Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Улаанбаатарын шөнийн гэрэлт гудамжаар аяласан тэмдэглэл

Улаанбаатарын шөнийн анхны гэрэлт гудамжны нээлт энэ сарын 8-нд боллоо



Өдрийн аагим халуун арилж,  нар үзэсгэлэнтэйгээр жаргах 21:00 цагийн алдад  Улаанбаатар хотын шөнийн анхны гэрэлт  гудамжийг үзэхээр зорьж очсон юм. “Ulaanbaatar welcomes you” гэх бичигтэй өндөр хаалгаар ороход нүүр дүүрэн инээмсэглэлтэй, сэтгэл зүрх нь догдолсон хүмүүс хаа сайгүй харагдана. Нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 11 хүртэл үргэлжлэх боловч эхний өдөр хүмүүсийн хөлд дарагдсан харагдана. Нийслэлчүүд хотын шөнийн анхны гэрэлт гудамжийг үзэхээр тэсэн ядан хүлээж байсан нь илэрхий. Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр зам бүхэлдээ үндэсний их баяр наадам тэмдэглэж байгаа гэлтэй олон хүний хөлд дарагджээ.  Уг гудамж  долоо хоног бүрийн баасан гарагийн 22:00 цагаас даваа гарагийн 06:00 цаг хүртэл ажиллана. Тухайн үед автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэр гаргасан билээ.

Уг гудамж дээгүүрээ гэрлэн таазтай бөгөөд замын хажуу талаар ургасан моднуудад гэрлэн чимэглэл өлгөсөн байх нь гоёмсог харагдаж байв. Замын нөгөө талаар худалдаа үйлчилгээ, зургийн үзэсгэлэн, хоолны асрууд байрлажээ. Эдгээр асрууд ч  мөн адил  өөр өөрийн гэсэн онцгой өнгийг  оройн хэсэгтээ тусгасан байлаа. Эхний асарт ороход байгалийн сайхныг дүрсэлсэн уран зураг болоод хөрөг зургаа зуруулж буй эмэгтэй ,зургаа зуруулах хүсэлтэй олон хүн цугласан байв. Дараагийн асарт байрлах Монгол үндэсний хэв шинжийг агуулсан футволк, цүнхнүүд жуулчдын сонирхолыг ихээр татах ажээ.

Замын голоор нааш цааш алхах хүмүүсийн дунд бусдаас онцгой зүйл үзэгдэв. Гурван метр орчим өндөр, хамгаалалтын малгай, өнгө өнгөөр гэрэлтдэг хувцас өмссөн “аварга хүмүүс” том том алхаж хүмүүсийн нүдийг хужирлав. Харин энэ үед ОХУ-ын гитарчин Александр Сага цугласан олны чихийг мялааж байв. Мөн амьд хөгжмийн тоглолт, электро хөгжмийн хэмнэл шөнийн гудамжийг улам амь оруулж байлаа.

Гэвч нийслэлчүүд гэрэлт гудамжинд хэт өндөр хүлээлт тавьжээ. Нээлтийн үйл ажиллагаа цагтаа эхлээгүйн дээр зохион байгуулалт муу байсныг нуух юун. Үйл ажиллагааны хөтөлбөрийг нарийн боловсруулж, ойлгомжтой зарлаагүйн улмаас иргэд юу хийхээ мэдэхгүй залхаж буй нь илт харагдсан. 45-р сургуулийн урд байрлах шар өнгөөр будсан, модон сандал 400 хүний зориулалттай боловч түүнээс ч олон хүн сууж байгаа харагдана.Тэдний заримаас шөнийн гэрэлт гудамж ямар санагдаж байгааг асуухад “Шөнийн гудамжны гүйцэтгэл бэлтгэл ажил дутуу дулимаг байсан. Мөн зохион байгуулалт тааруу байлаа”гэж хэлэх хүн байхад “Анхны зүйл гэдэг алдаа оноотой байдаг. Цаашдаа улам бүр сайжирч 100 хувь иргэдийн сэтгэлд санаанд нийцсэн амралт чөлөөт цагаа өнгөрөөх газар болно гэдэгт итгэлтэй байна” гэх эерэг сэтгэгдэлтэй хүмүүс ч цөөнгүй байв.



Маш удаан хүлээлгэсний эцэст НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга
бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар үг хэлж албан ёсоор нээлт
эхэлснийг мэдэгдлээ. “Хэдийгээр өнөөдөр гудамжны маань тохижилтын ажил бүрэн дуусаагүй байгаа ч цаашид бид шат дараатайгаар хийж дэлхийн жишигт хүргэх болно. Энэ гудамж маань үр дүнгээ өгч залуусын хүсэл сонирхлыг татаж чадвал дахин 2-3 байршилд нэмж тохижуулна гэсэн бодолтой байгаа” гэлээ. Мөн шөнийн гудамжинд тохирох нэр өгөх уралдааныг нийслэлчүүдийнхээ  дунд зарлаж буйгаа хэлэв.  Ямартай ч 1.5 тэрбум төгрөгөөр бүтсэн шөнийн гудамжны тохижилт улам бүр сайжран өнгө зүсээ нэмж, яг л өдөр шиг гэрэлтэнэ гэдэгт итгээд хүлээх л үлдэх шив.


 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
41
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.