Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Яруу найрагч Б.Алтанхуягийн санал болгож буй 11 ном

Ямар ном санал болгосон бэ?


МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, “Монцамэ” агентлагийн урлаг, соёлын тоймч Балдоржийн Алтанхуяг UB.LIFE-ийн уншигчдад дараах номуудыг санал болгож байна. Тэрбээр “Сэтгэлийн таталбар” /2011/ шүлгийн түүвэр, “Цаасан навчсын эмгэнэл” /2013/,  “Зурмал нүдэт хэрээ” /2015/ шүлгийн түүвэр, “Муурын байшингуудын түүх” /2016/ өгүүллэгийн түүвэр тус тус хэвлүүлсэн.


1. Хоёр хаан хоёр хонгил

Аргентиний суут зохиолч Борхесийн ихэнх агуу туурвилууд нь Г.Аюурзаны орчуулсан эл түүвэрт багтсан байдаг. Мөнхүү Д.Оюунчимэг эгчийн орчуулсан “Зүүдний ном” түүврийг нь эх хэл дээрээ унших боломжтой. Борхэсийн “Хоёр хаан хоёр хонгил” ном цүнхнээс минь огтхон ч салдаггүй. Түүний идиосинкратик өгүүллэгүүдийн нууцлаг байдал нь уншигчдыг бүрнээ ховсдож чаддаг учир уншихад тун сонирхолтой байх нь мэдээж. Түүний “Астерионы байшин” гэх өгүүллэг бол хамгийн дээд түвшинд боловсруулагдсан “лабиринт” буюу Борхесийн агуу их уран санааны төгс хэлбэршил гэж би боддог. Хамгийн гол нь орчлон ертөнцийн нууц, хувь хүний оршихуйн асуултууд, гэгээрэл гэж чухам юу вэ гэх зэрэгт “Бурхны бичээс”, “Росэндо Хуарэсийн түүх”, “Үхэгсдийн хөөрөлдөөн”, “Бөөгийн толь” өгүүллэгүүд хангалттай хариулчих биз ээ. Ялангуяа “Росэндо Хуарэсийн түүх” өгүүллэгийг нь хүн бүр, ялангуяа миний үеийн залуучууд сайтар ойлгож уншаасай гэж хүсдэг. 

2. Цасны орон

Японы алдарт зохиолчийн эл романд миний хүсдэг, таашаан уншдаг зохиолчдынх шиг тийм их адал, явдал, хурц үйл явдлууд гардаггүй. Гэлээ ч дүрүүд нь сэтгэл урах шиг болоод уншиж дууссаны хойно хэд хоног мөнөөх эмзэглэлээс ангижирч чадахгүй байж билээ. Гол дүрийн баатар Шимамура нь Японы хойд хэсэгт орших Хоккайдоо арлын их цасанд байх халуун рашааны амралтын газар гурвантаа очиж амарсан тухай өгүүлдэг. Тухайн үеийн улс орны хөгжлөөс тусгаарлагдан үлдсэн эл газарт гол дүрийн баатар маань Комако нэрт бүсгүйтэй учирснаар үйл явдал эхэлж эмэгтэй хүн хийгээд байгалын гоо үзэсгэлэнгийн тухай урт хөврүүлүүд, цасны орноос хайж олох ёстой нууцлаг зүйлийн эрэлд хатах Шимамурагийн адал эхэлдэг. 

Кавабата хэзээ ч уламжлалдаа ширүүн хандаж байгаагүй. Зохиол бүрт нь их бага хэмжээгээр үндэсний үзэл ч тусгагдсан байдаг. “Цасны орон” хэмээх алдарт романдаа Хоккайдоо арлын цаст уулс, япончуудын энгийн хийгээд өвөрмөц төрхийг буулгасан. Эмгэнэл бол түүний уран бүтээлд ариун нандин төрхөөр буудаг цорын ганц зүйл. Өрөвдөлтэй, хөөрхий баатрууд нь хэзээ ч хэн нэгнээс тусламж хүсдэггүй учраас түүнийг дэлхий нийтээр унших дуртай байдаг. 

3. Дурлалгүй ертөнцийн блюз

Номонд шимтдэг хүн бүр өөрийн төрөлх монгол хэл дээрх гайхалтай зохиолчдын нэг Г.Аюурзаны “Дурлалгүй ертөнцийн блюз” тэргүүт хүүрнэл зохиолын түүврийг уншилгүйгээр залуу насаа өнгөрөөсөн бол нэн харамсалтайяа гэж хэлмээр санагддаг. 

4. Петербургийн туужис

Гоголь нийгмийн бараан дүр зургийг ямарч өнгө будаг холилгүйгээр зурсан учраас “Шинель” өдгөө хүртэл үнэ цэнээ алдаагүй гэж боддог. Дээр нь нэмээд тархинд нь үймж байсан эмх цэгцгүй хийсвэр санаануудыг гоолиг охидын нүүрэнд сэвх тодрох шиг цаас руу цацаад орхичихсон нь гайхамшигтай. “Петербургийн туужис” тийм л санаануудын эмх цэгцтэй үлгэр шиг санагддаг. Томоохон судлаачид Гоголийг “этгээд хүн” хэмээн тодотгодог. Угаас этгээд байгаагүйсэн бол үсчин Иван Яковлевич тарган, ууртай эхнэрийнхээ хийсэн шинэхэн талхан дотроос түшмэл Ковалевын хамрыг хэрхэн олох билээ. Үнэндээ энэ бол уран зөгнөлөөр дүүрэн абсурдизм биш бөгөөд реалист бус уран зохиолд ч хамаарахгүй. Оросын тэрс үзэлтэн зохиолч Э.Лимонов “Зөвлөлтийн хүнд сурталтнуудыг би мэдэхгүй байв. Тийнхүү би утга зохиолоос хайж эхлэв. Гоголь! хэмээн сэтгэлд харван орж ирлээ” гэж дуун алдсан байдаг. Тиймдээ ч “Хамар” тууж бол тухайн үеийн нийгмийнхээ үнэн дүр төрхийг цагаан цаасан дээр хачиргүйгээр зурж орхисон Гоголийн бас уран зураг бөгөөд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын орчуулгаар, “Петербургийн туужис” нэрээр хэвлэгдэн гарсан нь бий. 

5. Улаан үхлийн баг


Мэдээж өөрийн таашаалын дагуу унших ном санал болгож буй учир Эдгар Погийн шилмэл өгүүллэгийн түүврийг орхигдуулж болохгүй шиг санагдлаа. Мэдээж миний дахин дахин унших дуртай, хайртай зохиолч Борхес боловч Эдгар Погийн өгүүллэгүүдтэй зэрэгцүүлэн авч үзэхэд буруудах зүйлгүй. Погийн өгүүллэгүүдийг би оршихуйн тухай хүнд бодолдоо түүртсэн суутнуудын амьдралын эссэ гэж тодорхойлмоор санагддаг. Түүнийг дан ганц детектив зохиолын загалмайлсан эцэгт тооцож болохгүй. Эдгар По бол үнэндээ өөрийн уран сэтгэмжийн чөтгөрүүдийг бүгдийг нь сэрээж, бидний ил гаргахаас эмээдэг Фройдын тодорхойлсон “ид”-ыг зохиолынхоо баатаруудаар хамгийн гарамгай үзүүлсэн юм. Энэ бүхэн нь Погийн хүн төрөлхтнийг хайрласан сэтгэлээр бичигдсэн оюуны дээд туршилт юм даа. 

6. Хөмрөг ба эзэнт гүрэн 

Уран зөгнөлт зохиолуудад дуртайгийн хувьд Рэй Брэдбэйриг унших хамгийн дуртай ч гэлээ “Хөмрөг”-ийн түүхийг өгүүлэх гурамсан романыг эх хэл дээрээ уншиж дуусгасны хойно энэ төрлийн зохиол бүтээлийн талаар тэс өөр бодолтой болж билээ. Танин мэдэх арга, уран сайхны сэтгэхүй хоёрын холбоо хамаарлаас үүдэн бичигдсэн нэгэн гайхамшигт зохиол бол Айзек Азимовын “Хөмрөг”-ийн тухай түүхийг өгүүлэх гурамсан роман. Үйл явдлууд маш онцгой, дэс дараалалтайгаар хөвөрнө. Учир нь бүхэл бүтэн мянга гаруй хуудас зохиол нойрмоглон байж уншин суухыг хэн ч хүсэхгүй нь тодорхой. Бүх цаг үеийн хамгийн гарамгай уран зөгнөлт бүтээлээр тодорч "Хьюго" шагналыг хүртсэн Азимовын эл гурамсан романд дайн тулаанаас илүүтэй харилцан яриа зонхилдог. 

Хүмүүсийн зан ааш хэрхэн хувьсан өөрчлөгдөж байдгийг тод томруунаар дэлгэн үзүүлсэн зохиол бол яах аргагүй энэ. Мөн философи, шинжлэх ухааны суурь сэтгэлгээн дээр тулгуурлан бүтээсэн. Хүн төрөлхтний эртний үзэл, философи тухайн цаг үед л бүрэлдэн тогтсон шиг санагдах бөгөөд ерөөс уран зөгнөлт зохиолууд эртний философитой хамт эхэлдэг ч юм бил үү гэсэн бодол төрүүлдэг.

7. Мастер Маргарита хоёр

Уншигч бүрийн дуртай зохиол л доо. Гэхдээ ихэнх хүн Мастер болон Маргарита хоёрын хайр сэтгэлийн тухай ярьдаг. Оросын суут зохиолч Михаил Афанасьевич Булгаковын тус роман хайр сэтгэлийн тухай бус хүний амьдрал, зэрэгцээ ертөнцөд болж буй үйл явдлуудын холбоо хамаарлыг хоёр шугамаар урсган нийлмэл санааг цогцлоож бичигдсэнээрээ миний бахдалыг хамгаас их төрүүлдэг. “Булгаков нь сонгодог зохиолч гэдэгтэй хэнч маргахгуй юм. Тэрээр өөрийн хосгүй орос хэлний хүчинд  Пушкин, Гоголь, Толстой, Чеховтой нэг эгнээнд тавигдах болсон юм. Тэр их ядуу,  наад захын хэрэглээний зүйл ч үгүй, түүний амьдрал аймшигтайгаар сүйрэн тэр олон зүйлээс татгалзах болсонч, түүнд ганц байсан зүйл бол түүний гайхамшигтай хэл байжээ. Тэр  оросын уран зохиолд хэнээс ч илүү, ёстой нэг гайхуулах шиг бичдэг байв” гэж Оросын зохиолч Максим Кантор өгүүлсэн байдаг. Ёстой ганган хэлсэн байгаа биз. 

8. Улаан дэнлүү асаа

Өнөөдрийн байдлаар зохиол бүтээл нь Юн Чаны “Зэрлэг хун” хоймсон романаас ч илүүтэйгээр борлогдсон Хятадын нэрт зохиолч бол Сю Тун юм. Түүний “Улаан дэнлүү асаа” гурамсан зохиол нь орчуулагч У.Хулангийн монголчилсноор манай улсад хэвлэгдсэн байдагч тус номонд багтсан гурван туужаас номын нэрээр нэрлэгдсэн тууж нь хамгийн чухал. Унших явцад гомдох, уурлах, айх, баярлах зэрэг хүний сэтгэлийн хөдөлгөөн, сэтгэлзүйн тогтворгүй байдал бүхэнд ямар нэгэн адын хүсэл агуулагдаж байдаг юм болов уу? гэсэн асуулт цаг үргэлж дотроос ургана. Ертөнцийн бүхий л зүйлс жам ёсны дагуу аймшигт хуулийн үйлчлэлээр өрнөдөг ба хүн төрөлхтний зовлон зүдгүүрийн тухай өгүүлсэн мэт санагдана. Гагцхүү бидний анзаараагүй зүйлс сэтгэл доторх түймрийг асааж тэр түймэрт хүн өөрөө шатдаг. Дэнлүү асаагаад ч гэрэлтэхгүй харанхуй ертөнцөд орчихвол юу хийх байсан бэ?

9. Диккенсийн зохиолууд

Диккенсийг бага байхад асрагч нь нэгэн том хар муур хүүхдүүдийг барьж иддэг тухай үлгэр ярьж өгдөг байж. Эндээс л тэр уран сайхны төсөөлөл дэх хорон чөтгөрүүдээ амилуулж, тэдний өмнөөс эцэж цухахыг мэддэггүй эр зоригт хүмүүсийг сөргүүлэн тавьсны эцэст Английн нийгмийг бүхэлд нь тодорхойлчихсон юм. “Хүйтэн байшин”-д олон хуудас дамжин үргэлжлэх Канцлерийн шүүх болоод, Жанрдисынхны аж төрөхүй нь ердөө л энэ хоёр зүйлийн эсрэгцлээс үүдсэн бөгөөд зарим тал дээр тэр миний бодол алдсан ч байж мэднэ. Хэзээ ч хорон санаат чөтгөрүүд, Канцлерын шүүх хийгээд Жарндисынхны гэр бүл нэгэн дор суугаад амтлаг оройн зоог барих шиг үйл явдал өрнөж байсангүй. Тус зохиолд гарах азгүй багачууд ч өөрсдийн хувь тавиланг ямагт муу үйлээс өмөөрч хамгаалах зүрх сэтгэлтэй байсныг ч давхар санах хэрэгтэй. Нөгөө талаас Диккенсийн “Дэвид Копперфилд”, “Зул сарын сүнсний тухай хүүрнэл”, “Оливер Твист”, “Хүйтэн байшин” зэрэг зохиолууд нь муу муухай бүхний эсрэг аж төрөхүйгээс олж авах, амсч хүртэх ёстой гэрэл гэгээ, бид бүхний мэдэх хамгийн сайхан зүйлсийг илүүтэй өгүүлж байдаг нь хамгийн сайхан үлгэр. Ийм л үлгэр хүүхдүүдийг нойрноос сэрээдэг. Одоо ч түүн шиг бусдыг нойрноос сэрээсэн, нийгмээ ганцхан мөрөнд багтаагаад тодорхойлчихдог бүтээгчид хэрэгтэй болохоос бус үлгэр уншиж хүүхдээ нойрсуулдаг зарчим Хюготой хамт өнгөрсөн зуундаа л үлдсэн болов уу гэж бодном. 

10. Бэнсэн үлгэрч

Цаг хугацаа бүхнийг эдгээж, бүхнийг хувиргаж, шинэ ертөнцийг нээх тусам түүний хэвлийд цогцоснууд олширч байдаг гэх санаанууд Гүр.Нямдоржийн өгүүллэг бүрт нь туссан байдаг. Тэдгээрийн нэг бол “Цочоод сэрсэн заяа”. Гэнэтийн аймшигт зүүднээс сэрээд эргэн тойрноо харахад хичнээн их аз жаргалыг мэдэрдэг билээ. Харин эл өгүүллэгт өгүүлэгдэж буйгаар хар дарсан зүүдэндээ л амьдрах нь сэрэхээс хавьгүй дээр санагдах мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Олон нөхөд нь “Гүр.Нямдорж л нобел хүртэх зохиолч байсан” гэж халаглан өгүүлдэг нь оргүй хоосон эмзэглэл бус санагддаг. Маш их бүтээлч, задгай сэтгэлгээтэй, авьяаслаг энэ зохиолчийн бүтээлийг залуус бүхэн шимтэн уншдаг, мэддэг байгаасай гэж хүсдэг.

11. Монголын сонгомол яруу найраг

Хүннүгийн үеийн гунигт дуунаас авахуулаад өнөө цагийн шилдэг найрагчдын бүтээлүүд эл номд Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын сонголтоор хэвлэгдсэн байдаг. Бичсэн шүлэг шигээ гэгээн, жинхэнэ найрагчийн амьдралаар аж төрсөн шүлэгчдийн тухай бус шүлгийнх нь тухай ярих нь зүй ёсны хэрэг мэт санагдана. Өнөөгийн нийгэмд хүмүүс үүнийг надаар ч хэлүүлэлтгүй сайн мэддэг, ном уншдаг болсон биз ээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.12.30
UB LIFE-ийн Түүхүүд: Энэ онд хүмүүсийн үзсэн хамгийн гоё КИНОНУУД
2
2022.09.05
Есдүгээр сарын жаврыг даван гарахад туслах "дурлам" 10 дуу
3
2022.07.22
Playlist: Бороотойд "эморох" хүсэлгүй хүмүүст санал болгох Биллбоардын 20 дуу
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.