Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

“Олимпийн наадам” хаашаа явна вэ, бид хаана нь байна вэ

2020, 2024 оны олимпийн наадмуудад багтсан шинэ төрлүүдээр тамирчдаа бэлтгэж, байхгүй бол холбоог нь байгуулан, улс орон, Засгийн газрынхаа ивээлд түргэн багтах хэрэгтэй.


ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн Баасан гарагт хуралдаж, олимпийн наадам зохион байгуулах хот, олимпийн хөтөлбөрт багтах спортын төрлүүдийн талаар олон том шийдвэр гаргалаа.
2014 онд ОУОХ-ноос олимпийн хөдөлгөөнийг шинэчлэн хөгжүүлэх “Олимпийн хөтөлбөр 2020” цогц арга хэмжээг боловсруулсан. Хуучинсаг үзэлт Жак Роггегийн оронд гарсан ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “Олимпийн наадам шинэчлэгдэх ёстой. Их өөрчлөлтийн цаг иржээ” гэж зорилгоо тодорхойлсон юм. Олимпийн наадам зохион байгуулах гэж улс, хотууд үхэн алдан өрсөлдөхөө байж, нутагтаа наадам зохиогоод медалийн тоогоо нэмэх гэж хүсдэг орон ч цөөрсөн байна. Барууны орнууд их спортыг алгуур орхиж, Ази, Африкийн орнууд л алтан медаль аваад баярладаг цаг ирэв үү гэлтэй ийм цөвүүн цагт засгийн эрх авсан Бах хоёр шинэ санаа гаргасан.

Нэгдүгээрт, Спортын төрөлд тулгуурласан хөтөлбөрөөс татгалзах. Энэ нь юу гэсэн үг вэ? Олимпийн хөтөлбөрийг өөрчлөхдөө спортыг тэр чигээр нь биш харин дотор нь өөрчлөлт хийх. Жин, уралдааны зайнаас гадна огт байгаагүй төрлийг ч зохиож болно.
Хоёрдугаарт, Хүйсийн тэгш байдлыг хангах. Одоогийн байдлаар олимпод оролцогчдын 45 хувь нь эмэгтэй байгааг 50 хувь болгох.
Энэ хоёр зорилгоор л шинэчлэлүүдээ хийж эхэлсэн.
Өнгөрсөн жил “Токио 2020” наадмын хөтөлбөрт 5 шинэ спорт нэмэгдсэн билээ. Эрэгтэй бейсбол (эмэгтэй софтбол), каратэ, скейтбординг, хананд авиралт, серфингийн тамирчид хэдийнэ Токиогийн олимпийн бэлтгэлдээ ороод байгаа. Гэхдээ энэ төрлүүдийг “Токио 2020” наадмыг зохион байгуулагчид өөрийн давуу эрхийн дагуу хөтөлбөрт оруулсан тул 2020 оноос хойш олимпийн хөтөлбөрөөс хасагдана.
Харин өнгөрсөн долоо хоногт болсон ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас тун хачирхалтай олон төрлийг олимпийн төрөлд нэмж орууллаа. Жендерийн тэгш байдлын төлөө тэмцэж байгаа ОУОХ эр, эм холимог төрөлд тун “дуртай” болоод байгаа. “Сочи-2014” наадамд биатлон, уран гулгалт, чарганыхан холимог төрөлд хүч сорьсон. Харин энэ удаад ямар төрлүүд шинээр ороод ирэв?

- Холимог буухиа гүйлт 4x400 хөнгөн атлетик

Энэ төрлийг IAAF (Олон улсын хөнгөн атлетикийн холбоо) өөрөө ч хүлээн зөвшөөрөөгүй байгаа. ДАШТ, том тэмцээнүүдэд туршиж үзээгүй, албан ёсны дүнг нь бүртгэдэггүй, дүрэм нь батлагдаагүй. Эрэгтэй нь зөвхөн эрэгтэйтэйгээ цуг гүйх үү, эсвэл багийн тактикаас шалтгаалах уу гэдэг тодорхойгүй.

- холимог буухиа 4x100 усанд сэлэлт

Усанд сэлэлтийн 4 төрлөөр буухианд эрэгтэй, эмэгтэйчүүд тус тусдаа уралддаг байсан бол одоо холимог буухиа нэмэгдлээ. Энэ төрлийг Олон улсын усан спортын холбооноос 2015 оны ДАШТ-д туршсан. Эрэгтэй тамирчин өрсөлдөгч багийнхаа эмэгтэй тамирчинтай оноолт тааран уралдахад нүдэнд чимэгтэй юм огт харагдаагүй билээ.

- жүдогийн холимог багийн тэмцээн

Олон улсын жүдо бөхийн холбооноос багийн тэмцээнийг холимог төрлөөр явуулж байсан удаагүй. Одоогийн байдлаар 3 эмэгтэй, 3 эрэгтэй нэг баг болж, өрсөлдөх шинжтэй.

- холимог тэмцээн ширээний теннис

ITTF (Олон улсын ширээний теннисийн холбоо) холимог багийн тэмцээн оруулах санал гаргасан ч ОУОХ эр, эм хоёр тамирчинтай төрлийг оруулах болсон. Энэ төрөл ДАШТ-д ордог болоод удаж байгаа.

- холимог тэмцээн байт харваа

Байт харвааны холимог багийн тэмцээн ДАШТ-д 2011 оноос орсон. Эр, эм хоёр харваачтай.

- холимог тэмцээн триатлон

Холимог триатлоны дүрэм энгийн. 2 эрэгтэй, 2 эрэгтэй тамирчин 4 үе уралдана. ДАШТ-ий туршилтыг давсан.

- холимог тэмцээн буудлага

ОУОХ-ноос буудлагын зарим зай, төрлийг хасаж, холимог багийн тэмцээнийг олимпод оруулах болсны хариуд Олон улсын спорт буудлагын холбоо ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулж, хэлэлцэхээр болсон.

Ингээд дуусаагүй, бас байгаа. Хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах гээд баахан холимог төрөл нэмснийг та бүхэн харлаа. Олимпийн төрөлд шинээр хэд хэдэн спорт элсэн орсон.

- Эрэгтэй, эмэгтэй багийн тэмцээн туялзуур сэлэм

Туялзуур сэлэм анх удаагаа бүтнээрээ олимпийн хөтөлбөрт орохоор болж байна. Сэлэмчдийн 12 багц медалийн төлөө өрсөлдөөн анх удаагаа нэг олимпийн наадамд болно. Эмэгтэй хүнд сэлэм, эрэгтэй хөнгөн сэлэмний багийн төрөл олимпийн наадамд оролцоно.

- Эмэгтэй 800 м, эрэгтэй 1500 м. Чөлөөт сэлэлт

ОУОХ богино зайн буюу 50 метрийн араар даллах, эрвээхэй сэлэлт, мэлхий сэлэлтээс татгалзаж, холын зайн уралдааныг сонголоо.

- эрэгтэй, эмэгтэй BMX-фристайл

Тусгай дугуйтай акробатын спорт.

- Эрэгтэй, эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн төрөл

Өсвөрийн 2010 оны олимп, Европын тоглолт дээр туршилтыг даван туулсан спорт. 3 хүнтэй багууд нэг самбарт 10 минут эсвэл 21 оноо хүртэл тоглоно.

- эрэгтэй, эмэгтэй мэдисон уралдаан. Дугуй

Өөрөөр хэлбэл холын зайн багийн буухиа уралдаан. Эрэгтэй мэдисон  уралдаан 2000, 2004, 2008 оны олимпод орж байсан.
Бараг л санал гаргасан спортуудыг олимпийн хөтөлбөрт оруулаад байсан мэт санагдаж байгаа биз. Дугуйтай акробат хийгээд олимпийн аваргын алтан медаль зүүх нь одоо бидэнд хөгийн санагдаж болох ч энэ бол орчин үеийн олимпийн хөдөлгөөний шинэ чиглэл юм. ОУОХ-ноос энэ удаад ямар спортын төрлүүдэд эрх олгоогүйг авч үзье.
– хайдайвинг (Өндрөөс усанд экстрим харайлт)
- холимог уран сайхны сэлэлт (ямар харагдах байсныг бурхан л мэдэх байх)
- холимог орчин үеийн 5 төрөлт
- таэквондо холимог тэмцээн
- гимнастикийн Parkour
ОУОХ-ноос олимпод оролцогчдын тоог цаашид нэмэхгүй гэж ярьж ирсэн. Энэ олон спорт нэмэгдэхээр тамирчдын тоо нэмэгдэхгүй юу гэдэг асуудал. Харин ОУОХ зарим спортыг хасч танаад оролцогчдын тоог барьж чадсан байна.
Хамгийн их хохирсон нь хөнгөн атлетик. “Рио 2016”-тай харьцуулахад энэ төрөл 105 тамирчнаар цөөрнө. Усанд сэлэлт 22, усан бөмбөг 18, Whitewater slalom 24, далбаат завь 30, буудлага 30, хүндийг өргөлт 64, бөхийн төрлүүд 56, дугуйн спортод 14 тамирчин багасах юм.
ОУОХ их спортын ирээдүй холимог, цомхон, баг хамт олны төрөлд хандана гэдгийг энэ шийдвэрээрээ санууллаа. Олимп болгон урьд өмнөхөөсөө огт өөр явагдах болно. Олимпийн хөдөлгөөн өөрчлөгдөн шинэчлэгдсээр байна. Цаашдаа ч хувьсал их болно. Бид бүхний хувьд өөрчлөлт шинэчлэлт, мэдээ мэдээллээс хоцролгүй хичээн зүтгэх л үлдлээ. 2020, 2024 оны олимпийн наадмуудад багтсан шинэ төрлүүдээр тамирчдаа бэлтгэж, байхгүй бол холбоог нь байгуулан, улс орон, Засгийн газрынхаа ивээлд түргэн багтах хэрэгтэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
5 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
6 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
28
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.