Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Авторын булан: Хятад аль бүхнийг үйлдвэрлэж, шинэ бүхнийг сэдэж байна


Дөрвөн жилийн өмнө “Time” сэтгүүл дээрээс нэг хоржоонтой нийтлэл уншиж байлаа. “China Makes Everything. Why Can't It Create Anything?” буюу “Хятад аль бүхнийг үйлдвэрлэдэг хэрнээ яагаад юу ч бүтээдэггүй вэ” гэсэн гарчигтай тэрхүү нийтлэлд манай урд хөрш хүний хэрэгцээний бүхий л бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг хэрнээ инновацаар хэрхэн хойно хоцорч буй тухай өгүүлсэн бөгөөд нийтлэлч Майкл Щуман “Хятад баяжсаар байгаа хэдий ч инновацид суралцахгүй бол АНУ-ыг эдийн засгаараа гүйцэх зорилго нь мөрөөдөл төдий л үлдэнэ” хэмээн тунхагласныг санаж байна. Бидний ойлголт ч гэсэн үүнээс хол зөрүүгүй. Яг одоо ажлаа орхиод “Нарантуул” худалдааны төвийг зорьвол “Abidas”-ын цамц, “Cuggi” цүнх, “Aipple”-ийн утасны гэр худалдаж авч болно. Дөрвөн жилийн өмнө ч ийм л байсан, одоо ч мөн ялгаагүй. Хятад улс, Хятадын үйлдвэрлэл, эдийн засаг, хөгжлийн тухай бидний дийлэнхийн бодол, төсөөлөл ч гэсэн “Abidas”-тайгаа л байна. Биднийг энэ мэтхэнд эргэцэж, муугаа мэдэхгүй шоолонгуй аяглах зуур эх газар орвонгоороо өөрчлөгджээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдээний захиргаа, Монгол Улсын Гадаад хэргийн яам хамтран “БНХАУ-ын инновацийн хөгжилд анхаарлаа хандуулъя” нэрийн дор Монголын 47 сэтгүүлч урд хөршийг зорив. Хөтөлбөрт “WeChat”-ын төв оффистой танилцах, “Huawei”-ийн оффист зочлох зэрэг сонирхолтой маршрут цөөнгүй байлаа. Бид олон компаниар орсон. “Zhongguancun” үндэсний инновацийн бүсийн үзэсгэлэнгийн төв, “Гуан дян юүн түн” групп, “Нанфан” медиа групп тэргүүтэй арваад компанийнхан богино хугацаанд юу бүтээснээ, бид хэрхэн хоцорч буйг алхам тутамд сануулж байв. Бидний зочилсон компаниуд хэвлэлийн, технологийн, лазерийн, led дэлгэцийн, банкны ухаалаг технологи бүтээгч гэхчлэн янз бүр байсан ч хоёр зүйл дээр гарцаагүй нэгдэж байлаа. Нэгд, компани бүр үзүүлэнгийн танхимаа гайхалтай тохижуулсан байх бөгөөд шинэ бүтээл, бүтээгдэхүүн, эдийн засгийн амжилт, хэрэглэгчийн тоо зэргээ бахдангуй зарлана. Хоёрт, үзүүлэнгийн танхимын бахарлын хэсэгт БНХАУ-ын дарга Ши Жиньпин тухайн компани зочилж буй баяр ёслолын байдалтай хөрөг хадаастай байна. Энэ хоёр энгийн баримт дэлхий тэднээс суралцах гэж цуврах болсон, Засгийн газар нь инновацийг нэвтрүүлж буй компаниуддаа хэрхэн санаа тавьдгийг илтгэнэ. “Дэлхий тэднээс суралцах” гэснийг би сэтгэлийн хөөрлөөр энд бичсэнгүй.

“Хятадын инновацийн судалгаанд зарцуулсан мөнгөн дүн 410 тэрбум ам.долларт хүрсэн” хэмээн БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны төлөөлөгч Занг Шу хэлэв. Энэ бол 2015 оны үзүүлэлт бөгөөд R&D (судалгаа, хөгжүүлэлт)-ийн хөрөнгө оруулалтаараа АНУ-ын дараа дэлхийд хоёрт орох болсныг Бостон Консалтинг группын саяхны судалгаагаанаас харж болно. Энэ бол “аймаар” тоо бөгөөд 2018 он гэхэд АНУ-ыг гүйцэж түрүүлж мэдэх нь. Бостон консалтинг группын судалгаанаас Америк хэдийнэ айж эхэлжээ. “АНУ хэдхэн жилийн дотор үйлдвэрлэл болоод ажиллах хүчээр дэлхийд тэргүүлэгч гэсэн байр сууриа Хятадад алдаж, гагцхүү дэлхийн зах зээлд шинэ бүтээл, бүтээгдэхүүн санаачлан, нэвтрүүлэгч гэх цолоо хадгалж үлдээд байв. Тэгвэл одоо энэ байр сууриа ч Хятадад алдаж эхэллээ” хэмээн "USA Today" сонинд бичжээ. Мөн Хятадын технологийн ихэнх компани төрийн өмчит болохоор бүтээгдэхүүн зах зээлд нэвтрэх хүртэл R&D-ийн их хэмжээний зардалдаа санаа зовдоггүйг энд онцолсон байв. Ийм учраас Хятад “хуулбарлагч” гэсэн статусаа аажмаар гээж, “Made in China” шошго хараад “хуурамч, чанаргүй” гэсэн сэтгэгдэл автоматаар үүсдэг нь гэрлийн хурдаар сарниж байна.

Хятадын технологийн компаниудын суу алдар болоод хэрэглээ эх газраасаа хальж, дэлхийд тэргүүлж эхэлсэн ч тэднийг “copycat” хэмээн цоллосоор байдаг. Жишээ нь, “Baidu” “Google”-ийг дуурайсан бол, “Alibaba” нь “Amazon”-ы хуулбар, “Tencent” бол Хятад маягийн “Facebook” гэнэ. Анх үүсэхдээ тэднээс санаа сэдэл авсан, дуурайсныг батлах болоод няцаах хэцүү. Гэхдээ ганц тодорхой зүйл бол тэд дуурайснаа нэг мөр гүйцэж, эх үндэс болсон “Facebook”, “Alibaba”, “Google” нь эргээд тэднээсээ дуурайж эхэлсэн нь юм. Зөвхөн “WeChat”-аар жишээлэхэд, барууны ямар ч ижил төстэй апп-аас үйлчилгээ, боломжоороо хавь илүү. Жишээ нь, “WeChat”-д нэгдсэнээр QR код буюу цахим ID-тай болох бөгөөд түүгээрээ “Facebook”-тэй хүний хийж болох бүхнээс гадна хоол захиалж, такси дуудаж, бүх төрлийн төлбөр тооцоогоо хийж, дэлгүүр хэсч, зочид буудал захиалж, дугуй түрээсэлж болно гэсэн үг. “WeChat”-ийн 700 сая хэрэглэгчийн талаас илүү нь банкны картаараа бус, “WeChat”-аар төлбөр тооцоогоо хийж байгаа тухай “Forbes” сэтгүүлд бичжээ. Дөрвөн жилийн дотор “Time” сэтгүүлийн нийтлэлийн гарчиг болоод агуулга хэрхэн өөрчлөгдсөн болохыг тус сэтгүүлд саяхан нийтлэгдсэн “Why China is beating the U.S. at innovation” өгүүллээс харж болохоор байна. Харин энэ зуур бид юунд хүрснээ та өөр дотроо бодвол хариулт нь хялбар гэгч нь олдох вий.

Жич: “New York Times”-ийн энэхүү богино видео ч бас зөвхөн “WeChat”-аар жишээлж ихийг өгүүлэх болно.

Гуанжуд байрлах “T.I.T Creative industry zone”-д зочилж, ихэнхийн маань хүсэн хүлээж байсан “WeChat”-ын оффист ирэхэд үзүүлэнгийн танхим нь засвартайн учир хаалттай, дотогш нэвтэрвэл технологийн нууц алдана гэсэн сэрэмжүүлэг угтсан бөгөөд түрүүлж алхсан Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дэд захирал П.Баярмагнай, “Gogo”-ийн технологийн сэтгүүлч А.Ихсанаа хоёр баахан гунигтай харагдав. Шилний цаанаас ч болтугай ажил хэргийг нь харах завшаан тохиосноор сэтгэлээ зогоох хэрэг гарав. “Huawei”-д очих төлөвлөгөө маань ч цуцлагдсан. Гэхдээ эндхийн бүх хүний амьдрал, ажил хэрэг гартаа барьсан “Huawei” утас, түүн доторх “WeChat”-аар дамжин өрнөж буйг хараад заавал компаниар нь орох хэрэг юун гэж өөрийгөө тайтгаруулав. “Хятад улс инновацийг үгээр биш үйлдлээр харуулж байгааг бид нүдээр үзлээ” хэмээн П.Баярмагнай хэлсний товч бөгөөд тодорхой утга нь энэ. 

Хөтөлбөрийн дагуу бид Шэнжэньд очив. Хятадын эдийн засгаар тэргүүлэх топ 5 мужийн нэг Шэнжэнийг “Техник хангамжийн Цахиурын хөндий” хэмээн нэрлэдэг. Дэлхийн ухаалаг гар утасны 70, суурийн компьютерийн 90, агааржуулагчийн 80 хувь нь энд мэндэлдэг гэсэн баримт танд бүхнийг хэлээд өгөх нь лав. Шэнжэнийг хүнээр төсөөлбөл хэн ч хараад ямар догь залуу вэ гэж уулга алдмаар, техник технологийн ололт бүрийг тухай бүрт нь дагадаг, залуухан, цовоо сэргэлэн, шинэ зүйлд мэдрэг, ирээдүйтэй гэдэг нь харваас илт милленниал шиг санагдана. 

Ирэх жил гэхэд Хятад инновацийн судалгаанд зарцуулдаг мөнгөн дүн болоод түүнээс хүртэх үр өгөөжийн хэмжээгээр дэлхийд тэргүүлнэ гэсэн таамаглал бодитойн дээр, хэдэн сарын цаг хугацааг л хүлээж буй гэдгийг нүдээр үзсэн маань хангалттай гэрчлэв. Тиймээс би энэхүү нийтлэлийн гарчгаа “Хятад аль бүхнийг үйлдвэрлэж, шинэ бүхнийг сэдэж байна” хэмээн гарчиглахаар шийдсэн болой.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
32
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.