Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Хөрөг | Хатан хааны эр


Лондоны Сент Павел катедралийн гадна цугласан мянга мянган хүн Хатан хаан II Элизабетийн титэм залсанаас хойших 60 жил, алмаазан ой эхлэхийг хүлээж байлаа. 1897 онд агуу Викториа хатан хаан алмаазан ойгоо тэмдэглэж байснаас хойш хааны язгуураас 60 жилийн босго давсан хүн нэг ч байгаагүй болохоор аль тэртээгээс эхтэй түүхэн үйл явдлын гэрч болно гэдэг эгэл британи хүний хувьд ч тэр, шинэ эриний хүмүүс бидэнд ч тэр сонирхолтой үйл явдал мөн. Тиймээс 2012 оны зургадугаар сарын бүрсгэр тэр нэгэн өдөр мэнд саруул байсан хүн бүр энэ үйл явдлын эргэн тойрныг ажин, догдолж байв. Гэвч тэнд нэг л хүн байсангүй. 25 настай орь залуухан гүнж Их Британийн Хатан хааны сэнтийд заларснаас хойш 60 жил ханилсан Эдинбургийн гүн, хатан хааны эр нөхөр, хунтайж Филипп ёслолын арга хэмжээ Британи даяар эхэлж, баярын уухай дэлхий даяар нүргэлж байхад эмнэлэгийн орон дээр ухаангүй хэвтэж байсан юм. Ёслол эхлэхээс ердөө ганцхан цагийн өмнө хунтайж Филиппийн түрий булчирхайн үрэвсэл нь сэдэрч, тэр даруйдаа эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэнд очмогц ухаан нь балартжээ. Өнөө цагийн хамгийн нөлөө бүхий эзэнт гүрний Хатан хааны эр нөхөр, насаараа энэ хүчирхэг хатагтайн сүүдэрт дарагдаж явсан түүнд хувь тавилан ийм нэгэн бэлэг барьсан юм. Харин энэ үед Хатан хаан Элизабет, бүх дэлхий түүнийг харж байхад, Британи даяар суу алдрыг нь бахдах, жарны турш ганцхан тохиох түүхэн өдөр ирсэн байхад эр нөхрийнхөө араас эмнэлэг рүү явж зүрхэлсэнгүй ( “Queen” хамтлагийн “Show must go on” дуу шиг). Элизабетийн эр нөхрөөс бусад нь цөм цугласан хааны ордны ёслолын арга хэмжээ төлөвлөсний дагуу тун сайхан болж өнгөрч билээ.

Холын хамаатнууд болох Элизабет, Филипп нар 1934 онд хааны ордны нэгэн том үдэшлэгийн үеэр анх танилцсан гэдэг. Таарах завшаан бүрийд ордны цэцэрлэгт хүрээлэнд болздог байсан залуу сурвалжтанууд эхэн үед захидлаар харилцаж байгаад нууцаар сүй тавьсан байдаг. Учир нь гүнж Элизабет 21 нас хүрэхээс өмнө албан ёсоор сүй тавьж болохгүй. Гэвч тэд хүлээсээн. Ийнхүү болзолт өдөр ирж, 1947 оны намар тэд хуримласан бөгөөд уг арга хэмжээг радиогоор шууд дамжуулахад дэлхийн 200 сая хүн сонсож байлаа. Тухайн үед хүн бүр л Филипп гэж хэн юм гэж бие биенээсээ илүү, дутуу мэдээлэл сонсчих гээд шалгааж байсанчлан одоо хэр түүнийг мэдэх, тухай нь дурсан ярилцах хүн цөөн. Хэвлэлүүд ч түүнээр нэг их оролдоогүй. Хаа нэг эмнэлэгт хэвтлээ, тэндээс гарлаа гэсэн шүү юм л эрээчдэг санж. Хаантай суусан эмэгтэй хатан болдог жам байхад Хатан хаантай суусан түүнийг хааны энд дүйцүүлэн дурсах хүн ч цөөн ажээ. Элизабет хатны сэтгэлийг булаасан энэ эр уг нь тийм ч дорой гаралтай нэгэн биш юм. Грекийн ханхүү Эндрью, Баттенбергийн гүнж Алис нар цорын ганц хүү нь болох Филипп Маунтбаттенийгээ Грек, Данийн ханхүү хэмээн зарласан нь одоо Элизабетийн эр нөхөр болж, нууцлаг аж төрж буй энэ эр. Жавхаалаг өндөр нуруутай, гунигтай харцтай, сэтгэл татам ханхүү эрийн цээнд хүрч, британи эмэгтэйчүүдийн зүрхийг шархлуулж байлаа. Залуу Хатан хааны бодлого, үйл хэрэгт зарим британи эмэгтэй эрс шүүмжлэлтэй хандаж байсан нь Филиппийн нөлөөтэй байсан гэж үзэх шалтгаан ч байж болох талтай. Харин одоо үс нь бууралтаж, харц нь бүүдийсэн 91 настай энэ эрийг залуудаа “зүрх шархлуулагч” байсаан гэвэл итгэх хүн тун цөөн. Энэ түүхийг мэдэх, мэдэрч явсан бүсгүйчүүдийн ихэнх нь нууцхан хүслээ тээн оджээ.

Парист боловсрол эзэмшсэн залуу хунтайж 1939 онд Эзэн хааны тэнгисийн цэргийн флотод элсэж, Дэлхийн II дайны үеэр Германы эсрэг дайнд оролцон, хөлгийн залуурч хийж явсан гэх баримт байдаг. 21 насандаа Их Британийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч цолтон болж, түүхийн турш дахь хамгийн залуу дэслэгч болсон төдийгүй хөлөг онгоцоо шөнийн гэнэтийн дайралтаас хамгаалсан учраас Хааны нэрэмжит шагнал хүртэж байв. Эцгийнхээ төр барих сүүлийн жилүүдэд дэргэд нь түшиж, улс төрийн үйл хэрэгт илтэд татагдаж эхлэх үед нь дайны үе таарч, хэцүү замнал туулж явсан Элизабетад залуу ханхүү сэтгэлийн үгтэй захидалуудаа алдахгүй илгээж байсан гэдэг. Хаан язгуурын хөшигний ард л болохоос биш сонгодог нэгэн хайрын түүх ийн бургилж байлаа. Дайны халуун цэгт гүнжийн сүйт залуу, язгууртан эр гэдгээрээ Филипп түрий барьж байгаагүй бөгөөд хөлөг онгоц дээрээ хоноглож, хар талхаар хооллон бусад цэргээс онцгой эрх дарх ер эдлэж байгаагүй хэмээн хожмын дурсамжуудад бичигдэн үлджээ. Ер нь ч Филипп гүндүүгүй зантай тухай нь түүнийг сайн мэдэх хүмүүс ярьцгаасан байдаг. Бас шооч. Хатан хааныг дагалдан улс орны тэргүүд, нөлөө бүхий хүмүүстэй уулзахдаа хошин үгээрээ мадалж, халуун нүүрийг нь түлсэн жишээ бишгүй. Ямар сайндаа л, Нигерийн Ерөнхийлөгч Олусегун Обасанжо Хатан хаан II Элизабеттэй уулзах үеэр үндэснийхээ хувцас болох жигтэй малгай, халат мэт нөмрөг өмссөн байхыг нь хараад “Та улсын удирдагч биш харин унтлагынхаа өрөө рүү явж байгаа эр шиг харагдаж байна” гэж билээ. Францад айлчлал хийж саатаад, өглөөний унданд гахайн мах, өндөг, салмон загас, халуун шоколад зэрэг байхыг харчихаад “Үгүй ер, францчууд өглөөний цайг хэрхэн бэлддэгийг ер мэдэхгүй юм гээч!” гэж идээ, ундны соёлоор баялаг түүхтэй гэж барддаг энэ улсын тогооч нарыг нэг сайн “чимхсэн” түүх ч бий. Харин Их Британийн Хатан хаантай 65 жилийн турш ханилахдаа тэр улс орны амин чухал асуудал ер оролцож байгаагүй. Уг нь ордныг тухайн цаг үед эрх барьж буй хааны нэрээр нэрлэдэг.

Тиймээс хурим болон VI Жорж хаан (II Элизабетийн эцэг) нас барсаны дараа ордны нэрийг хэрхэн өөрчлөх вэ гэсэн асуудал босоход бүх нийтээрээ “Маунтбаттений ордон” гэх байлгүй дээ гэж хүлээж байв. Гэвч Элизабетийн эмэг эх Хатан хаан Мэри болон тухайн үеийн Ерөнхий сайд Уинстон Черчилл нарын няцаалтаар “Виндсорын ордон” хэмээн нэрлэсэн. Мөн ууган хүү, одоогийн Уэльсийн хунтайж мэндлэхэд тэр хүүгээ өөрийн овгоор нэрийдэж болсонгүй. Хаан өвөөгийнх нь нэрээр Чарльз Артур Жорж гэсэн нэр хайрлаж байв. Энэ үйл явдлын дараа “Би хааны ордны бяцхан амёб шүү дээ. Төрсөн хүүгээ өөрийнхөө овгоор нэрлэж чадахгүй Их Британи дахь цорын ганц эцэг би” гэж хошигнол, харууслын дундуур хэлж байлаа. 800 байгууллага, сангийн гишүүн тэрбээр саяхан бүхий л албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм билээ. Харин одоо тэр бие нь чилээрхэхгүй л бол зураг зурж суудаг болсон гэнэ лээ. Бараг бүтэн галерей нээчих хэмжээний байгалийн судалбар зургууд түүнд бий гэлцдэг юм. 

Анх Элизабеттэй суухад амьд сэрүүн байсан VI Жорж хаан түүнд Эдинбургийн гүн хэмээх хэргэм олгосон. Дараа нь Элизабет Хатан хаан болмогц эр нөхөртөө Их Британийн ханхүү болгосон. Өнгөрсөн жил болсон Филиппийн 90 насны ойгоор Тэнгисийн цэргийн адмираль гэх хэргэмийг эхнэрээсээ гардсан. Гэвч түрүү булчирхайн хорт хавдараа эмчилж чадахгүй байсаар нурууны эмгэгтэй тулж хунтайж Филипп амьдралынхаа сүүлийн жилүүдийг хүндхэн өнгөрүүлж байна. Магадгүй, Хатан хаан ч бас олны өмнө барагтай л бол ил гарахгүй байгаа нь улсынхаа дээд эрх мэдлийг хамгийн удаан хадгалж буй тэд энэ насандаа л амарч, амгалан байхыг илүүд үзсэн юм байлгүй дээ. Бүхий л үлгэр домогт гардагчлан Хааны ордон гэгч хайрлаж дурлахад хамгийн тохиромжгүй газар байдаг санж. Нэгэн эзэнт гүрний, нэгэн хатны нөхрийн, нэг даруухан түүх анх яаж эхэлсэн яг тэр хэвээрээ ажин, түжин хөвөрч яваа нь л энэ билээ. 

Жич: Энэхүү нийтлэл 2014 онд "Тойм" сэтгүүлд анх нийтлэгдэж байв. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
2 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
3
3 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
42
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.