Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

"Playtime" дээр болсон хүндхэн, хөгжилтэй 25 явдал

Хүн бүхэнд хөгжилтэй явдал, хүндхэн паян байдаг. Та ч бас бидэнтэй хуваалцаж болно шүү дээ.


Хөгжим сонирхогч, хөгжимд дурлагч хүн бүрийн хүсэн хүлээдэг "Playtime" наадам өдөр өдрөөр ойртсоор. Сэтгэл хөдлөл, догдлол, баяр хөөр дээд цэгтээ хүрдэг энэ гурван хоногт хөгжилтэй, хүндхэн явдал олон тохиолддог. Та бүхэнд тэдгээр хөгжилтэй явдлуудаас сонирхуулж байна. Та ч бас өөрт тохиолдсон хөгжилтэй явдлаа бидэнтэй хуваалцаарай.

 

  • 2014 оны “Playtime”-д найзтайгаа хоёулаа явж байсан юм. Би ч яахав хоёр дахь жилдээ, тэр анх удаа ирж байсан. Тэгээд эхний өдөр гарсан хамтлаг болгон дээр бараг бүжиглээд л сайхан байв аа. Оройн нь “Peter Hook and the Light” тоглох гээд л. Бид хоёр ч хүлээгээд, бусад хамтлагуудаа сонсоод, бүжиглээд л байв. За тэгээд хүсэн хүлээсэн “PhatL” тоглоод эхлэв ээ. Сайхан хөгжим яваад юу юугүй босоод бүжиглэчих гээд л. Тэгсэн бид хоёрын бие хөдөлдөггүй ээ. Ямар ч тэнхээгүй болчихож. Бид хоёр сүүлдээ цайны газрын сандал дээр очиж суулаа. Гоё хөгжим яваад байдаг. Очиж бүжиглмээр байдаг. Тэнхэл байдаггүй. Сүүлдээ майхан луугаа явж унтсан даа. Энэ “Playtime”-аас хойш бид 2 энергээ нөөдөг болсоон.

Рүки, 23 нас

  • Анх явдаг жилдээ супер ядарч байсан. Эхний өдрөө дуусгаад өглөө үүрээр хөлдөж үхэх гэж байгаа юм сэрээд шорлог хийдэг хүмүүс нүүрсний зуухаа асааж байх үетэй таарч, тэнд нойтон хувцсаа хатааж байж дулаацсан юмдаг. Тэрнээс болоод бид тэр чигтээ л шорлог үнэртүүлээд, өөрсдөө шорлог болчихсон юм шиг л байсан. Ер нь хонохоор сэтгэл шулуудсан бол бэлтгэлээ маш сайн хангаж явах хэрэгтэй шүү. 

Соник, 25 нас

  • Шөнийн хоёр цагийн үед хоёр залуу гар чийдэн тусгаад голын тэрүүгээр нэг юм хайгаад л яваад байлаа. Түрүүнээс хойш юу хайгаад байгаа юм бол гээд найзтайгаа цуг хэрэгт дурлаад сонссон чинь “Нөгөөх чинь хааччихав аа” гэж байна. Тэгсэн нөгөө хоёр гол руу чийдэнгээ тусгасан чинь найз нь доошоо хараад хөвчихсөн явж байсан юм билээ. Бас л ширүүн шүү.

Б.И, 18 нас

  • 2014 оны “Playtime” дээр гутал дүүрэн ус асгаж байснаа ерөөсөө мартдаггүй юм. Тэгээд бас жижиг асарт “piercing” хийлгээд савж савж, өглөө болоход хавдсан, хөндүүртэй уруулнаас өөр юм байгаагүй. 15 мянгаар “GNR” тэмдэг авсан, тэр маань ч байгаагүй. Тэгэхээр ер нь мөнгөө ходоодондоо л зарцуулах хэрэгтэй. Яагаад гэвэл ходоодонд чинь байгаа юмыг хэн ч чамаас авахгүй.

Бакушин, 21 нас

  • Ээж, аав хоёр явуулахгүй гээд огт зөвшөөрөхгүй байхаар нь баасан гарагийн орой лагер явсных нь дараа найзтайгаа уулзаж явж байгаад шууд “Playtime” явчихсан. Ням гарагийн орой аав ээжийг ирэхээс 30 минутын өмнө гэртээ ирээд хоолоо хийгээд зогсож байсан юм даа. Гэхдээ хамгийн ширүүн нь “Playtime” дээр байхад ээжийг залгахад гэртээ байна гэж хэлэх ёстой хүн дуу чимээг яахаа мэдэхгүй болохоороо шилтгээний манаачийн гэр лүү шууд ороод хойморт нь суугаад, утсаар яриад эхэлсэн. Зурагт үзэж байсан манаач залууг зурагтныхаа дууг чангалчих гэсээр байгаад дууг нь чангалуулаад “Гэртээ зурагт үзэж байна” гэж яриад итгүүлж чадсан юм даа. Яг тэр мөчид манаач залуугийн царай... Одоо хүртэл бодохоор инээд хүрээд байдаг юм.

Г.М, 20 нас

  • Хамт явж байгаа хүмүүс алга болчихоор автобусанд утсаа алдсан юм шиг хонгоны мах чангараад, зүс таньдаг хүн бараадаад л их хэцүү шүү дээ. Тэгээд олигтой дуу яваагүй үед юу хийж хуйхаа майжих вэ болж орхидог. Ер нь хэцүү. Чи ч юу мэдэх вэ дээ, муу ургамал судлаач. (Надад хандан хэлэв)

Г.Ж, 24 нас

  • Өглөө автобусаар очихдоо нээх гоё цэвэрхэн, тусдаа сандал дээр сууж очиж байснаа орой ёстой юу ч тоохгүй болчихсон байдаг. Орой их хүнтэй, тэгээд манай найз бид хоёр нэг хүний сандал дээр суугаад нам унтчихсан байсан. Хүмүүс яаж ч шуугилдаж байсан сэрээгүй байгаа юм. Хотод орж ирээд л сэрсэн дээ.

Аргун, 18 нас

  • Өнгөрсөн жилийн “Playtime”-аар болж байсан явдал. Одоо хүртэл бодохоор сайхан байдаг юм. Их ч олон хүнд хүрсэн дээ.

Анхаа, 28 нас

  • 2014 оны “Playtime” их бороотой өдөр болсон. “Playtime” миний хувьд улсын наадмаас их чухал байдаг болохоор цагаан Lee жинс өмд, цагаан борооны куртка гээд хамаг ганганаа өмсөөд очтол шавар дээр хальтарч унаад халтайсан юм болж байлаа. Мэдээж ходоодоо халаах гээд хатуу юм машиндаа нууж очсон. Гадаа хүйтэн байсан болохоор тэр өдөр арай түлхүү хүртсэн. Гэтэл нэг мэдсэн хотод ирчихсэн давхиж байлаа. Том тайзан дээр Лемонс тоглоод араас нь залгаад Хонх, Петер хуук анд лайтс, японы Энви хамтлагууд тоглосон нь санаанаас гардаггүй юм. Хонх хамтлагийг ПТ-ын тайзан дээрээс үзнэ гэдэг бол ховор олдох завшаан. Залуучуудад захиж хэлэхэд хатуу сархад, ПТ наадам хоёр хэзээ ч хамт байдаггүй гэдгийг хэлмээр байна.

Гамбино, 48 нас

  • Маш их бороо орж, шавхай тогтсон 2014 оны “Playtime” наадмаар эвгүй гишгээд гутлын ул салаад уначихсан. Майханд тасарсан найзынхаа гутлыг өмсөж гараад ирсэн чинь гутлаа алдсан гээд бөөн юм болчихсон байсан. Тэгээд тэр шөнийг углаашан таавчиктай, наль шаль шавран дотор хөөрхөн цагаахан хөлөөрөө туулсан юм даг.

А, 20 нас

  • Манай нэг найз гитар хальт тоглож сураад нэг охин найрах гээд, нөгөө охиндоо The Pips-ийн дууг чамд зориулж би өөрөө зохиосон гээд тоглож өгөөд нэлээд өндөр бонус оноо авч байсан юм. Тэгээд л гайгүй дотносоод хамтдаа “Playtime” явж л дээ. Мань хоёр “Playtime” дээр нар жаргаад л чухам романтиклаад байж байтал нөгөө дууг нь Pips-ийнхэн гарч ирээд хэн зохиосон, хэнд зориулсаныг нь бүгдийн пал хийтэл нь ярьчихаад дуулсан гэсэн. Манай хүн аймар бантаад л би пивонд яваад ирье гээд л гүйсэн гэдэг. Жижигхэн газар худлаа яриад дэмий гэдгийг манай найз ойлгож авсан даа.

Лимон, 27 нас

  • Өнгөрсөн жилийн “Playtime”-аар нойлд бие засаад, юм хум бодчихсон байж байсан чинь хаалга мангар том онгойдог юм байна. Мангар олон нүд. Гэхдээ ичиж бантаад байх юмгүй, бараг “Сайн уу” гээд мэндэлчихмээр ч юм шиг санагдсан.

О.Г, 20 нас

  • 2016 оны “Playtime” наадмаар “Radio dept” ирнэ гэдгийг сонсоод маш их баярлаж билээ. Тэр чинээгээрээ хүлээлт нэмэгдэж яг тоглолт болох үеэр пиво, сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрчихсэн байв. Тоглолт ч яг хүссэнээр сайхан болж дууслаа. Дараа нь тайз хавиар ганцаараа хийцгүйрээд явж байхдаа хамтлагийнхны хоолойг сонсоод асарынх нь завсраар гүйгээд орчихсон. Дараа нь тэдэнтэй ярилцахын зэрэгцээ бүр хамт уусан шүү. Монголдоо тэр том хамтлагийг сонсох, тэгээд дараа нь бүр хамт ууж, “Jackie chan” англи хэлээрээ ярилцсан нь том дурсамж үлдээсэн. “My English is like jackie chan” гэж эхэлсэн ойлгомжгүй үгсийг тэвчээртэй сонсож, ойлгож хариулж байсан нь сайхан санагдсан шүү.

Бөби, 27 нас

  • Бид нар найзуудаараа “Playtime” явах гэж цуглаад хүнс мүнс авчихаад, гоё хөгжим сонсъё гээд дэлгүүрээс 2013 оны “Coken beat”-ын цомог авсан юм. Тэгээд гараад явахдаа “За цомгоо сонсъё” гээд үзтэл нөгөөх нь явахгүй өөрсдөө дуулж явсан. Яг догдлоод л замдаа гарах мөч хамгийн сайхан.

С, 24 нас

  • Өнгөрсөн жилийн “Playtime” наадмаар би нууцаар усны саванд архи хийж авч орж байсан юм. Дараа нь тайзны урд очоод нэг гартаа архитай усны саваа, нөгөө гартаа жинхэнэ усаа барьчихсан ээлжилж уугаад л зогсож байж билээ. Хоёр ус ээлжилж уугаад баавартай юм бэ л гэж бодсон байх даа.

М.А, 21 настай

  • Би 2015 онд анх удаа “Playtime”-д оролцож байхдаа хөлний чигчий хуруугаа хугалчихаад тоглож байсан. Тэр жил би ганцаар тоглосон юм. Наадмын өмнөх орой нь гэртээ ганцаараа шар айраг уугаад бэлдэж байсан юм. Тэгээд зүгээр байж байгаад ширээнд хөлөө цохиод, тухайн үед өвдсөн ч тоохгүй яваад байсан. Долоо хоног өнгөрөхөд өвдсөөр л байхаар нь үзүүлсэн чинь хөлний хуруугаа хугалсан байснаа мэдсэн дээ.

Magnolian, 26 настай

  • Би анх 2010 оны “Playtime” дээр албан ёсоор тамхи татаж сурсан шүү дээ. Бас "Mono" ирдэг жил би гэнэт эмороод, найзуудаасаа салаад, "Mono" тайзан дээр гарч ирээд хүмүүс шуугилдаж байхад автобусны буудал руу ганцаараа алхаж явсаар байгаад, суугаад харьж байсан. Одоо болтол яагаад эморч, гуниглаад явснаа санадаггүй юм. Би одоо болтол харамсдаг. Хүмүүс ээ, битгий хамаагүй эмороорой.

Тило, 25 настай

  • 2013 онд анх удаа Playtime явж байлаа. Сэтгэл хөөрөөд найзуудтайгаа хэд татчихаад, гол тайз руу хөгжим сонсохоор яваад кадр тасарсан даа. Санаж байгаа зүйл гэвэл бүдэг бадаг гэрэл, Чойжоогийн “Хүрч чадахгүй” дуулж байгаа сарнисан дурсамж. Сүүлд юу болсныг найзуудаасаа асуутал “Эко” жорлонд очерлоод зогсож байсан хориод хүмүүстэй очиж танилцаж гар бариад, хацар дээр нь үнссэн гэсэн. Маргааш нь нүүрээ хийх ч газаргүй болсон. Нөгөө хүмүүс нь аймар муухай харцгаагаад. Одоо бодоход их л ичих юм...

А.Э, 20 нас

  • “RecOn” гарч ирээд “Мянган бээр” дуугаа дуулж, дуучин нь “Бүгдээрээ пиво ууцгаая” гэхэд нь сэтгэл хөдөлсөн найз минь шар айргаа дээш өргөдөг хүн болсон чинь хүний гаранд цохиод аягaтай нь унагааж байсан юм. Ямар ч мөнгөгүй, хүнээс зээлэн байж авсан шар айраг байсан даа. Нүдэнд нь хурсан уйтгар гуниг, аягатай шар айргаа ширтсэн тэр хэсэг хугацааны зогсолт энэ тэр бол үнэндээ л кино. Одоо болтол өрөвдөөд байдаг юм. Эрэгтэй хүнийх нь хувьд анх удаа тийм гунигтай байхыг нь харж байсан.

О.А, 21 нас

  • Санаж байгаагаар 2014 онд байх. Бороотой байсан юм. Аягүй удаан тэсэн ядан хүлээдэг болохоор бямба гарагт эхний автобусаар ирээд л майхнаа зоочихлоо. Тэр өдөржингөө л бороо орсон байх. Явж явж шөнө 3 болж байхад майхандаа ороод унтах гэтэл шалаар нэг ус, бас тэр үед хөнжлөө мартсанаа мэдэв. Тэгээд тэр шөнө шорлогны ахын үлдээсэн дөрвөөс таван шорлогны нүүрсний дэргэд нэлээн хэдэн хүмүүстэй хамт юм ярьж хоносон доо. Хувцас гутлаа хатаацгаагаад л. Өглөө 6:30 болж байхад хоолны асар нээгдэж халуун бантан гарахад ёстой бөөндөө сад тавьсан, баярын нулимс цийлэгнээд л...

Juju​

  • Би чинь нээх олон жил, жаахнаасаа рок нтр сонсоогүй шүү дээ. Тийм хүмүүс зөндөө л байдаг л даа. Анх 2007 он хавьцаа сонсож эхэлсэн юм. Тэгээд анх нэг хамаатантайгаа 2008 оны зун “Playtime” явж байв аа. Тэгсэн Монгол шилтгээн дээр чинь нүүгэлдсэн хар хувцастай хүмүүс. Бид хоёр ч жаахан эмээгээд, ямархуу стайл имидж бүрдүүлж явдаг хүмүүс байдгийг ч мэддэггүй хоёр баагий байсан юм чинь. Энэ рокерууд чинь өөрсдөөсөө өөр хэв маягтай хүмүүсийг харахаараа нийлээд зодчихдог гэсэн гэж авдаг юм даа, манай хамаатан. Одоо бодоход инээдтэй юм даа.

      Б.Т, 25 нас 

      

  • “Playtime” дээр очоод бие биенээ хайж хөөцөлддөг нь хөгжилтэй юм уу даа. Тэгээд замдаа есөн шидийн адал явдалтай учирна. Нэг групптэй үсрээд л 2 цаг л байна. Тэгээд адал явдлаа үргэлжлүүлэхээр цаашаа явна. Нэг удаа ингэж яваад сургуулийнхантайгаа таарав. Тэгээд бөөнөөрөө шийтгэлтэй тоглоод би шийтгүүлээд ууруулаа будаж хэсэг хүмүүсийн дундуур алхсан. Тэгээд ер нь надтай шийтгэлтэй, бооцоотой тоглох болгонд би л дандаа шийтгүүлж таардаг. Ер нь шийтгэлтэй тоглоомнууд хамгийн гоё, хөгжилтэй байдаг. Санаа зовоод байх зүйл ч байдаггүй.

Тимоти

  • “Playtime”-ын 2 дахь өдөр хамаг юмаа алга болгоод, дээрээс нь цүнхээ алдсан юм. Тэгсэн манай найзын гэрээс гэнэт дуудаад, даанч автобусны мөнгө байдаггүй. Тэгээд тэр хавиар явж байсан хүнээс 200 төгрөг зээлээд явж байсан. Юм хумандаа анхааралтай байхгүй бол ёстой л бүх юм нураад ирдэг юм билээ. Бас би гангалах гээд лаг шинэ гутлаа өмссөн чинь аймшигтай холгосон. Орой “The Lemons” дээр бүжиглэх гэсэн чинь чадахгүй гутлаа тайлаад шидчихсэн чинь яг Шувуугийн урд унадаг юм даа. Үнэхээр их бантаж байсан.

Т.Б, 19 нас

  • Тэр жилийн бороотой “Playtime”-аар олон л хөгжилтэй юм болсон доо. Шиврээ бороотойд хайргатай газар майхнаа зоох гэж журамт эрийн бэрх даваа болоод, арайхийж нэг юм овоолж аваад санаа амарч, дэлбэ ууж явсаар шөнө майхандаа ирсэн наадамчин олон тээглэсээр хамаг утсыг нь татаад хаячихсан, майхан маань үерт автчихсан байлаа. Үүрийн 04.00 цагт билүү дээ, замын хойно байдаг, найзынхаа эмээгийн лагер дээр нь очиж хонож билээ. Ичихгүй гэрт нь ороод даалуу маалуу тоглоод хаха. Өглөө нь эмээ нь бид нарт цуйван хийчихсэн угтахад бүрзийсэн хэдэн юм увайгүй царайлж идчихээд дахиад л “Playtime”-аа зүглэж билээ...

Т, 27 нас

  • Гурван жилийн өмнө байх аа, бороотой үед шөнө дунд тарган найз маань шал согтуу 00 яваад буцаж ирэхдээ хальтарч унаад тас үсэрсэн. Би тэгээд дийлэхгүй болохоороо шууд нойтон өвсөн дээгүүр хөлнөөс нь чирээд явж байсан. Бас орой хоол идэх гээд дөрвөн залуу ширээ хайгаад явж байсан чинь хоосон ширээ олддоггүй. Тэгсэн нэг хоолны газрын буланд зургаан хүний ширээн дээр хоёр хүүхэн цааш хараад толгойгоо нийлүүлчихсэн лаг юм ярьж байна. Тэр бүсгүйчүүдтэй цуг суучихъя гээд чанга яриад л очоод суусан чинь хоёр согтуу залуу юм яриад сууж байсан.

Г.Б, 27 нас

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.