Зотон дээрх тунхаглалууд: Эрх чөлөө, энх тайван, хайр сэтгэл
АЙДАХОТ-2017 Дүрслэх урлагийн уралдааны дүн гарлаа
Ягаан бас цэнхэр өнгө. Солонго. Нэг биеийн хоёр амьдрал. Ил ба далд. Бачимдал. Цөхрөл. Амьсгалах атлаа агааргүйдэх. Мэдэхгүйдэл. Мэдэмхийрэл. Буруу бие. Өөр газар. Буруутай биш. Ойлголт. Юуны хамаа биш. Гүний гүн дэх хүүхдүүд. Бүх хүн нэг. Хайрлах, хайрлуулахад тэмүүлнэ. Ойлгогдохыг хүснэ. Ойлгохыг мартана, санана. Эрэлхийлэл хийгээд илэрхийлэл. Зүрх сэтгэлийн тунхаглал.
Энэ бол тэгш эрх, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн сэдэвт үзэсгэлэнд толилуулсан бүтээлүүдийн түүх. Монголын ЛБГТ төвөөс уламжлал болон зохион байгуулдаг уг үзэсгэлэн дөрөв дэх жилдээ зохион байгуулагдсан нь энэ бөгөөд өнгөрсөн долоо хоногт шилдгүүдийг тодрууллаа. Энэ жилийн үзэсгэлэнд уран бүтээлчид нийт 30 орчим бүтээл ирүүлжээ. “Жил ирэх тусам бүтээлүүдийн агуулга, цар хүрээ, чанар аажим аажмаар дээшилсээр байна” хэмээн шүүгчдийн нэг, зураач Ч.Алимаа өгүүлснийг дурдууштай.
Зохион байгуулагчид, шүүгчид уран зураг, өрөг урлаг, гэрэл зургийн гурван төрөлд тус бүр шилдгийг шалгарууллаа. Ингэхдээ тухайн ажлын гүйцэтгэл, зохиомж болон сэдэвтэйгээ уялдсан эсэхийг авч үзжээ.
Уран зургийн төрөлд Э.Хүслэнгийн “It doesn’t matter if you’re a flower (boy)”, гэрэл зургийн төрөлд Б.Алунгоогийн “Fall in love with my soul, not my body. My soul shall bloom for eternity…” тэргүүн байр эзэлсэн юм. Мөн шүүгчдийн зүгээс Х.Ариунзаяагийн “Би”, Б.Энхтуяагийн “Хайр гэдэг ойлголтод хил хязгаар тогтоох нь” гурван цувралд тусгай шагнал оноосон бол ЛГБТ Төвийн гүйцэтгэх багийн зүгээс шалгаруулсан тусгай шагналт бүтээлээр Л.Нямдорж (Nymka Lkh)-ын “Unbloomed Souls” тодорсон юм.