэрлэгийнхээ байшинг барьчихмаар л байна. Өөрсдийн гэсэн байртай байхад унтах, хооллох, тоглох өрөө тусдаа, ядаж л угаалгын өрөөндөө хүүхдүүдийнхээ өтгөн, шингэнийг цэвэрлэчихдэг байлаа. Манай хөөрхөн хүүхдүүд хөдөлгөөний бэрхшээлтэй ч гэсэн аливаа зүйлийг сурахдаа маш сайн. Хэвтдэг байсан бол суудаг, суудаг бол алхдаг болдог. Нураадаг барилгад саажилттай 14 хүртэлх насны сургуулийн хүүхдүүд ч явдаг байлаа шүү дээ. Одоо энэ цэцэрлэгт 2-6 настай хүүхдүүдээс илүүг хүлээж авах боломжгүй. Үнэндээ бидэнд хэцүү байна. Квадрат багатай ангид хүүхдүүдээ нэг хэсэгт нь унтуулна, нөгөө талд нь хооллоно, тэргэнцэртэй хүүхдүүдээ нааш цааш болгоход зай ч байхгүй. Дулаараад бүгчим болохоор тэр олон хүний амьсгал, хөлс, хүүхдүүдийн живхний үнэр танараас эхлээд үнэртэхгүй ч юм алга. Дээрээс нь хүүхэд тус бүрт ганцаарчилж хичээл заадаг учраас ангийн нэг буланд хичээлээ заахаар бусад нь үймүүлээд анхаарлыг нь сарниулах жишээтэй. Бидэнд ганц хэрэгтэй зүйл бол цэцэрлэг. Одоо дулаарчихсан болохоор салхилуулж байна. Дотор хөдөлгөөнгүй байснаас гадаа байсан нь хамаагүй дээр. Хүүхдүүд маань нийгэмшихээс гадна энгийн цэцэрлэгт явж, сургуульд сурах хэмжээний болоод гардаг. Манай ангиас гэхэд л Хангал, Буянтогтох хоёр энгийн цэцэрлэгт орохоор болсон. Хэрвээ өөрсдийн гэсэн цэцэрлэгтэй болчихвол 120 хүүхдээс илүү олон хүүхдийг нийгэмшүүлж, эцэг эхчүүдэд тусалмаар л байна даа” хэмээн бодит байдлаа бидэнтэй хуваалцлаа.


 
Энэ жижигхэн өрөөнд 50 орчим  хүн өдөржин байна гээд бод доо. Нэг хүнд ногдох зай талбай, стандарт нормын талаар дурдаад ч хэрэггүй. Наад зах нь амьсгалах цэвэр агаар хомсдолтой учраас амьсгалын замын халдварт өвчин тусах нь энүүхэнд. Харин өнөөдөр амрах дөхсөн учраас цэцэрлэгтээ ирсэн хүүхдийн тоо цөөхөн байгаа нь энэ. Улсдаа ганцхан онцгой сургалттай цэцэрлэг учраас хүүхдээ нийгэмшүүлэхийн тулд зарим эцэг эхчүүд хөдөө орон нутгаас шилжин ирдэг тохиолдол ч бий. Эсвэл хотын нэг захаас өглөө бүр нийтийн тээврээр хүүхдээ зөөдөг аав ээжүүд олон юм билээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт энгийн хүүхдээс 1.5 дахин бага байна

Тэдний нэг Х.Отгонтөгс “Хүүхдээ цэцэрлэгт нь Их нарангаас автобусаар хоёр дамжиж зөөдөг. Талдаа хоёр цаг лав болдог. Манай хүүхэд одоо таван настай. Том болоод жин нь нэмэгдээд хүнд ч болж байна. Өөрөө сууж, алхаж чадахгүй болохоор тэвэрч явахаас аргагүй. Монголдоо ганц байдаг цэцэрлэгийн ядаж барилгыг нь шийдээд өгөөсэй гэж боддог. Бид хоёр ийм цэцэрлэг байдгийг мэдээгүй байж байгаад эмнэлэгт хэвтэх үедээ хүнээс сонсоод өнгөрсөн намраас л явж эхэлсэн. Энд сурснаар одоо хөөрхөн мөлхөөд, юм ярьдаг болсон. Нийгэмшээд, найзтай болоод маш өөр болдог юм байна. Гэртээ байхдаа бид нар хооллож ундлахаас хэтрэхгүй. Харин энд багш нь сэргээн засах эмчилгээ, бариа засал хийж өгнө, юм сургана. Охин минь овоо хөөрхөн болж байна” гэлээ. 


 
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд хамруулахгүй байх тусам гэрийнхнээсээ өөр хүмүүстэй харилцдаггүй бүрэг ичимхий, дотогшоогоо хүн болдог гэнэ. “Нээлттэй нийгэм” форумаас гаргасан судалгаагаар 2010 онд 2-5 насны 202.4 мянган хүүхдээс хөгжлийн бэрхшээлтэй 2 мянган хүүхэд бүртгэгджээ. Хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийн 39 орчим хувь нь буюу 780 нь цэцэрлэгт хамрагдсан аж. Үүнээс үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт энгийн хүүхэдтэй харьцуулахад 1.5 дахин бага гэсэн үзүүлэлт гарсан байна. 

Тавдугаар сарын 12-нд БСШУС-ын сайд барилгын ажлыг яаралтай эхлүүлэх тушаал гаргасан

Сувиллын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолборын барилгын ажил удааширсан түүхийг товч хүргэе. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хөрөнгө оруулалтаар Цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолборын таван давхар барилгыг барьж ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ. Үүний дагуу 2013 онд зураг төслийн ажлыг гүйцэтгэх тендер зарлагдан “Гоби-Трэвел” ХХК  улсын төсвийн 97 сая төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх болж, барилга барих болон буулгах төсөв хөрөнгийн хэмжээ тодорхой болсон юм. Гэсэн ч төлөвлөгөө өөрчлөгдөж, концессын гэрээгээр баригдахаар шийдвэрлэгдэн уг асуудал Эдийн засгийн хөгжлийн яамны мэдэлд шилжсэн байна. Концессын гэрээний шалгаруулалтаар “Ремикон” ХХК гэрээ хийж гүйцэтгэхээр сонгогдон ажиллаж байсан боловч барилгын ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэх боломжгүй болсноо албан ёсоор мэдэгдэж, мөн л тодорхой шийдвэрт хүрэлгүйгээр дөрвөн жилийг ардаа үдсэн. Харин өнгөрсөн сарын 12-нд БСШУС-ын сайдын “Тусгай цэцэрлэг, сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/195, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/196 тоот тушаал гарч, барилгын ажлыг яаралтай эхлүүлэхээр тусгажээ. Одоо Засгийн газрын тогтоол гарчихвал хэрэгжих боломжтой болоод байна. Харин одоо "Монкон Констракшн" ХХК барилгыг барихаар болоод буй. Барилгын ажлыг нийт 5 тэрбум төгрөгт төсөвлөсөн юм билээ.   

БСШУСЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр “Монкон Констракшн” манай яаманд өнгөрсөн хоёрдугаар сард концессын гэрээгээр барьж өгөх санал гаргасан. Ингээд тус компани болон БСШУС-ын сайдын нэр дээр Үндэсний хөгжлийн газарт бичиг явуулсан. Одоо Үндэсний хөгжлийн газраас богино хугацаанд шийдээд Засгийн газарт явуулах учиртай” гэсэн хариулт өглөө.

Б.Баярчимэг: Анги танхимын хүрэлцээ багатайгаас гадна бие засах газрын асуудал маш хэцүү

10 дугаар цогцолборын Эцэг эхийн зөвлөл 12 гишүүнтэй аж. Тэдний нэг Б.Баярчимэг “Нэг ангид маш олон хүүхэдтэй. Харахад андашгүй байгаа байх. Анги танхимын хүрэлцээ багатайгаас гадна бие засах газрын асуудал маш хэцүү. Цэцэрлэгт наад зах нь таван суултуур, таван угаалтуур байдаг бол энд нэг ангид нэг л байдаг. Тусгай асаргаатай хүүхдийн зориулалтын нойл ч биш. Миний хувьд энэ асуудал маш хүндрэлтай санагдаад байгаа. Түүнээс гадна эцэг эхчүүд ийм цэцэрлэг байдгийг сайн мэддэггүй. Би гэхэд л өнгөрсөн жил хүнээс сонсож мэдсэн. Ялангуяа хөдөө орон нутгийн иргэдэд ямар ч мэдээлэл байдаггүй. Хэрвээ тэд манай цэцэрлэгийн талаар мэдээд ядаж эмчилгээнд нь хүүхдүүдээ явуулбал хэрэгтэй шүү дээ. Тиймээс цэцэрлэгийн талаар мэдээлэл сайн цацагдаасай гэж хүсдэг” гэсэн юм.

Б.Баярчимэгийн хэлснээр олон нийтийн газар хүүхдээ дагуулаад явахад 40, 50 орчим настай хүмүүс илт эвгүй сэтгэгдэл төрүүлэхээр харж, эвэртэй туулай үзсэн мэт ханддаг гэсэн. Харин залуучууд мэдээлэлтэй болсон учраас ч тэр үү энгийн хандаж, харьцдаг байна. Хүмүүс энэ асуудлыг ч бодож үзэх нь гэмгүй болов уу. Өвчин гэдэг хэлж биш хийсч ирдэг хойно хэнд, хэзээ ямар гэнэтийн зүйлс тохиолдохыг мэдэхгүй шүү дээ.

Сувиллын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолборын 2013 онд нураасан барилга дээр очиход хагас дутуу нурааж, балгас мэт орхижээ. Хүүхэд багачуудын дуу цангинаж, тэдний амьдралд тэмүүлэх жигүүрээ дэлгэдэг байсан өргөө нь одоо архичдын үүр болж, архины шил, пивоны лаазнаас авахуулаад ялгадас, есөн бусын хог хөглөрнө. Дутуу нураасан хананд үлдсэн хөөрхөн инээмсэглэсэн зараа, туулай, хурга, ишигний зурагнууд л “хуучин” эздээ хүлээсэн мэт харагдах нь гунигламаар.

Э.Батсүх: Хүүхэд яаж төрөхөө шийдэх биш дээ, зайлуул

Ахлах бүлгийн хүүгийн өвөө Э.Батсүх “Үндсэндээ энд дөрвөн өвлийг үдлээ. Умгар жижигхэн өрөөнд хоёр анги нийлчихсэн байгаа шүү дээ. Ах нь урьд ийм асуудлыг мэддэггүй байж. Өөрсдийн хүүхдүүд өвчтэй төрчихөөр уншиж, судлаад мэддэг болдог юм байна даа. Хүүхэд яаж төрөхөө шийдэх биш дээ, зайлуул. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад аутизмтай, дауны синдромтой гэх зэргээр хүүхэд тус бүр тусдаа цэцэрлэг, яслид явдаг юм билээ. Гэтэл манайд юун тус тусад нь байлгах манатай. Бүгдийг нь нэг дор жижигхэн өрөөнд “чихчихсэн”. Олон улсын стандартаараа хоёр билүү гурван хүүхэд тутамд нэг багш ногддог. Харин энд хорин хэдэн хүүхдэд нэг багш ногдох жишээний. Дээрээс нь “Өнөр бүл” асрамжийн төвийнхөн нь эд нарыгаа ад үзнэ. Хар даа, хамаг юмыг нь хаагаад төмөр хашаа босгочихсон байгаа биз дээ. Тэгээд сүүлийн хоёр өвөл хөөсөн. Арга бараад бид нар цуглаан жагсаал хийж байж, хөхөө өвлөөр арай хөөгдчихсөнгүй. Гэхдээ эднийг буруутгах ч юу байх вэ дээ. Ирэх жил эндээ байх үгүйг ч мэдэхгүй юм. Байраа буулгаснаас хойш хоёр гурван засгийн нүүр үзлээ. Шинэ цэцэрлэг барихад тавхан тэрбум л орох юм билээ. Гэтэл тэр арван хэдэн яамны дэд сайд нарын жилийн зардал нь гэхэд хэд дахин илүү болж байгаа байхгүй юу. Хоолны савнууд. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хоёр цэцэрлэг байдгийн нэг нь энэ, нөгөөх нь Офицеруудын ордны хавьд бий. Тэр цэцэрлэг нь сонсгол, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авдаг. Улс эдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ нэн тэргүүнд авч үзэх байтал эсрэгээрээ байх юм. Манай хүүхэд энд дөрвөн жил сурсан. Одоо 6 нас хүрээд хасагдаж байгаа. Уг нь шинэ барилга нь баригдчихвал хүүхдүүдийг 16 нас хүртэл хүлээн авч, эмчилгээ сувилал хийж, анхан шатны боловсрол олгох цогцолбор болох юм билээ л дээ. Манай хүүхэд гэхэд л энд явснаар хэчнээн их зүйл сурч, нийгэмшсэнийг тоочоод баршгүй. Одоо цэцэрлэгээсээ хасагдаж байгаа учраас хүүхдээ төлбөртэй цэцэрлэг бараадуулна даа. Ядаж хөдөлгөөн, дасгал хийхээр гэрт байснаас дээр” гэж бухимдсаар, төр засагт шүүмжлэлтэй хандаж байгаагаа нуусангүй.  

Ангид хэсэгхэн саатах зуурт энэ хөөрхөн багачууд багш нарынхаа үгэнд сайн орж, сурч мэдэхийн дэрвүүн хүсэл эрмэлзлэлтэй хичээллэдэг нь анзаарагдам илэрхий юм билээ. Тэр дундаа дуу хөгжмийн хичээлдээ тун ч их дуртай харагдсан. Хөгжмийн багш Н.Байгалмаа энэ цэцэрлэгт 11 жил багшилж, хүүхдүүдийн онцлогт тохируулан тэдний хамгийн дуртай шанз, ятга тоглож, дуу зааж хөгжмийн мэдрэмжтэй, боловсролтой багачуудыг бэлтгэдэг юм байна. 

Ахлах бүлгийн сурагч Я.Баялаг “Би Өлзийханд, Борко, Тороско гээд олон найзтай. Цэцэрлэгтээ найзуудтайгаа тоглож, бас зөндөө их юм сурдаг. Эвлүүлдэг тоглоомонд дуртай. Бас цэцэрлэг дээрээ унтдаг, гого хоол иддэг. Би гоймонтой хоолонд дуртай. Би том болоод хадаас хаддаг хүн болно. Миний дүү ээжийнхээ мөөмийг хөхдөг болсон. Би том болчихсон болохоор мөөмөө хөхөхөө больсон” гэж тавхан настай атлаа өөрийгөө эвлэгхэн танилцуулж, сурсан шүлгээ ч уншиж өгсөн шүү. 


 
Бага бүлгийн багш Ч.Наранцэцэг “Би улсад багшлаад 32 жил, 10 дугаар цогцолбортоо 12 дахь жилдээ багшилж байна. Манай цэцэрлэг ясли хүүхдүүдээ хүнд, хүндэвтэр, хөнгөн гэж гурван группэд хуваарилаад, онцлогт нь тохируулан ганцаарчилсан хөтөлбөрөөр хичээлээ заадаг. Хүүхдүүд маань хөдөлгөөний бэрхшээлтэй учраас аливаа зүйл заахад нэлээд цаг хугацаа шаардлагатай. Гэхдээ маш сайн хүлээж авдаг. Бид гол төлөв хүүхдийн гарын жижиг булчинг хөгжүүлэх, хөдөлгөөнийг сайжруулах, оюун ухааныг нэмэгдүүлэх, санаа бодлоо илэрхийлэх чадварт сургадаг. Хэдийгээр хүүхдүүд маань маш идэвхтэй, суралцах эрмэлзэлтэй байдаг ч орчны нөхцөлөөс шалтгаалаад суралцах боломж нь даанч хомс байна. Жишээлбэл, нэг хүүхдэд ногдох ам метрт 10 хүүхэд оногдож байна л даа. Төр засагтаа хандаж хэлэхэд барилгын асуудлыг хурдхан шийдээд өгөөрэй л гэж хүсэх байна. Энд чинь хүүхдийн эрх зөрчигдөөд л байна шүү дээ. Хэдийгээр ийм бага талбайд хичээллэж байгаа ч боломжийнхоо хэрээр эдэнтэйгээ хичээллэж, ахиц гаргасан” гэж ярингаа жижигхэн талбайтай өрөөндөө түмэн ажил амжуулсаар хоцорлоо. 

Дутуу нурааж, балгас болгосон хуучин цэцэрлэгийн адил эдгээр 120 хүүхэд, тэдний ар гэрийнхэн болон түмний хүүхдийн тусын тулд яваа сайхан сэтгэлт багш, ажилчдынх нь  итгэл сэтгэлийг бүү хөсөрдүүлээрэй, шийдвэр гаргагчид аа! 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
2
4 өдрийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.19
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
санал болгох
1
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
2
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
21
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.