Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Ажлын шаардлага: Монголын ЕРӨНХИЙЛӨГЧ яг юу хийдэг вэ?



Парламентын засаглалтай Монгол Улсын улс төрд Ерөнхийлөгч буюу төрийн тэргүүн гэсэн албан тушаал бий бөгөөд тун удахгүй бүх ард түмний саналаар тав дахьтай нь бид учран золгох гэж байна. Ерөнхийлөгчийн үүрэг хариуцлагыг судлаачид хязгаарлагдмал, бэлгэ тэмдэг төдий, УИХ-ын статустай давхардсан, хууль шүүхийн байгууллагуудад хувийн үзэл бодол, байр сууринаас хандах боломжтой гэх мэтээр шүүмжилсээр ирлээ. Гэсэн ч одоо мөрдөж буй хууль эрх зүйн хүрээнд Ерөнхийлөгч ямар байвал зохимжтой, хэрхэн ажилладаг, юу хийх ёстойг нь тодорхой заасан байдаг. Ерөнхийлөгчийн тухай хуульд “Ерөнхийлөгч нь төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ” хэмээсэн нь хамгийн чухал үүрэг болдог. Энэ нь Ерөнхийлөгч нь статусынхаа хувьд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн засаглалын гурван үндсэн элементээс харин ч ангид байх ёстойг хуульчилсан хэрэг. Эндээс Ерөнхийлөгч нь иргэдийн шууд төлөөлөл байх ёстой гэсэн хуулийн логик уншигддаг. 
Ерөнхийлөгч нь:
•    Монгол Улсын төрийн тэргүүн,
•    Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч,
•    Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн,
•    Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч,
•    Бүх шатны шүүгчдийг томилох эрхтэй,
•    Гадаад харилцаанд Монгол улсын төлөөлөх бүрэн эрхтэй,
•    Элчин сайдуудыг томилох эрхтэй гэх зэргээр хуульд заажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч ямар хүн байх нь зохимжтой вэ гэдгийг “Өнөөдөр” сонины эрхлэгч асан Б.Монхоо доорх байдлаар товч тодорхойлсныг бид онцолж байна. 
Нэг. Үндсэн хууль болон бусад хуулиар тогтоосон эрх, үүргийн хүрээнд:
1.    Ерөнхийлөгч улсын нийт иргэдийн шууд төлөөлөл болохынхоо хувьд тэдний байр суурийг илэрхийлэгч, эрх ашгийг нь хамгаалагч, улмаар иргэдийн дэмжлэгтэйгээр өөрсдийг нь араасаа манлайлан дагуулах чадварыг эзэмшсэн байх шаардлагатай.
2.    Төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг, нөлөө үзүүлж байх үүрэгтэй. 
3.    Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөний хувьд нийгмийн бүх бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийг улс орны өмнө тулгамдсан бүхий л асуудлаар зөвшилцөлд хүрэхэд дэмжлэг үзүүлдэг байхын тулд хүмүүстэй санал бодлоо солилцон ойлголцож чаддаг, аль нэг бүлэг, хэсэг, улстөрийн хүчний ашиг сонирхлыг бус, төв дунджийг баримтлах зарчмыг үйл ажиллагааныхаа чиг баримжаагаа болгодог, ноён нуруутай хүн байх ёстой. Энэ нь улстөрийн “манлайлагч” байх учиртай гэсэн үг. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд улстөрийн манлайллаа “хувийн тоглолт” болгох аваас нийгмийн сэтгэл зүйд “Ерөнхийлөгчөөс уйдах” болон “Ерөнхийлөгчийг шүтэх” гэсэн оюун санааны хоёр чиглэлийн хоосон урсгалыг бий болгодгийг бид мэднэ. 
4.    Үндэсний Аюулгүй Байдлын Зөв¬лөлийн тэргүүний хувьд улс орны эрх ашигтай холбоотой бүхий л төрлийн мэдээллийг зохих байгууллагуудаас авч, шаард-лагатай асуудлыг зөвлөлийн хуралдаанаар санаачлан хэлэлцүүлж, холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, даалгавар, чиглэл өгч ажиллах учиртай. 
5.    Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгч, зарлиг гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ гүйцэтгэх дээд байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр ажиллах чадвартай байхын тулд нийгмийн бүх салбарын талаар тодорхой мэдлэгтэй байх нь чухал. 
6.    УИХ-ын чуулганд тааллаараа оролцон улс орны гадаад дотоод байдлын нэн чухал тулгамдсан асуудлаар мэдээлж, төрийн бодлогын аливаа асуудлаар саналаа оруулж байх эрхтэй тул бүх салбарын буюу нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий мэдлэг, мэдээлэлтэй, инженерийн сэтгэлгээтэй улстөрч байвал илүү тохиромжтой.
7.    Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах, мэдэгдэл, хэлэлцээ хийх эрхтэй бөгөөд олон улсын болон бүс нутгийн хөгжлийн чиг хандлагыг мэдэрдэг, гадаад харилцааны туршлагатай байх ёстой. Гадаад улсад хийх айлчлалд гол төлөв гэргийн хамт явах тул Ерөнхийлөгчийн эхнэр Тэргүүн хатагтайн энд хүрэхүйц нэгэн байвал зохимжтой. 
8.    Ерөнхийлөгч үйл ажиллагаагаа явуу¬лахад туслах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл, ажлын хэсэг байгуулан шаардлагатай гэж үзсэн асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагатай нягт хамтран ажиллах учиртай. Энэ үүднээс Ерөнхийлөгч өөрөө аль нэг салбарын суурь шинжлэх ухааны дипломын боловсрол эзэмшсэн, эрдэмтэд, судлаачдын санал, бодлыг сайтар ойлгодог, дүн шинжилгээ хийж чаддаг, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг хүн байх ёстой.
9.    Бүх насаараа Монголын төрийн нууцыг чандлан хадгалахуйц ам бөхтэй, элдэв арга мэхэнд унаж бүдрэхгүй хашир тэнүүн монгол ухааны ултай хүн байх нь зохимжтой.
10.    Манай монголчуудын нэг онцлог нь энэ албыг хашиж байсан л бол “Ерөнхийлөгч” хэмээн хүндэтгэдэг /энэ нь заншил болчихоод байгаа/ ард түмэн болохоор тэр хүнийг ямагт төртэй хамтруулан ойлгодог. Иймээс тэр хүний алдаа оноо төрийн нэр хүндтэй ямагт холбогдон хүмүүсийн ой санаанд буудаг учраас бүрэн эрхээ шилжүүлсэн хойноо ч төрийн нэр хүндийг бодолцож явдаг хүн байх хэрэгтэй. Энэ бол томоохон хариуцлага юм.
Хоёр. Ажлын арга барил, зан араншин¬гийн шинж байдлын тухайд:
Урьд нь сонгогдож байсан Ерөнхийлөгчдийг харж байхад тухайн хүний ажлын арга барил, зан араншин, суурь хүмүүжил, боловсролоос улс орны амьдралын өөдлөх уруудах нь шалтгаалаад байх шиг санагдах юм. Үүнтэй зэрэгцүүлээд олон шалгуурыг хэлж болно. Тухайлбал:
1. Улстөрийн амьдралд тодорхой байр суурийг эзэлснээрээ бусдаас ялгардаг, 
2. Улстөрийн олон намтай, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх дуртай “төв үзэл-төвшин бодлого”-ыг баримталдаг,
3. Хувийн онцлог шинж, дүр төрх нь олон түмний дунд эерэг мэдрэмж, төсөөллийг бий болгосон байх,
4. Амьдралын суурь ухаан, номын боловсрол, гэрийн зөв хүмүүжил хосолсон,
5. Улс төрийн эдийн засгийн ухааны зохих төвшний мэдлэг эзэмшсэн, 
6. Улс төрийн болон засаг захиргааны бүх шатанд ажиллаж үзсэн, төрийн үйлчилгээний мэдлэг туршлагатай, тоймлон хэлбэл, хүмүүс энэ эрхмийг “төрийн хар хүн” хэмээн ойлгох хандлага давамгайлсан имижтэй байх, 
7. Дөлгөөн тайван зан ааштай, эвт ёсыг эрхэмлэхийг хичээдэг,
8. Бие хүний нийгмийн дунд эзэлж буй байр суурь нь түүнийг хошуучлагчаар тодрох замыг ихээхэн дөт болгосон, 
9. Аливаа асуудалд хандахдаа улс, нийтийн эрх ашгийг хамгаалан хохирол гажуудал үүсгэхгүйгээр шийдвэрлэх арга замыг эзэмшсэн, хэрэгжүүлэх эв дүйтэй,
10. Зөвшилцөх, ойлголцох урлаг, ур чад¬варыг зохих ёсоор эзэмшсэн, цөөнхийн эрх ашгийг ямагт хүндэтгэн үздэг,
11. Гэр бүлийн гишүүдийн хувьд аливаа муу зуршилгүй, элдэв будлианд холбогдоогүй, нэр цэвэр байх хэрэгтэй болов уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
8
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.