Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Ачигчийн буруугаас гаардаг инфляцийг аргалах арга, чарга нь юу вэ?


“Инфляци ирэх оны эцэст 8 хувьд хүрэхгүй бол намайг юу ч хийгээгүйд тооцоорой” гэж Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал таван жилийн өмнө тун зоримог мэдэгдэл хэвлэлээр дайж байв(www.olloo.mn цахим хуудас, 2012.10.11). Тухайн үед инфляцийн хэмжээ 14 хувьтай тэнцэж байсан учраас ажил, албан тушаалаа аваад удаагүй Н.Золжаргал ерөнхийлөгчийн хүчтэй мэдэгдэл олныг алмайруулж орхисон юм. Яаж гэсэн асуулттай зэрэгцээд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэх нэр дуулдаж эхэлсэн ба өдгөө Та бид энэ хөтөлбөрийн тухай мэдээлэлтэй болж амжжээ.
 
Монголбанк Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрийн дор их наядаар хэмжигдэх төгрөг хэвлэж, мөнгөний нийлүүлэлтээ эрс нэмэгдүүлсний үр дүн богино хугацаанд ДНБ-ийг идэвхижүүлж, 2013 онд хоёр оронтой тоогоор эдийн засаг өсөж, өмнөх жилүүдийн рекордоо хадгалсан юм. Харин  үр уршиг нь үүнээс хэд дахин томорч, Монголын эдийн засгийг сөхрүүлэхэд чамгүй нөлөө үзүүлснийг шүүмжлэх эдийн засагчдын хоолой өнгөрсөн жилүүдэд чангарах тийшээ ханджээ. Эцэст нь, олон улсын банк санхүүгийн байгууллагууд “Монгол Улс төсвийн нэг бодлоготой явах учиртай” гэж удаа дараа зөвлөсний дагуу Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоосныг уншигч Та санаж байгаа байх. Үүгээр ч зогсохгүй өдгөө Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийж байгаа юм. 

 

 

 

Гэхдээ Монголын Төв банк л дангаар уламжлалт бус бодлого баримталж, мөнгө хэвлэж, тараасангүй.  АНУ, Их Британи, Япон тэргүүт орон 2008 оны санхүүгийн хямралын дараа мөнгөний уламжлалт бус бодлого баримталж, мөнгө хэвлэх нь ихэсжээ. Мөнгө хэвлэж, санхүүгийн хэрэгсэл буюу бонд, үнэт цаас худалдаж авах тренд одоо ч эрчээ алдаагүй байна. Хамгийн гол нь, Монголын Төв банк инфляцийг бууруулах зорилготойгоор мөнгө хэвлэсэн бол, Япон тэргүүт орон эдийн засгаа идэвхжүүлж, дефляциас гарахаар чармайж буйгаар ялгарч байгаа юм. 

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн алдаа ба оноо 

Замын-Үүд боомтын ачигчид жимс, жимсгэнийг хайр гамгүй шидэж, бяцалж, идэхийн аргагүй болгодог учраас бүтэн ирсэн жимсний үнийг өсгөхөөс өөр арга байдаггүй гэж Хүнс импортлогчдын холбооны тэргүүн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн анхны хэлэлцүүлэгт ярьж байв. Ердөө л ачигчийн буруугаас болж инфляци гаардаг гэхээр уншигч танд инээдтэй санагдаж мэдэх юм. Гэхдээ тухайн үеийн бодит байдлын дүр зураг энэ юм. Тиймээс ч хөтөлбөрийг хэрэгжүүлж, тээвэр ложистикийн асуудлыг шийдэх нь Төв банкны зорилт болж хувирсан байлаа. Ингээд мөнгө хэвлэн, тараах аянд Монголбанк нэгдэн оржээ. 
 
Хүнс, барилга, тээвэр гэх мэт салбар бүрийн төлөөлөл оролцсон Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн анхны хэлэлцүүлэгт оролцсон эрхмүүд  их наядаар хэмжигдэх төгрөг хэвлэж, ам.долларын ханшийг чангатгах том хөтөлбөрийн шанг татаж буйгаа тухайн үед мэдээгүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь нийлүүлэлтийн гаралтай буюу тээврийн үнэ өндөр байдагтай холбоотойгоор өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсдөг гэсэн “онош”-ийг Төв банкны эдийн засагчид тавьсан нь бодит байдлын дүр зураг байсныг дурдсан. Нэг л өглөө сэрэхэд гурилын үнэ 100, талхны үнэ 50 төгрөгөөр өсчихдөг байсны буруутныг бүгдээрээ нийлээд шатахуун руу чихдэг байсныг уншигч Та ч мартаагүй биз ээ.
 
Үүний зэрэгцээ Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг одоогийнхтой харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай байжээ. Бөмбөрцөг дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө цойлж явсан Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд урьд өмнө байгаагүй гайхамшигтай байсныг тоон дүнгүүд гэрчилдэг. 
 
СТАТИСТИК

2012 оны эцсийн байдлаар Монголбанкны гадаад валютын албан нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрч, рекорд тогтоов. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 68.4 хувиар өссөн дүн байдаг. Харьцуулахад, өнгөрсөн оны эцсийн байдлаар Монгол Улсын сан хөмрөг ширгэж, гадаад валютын албан нөөц 1.2 тэрбум ам.долларт хүрчээ.  


 
2012 оны эцсийн байдлаар Монгол Улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 4.4 тэрбум ам.доллартай тэнцсэн нь өмнөх оны мөн үеэс 265 сая ам.доллараар буурсан дүн байв. Харьцуулахад өнгөрсөн оны эцсийн байдлаар 4.1 тэрбум ам.долларын алдагдалтай байгаа юм.  
 

Энэ мэт эерэг үзүүлэлт, “эмнэлгийн оношийг” өмнөө барьсан Монголбанк инфляцитай дайн зарлаж, үнийг бат нот тогтворжуулах хөтөлбөрийг боловсруулжээ. Үр дүнд нь дэлхийн зах зээлд түүхий нефтийн үнэ шалдаа бууж байхад Монголын шатахуун түгээх станцууд АИ-92 маркийн бензинийг 1580 төгрөгөөр гурван жил дараалж борлуулсныг Та бид сайн мэднэ. Байрны үнэ 2013-2014 оны хооронд ердөө нэг жилийн дотор 20.5 хувиар өссөнийг Монголбанкнаас танилцуулдаг Орон сууцны үнийн индексээс ЭНД дараад, хялбар харж болох юм. Энэ өсөлт 2014 оны эцсээс эхэлж тасралтгүй уруудсан байдаг. Хамгийн гол нь, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн анхны тооцооллоос халиад, барилгын салбарт гэхэд л хөөс үүсгэснийг Та харж байна. 
 
Монголбанкнаас албан ёсны мэдээлэл хараахан өгөөгүй боловч УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар ахлуулсан ажлын хэсгийн шалгалтын дүнгээр Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 4.8 их наяд төгрөг зах зээлд нийлүүлсэн гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, төдий хэмжээний төгрөг хэвлээд, мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн гэсэн үг. Үүний 3.7 их наяд төгрөгийг барилгын салбарт зарцуулжээ. Ингээд үнийг тогтвортой байлгахаар онилсон Монголбанкны бодлого бодит амьдралд хэрэгжихдээ буруу эргэлт хийснийг Та бид харж байна. 
 

Мөнгө хэвлэх бодлого ба Япон, АНУ-аас авах сургамж

Үнэндээ мөнгө хэвлэж, эдийн засгаа эрчимжүүлэх  бодлогыг “төрүүлсэн” улс бол дефляцид идэгдсэн Япон юм. Тэд анх 2001 онд мөнгө хэвлэх замаар дефляциас гарах оролдлого хийж эхэлжээ. Японы Төв банк шинэ мөнгө хэвлэх замаар үнэ хөөрөгдөхийг хичээдэг гэнэ. Ингэснээр зогсонги байдалд орсон эдийн засаг эргэлтэд ордог аж. Хамгийн гол нь, инфляицитай орны иргэд мөнгөө хадгалах сонирхолгүй болдог учраас бизнес эрхлэлт нэмэгдэж, эдийн засаг өсдөг аж. Харин дефляцитай үед иргэдийн хадгаламж өсөж, эдийн засаг зогсонги байдалд ордог аюултай юм байна. Тиймээс л Японы Төв банк дефляциас гарахын тулд мөнгө хэвлэх замаар эдийн засгаа эрчимжүүлдэг аж. 

Гэхдээ мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар эдийн засгаа идэвхжүүлэх бүх оролдлого санасны зоргоор амжилттай болсон гэж хэлэхэд хэцүү. Тухайлбал, 2008 оны санхүүгийн хямралын дараа АНУ-ын Холбооны нөөцийн банкны тэргүүн асан Бен Бернанке “нисдэг тэрэг” хоч автлаа мөнгө хэвлэн, тараажээ. Түүнийг шинээр хэвлэсэн “ногооноо” тэнгэрээс цацдаг гэж шоглох нь ч бий. Өдгөө ч АНУ-ын мөнгө хэвлэж, санхүүгийн хэрэгсэл худалдаж авах бодлогоо бүрэн дүүрэн халаагүй. Хамгийн гол нь, мөнгөний уламжлалт бус энэ бодлогыг зогсооход үүсэх эрсдэл их гэдэгтэй эдийн засагчид санал нэгддэг аж. 
 
Эцэст нь, Замын-Үүд боомтын ачигч жимснүүдийг хайр гамгүй шидэж, няцалдгаас болж жимсний үнэ тэнгэрт хаддаг байсан Монголын инфляцийн бодит төрх өдгөө дефляцийн эрсдэлд орсон. Инфляцитай тэмцэхийн тулд мөнгө хэвлэж тараах уламжлалт бус арга сонгож байсан Монголбанк өдгөө уламжлалт арга барилаар ажиллана гэдгээ удаа дараа мэдэгдэж байна. Ер нь инфляцийг аргалах, арга чарга байна уу, та минь ээ.

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
31
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.