Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Олимпийн наадмаас “хөөвөл” зохих спортын төрлүүд

Олимпийн алтан медаль авснаас “Уимблдон”, “Ролан Гаррос”-т түрүүлэх нь теннисчдийн хувьд нэр төрийн хэрэг.


Керлингийн спортыг анх харсан хүмүүс дооглон тохуурхаж, инээлдэж байсан гэдэг. Тэгвэл одоо керлинг Өвлийн олимпийн төрөл болоод олимпийн аваргуудаа төрүүлээд байна. Шинэ шинэ төрлүүд нэмсээр олимпийн наадам тун “таргалжээ". Саяхан болсон ОУОХ-ны чуулганаар дахиад олон шинэ төрөл оруулснаар Токиогийн олимп “Рио 2016” наадмаас 18 багц медаль илүү боллоо. Хэдэн зуун уралдаан тэмцээн хоёрхон долоо хоногт явагдаж, өдөрт л арав хорин олимпийн аварга төрөөд, болж буй үйл явдлыг мөрдөн мөшгиж, сонирхон үзэх ямар ч аргагүй болсон. Гэвч ОУОХ-нд энэ нь огт хамаагүй мэт, шинэ төрлүүд нэмсээр л. Хананд авиралт, серфинг, дугуйтай акробат болон спортын бараг бүх төрөлд эр, эм холимог төрөл нэмэн оруулж, ойрын ирээдүйд эрэгтэй, эмэгтэй нийлсэн хөлбөмбөгийн холимог багийн тэмцээн ч үзэж магадгүй болжээ. Шинэ төрөл нэмж болох ч хуучнаасаа хэрэггүйг нь зоригтой хасах шаардлага байгаа.

Ямар спортын төрлийг олимпийн наадмаас үтэр түргэн үлдэн хөөх хэрэгтэй вэ? Юуны өмнө:
– Тухайн төрлийн хувьд олимпийн наадам хоёрдугаар зэрэглэлийн тэмцээн бол. Шилдэг тамирчид төдийгүй балиашигууд нь ч олимпод ирэхийг хүсдэггүй бол.
– Хэрэв байнга хэрүүл маргаан дагуулж, авлигад идэгдсэн, шүүлт муутай бол.
– Хэт хуучирч, шинэчлэгдэхгүй байгаа бол.
– Ямар ч сонирхолгүй, хүн үздэггүй бол.
– Ерөөсөө спорт биш бол.

Дээрх шаардлагаар олимпийн хөтөлбөрт багтсан спортуудыг шинжин харваас ямар спортын төрлүүд хөөгдөхдөө бэлэн болоод байна вэ?

Хөлбөмбөг

Олимпийн хөлбөмбөгийн тэмцээн бол дэлхийн хөлбөмбөгийн хуанлид хамгийн хэрэггүй тэмцээнд тооцогддог. Ингэж үзэх шалтгаан маш олон. 23-аас дээш насны 3 тоглогч оролцож болно гэдэг нь олимпийн үзэл санаанд шууд харшилж байна. Зарим жил Европын АШТ, Копа Америка мэт том тэмцээнтэй хугацаа таардаг. Сонгон шалгаруулалт нь шудрага бус. Учир нь 16 оролцогчоос Европ тив дөнгөж 4, Өмнөд Америк 1-2 л эрх авдаг мөртлөө Ази, Африк, Төв Америкийн орнууд тус бүр 3 эрхтэй. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос ДАШТ-нийхээ нэр хүндийг хамгаалах, ивээн тэтгэгчдээ алдахгүй байх зорилгоор Олимпийн наадмыг одоо болтол албан ёсны календарьтаа оруулаагүй хэвээр. Үүнийг ашиглан багууд тамирчдаа олимпод оруулахгүй байх эрхтэй. Хөлбөмбөгийн үндэсний холбоод тамирчин, баг болгонтой тусгайлан уулзаж, гэрээ хийж байж, олимпийн шигшээгээ бүрдүүлдэг. Неймар, Месси нар оролцож байсан ч ихэнх том од зуны амралтаар нь болдог олимпод оролцох ямар ч хүсэлгүй.

Хүндийг өргөлт

Эртний түүхтэй, тун сайхан спорт ч олимпийн наадмаас хасагдах гол шалтгаан нь сэргээшийн асуудал. Байнга сэргээш хэрэглэсэн тамирчин гардаг. “Лондон 2012” олимпийн медальт 14 тамирчин сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож, медалиа буцаан өгөх болсон гэхээр ойлгомжтой. 2008 оны Бээжингийн олимпийн медальт 45 тамирчны 17 нь сэргээш хэрэглэсэн байсан. “Рио 2016” наадмын сэргээшийн шинжилгээний жинхэнэ хариу гарах цагт ямар үр дүн гарахыг чөтгөр л мэдэх байх. Бусад нь сэргээш хэрэглэж байгааг мэдээд байдаг. Өөрөө хэрэглэхгүй гэхээр нөгөө хэдийгээ ялахгүй, ингээд л ёстой л баригдаагүй нь түрүүлдэг болсон байна. Уг нь энэ спорт ёстой л хүний биеийн хүч чадлыг харуулсан спорт билээ.

Газрын теннис

Олимпийн алтан медаль авснаас “Уимблдон”, “Ролан Гаррос”-т түрүүлэх нь теннисчдийн хувьд нэр төрийн хэрэг. Зуны олимп явагддаг наймдугаар сард АНУ-д олон том тэмцээн давхацдаг. Тамирчдаас шагналын сан илүү тэмцээнийг сонгохоос эх орныхоо төлөө олимпод ордог нь тун цөөхөн. Чансааны оноо ч өгөхгүй олимпод оролцож байхаар гэртээ амарсан нь дээр гэж үзэх теннисчин ч бий.   

Морин спорт

Энэ спорт Эртний Грекийн үеэс л олимпийн хөтөлбөрт багтдаг байсан. Гэхдээ дээр үед илүү сонирхолтой байж. Морин тэрэгтэй яаж уралддаг байсныг киноноос бид харсан. Тэр үед ялагчаар тамирчинг нь биш морины эзэнг зарладаг байжээ. Харин орчин үеийн олимпод энэ спорт 3 төрөлт, дрессура (dressage), конкур гэсэн гурван төрөлтэй ч тамирчны ур чадвар гэхээсээ морины сургалт, бэлтгэлээс хамаг юм шалтгаалдаг. Дрессура төрлийн дүрмэнд “Гол зорилго бол морины биеийн хөгжил, авьяас чадварын хөгжлийг тодорхойлох” гэж заасан байдаг. Тамирчин огт хамаагүй, морь гэж байгаа биз. Оноо өгөхдөө морины зүс царай, бие галбир, уран хөдөлгөөнийг л дүгнэдэг. Сайхан морь бол хэн ч унасан байсан түрүүлэх нь ойлгомжтой. Сайн үүлдрийн нохой шалгаруулж байгаагаас ялгаа огт байхгүй. 60 настай Нин Скелтон “Рио 2016”-д түрүүлж, 80 настай Хироши Хокэцү олимпод оролцоод спортын өрсөлдөөн бараг байхгүй уйтгартай төрөл бол энэ.  

Гольф

Олимпийн наадмыг огт тоодоггүй спортын нэг нь гольф. Хөнгөн атлетик, усанд сэлэлтийн спорттой хамт байхааргүй тансаг, дээд зэрэглэл гэж тэд өөрсдийгөө үздэг. Мастерс тэмцээнд түрүүлээд хоёр сая доллар авч байхад олимпод түрүүлээд мөнгө авахгүй, чансааны оноо ч өгдөггүй тул гольфчид олимпод ирэхийг хүсдэггүй. 1904 оноос хойш олимпод ороогүй байж байгаад 2016 онд хөтөлбөрт багтсан ч шилдэг гольфчид Риод ирээгүй. Топ 50 гольфчноос олимпод оролцсон хэд нь Олимпийн тосгонд тамирчидтай хамт байрлахгүй гээд үнэтэй зочид буудалд өрөө хөлсөлж байв. Ийм спортыг олимпод яах гэж эргүүлж оруулсан юм бол? Сонирхолтой сайхан спорт ч том одод нь ирэхгүй бол ямар хэрэг байх билээ.

Бокс

Боксгүй олимпийн наадмыг төсөөлөхөд бэрх. Бокс бол олимпийн хамгийн сонирхолтой үзүүштэй төрөл. Харин яагаад олимпоос хасах санал гаргаад байна вэ гэвэл үнэхээр авлига, хээл хахууль, булхай, найраа нүүрлэсэн газар бол сонирхогчдын бокс болжээ. Шүүгчдийн булхайнаас болоод л Н.Төгсцогт шиг олон сайн тамирчин мэргэжилд шилжсэн. Оноо өгөх систем, шүүлтийг байнга өөрчилж, солиод ч байдал сайжрахгүй хэвээр. ОУОХ-ноос AIBA-д олимпоос хасна гэж анхааруулга өгсөн. “Рио 2016”-д гарсан маш олон будлиан, найрааны улмаас шүүгчдээ бүгдийг нь халсан гэж байгаа. Үнэнийг хэлэхэд ил тод мөнгө өгдөг, авдаг шүүлттэй газар бол зөвхөн бокс. Энэ жил Узбекистанд болсон Азийн АШТ-д 69 кг-д Б.Түвшинбат Казахстаны тамирчин Аблайхан Жусуповыг шудрагаар шүүсэн бол ялсан. Гэвч нутгийн эзэн узбекистанчууд финалд өөрийн тамирчинтай Б.Түвшинбатыг тоглуулахаас айгаад сулхан Жусуповыг нь ялуулах гэж шүүгчдийг найрчихсан байлаа. Сонирхогчдын бокс ийм болчихоод байна. Шүүгчдийн эрхийг хасаад байдал сайжрахгүй, AIBA-гийн удирдлагыг тэр чигээр нь сольж, халж байж л бокс үзэгчдээ алдахгүй үлдэх учиртай.

Далбаат завь

Дотроо хэдэн төрөл байдаг, яаж шүүдэг гээд спортын хорхойтнууд энэ спортыг сайн мэддэггүй. Тамирчид нь ч олимпийн наадмыг үл тоомсорлон, оролцох дургүй гэж байгаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
3 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
3
4 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
4
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.