Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Н.Назарбаев буюу Төрийн тэргүүдийн нэртэй олон улсын нисэх буудлууд

Түүнийг насан эцэслэхэд Тегеран хотын олон улсын нисэх буудлаа Хомейни хэмээн нэрлэсэн.


Казахстаны Засгийн газраас Астана хотын олон улсын нисэх буудлыг “Нурсултан Назарбаев олон улсын нисэх буудал” хэмээн нэрлэх шийдвэр гаргажээ. Дэлхийд агуу улстөрч, улс орныхоо тэргүүний нэрээр нэрлэгдсэн нисэх буудал цөөнгүй бий.

Шарль-де-Голль, Парис, Франц

Парис хотын “Шарль-де-Голль” олон улсын нисэх буудал бол Францын хамгийн том нисэх буудал. Зорчигчдын тоогоор дэлхийд эхний 10-т бичигддэг энэ буудлыг Францын Ерөнхийлөгч, генерал Шарль де Голлийн нэрээр нэрлэжээ. Энэ буудлаар өдөрт 150 мянган хүн үйлчлүүлдэг. Найман терминалтай тул анх удаа очиж байгаа хүн төөрөх магадлалтай. Архитекторын загвар нь өвөрмөц учир хөгжимчин дуучид клип, найруулагчид киноныхоо зургийг энд авах дуртай.

Гейдар Алиев, Баку, Азербайжан

Азербайжан улсын анхны Ерөнхийлөгч Гейдар Алиевийн нэрээр нэрлэгдсэн хэд хэдэн өргөн чөлөө, цэцэрлэгт хүрээлэн, концертийн танхим, 2 цэнгэлдэх хүрээлэн, үйлдвэр,  төмөр замын вокзалаас гадна нисэх онгоцны буудал байдаг. Вокзал нь Буриадад байдаг бол харин онгоцны буудал нь Бакуд бий. 2004 он хүртэл энэ буудал Бина гэдэг нэртэй байв. Учир нь Бакугаас 25 км зайд орших Бина тосгоны нутаг дээр байрладаг. 2004 онд Гейдар Алиевийн нэрийг авснаас хойш тэнд Ерөнхийлөгч асны баримлыг байрлуулжээ.

АНУ-д хуучин Ерөнхийлөгч нарынхаа нэрээр нэрлэгдсэн нисэх буудал гурав байдаг. Нью-Йорк дахь Кеннеди, Вашингтоны Рональд Рейган, Хьюстоны аав Бушийн нэрэмжит буудлууд.

Жон Кеннеди, Нью-Йорк, АНУ

Нью-Йорк хотын зүүн өмнөд хэсэгт байрлах Жон Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх буудал нь АНУ-ын том буудлуудын нэг. Энэ буудлаар 90 агаарын компани үйлчлүүлж байна. “JetBlue Airways” компанийн үндсэн буудал American Airlines, Delta Air Lines компаниудын олон улсын нислэгийн чухал төв нь юм. 1947 онд гольфийн талбай дээр байгуулагдсан. Тэр талбайнхаа нэрээр “Idlewild” нэртэй байсан ч 1963 оны 12 дугаар сард АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгчийн нэрэмжит болсон билээ.

Рональд Рейган, Вашингтон, АНУ

Рональд Рейганий нэрэмжит үндэсний нисэх буудал нийслэл Вашингтон хотоос холгүй байрладаг. Цагаан Ордон, Пентагон, ТТГ газар зэрэг олон чухал обьекттой тун ойрхон. Тиймээс аюулгүй байдал, дуу чимээ хязгаарлахад онцгой анхаардаг. Гурван терминалтай. Жилд 18 сая зорчигч үйлчлүүлдэг, том буудал юм. Олон улсын нислэг гэхээсээ илүү ихэвчлэн дотоодын нислэг хүлээн авдаг.

Жорж Буш, Хьюстон, АНУ

Хьюстон хотод ирсэн зорчигчдыг аав Буш хүлээн авдаг. Жорж Герберт Уокер Буш залуудаа Техаст нефтийн бизнес эрхлэж, энэ мужаас конгресст сонгогдон, дараа нь улсынхаа Ерөнхийлөгч болсон билээ. Энэ буудалд түүний хөшөөнөөс гадна гэрэл зураг, дурсгалын зүйлс олон бий. “Аэропорт Хьюстон Интерконтинентал” 1969 онд нээгдэж, 1997 онд Жорж Бушийн нэрийг авсан.

Имам Хомейни, Тегеран, Иран

Рухолла Мусави Хомейни бол домог болсон хүн. Иранд исламын хувьсгал эхлүүлж, улс орноо 10 жил удирдаад, үр хойчдоо “гэрээслэл” үлдээгээд одсон. Түүнийг насан эцэслэхэд Иранд янз бүрийн аргаар нэрийг нь мөнхөлсөн. Бунхан барьж, Исфахан мужийн нэгэн хотыг нэрлэж, Тегеран хотын олон улсын нисэх буудлаа Хомейни хэмээн нэрлэсэн. 2005 онд нээгдсэн ч хотоос зайдуу байсан тул олон нисэх компани ирэхээс татгалзаж байсан гэдэг.

Бен Гурион, Тель-Авив, Израиль

Бен-Гурионий нэрэмжит нисэх буудал энэ улсын хамгийн том нисэх буудал. 1936 онд Их Британи улсын байгуулсан энэ буудал Тель-Авиваас 14 км хол, Лод хотод оршдог. Израилийн анхны Ерөнхий сайд Давид Бен-Гурионий нэрэмжит буудал. Алан хядагчдаас хамгийн сайн хамгаалагдсан нисэх буудал гэдгээрээ алдартай. Хэд хэдэн удаа халдлагад өртөж байсан ч ямар ч халдлага амжилт олж байгаагүй юм. Ойрхи Дорнодын хамгийн сайн нисэх буудал гэж үнэлэгддэг.

Индира Ганди, Дели, Энэтхэг

Энэ нисэх буудал дэлхийн хоёрдугаар дайны үеэр Агаарын цэргийн бааз болон байгуулагдаж байв. 1962 оноос иргэний нисэхийн буудал болсон. Энэтхэгийн Ерөнхий сайд асан Индира Гандигийн нэрийг мөнхлөх үүднээс ийнхүү нэрлэжээ. Шинэ терминал байхгүй тул ачаалал ихтэй. Дэлхийн хамгийн тухгүй нисэх буудлын нэгд тооцогддог.

Леннарт Мери, Таллин, Эстон

Эстончууд ч хуучин Ерөнхийлөгчдөө зориулан нисэх буудлынхаа нэрийг өөрчилсөн.

Ататюрк, Истамбул, Турк

Истамбулын олон улсын нисэх буудал 1924 онд баригдсан. Тэр үед Йешилка нэртэй байлаа. 1980 онд энэ буудалд Туркийн анхны Ерөнхийлөгчийн нэрийг хайрласан юм. Үйлчилгээгээрээ Европт 5, дэлхийд 11-т жагсдаг сайн нисэх буудал.

Лех Валенса, Гданьск, Польш

Ерөнхийлөгч асан Валенсагийн нэрээр нэрлэгдсэн.

Эзэн хаан Халид, Саудын Араб

1975-1982 онд улсаа захирч байсан Халида ибн Абдель Азиз Аль Саудын нэрийг авчээ. Эр-Рияд хотоос 35 км зайд оршдог. 1983 онд баригдсан.

Вацлав Хавел, Чех

1937 онд байгуулагдсан “Рузине” нисэх буудал 2012 оноос хойш Хавелийн нэрийг зүүх болсон.

Эцэст нь манай олон улсын нисэх буудал маань ч их эзэн Чингис хааны нэртэй билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хувцсаа солимоор санагдуулдаг солонгос загварын 7 стиль
2
2 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
42
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.