Хайх зүйлээ бичнэ үү

Алтан Хальс индепендент кино наадмын 2017 оны "Алтан Хальс" шагналыг хүртсэн Д.Золбаярын ярилцлагыг хүргэж байна.

Өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө зогсолтгүй урагшилж, тэмүүлж яваа залуу найруулагч, "Алтан Хальс" шагналын эзэн Д.Золбаяр хэмээх эгэл даруухан залуугийн ярилцлагыг хүргэж байна.

-“Алтан хальс” шагнал авсанд тань баяр хүргэе. Ямар бүтээлээрээ энэ шагналыг хүртэв?

-Баярлалаа. Тэр бүтээлийг би дипломын ажилдаа зориулж хийсэн юм. Хүн өөрийнхөө доторхыг ч харах завдалгүй амьдраад байгаа шүү дээ. Түүнээс гарахын тулд хэсэг “пауз” авдаг ч юм уу, өөрийнхөө дотогш өнгийж шагайх хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ санаандаа дөрөөлөөд хийх сэдэл төрсөн бүтээл байгаа юм.

-Таныг хоёр жилийн өмнө “Алтан хальс”-д орж байсан гэж сонссон. Өнгөрсөн хугацаанд юу хийж, хэрхэн өөрийгөө хөгжүүлэв?

-Хоёр жилийн өмнө, тэрний өмнөх жил ч мөн оролцож байсан. Хоёр дахь нь “Андерграунд” байсан санагдаж байна. Тэр үедээ андерграунд, экспериментал кинонууд ямар байдгийг мэдэхгүй орж байсан юм. Иймэрхүү юм байдаг гэсэн төсөөллөөр инээдэмтэй юм хийгээд орж байж. Гэсэн ч оролцсоны дараа өөр талаас нь хараад ингэж хийдэг юм байна, ондоо өнцгөөс хардаг юм байна, уран сайхны бүтээлээс ялгаатай нь мэдрэмжтэй, түрүүлж алхаж чаддаг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд арт кинонуудаас сэдэл авч, арт кинонд илүү дурласан даа. Мөн л анимейшн хийх хүсэлтэй байсан болохоор анимейшнээр орж байлаа. Гэхдээ тэр үедээ би яг хаашаа, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байдалтай байлаа. Сургуулиасаа чөлөө аваад, тэр хугацаандаа “Тrimon” анимешн студид ажиллаж, нэлээн хэдэн реклам, киноны storyboard зурж,  хүүхэлдэй яаж бий болдгийг эхнээс нь сурч байсан. “Trimon” студийн захиаралтай ажилладаг Лутсүх ахтай хамтарснаар улам их зүйл сурч авсан даа.

-Та яагаад анимейшн сонирхох болсон юм. Анимейшн бусад төрлөөсөө арай өөр шүү дээ?

-Нэгдүгээрт, багаасаа анимешн үзэх дуртай байсан. Хоёрдугаарт, бодит байдал дээр гаргаж чадахгүй зүйлсийг анимейшнээр илэрхийлж болохоор санагддаг юм. Мөн би багаасаа зохиолч, найруулагч болох юмсан гэж хүсдэг байлаа. Комик номд дуртай болохоор арван жилдээ найзуудтайгаа нийлээд зурж, хийе гэж мөрөөддөг байсан маань хөтөлсөн болов уу. Одоо ч тэр мөрөөдлөөрөө яваад л байна.

-Хажуугаар нь бас зохиол бичих дуртай байх нь ээ.

-Тийм. Хааяа бичнэ ээ. Одоо “Mongol HD” телевизэд хүүхдийн нэвтрүүлгийн албанд найруулагч, зохиолчоор ажиллаж байгаа. Урьд нь график гэх мэт өөр зүйл хийж байгаад одоо л хүсэж байсан зүйл рүүгээ орох гэж байна даа.

-Таны дуртай, хүндэлдэг уран бүтээлч хэн бэ?

-The Fountain гээд кинонд нь дуртай. Энэ киноны найруулагч Даррен Аронофскийг биширдэг. 

-Та анимейшнээр дагная гэж бодож байна уу?

-Дагная гэсэн бодолтой байгаа. Гэхдээ дан ганц анимейшнээр ч биш өөр зүйлсийг туршиж үзье гэж боддог. Олон юм туршиж үзээд явахаар учир нь олддог юм шиг санагддаг шүү.

-Өөр мэргэжлийн хүн байж анимейшнээр дипломоо хамгаалж болдог гэж үү?

-Мэргэжлийн хувьд болохгүй байх. Манай анги удирдсан багш “Энэ хүүхэд бол өөрийгөө анимейшнээр хөгжүүлээд явчихсан болохоор өөрийнхөө сонирхсон зүйлээрээ дипломоо хамгаална” гэж тайлбарлаж өгсөн. Цаад хүмүүс нь энэ хүүхэд үүгээр өөрийгөө хөгжүүлээд явах юм байна гээд зөвшөөрсөн дөө. Шүүмжлэгч багш маань намайг зөв чиглүүлж өгсөн. Тэгээгүй бол би өдийд төгсөөгүй, юу ч хийгээгүй байх байсан биз.

-Та "Алтан хальс"-д байр эзлээд бүтээлээ гадаадад гаргах боломж нээгдлээ. Одоо юу төлөвлөж байна даа?

-Гадаадад гаргая, уран бүтээлээ туурвия гэсэн санаа байлгүй яахав. Гадагшаа гараад тухайн орны хүмүүсийн дунд ороход бусдыг ондоо өнцгөөс хардаг шиг байна билээ. Тэгэхийг хүсээд байгаа юм. Мөн Франц явахыг хүсдэг. Хүсэл мөрөөдлөө биелүүлээд Франц руу ирэх жилээс явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Яагаад Франц руу явахыг хүсдэг вэ гэвэл “Les Gobelins l’ecole de l’image” гээд жаран жилийн түүхтэй анимейшний  сургууль бий. Тэр сургууль “Annecy international animated film festival” гээд том фестиваль зохион байгуулдаг юм. Тэдний хийж буй хүүхэлдэйнүүдийг харахад комершил бүтээлүүдээс тэс ондоо, яаж тэгж гоё задраад цогц бүтээл хийж чаддаг юм бол гэж биширмээр шүү. Тэр наадам удахгүй болно. Ямар нэгэн байдлаар гадагшаа гарч, гадаад хүмүүстэй харилцаа тогтоож, өөртэйгөө адил сонирхолтой найзуудтай болох шаардлагатай байгаа. Дээрээс нь өөрийн сонирхлын хүмүүс өөрийг нь хөгжүүлэхэд тус болдог. Орчинд нь орчихвол ондоо болчих байх гэж бодож байгаа.

-Уран бүтээлээрээ юуг илэрхийлэхийг хүсдэг вэ?

-Хүмүүст яг ийм зүйлийг ойлгуулчих юмсан гэж бүтээлээ бодож хийгээгүй л дээ. Надад яг ийм мэдрэмж, нөхцөл байдал олон удаагийн давтамжтайгаар үүсэж, миний амьдралд яг юу болоод байгаа билээ хэмээн дотогшоогоо өнгийсөн л хэрэг. Түүнээс биш хүмүүс ийм байх ёстой шүү, үүнээс ийм зүйл ойлгоорой гэж огт бодоогүй хийсэн.

-Одоо та юу хийж байгаа вэ.Ямар нэг бүтээл дээр ажиллаж байгаа юу?

-Одоо хүүхдийн нэвтрүүлэгт ажиллаж байгаа. Жилийн хугацаанд Монголдоо энэ ажлаа хийнэ дээ. Үргэлжлүүлээд гадаадад суръя гэж бодож байгаа.

-Хувиараа юм хийе гэсэн санаа байгаа юу?

-Яг үүнийг л хийе гэсэн зүйл бол алга. Гэхдээ санаануудаа тэмдэглээд байгаа. Ажлынхаа хажуугаар хийхийг хичээнэ дээ.

-Та зурдаггүй гэсэн шүү дээ. Тэгвэл хүүхэлдэйгээ хийсэн үйл явцаас яриач?

-Зурах нь ч зурсан л даа. Хөдөлгөөнийг нь бүгдийг нь эхнээс нь зурсан. Анхны Storyboard нь шал өөр байсан л даа. Эхлээд  зурсан ч алхаж буй хэсгээ зурах гэсэн чинь болоогүй. Болохгүй болохоор нь өөрийнхөө алхаж байгаа бичлэгийг утсан дээрээ бичээд дараа нь photoshop дээр оруулж зурсан.

-Ингэхэд ямар сургууль төгссөн бэ?

- Би Гандигийн нэрэмжит дүрслэх урлагийн сургуулийг график дизайнаар төгсчихөөд хоёр найзтайгаа нийлж анимейшн хийе гэж шийдэн урлан түрээслээд хийж байсан. Өмнө нь би олон юм хийж байсан л даа. Гэлэнмаа нарын хийдийн подволд анх 2 найзтайгаа анимейшн хийж байлаа. Эхэндээ зурж чадахгүй болохоор “За би зохиолыг нь бичье. Та хоёр  зураарай” гээд комикын жижигхэн зохиол гаргачихаад хоол ундны ч мөнгөгүй (инээв) хийж байж билээ. Дараа нь зурж сурахгүй бол болохгүй юм байна, мэдлэгтэй болохгүй бол болохгүй юм байна гээд график дизайны ангид орж байсан. Хагас семестр сурчихаад зураасан зургийн ангид орсон. Хэдий зураасан зургийн ангид байсан хэдий ч хэв, гараар цэвэрлэдэг төмөр бар, модон бараар эсрэг тал руу харуулж зурахаар хэвлээд гаргаад ирдэг болохоор үүндээ хайртай байсан л даа. Уг нь зохиолчийн анги гэж байдаг бол оръё гэж боддог байсан. Санхүү рүү ч бас оръё гэж бодож байсан. Санхүүгээс болж бидний бүтээл урагшлахгүй байна гээд л. (инээв)

-Бүрэн хэмжээний кино хийе гэж бодож байна уу?

-Тийм зүйл бодоогүй л байна. Хэцүү шүү дээ. Одоохондоо богинохон, богинохон анимейшн хийж байсан нь дээр байх.

 -Та зохиол бичих сонирхолтой юм байна шүү дээ. Ном гаргана гэж боддог уу?

-Тийм. Бодож байгаа. Хадгалсан юм байгаа. Бага ангид байхад багш маань шүлэг зохиолгодог байсан. Тэр нь миний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн байж магадгүй. Багшдаа баярладаг шүү. Намайг маш их дэмжиж, урам зориг өгдөг байсан.

-Одоо ямар ном уншиж байна вэ?

-Саяхан Харри Поттерийг номоор нь уншсан. Potterheads of Mongolia (hogsmeade) группийн гишүүн. Үүнийг ярилцлагад маань заавал оруулаарай. Манай группийнхэн хараг.

-Таны бүтээлийн дуу нь кинотойгоо зохицсон байсан. Дуугаа хэрхэн шийдсэн бэ?

-Киноны маань дуун дээр миний найз тусалсан юм. Ерөөлт гээд авьяастай, сонсголтой хүүхэд бий. Киноны дуугаа өрөөд хамт ажиглахад гоё байсан. Бид хоёр бие биенээ маш сайн ойлголцож чадсан. Намайг мэддэг хүнтэй зэрэгцээд суучихаар илүү бүтэмжтэй явчихдаг юм билээ. Найздаа баярласнаа илэрхийлье.

-Энэ жилийн бүтээлүүд хэр санагдав? Монгол бүтээлүүд гадаадынхаас учир дутагдалтай тал юу байна?

-Монголд 100% мэргэжлийн хүмүүс ховор шүү дээ. Ихэнх нь бор зүрхээрээ л ажиллаж яваа. Би гэхэд шал өөр мэргэжлийн хүн байж өөр ажил хийж явна. Хийж буй зүйлдээ үнэхээр сонирхолтой, чадвартай хүнийг олно гэдэг хэцүү л дээ. Хэрэв мэргэжлийн хүмүүсийг бүгдийг нь цуглуулаад бүтээл хийе гэх юм бол хийх л байх. Энэ жилийн “Алтан хальс” наадам өмнөх жилүүдийнхийг бодвол илүү сайжирсан юм шиг санагдсан. Миний бүтээл 100% сайн бүтээл биш. Учир дутагдалтай зүйл өчнөөн харагддаг.  

-Хүн болгонд өөрийн мэдэлгүй хайрцаглагдсан зүйл байдаг байх. Заримыг нь сөрье гэсэн ч огт боломжгүй мэт санагддаг шүү дээ.

-Огт боломжгүй ч бас биш юм л даа. Алдаагаа өөрөө олоод харчих юм бол түүнээсээ бага багаар холдож болох юм билээ. Шууд орхиж чадахгүй ч бага багаар гарахгүй бол олон жил болчихвол дадал болчихдог. Дадал болохоороо л ужгираад эхлэх байх даа.Жишээ нь залхуурал.Нэг залхуураад маргааш, маргааш гээд сурчихсан бол түүнтэйгээ тэмцэхгүй л бол стрессдээд хэцүү шүү дээ. Өөрчилье гэж бодсон ч болж өгөхгүй, сүүлдээ би ерөөсөө л ийм хүн юм байна гэсэн олон давхар бодлууд хуримтлагдаад салж чадахгүй заваараад байх дарамттай шүү дээ.

-Бүх хүлээснээс ангижирсан хойно сайхан зүйл хүлээж байх уу, эсвэл зүгээр хов хоосон байх болов уу? Та киноныхоо төгсгөлийг талаар яриач.

-Надад ч гэсэн энэ бүх эгоноос, бүх зүйлээс салчихвал “би” байхгүй болчих уу, энийг давбал цаад зорилго нь юу байх бол гэсэн бодол орж ирдэг. Гол нь өнөөдрийг хүртэл би гэдэг хүн үүсэхийн тулд багаасаа олон би-нүүдийг бүрэлдүүлж байж бий болж байгаа. Гэхдээ тэдгээр нь хүний жинхэнэ “би” биш, явцад л үүссэн зүйл шүү дээ. Тэгвэл жинхэнэ би гэж яг хэн юм бэ? Үүнийг эрэлхийлж байгаа шүү дээ. Төгсгөлдөө тасраад байхгүй болсон хэдий ч, эцэст нь үлдэж байгаа нь жинхэнэ “би” байх. Гэхдээ жинхэнэ “би” гэж хэн болохыг би өөрөө ч сайн мэдэхгүй. Магадгүй тэр зүйлийг мэдэхгүйгээр нууц чигээр нь үлдээвэл гоё шүү дээ. Амьдралыг илүү сонирхолтой болгодог. Үүний цаана юу буйг мэдэхийн тулд явах гоё шүү дээ. Юу ч байхгүй утгагүй хоосон бол сонирхолгүй л байх биз.

-Таны үзэл баримтлал юу вэ?

-Өөрийгөө шинээр нээж байхыг л эрмэлздэг дээ. Яагаад гэвэл олон зантай болохоор (инээв). Ямар нэгэн зүйлд баригдахгүйгээр олон зүйл руу солбиод, сүлбээд явахад тэр дундаа өөрийн гэсэн том зүйл бий болох юм шиг санадаг. Нэг л газраа байвал хөгжихгүй биз дээ. Жишээ нь би бол зураач гээд зураач гэдэг хайрцаг дотроо орчих гээд байдаг шиг.

-Маш олон санаа бидний дунд оршиж байхад бид хардаггүй юм шиг.

-Бид өнгөц талаас нь хараад байдаг юм шиг. Хэрэв өөртөө гүн сууж чадвал хүссэн зүйлээ зөв гаргаж чадах юм шиг санагддаг юм. Аль дээр үед л монгол хэв агууламжтай бүтээл хийх тухай ярьцгааж л байсан шүү дээ. Мэдээж өөр өөрсдийн бүтээлээрээ илэрхийлж буй хүмүүс байгаа л даа. Багш маань “дэлхийн оюун санаа шавхагдаад, сэдэв нь дуусаад баас, шээс рүүгээ ороод заваараад байгаа. Тийм болохоор соёл нь нийтэд түгээгүй жижиг улсууд руу дайралт хийж, санааг нь уудалж байна. Хэрэв та нар Монголынхоо соёл, түүхийг сайн судалж, мэдэх юм бол дэлхийд гарч ирэх боломжтой” гэж хэлж байсан. Хэрэв бид тэдэнтэй адилхан зүйл хийх гээд байвал ялгарч чадахгүй шүү дээ.

-Зарим хүмүүс Монголын соёлоо харуулсан бүтээл хийхэд гадаадынхан ойлгохгүй гэж ярьдаг шүү дээ?

-Магадгүй шалтаг л байх л даа. Харь гаригт очиж үзээгүй хэр нь  харь гаригийн тухай кино хийгээд ойлгуулж чаддаг биз дээ. Жишээ нь нүүдэллэж амьдардаг хүмүүсийг суурин иргэншлийнхэн ойлгохгүй байна гэж бодъё л доо. Хамгийн гол нь хүмүүс нүүдэллэж амьдрахдаа ийм амьдралыг туулж, ийм сэтгэл зүй үлддэг болохоор морь нь үхэхэд энэ хүн уйлж байгаа юм аа гэдэг мэдрэмжийг мэдрүүлж, хэрэв би энэ хүний оронд байсан бол гэдэг ойлголтыг төрүүлж чадахгүй байгаа болохоор л тэгж ярьж бизээ. Хэрэв тэр киног хийж байгаа найруулагч, зохиолч нь өөрөө маш сайн мэддэг бол маш ойлгомжтой гаргана шүү дээ. Тэгэхгүй би морьтой хүмүүсээр, нүүдэлчин ардаар кино хийнэ, тэгвэл дэлхийд танигдана гэж өөрөө мэдэхгүй байж хийвэл бүтээл нь сайн болохгүй байх. Хэрэв мэддэг байж хийвэл 100% биш юмаа гэхэд 70,80% тай буух байх. Миний хувьд сайн уран бүтээл, киног тодорхойлохдоо тухайн уран бүтээлээс зохиолч, найруулагчийн үзэл санаа, тухайн үеийн мэдрэмжийг мэдэрч чадаж байна уу гэдгийг анзаардаг. Жишээ нь япончууд хайкугаараа өөрсдийнхөө соёлыг илэрхийлж чадаж байна шүү дээ. Энэ нь өөрсдөө хийх гэж буй зүйлээ мэдэрчихсэн, мэддэг биеийнх нь нэг хэсэг болчихсон байгаа юм. Сая “Алтан хальс”-аар ирсэн Элен Манжеева “Цахлай” киноны жүжигчнээ дүрдээ оруулахын тулд ажиллуулж, хүнтэй ч яриулахгүй байснаар тэр мэдрэмжийг дэлгэцнээ үзэгчдэд мэдрүүлж чадаж байна шүү дээ. Энэ бол уран бүтээлч өөрийнхөө хийх гэж буй зүйлээ бүрэн мэдэж байгаа болохоор үзэгчдийн сэтгэл зүйд шууд тусаж чадаж байгаа хэрэг.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.