Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Тэд бидний тухай: Монголын сонгогчид Франц, Америкийн жишээг дагалаа

МАХН-ын С.Ганбаатар маш олон сонгогчдын саналыг авч чадсанаар ийнхүү дахин сонгууль явагдах боллоо.


Александр Братерский (Газета.Ру)
Гэрэл зургийг Rentsendorj Bazarsukh/Reuters

Монголд өнгөрсөн Даваа гарагт Ерөнхийлөгчийн сонгууль явагдсан ч эхний шатанд Төрийн тэргүүнээ сонгож чадсангүй. ЗХУ-ын тусламжтайгаар байгуулагдсан, Хятадын нөлөөнд байдаг харьцангуй ядуу орон ч Монгол улс ардчилсан системээр олон жил явж байгаа билээ.
Монголын Сонгуулийн ерөнхий хорооны урьдчилсан мэдээгээр Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч, дорнын бие хамгаалах урлагийн мастер асан, үл хөдлөх хөрөнгийн бизнесээр хөлжсөн Халтмаагийн Баттулга, МАН-ын нэр дэвшигч, УИХ-ын дарга Миегомбын Энхболд нар шалгаран үлджээ. М.Энхболд ч Монголын хамгийн баян, нөлөөтэй эрхмүүдийн нэг юм.

Х.Баттулга эхний шатанд сонгогчдын 40 хувийн санал авч, М.Энхболдоос 10 хувийн саналаар илүү гарсан байна. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө түүнтэй “Единая Россия” намын төлөөлөгчид уулзсан нь ОХУ хэнд нь “бооцоогоо” тавьсныг харуулж байж болох юм.
Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон гуравдахь нэр дэвшигч бол МАХН-ын Сайнхүүгийн Ганбаатар байлаа. Энэ эрхэм дээр дурдсан хоёр нэр дэвшигчийн саналыг хуваасан. Тэр маш олон сонгогчдын саналыг авч чадсанаар ийнхүү дахин сонгууль явагдах боллоо. 2009 оноос ажиллаж байгаа одоогийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж сонгуульд оролцоогүй. Учир нь Ерөнхийлөгч хууль ёсоор хоёр удаа л сонгогдох эрхтэй байдаг.

Монголчуудын сонгуульд хандах хандлага дэлхийн трендтэй ижилхэн байлаа. Залуучууд гурван нэр дэвшигчид бүгдэд нь итгэхгүй байна гээд сонгуульд оролцоогүй. Нэр дэвшигчид бүгд авлигын хэрэгт буруутгагдаж байсан тул зарим сонгогчид саналын хуудсаа бөглөлгүй эсэргүүцэл илэрхийлсэн.
Монгол судлаач, профессор Юрий Кручин удирддаг, орос хэл дээр гардаг “Монголия сегодня” цахим хуудсанд бичсэнээр сонгуулийн ирц Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд байгаагүй бага байсан гэнэ. Тус цахим хуудасны мэдээгээр сонгуульд 1.2 сая сонгогч оролцсон нь нийт сонгогчдын 60 хувь болж байна.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль авлига, хээл хахууль гаарч, амьдралын түвшин буурсны улмаас улс оронд бухимдал үүсэн, Монголын нийгэм хагаран бутарч байх үед явагдлаа. Саяхан Монголд очсон Оросын нэгэн албан тушаалтан бидэнд ярилцлага өгөхдөө “Энэ улсын хүн ардын тал хувь нь Улаанбаатарт, үлдсэн нь гэрт амьдардаг. Ер нь Монголд хуучин ЗХУ-аас үлдсэн юм байсаар байна” гэж хэлсэн.

Үнэхээр Монголд ЗХУ-тай холбоотой юм багагүй. ЗХУ Монголд төр засаг тогтоход туслан, газар нутгийг нь Хятадын эсрэг геополитикийн талбар болгон ашиглаж байлаа. Жишээ дурдахад Коммунист Монголыг олон жил удирдсан Юмжаагийн Цэдэнбал орос эхнэртэй байсан юм. Хэдийгээр хуучин ЗХУ-ын ул мөр харагдсаар байгаа ч Монголын улс төр ардчилсан системтэй. Ерөнхийлөгчийн сонгууль Монголд долоо дахь удаагаа явагдаж байгаа бөгөөд улс төрийн систем нь хангалттай тогтвортой. Цагтаа Монголд дангаар эрх барьж байсан МАХН одоо улс төрийн гурван том намын л нэг болжээ.
“The Washington Post” сонин “Монголыг либерал ардчилсан орон гэж нэрлэхэд хэцүү ч энд засгийн эрх дайн дажингүй, энх тайван замаар шилждэг нь олон улсын ажиглагчдаас өндөр үнэлгээ авдаг” гэж бичсэн байна. 2008 оны сонгуулийн дараа л ганц удаа мөргөлдөөн болж, найман хүн амь насаа алдаж байсан юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар хэн ч шинэ Ерөнхийлөгч болсон гэсэн түүнийг хүнд хэцүү ажил хүлээж байна. Улс орны эдийн засагтай холбоотой олон тулгамдсан асуудал бий. Монгол улс байгалийн баялаг ихтэй тул гадаадын хөрөнгө оруулагчид их сонирхдог. Үүний ачаар эдийн засгийн шинэчлэлийн эхэн үедээ эдийн засаг нь эрчтэй хөгжиж байлаа. Гэвч ашигт малтмалын үнэ буурснаар гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурч, ажилгүйдэл ихэссэн. Засгийн газраас тавдугаар сарын сүүлчээр ОУВС-гаас 5.5 тэрбум ам.долларын зээл авахыг хүссэн ч ОУВС-гаас зардлаа багасгаж, татварыг нэмэх шаардлага тавьсан. Энэ нь ард иргэдийн дургүйцлийг төрүүлсэн юм. Гэхдээ тавдугаар сард Сонгуулийн өмнө ОУВС-гаас авах зээл бүтсэн билээ.
Монголын нийгэмд өнөөдөр гадаадын компаниудын эсрэг ажилладаг хүчирхэг сөрөг хүч байна. Тэд гадаадын компаниудыг улс орны уламжлалт амьдралыг сүйтгэж байна гэж буруутгадаг. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард уул уурхайн салбарт ажилладаг гадаадын компаниудын эсрэг хөдөлгөөн өрнөж, байгалийн баялгийн экспортын 94 хувь нь гадаад аж ахуйн нэгжид оногдож байгааг эсэргүүцэж байв.

Монголын хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг нь Америкийн “Рио Тинто”. Энэ компани Монголын зэсийг боловсруулах олон тэрбум долларын гэрээ байгуулсан. Хуучин ЗХУ-ын үед байгуулсан хэлхээ холбоогоо ашиглан ажиллаж байгаа Оросын хөрөнгө оруулагчид Монголд бас бий. Гэхдээ манай хоёр орны хооронд том хөрөнгө оруулалтын төсөл тун бага байна. Одоогийн байдлаар хамгийн ашигтай байж болох хамтын ажиллагааны чиглэл бол цахилгаан эрчим хүч. “Россеть” компани саяхан эрчим хүчний транзит шугам барих төслийн талаар  Улаанбаатарт ярилцаад ирсэн. Хэрэв энэ төсөл хэрэгжих юм бол Оросын тусламжтайгаар барьсан энэ шугам Монголын захын аймгуудыг эрчим хүчний нэгдсэн системд нэгтгэж чадах юм.

Гэвч Монголын хамгийн том түнш бол Хятад. Улам л нөлөө нь нэмэгдээд байгаа Хятад орон Монгол дахь ОХУ-ын үйл ажиллагааны гол өрсөлдөгч юм. Монгол, ОХУ-ын хооронд хийгдэж байгаа бараа эргэлтийн хэмжээ буурсаар байгаа бол (өнгөрсөн жил 1 тэрбум доллараас бага байлаа) Монгол, Хятадын бараа эргэлт 2020 онд 10 тэрбум доллар болно.
Монголд үйл ажиллагаа явуулдаг Оросын нэгэн бизнесмен хэлэхдээ “Монголд биднийг түншийн хувьд үнэлдэг. Гэхдээ оруулж байгаа хөрөнгийн хэмжээгээр бид хятадуудтай өрсөлдөж чадахгүй” гэж ярьж байсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
49
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.