Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Монголбанк: Эдийн засаг сэргэж байна

Дотоодын хэрэглэгч болон бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байна.


Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг 12 хувь болгон буурууллаа. Бодлогын хүүг бууруулсантай холбоотойгоор Монголбанкаас мэдээлэл хийсэн юм. 

 

Монголбанкны Ерөнхий эдийн засагч, ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Ганбаатар: 

2017 оны зургаадугаар сарын 15-нд Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл ээлжит хурлаа хийж, мөнгөний бодогын хүүг 14-өөс 12 хувь болгон бууруулах шийдвэр гаргалаа. Сүүлийн үед манай улсын экспортын орлого нэмэгдэж байгаа. Гадаад валютын орлого үүнтэй холбоотойгоор өсөж байна. Мөн богино хугацаанд шаардагдаж байсан гадаад өрийн дарамт тодорхой хэмжээгээр буурчээ. Түүнчлэн ОУВС болон бусад олон улсын санхүүгийн байгууллагатай тохирсон хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нэлээд хэмжээний гадаад валютын урсгал орж ирэхээр төлөвлөгдөж байна. Энэ бүх эерэг нөхцөл байдал макро эдийн засгийн төлөв байдалд эерэгээр нөлөөлж, гадаад валютын ханшинд ирэх дарамт буурч байгаа юм. Ингэснээр инфляци харьцангуй нам дор түвшинд байх нь ажиглагдаж байна. 
 
Эдийн засагт гарч байгаа нааштай эерэг үзүүлэлтийг баталгаажуулахын тулд Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 12 хувь болгон бууруулах шийдвэр гаргаж байна. 

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа

Монголбанкнаас өмнө нь Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэрийг танилцуулахдаа нэг зүйлийг онцолсон. Бодлогын хүүг өсгөсөн арга хэмжээ нь богино хугацааных гэж хэлсэн шүү дээ. Тодорхой бус байдлууд буурч, эдийн засаг тогтворжихоор эргээд бодлогын хүүг бууруулна гэсэн амлалт өгсөн. Үүний дагуу бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргаж байна. 

Тухайн үед тодорхой бус байдал ихтэй байсан. Бидний анхаарч байсан асуудлууд эерэг чиглэлд шилжсэн байна. Тухайлбал, бодлогын хүүг өсгөх үед төсвийн дарамт ихтэй, тодорхой бус байдал их байсан. Энэ байдал ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн хүрээнд өөрчлөгдөж байна. Төсвийн тодотголын хууль, Төсвийн хүрээний дунд хугацааны мэдэгдлээс харвал мөнгөний бодлогыг зөөллөх орон зайтай болж байна. 

Хоёрдугаарт, төлбөрийн тэнцэлийн дарамт нааштайгаар шийдвэрлэгдэж байна. Одоогийн нөхцөл байдлыг өмнөх гуравдугаар сарынхтай харьцуулахад гадаад эдийн засгийн төлөв байдал нааштайгаар эргэжээ. Тухайн үед бидний төсөөлж байсан зэсийн үнэ таамаглаж байснаас 300-500 ам.доллараар дээшилсэн. Мөн худалдааны гол түнш болох БНХАУ-ын эдийн засаг шинжээчдийн таамаглаж байснаас их хувиар өссөн байна. Энэ оны нэгдүгээр улиралд тус улсын эдийн засаг 6.9 хувиар өсжээ. Түүнчлэн ОХУ-ын эдийн засаг сүүлийн хоёр жилд анх удаа энэ оны нэгдүгээр улиралд 0.5 хувийн өсөлттэй гарлаа. Евро бүсийн эдийн засаг ч харьцангуй эерэг байх төлөвтэй байгаа. 

Богино хугацаат гадаад өрийн дарамтыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг өмнө нь анхаарал татаж байсан. Тэгвэл одоо Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг амжилттай шийдэж чадсан байна. Өмнө нь гадаад зах зээлд, гаднын хөрөнгө оруулагчид Монголыг болгоомжлонгуй харж байсан шүү дээ. Үүнийг бондын хүүнээс харж болдог юм. Тухайлбал, “Чингис” бондын хүү 20 гаруй хувьтай тэнцсэн. Хөгжлийн банкны бондын хүү 27, 28 хувьд хүрсэн. Одоо энэ тодорхой бус байдлууд арилжээ. Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн байна. Жишээ нь таван жилийн хугацаатай Чингис бондын өгөөж 4 орчим, 10 жилийн хугацаатай бондын хүү 6 орчим хувьтай тэнцэн, бууж байгаа юм. Түүнчлэн дотоодын эдийн засгийн судалгаанаас хэрэглэгч болон бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байгааг харж болохоор байгаа юм. Энэ бүхнээс эдийн засаг сэргэж байна гэсэн дүгнэлт хийж болохоор байна.  

Бодлогын хүү буурснаар дотоодод арилжиж байгаа Засгийн газрын үнэт цаасны хүү буурна. Ингээд хадгаламжийн хүү ч буурах учиртай. Хадгаламжийн хүү буурах үед зээлийн хүү буурах боломж бүрдэж байгаа юм. 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
5 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
22
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.