Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

UB.LIFE-ийн зөвлөгөө: “A-Sound” хамтлагийн хөгжимчин Т.Пүрэвсүх туршлагаасаа хуваалцлаа

“A-Sound” хамтлагийн төгөлдөр хуурч, даралтат хөгжимчин Т.Пүрэвсүхийн туршлагаас хуваалцаарай.


Төгөлдөр хуур хөгжмийг сурч байгаа болон сурахаар төлөвлөсөн хүмүүст зориулан 28 жил тасралтгүй төгөлдөр хуур тоглож буй Т.Пүрэвсүх туршлагаасаа хуваалцлаа. Та бүхэн түүнийг “A-Sound” хамтлагийн төгөлдөр хуурч, даралтат хөгжимчин гэдгээр нь сайн мэдэх билээ. Т.Пүрэвсүх нь Хөгжим бүжгийн коллеж, СУИС-ийг төгссөн юм. Мөн Казахстаны Астана хотын Хөгжмийн академийг төгсчээ. 

Тэрбээр “A-Sound” хамтлагийн хөгжчимчнөөс гадна “Арга Билэг” хамтлаг болон "On'n Off Production" хөгжмийн найруулагчаар ажиллаж байна. Мөн “4goodness Arts and Music School”-д music director, багшаар ажиллаж буй.
 
-Төгөлдөр хуур тоглож сурахын давуу тал нь юу вэ?

-Хөгжим хүнийг хүмүүжүүлдэг гэдэг. Хурууны үзүүрт байдаг мэдрэлийн эсүүд байнга ажиллана гэсэн үг. Олон төрөл жанраар тоглож сурах боломжтой. Давуу тал нь давхар хөгжмийн гармони мэдлэг олоход илүү дөхөм. Орчин үед компьютерийн программаар хөгжим хийхэд голдуу даралтат хөгжим дээр суурилсан байдаг тул төгөлдөр хуур тоглох нь давуу тал ихтэй. 16-р зуунаас эхлээд одоог хүртэлх сонгодог хөгжмийн ихэнх суут зохиолчид зохиол бүтээлээ голдуу төгөлдөр хуур хөгжимд зориулсан байдаг. Дэлхий дахинд соёл урлагийн сургуулиуд болон театр, тайзны гоцлол дуучид, хөгжимчид хамтран тоглоход ихэнхдээ төгөлдөр хуур хөгжмийг дангаараа найрал хөгжим, хамтлаг гэх мэт олон төрлийг орлох боломжид тулгуурлан сургалт, уран бүтээлээ туурвидаг л даа.

-Сул тал гэж бий юу?

-Хэхэ.Төгөлдөр хуур тоглоод муудсан л гэж би огт сонсож байгаагүй. Яахав маш олон хөгжимчид хөгжмийн сайханд хэт их татагдаад хувийн амьдралгүй болсон тохиолдлууд зөндөө байдаг. Хөгжмийг гүнзгий судлах, ойлгож мэдрэхэд хугацаа их шаарддаг учраас бага наснаас нь эхэлдэг. гэхдээ энэ нь мэргэжлийн хөгжимчдөд хамаатай.

-Нэг ая тоглож сурахын тулд хамгийн багадаа хэр хугацаа зарцуулдаг бол?

Ая болон зохиолын том жижгээс шалтгаална. Мөн сурах гэж байгаа хүний мэдлэг болон туршлага нөлөөлдөг. Миний хувьд зарим аяыг нэг минут орчим. Зарим зохиолыг 6 сар орчим сурахад зарцуулдаг.

-Сурах явцдаа шантрахгүйн тулд яах ёстой вэ?

-Мэдээж бага зэргийн тэвчээр шаардагдана. Гэхдээ утга учиргүй, төлөвлөгөөгүй бэлтгэл хамаг тэвчээр бардаг. Тийм болохоор зөв аргаар бэлдэх арга замыг заалгах юм уу, сайн багшаас сурвал илүү үр дүнтэй.

-Анхлан суралцагчдад зориулсан видео хичээлүүдээс санал болговол?

-Би видео хичээл үзэж сураагүй болохоор ёстой мэдэхгүй юм байна. Уучлаарай. Би анх Хөгжим Бүжгийн Коллежид Доржпагма багшийн зааснаар сурсан. Хүсвэл манай "On'n Off Production"-ы  "4goodness Arts and Music School"-д ирж суралцаарай.

-Төгөлдөр хуур хөгжмийг өөрөө сурах боломжтой юу?

-Ямар ч байсан дор хаяж  2-3 жил багшаар заалгасан нь илүү үр дүнтэй байх гэж бодож байна.

-Багшаар заалгах, өөрөө сурах хоёрын гол ялгаа нь юу вэ? 

Мэргэжлийн багш гараа яаж зөв барих болон хуруунуудаа ямар дарааллаар зөв тоглох, дасгал хийх, ая тоглоход тухайн хүнд хэрэгтэй байгаа дадалд сургах гэхчилэн олон зүйлийг заадаг. Өөрөө тэр бүрийг бодож олно гэдэг маш хэцүү гэдгийг би сайн мэднэ.

-Төгөлдөр хууртай холбоотой сайхан дурсамжаасаа хуваалцана уу?

-Миний хувьд хөгжмийн гэр бүлд төрсөн болоод ч тэр үү багаасаа энэ хөгжмөөр суралцаж, амьдралынхаа ихэнх цаг хугацааг хөгжимтэй холбож ирсэн. Хэдий манай улсад сонгодог урлаг нэвтэрч хөгжөөд удаагүй байгаа ч бид чамлахааргүй олон зүйлсийг хийж чадсан. Төгөлдөр хуур дэлхийн олон суут хөгжмийн зохиолчдын уран бүтээлтэй танилцуулсан. Мөн “Camerton”, “Номин талст”, “Freezone”, “Гурван охин”, “Sweetymotion”, “A-sound”, “Арга Билэг”, “Nuans”, “Lumino” хамтлаг болон дуучин Наран, Болд, Ариунаа, Сарантуяа, BX, Хонгор, Отгонжаргал, Баярцэцэг, Quiza-н бие даасан тоглолтуудад тоглох боломж олгосон. Бас олон орноор улсынхаа соёлын өдрүүд, “Большой” театр, НҮБ, ЮНЭСКО-гийн танхимд тоглох боломж бүрдсэн. Бүгд л энэ хөгжимтэй холбоотой дурсамжууд.

-Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе. 

-Төгөлдөр хуур болон бусад ямар ч хөгжмийн зэмсэгээр тоглож сурах хүсэлтэй байгаа хүмүүс байвал дараа гэж хойш нь тавилгүй эхлээрэй гэж зөвлөе. Ялангуяа хүүхдийг бага наснаас нь эхлэн сургавал илүү үр дүнтэй. Мөн өөртөө цаг гарган амьд хөгжмийн тоглолтод очиж байвал таны хөгжмийг мэдрэх мэдрэхүйд нөлөөлнө. Амжилт хүсье!

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.