Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Катараас ДАШТ зохион байгуулах эрхийг нь хураах уу

Германы хөлбөмбөгийн холбооны тэргүүн Райнхард Гриндель 2022 оны ДАШТ-ий эрхийг өөр оронд олгох санал гаргалаа.


Ойрхи Дорнод, Арабын ертөнцөд гарсан улс төрийн хямрал хөлбөмбөгт нөлөөлж, магадгүй 2022 оны ДАШТ Катарт явагдахгүй байж ч болох нөхцөл байдал үүсээд байна. Алан хядагчдын гарт барьцаалагдсан Эзэн хааныхаа гэрбүлийн 26 хүнийг аврахын тулд катарчууд тэдэнд 1 тэрбум ам.доллар төлсөн нь Арабын орнуудыг хагаралд оруулсан билээ. Саудын Араб, Египет, АНЭУ, Бахрейн, Ливи, Йемен, Мальдив, Маврикийн арал улсууд Катартай харилцаагаа таслаж, хуурай болон агаарын замаа хаалаа. Шонхрын ан хийж явсан хааны хамаатан эрхмүүдийн барьцаанд төлсөн нэг тэрбум доллараар алан хядагчид хэдэн хүний амь нас хөнөөхийг хэн ч таашгүй. Үүнээс гадна катарчууд Саудын Арабын гол өрсөлдөгч Ирантай хэт дотносож, бүс нутагт “томорч” эхэлсэн нь ч нөлөөлсөн. Энэ бүх улс төр хөлбөмбөгт ямар хамаатай вэ? Нэгдүгээрт, Катар бол 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрх авсан орон.

Байгалийн хий, нефтиэр баялаг жижигхэн энэ орон ДАШТ-ий дэд бүтцэд 150-200 тэрбум доллар оруулна гэж байгаа нь “Катар 2022” тэмцээнийг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн үнэтэй тэмцээн болгож байгаа юм. Бүхэл бүтэн хот барьж, анхны цэнгэлдэх хүрээлэн нь хэдийнэ ашиглалтад оржээ. Гэхдээ энэ орон Саудын Араб, АНЭУ-ын хооронд хавчуулагдсан жижигхэн орон. Энэ хоёр орноор дамжилгүйгээр цэнгэлдэх хүрээлэн барихад хэцүү төдийгүй, энэ хоёр орны балиашгууд байхгүй бол ДАШТ-ээр цэнгэлдэх хүрээлэн хоосон байна л гэсэн үг. Хоёрдугаарт, Катарын мөнгөөр ажилладаг “Qatar Investment Authority” компани Францын “ПСЖ” багийн эзэн. Энэ багийн өмсгөл дээр “Emirates” хэмээх лого байгаа нь жилд 25 сая еврогийн үнэтэй. Харин “Emirates” нь АНЭУ-ын компани бөгөөд Катар нисэх бүх нислэгээ цуцалчихаад байгаа. Энэ маягаараа удвал “ПСЖ” аль нэг ивээн тэтгэгчээ алдахад хүрнэ. Олон улсын алан хядагч нарт их хэмжээний мөнгө өгсөн ивээн тэтгэгчтэй байх нь “Пари Сен-Жермен” багийн нэр хүндэд халтай хэмээн багаа франц эзэнтэй болгох ёстой гэж Францын “Үндэсний фронт” намаас хэдийнэ мэдэгдэл гаргасан. Катарын бизнесмен, эзэн хааны хамаатан Абдулла Аль-Тани Испанийн “Малага” багийг эзэмшдэг нь Арабын будлиан хөлбөмбөгт хамаатай бас нэгэн шалтгаан.

Мөн Катарын “Qatar Airways” компани “Барселона” багийн ивээн тэтгэгч, ФИФА-гийн албан ёсны хамтран ажиллагч түншийн нэг. “Барселона” өнгөрсөн жил Японы “Ракутэн”-тэй гэрээ байгуулснаар катарчуудаас хэдийнэ салсан бол Саудын Арабын “Аль-Ахли” баг “Qatar Airways” компанитай хэдхэн долоо хоногийн өмнө байгуулсан гэрээгээ цуцалсан байна. Уг нь гэрээ ёсоор “Аль-Ахли” жилд 16 сая доллар авахаар болсон байсан юм. “Аль-Жазира” медиа холдингийн харьяа “beIN Sports” суваг ч катар эзэнтэй. Тус суваг 2020 он хүртэл Францын АШТ-ийг Францад гаргах эрхийг авсан байгаа. Дээр нь Арабын орнуудад Африкийн аваргуудын лиг, ДАШТ-ийг дамжуулах эрхийг эзэмшиж байна. Гэвч энэ сувгийг Арабын орнууд хааж орхисон төдийгүй Египетэд сэтгүүлчдийнх нь тэмцээн сурвалжлах эрхийг хассан. Хэрэв Арабын орнууд “Катар 2022”-г эсэргүүцэн, бойкот зарлавал дөрвөн жилд нэг удаа явагддаг ДАШТ нэр хүнд нь унах болно. Ирэх 12 дугаар сард Катарт Персийн булангийн орнуудын Цомын тэмцээн болно. Харин Саудын Араб, АНЭУ, Бахрейн бараг л очихгүй болов уу. ФИФА-гаас энэ талаар мэдэгдэл хийхдээ “Байдлыг хянаж байгаа. Зохион байгуулах комисстой холбоотой ажиллаж байна” гэж л мэдэгдсэн. Угаасаа элсэн цөлд ДАШТ зохиохоор болсон нь анхнаасаа шүүмжлэл дагуулж байсан билээ.    

Германы хөлбөмбөгийн холбооны тэргүүн Райнхард Гриндель “ДАШТ болтол таван жилийн зай байна. Алан хядагчдыг дэмждэг улс орнуудад том тэмцээн явуулж болохгүй гэдэг нь тодорхой” гэж 2022 оны ДАШТ-ий эрхийг өөр оронд олгох санал гаргасан.
Цаашид байдал яаж эргэхийг хэн ч мэдэхгүй байна. Катарын Засгийн газар хөршүүдтэйгээ сөргөлдсөн хэвээр байвал Араб битгий хэл бусад улс ч түүний эсрэг хориг арга хэмжээ авч болзошгүй. Хөлбөмбөг, спортоос Катар орон шахагдан гарах аюултай. Спорт бол бяцхан Катар орны олон улсын тавцанд ашигладаг хамгийн том дипломат арга хэрэгсэл нь. Энэ боломжоо алдахгүйн тулд Катар хамаг хүчээ дайчлах нь гарцаагүй.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
11
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.