Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан: Годог хүлээсэн Монгол


 

Товлосон өдрөө Ерөнхийлөгч маань торохгүй тодорчихдог байсан “төрт ёсны” уламжлал улсын түүхэнд анх удаа зөрчигдсөнөөр монголчууд бид удаах санал асуулга болох долдугаар сарын 7 хүртэл эцэс төгсгөлгүй хүлээлтэд орлоо... Ингэхэд юуг, хэнийг хүлээж байгаа билээ? Ахин дахин ингэж асуухгүй л бол мартчихаад байгаа юм аа.

Монголчуудын ярианд “хүлээхийн жаргал” гэсэн хэлц бий. Хүлээх, итгэж найдах зүйлгүй бол угаасаа зовлонтой л доо. Нар халуунаар шатаж байгаагаас бороо орохыг хүлээгээд... Наадам дөхсөн болохоор дугуй хуушуураа ч хүлээж байх шиг. Нар буцах хуанли эргэчихсэн тул ээлжийн амралтаа бас хүлээх л юм. Юм хум харж байх нь ээ, хүмүүс Хятад орныг харцаараа сөхрүүлэх ширүүн дүрт хүлгэн их баатрыг, аль эсвэл аядуу зөөлнөөрөө уяхан замбутивийг аргандаа оруулах увдист нэгнийг хүлээж байна. За байз, ингэхэд бид юуг, хэнийг хүлээж байгаа билээ? Эрээ цээргүй хов жив, хэрүүл уруул, хар ухуулгын тоосонд хүлээж байгаа санал асуулгын өмнөх үйл явц маань эгээ л “Годог хүлээхүй” хэмээх эмгэнэлт инээдмийн жүжгийн зохиол болон хувирсаар байна.

Тийм, гол нь тав дахь шинэ Ерөнхийлөгчөөр хэн тодрохыг хүлээж байгаа шүү дээ. Ерөнхийлөгч... Ерөнхийлөгч.

Тэр ирнэ. Тэр ямар бурхан, эсвэл буг биш. Бид ямар хэрмэл тэнэмэл Эстрагон, Владимир нь ч биш. Тэгээд ч Сонгуулийн ерөнхий хороо Асашёорюүгийн шаардлагаар бодит Годо ирэх өдрийг албан ёсоор, хуулийн дагуу товлочихсон байхад тэр заавал ирэхдээ л ирнэ. Тиймээс гол нь юуг, хэнийг хүлээж байгаагаа л мартаж болохгүй. Ерөнхийлөгчөө сонгох гэж байгаа шүү дээ.

Хүлээлт бол хүний амьдралын бүх зүйл гэдгийг Нобелийн шагналт зохиолч Самуэль Бэкэт аль 1949 онд “Годог хүлээхүй”-гээрээ ёгтолж, хүн төрөлхтнийг сайхан дамшигласан. Тэр хоёр тэнэмэл байгаа байхгүй, ирэх ирэхгүй нь чөтгөр бүү мэд Годог хүлээснээрээ л алдаршсан болохоос биш цаг ямагт энэ хорвоогийн хаа сайгүй хүмүүс ямар нэгэн юмыг хүсэн хүлээж л байдаг жамтай. Хүлээх зүйл юу ч үгүй бол бидний хүлээж байгаа Ерөнхийлөгч ч утгагүй.

Тэгээд ч хүлээлгэгч хоёр этгээдийн хэн аль нь болзоот газраа ирэх гээд маш их хичээн өрсөлдөцгөөж байгаагаараа бидний хүлээлт сонгодог Годогоос өөр л дөө. Мөнөөх хүлгэн их баатрыг хүсэн хүлээгчид АН-аас нэр дэвшигч “Женко” Х.Баттулгыг дэмжиж байна. Харин нөгөө аядуу зөөлөн нэгнийг хүсэн хүлээгчид нь МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дэмжиж байгаа юм. Энэ хоёрын хэнийг ч биш, өрсөлдөөнд оролцоогүй өөр нэгнийг хүлээж буй хэсэг ч бий. Тэд цагаан цаасан дээр хүлээхийг хүсэж байгаа мөрөөдлийн нэгнийхээ дүр төрх, зан араншинг төсөөлөн хий үлээж сууна. Аль нь ч байж болох л хүлээлт. Гэхдээ Х.Баттулга хүлэг баатар биш, М.Энхболд ч үнэндээ нэг их яадгаа алдчихсан аядуу зөөлөн амьтан биш. Нэгийг нь Хятадыг айлгагч баатар, нөгөөг нь аргалагч шидтэн мэтээр хөөсрүүлэн “савандаж” буйд л хэргийн учир оршино.

Өөр өөрсдийн Годог хүлээж буй хүмүүс тус бүртээ тов тодорхой Годотой атлаа 70-аад жилийн өмнө ёгтолсон Самуэль Бэкэтийн нууцын ангал руу улам бүр живсээр л байна. Үүнээс болж энэ цагийн Монголд Төрийн тэргүүний сонгуулийн утга, зорилгыг мартагдтал нөхцөл байдлыг эмгэнэлт инээдэм болгон хувиргаж байна. Бидэнд өнөөдөр байгаа мэдээллүүдийг харвал, Монгол Улс ямар нэгэн гэмт хэрэгтэн, мафийн толгойлогч, хужаагийн эрлийз, монгол банхарыг хүлээж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль эхэндээ эмгэнэлт инээдмийн жүжиг биш байсан юм шүү. Гэхдээ өнөөгийн үйл явц, нөхцөл байдлыг харахад Самуэль Бэкэтийг ёгт санаа, нууцлаг өгүүлэмжээрээ “Годог хүлээхүй”-г бичтэл “зовоосон” сэдэл манай нийгэмд ил нүүрлээд байна. Монголчуудын хүлээж байгаа хүн, юм маш тодорхой атал Ерөнхийлөгчийн сонгууль гэхээсээ сонгогчдыг хагаралдуулах хэнээрхэл, өөрөөс нь өөр үзэл бодолтой л бол бүхнийг үзэн ядах элийрэл, нийгмийн тархийг угаах дэмийрэл рүү яг л Годог хүлээж байгаагийнхаа төлөө л үдшийг өнгөрөөн, өглөөг хүлээх хэрмэл хоёр лугаа хүлцэнгүй үнэнчээр юүлэгдэж орхилоо.

Монголчуудын хүлээгээд удсан бодит Годо яг хэн юм бэ? Ерөнхийлөгч шүү дээ. Тиймээс тайвшир. Ерөнхийлөгч болох хүнээс Монгол Улсын төрийг тэргүүлэх хүнд тавигддаг ур чадвар, мэргэжил боловсрол, хүмүүжил төлөвшил, туршлага, хэлхээ холбоо, чанар чансааг нь л харж сонгоцгооё. Бусад ёгтлол, дамшиглалаар хөөцөлдвөл байгаа байхгүй, ирэх ирэхгүй нь үл мэдэгдэх Годогоо л хүлээмой.  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
3
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
16
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.