Хайх зүйлээ бичнэ үү

мин

Улстөрчдийн цуутай “мэдэгдэл” ба ханшийн савлагаа

Үнэндээ Монголбанк л мэдэгдэл хийх учиртай юм шүү дээ.


“Улстөрчид хэвлэлээр дамжуулж ханшийн талаар хамаа замбараагүй зүйл их ярьдаг. Үр дүнд нь төгрөгийн ханш огцом суларсан үзэгдэл өнгөрсөн жил болсон. Ер нь гаднын орнуудад улстөрчид нь ханшийн тухай манайхантай ижил ярьдаг болов уу” гэж www.ikon.mn сайтын сэтгүүлч бүсгүй их л нухацтайгаар Нильс Бунеманаас асуув. Тэрбээр Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд Монголбанкинд олон нийттэй харилцах харилцаагаа сайжруулах техникийн туслалцаа үзүүлэх ажилд зөвлөх хийж буй эдийн засагч, сэтгүүлч юм. Өмнө нь Европын Төв банк, ОУВС зэрэг олон улсын томоохон байгууллагад ажилласан туршлагатай Нильс Бунеман бөмбөрцгийн 40 орчим Төв банкинд олон нийттэй харилцах талаар зөвлөх үйлчилгээ үзүүлж байжээ. Харамсалтай нь монгол сэтгүүлчийн тавьсан асуултыг тэрбээр бүрэн, дүүрэн ойлгосонгүй. Монголбанкны байранд болсон сургалтад хамрагдсан сэтгүүлчид нийлээд ч мань эрд Монголын улстөрчдийн ханшийн тухай хийдэг цуутай “мэдэгдэл”-ийн мөн чанарыг ойлгуулж дөнгөсөнгүй. 

Үнэндээ эрүүл суурьтай эдийн засагт “ноён ногоон”-ы ханш хаашаа чиглэх, ам.долларын албан нөөц хэр их байгаа, ер нь ам.долларын хадгаламжийг хязгаарлах нь зөв үү, буруу юу гэх мэт том, чухал асуудлын талаар мэргэжлийн хүмүүс л мэдэгдэл хийдэг гэнэ. Тэр дундаа энэ төрлийн мэдэгдэл хийх эрх бүхий байгууллагад тоймтой албан тушаал хашдаг мэргэжилтэн зурагтаар ярьдаг зарчимтай. 
 
Тэгтэл Монголд юу ч мэдэхгүйгээ өөрөө ч мэддэггүй популист нөхөр гарч ирээд ам.долларын тухай хамжааргагүй ярьж орхино. Эрхбиш хууль тогтоох байгууллагын гишүүн гэх сэтэртэй учраас олон нийт тэр популистын үгэнд үнэмшээд, ам.долларын ханш огцом савалдаг “монгол зовлон”-г бидний хэдэн сэтгүүлч Нильс Бунеманд ойлгуулж чадаагүй юм. 
 
Бөмбөрцгийн 40 орны Төв банкинд зөвлөгөө өгч байсан түүний туршлагаас харахад Засгийн газрууд Төв банкинд даалгавар өгч, ханшийн тогтвортой байдлыг хадгал гэж үүрэгддэг тухай ярьж байна. Манайд ч бас Монголбанкны ерөнхийлөгчийг танхимынхаа голд суулгачихаад парламентын гишүүд загнах нь хэвийн үзэгдэл учраас Төв банкны хараат бус байдлын энэ зовлонг бид сайн мэднэ. Харин парламентын гишүүд зурагт, сонин, радиогоор дамжуулан Монголбанкийг загнаж, зандраад, бүр “ногоон”-ы ханшийг огцом өсгөх хүлээлт олон нийтийн дунд үүсгэчихдгийг мундаг туршлагатай гаднын зөвлөх ойлгохгүй байгаа нь энэ. 
 
Угтаа дэлхийн олонх орны иргэд босоо хочит популистуудад итгэдэггүй гэнэ. Харин улс эх орныхоо санхүү, эдийн засгийн эрх ашгийг гартаа атгадаг Төв банкнаас хийсэн мэдэгдлийг анхааралтай ажигладаг аж. Энэ нь Төв банкиндаа итгэх итгэл өндөр байдгийг харуулдаг гэж Н.Бунеман тайлбарласан юм. 
 
Өмнөх түүхээ сөхөж харвал Монголбанк монголчуудынхаа итгэлийг алдтал худлаа ярьсан удаа байхгүй. Гэхдээ Төв банк л эдийн засгийн тухай баримжаатай мэдэгдэл хийдэг гэсэн итгэл суулгаж чадсангүй ээ. Хамгийн наад зах нь Монголбанкнаас инфляцийг 7-8 хувьд барина гэсэн зорилго тавиад таван жил өнгөрчээ. Энэ хугацаанд инфляцийн түвшин нэг бол 14-15 хувьд хүрээд эсвэл дефляцид орж зовоогоод, Монголбанкны зорилтот 7-8 хувийг тойрч эргэлдсэн тохиолдол гараагүй гэхэд болно.
 
Төв банкны мэдэгдэл гэснээс, өнгөрсөн өвөл ам.долларын ханш үсрэнгүй өсөж, төгрөг үнэгүйдэх үеэр Н.Баяртсайхан ерөнхийлөгч нэг удаа барьц алдсан юм даг. Албан ёсны мэдэгдэл энэ тэр ерөөс хийдэггүй тэрбээр “Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан” гэсэн сүржин төгсгөлтэй ил захидал бичээд, өдөр тутмын сонинуудад хэвлүүлэв. Албан тушаалаа авснаасаа хойш анх удаа шахам Н.Баяртсайхан хэвлэлд хандаж байхад түүнийг нь олж унших учиртай олон нийт үүнд анхаарлаа ердөө ч хандуулсангүй. Учир нь уг ил захидал Төв банкны амин чухал мэдэгдэл гэхээсээ илүү хувь хүний талаасаа парламентын гишүүнд гомдсон тунирхал байсныг тэмдэглэх хэрэгтэй. 
 
Эцэст нь эдийн засагт элдэв ШОК үзүүлж мэднэ гэж болгоомжлоод, янз бүрийн мэдэгдэл хийхээс Монголбанк түтгэлздэг байж магадгүй. Түүнийгээ ч хэвлэлийнхэнд ил, далд янз бүрээр ойлгуулж байгаа нь харагддаг. Хийх ёсгүй ч гэж боддог байж мэднэ. Тэгтэл олон нийтэд ханш хаашаа чиглэх талаар бодитой бас дорвитой мэдээлэл хэрэгтэй байж таарна шүү дээ. Ялангуяа энэ цаг үед. Иймэрхүү орон зайг чадамгай ашигладаг популистууд харин... За за, Монгол маягийн л энэ зовлонг гаднын тэр мэргэжилтэн яаж ч ойлгох вэ дээ. 
 
 
 
 
 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
47
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.