Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан: Агуу рейтингтэй С.Ганбаатарт АН, МАН мэхийн ёсло


 

Ерөнхийлөгчийн сонгууль анх удаа хоёр шатаар явагдах гэж байгаа энэхүү түүхэн үйл явдал улстөрчдөд нэг л зүйлийг маш тодорхой ойлгуулж байна. Юу гэвэл, олон нийт улс төрийн намуудаас залхжээ. МАХН-ын хүчээр С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн нь үнэн боловч тэр МАХН-ын рейтингээр бус, зүгээр л хувь хүнийхээ хүчин зүйлээр “санаандгүй” торойв. Өөрөөр хэлбэл, МАН, АН-тай МАХН эн тэнцсэндээ биш, МАН, АН эсвэл хэн нэгэн хувь улстөрч гурав яг адилхан болчихож. Олон нийт ийм л дүн тавьсан байна.  

МАН, АН-ын нэр дэвшигчдийн хэн нь ч ялаг, Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулийн баатар нь нэгдүгээр шатанд 1800 гаруйхан саналаар бүдэрсэн С.Ганбаатар яах аргагүй мөн. УИХ-д суудалтай намууд өрсөлддөг эл сонгуульд ганцхан сарын өмнө МАХН-ын гишүүн болсон түүнд 409899 сонгогч саналаа өгсөн бөгөөд эдний дийлэнх нь сурталчилгааны 18 хоногийн дотор МАХН-ын гишүүн гэдгийг нь төдий л анзааралгүйгээр хувь улстөрчийнх нь хувьд л С.Ганбаатарыг дэмжсэн. 50 сая вонын асуудал С.Ганбаатарыг сонгох гэсэн хүмүүсийн санаа бодолд огтхон ч нөлөөлсөнгүй. Түүнд саналаа өгсөн сонгогчид нийт саналын 30.19 хувийг эзэлж байгаа нь МАН, АН-ын нэр дэвшигчдийн авсан саналын үзүүлэлттэй шүргэм ойр. (СЕХ Ерөнхийлөгчийн2017 оны ээлжит сонгуулийн анхан шатны санал хураалтад оролцож саналаа өгсөн нийт 1357788 сонгогчоос Ардчилсан Намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга 517478 санал буюу 38.11 хувь, Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд 411748 санал буюу 30.32 хувь, Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар 409899 санал буюу 30.19 хувийн санал авсан болохыг баталсан шийдвэр гаргасан).

Монголчууд улс төрийн нам гэдэгт МАН, АН гэсэн хоёр хүчнийг л ойлгодог түгээмэл хандлагатай бөгөөд энэ нь сонгуулиас сонгуульд улам бүр баталгаажсаар ирсэн дүгнэлт. Бүр нийлүүлээд МАНАН гэж шоолох нь ч бий. “Улс төрд голлох үүрэг гүйцэтгэж буй МАН, АН хоёрын нэр хүнд яагаад ингэтлээ унав” гэсэн асуулт ургаж байна. Улс төр судлаач, дэд профессор Ц.Мөнхцэцэгийн үзэж байгаагаар бол, энэ нь эдгээр нам улс төрийн хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй байгаатай холбоотой. “Ардчилсан нийгэмд улс төрийн бодлого боловсруулагч, улс төрийн боловсон хүчнийг шилж сонгон бэлддэг гол институт бол улс төрийн намууд байдаг. Мөн намууд иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих үүрэгтэй. Гэтэл манай намууд ийм байж чадахгүй байна.Тиймээс Монголын сонгогчдын улс төрийн намыг дэмжих байдал буурч, харин үүний оронд элдэв янзын уриа лоозон бүхий популистуудад татагдахад хүрч байна” гэж тэрбээр тайлбарлаж байна. Түүнийхээр бол, “Сүүлийн 20, 30 жилд дэлхийн улс төрийн намууд шинэчлэгдэж байна. Ардчилал хөгжсөн ихэнх улсад намуудын гишүүдийн тоо цөөрч, массын бус шинжтэй харьцангуй цомхон бүтэцтэй болж эхэллээ. Гишүүд дэмжигчдийн өргөн оролцооны оронд Think thank төвүүд, мэргэжлийн судлаач, мэргэжилтнүүдийн өндөр түвшинд боловсруулсан стратеги, хөтөлбөрүүдийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах болсон. Өөрөөр хэлбэл, намууд бодлогын нам болон хувьсаж байгаа юм. Гэтэл манай намуудын хувьд өмнөх тогтолцооноос уламжлагдсан удирдлага зохион байгуулалтын шаталсан нүсэр бүтэцтэй, олон гишүүнтэй харагдахыг эрмэлздэг хэвээрээ. Иргэд улс төрийн намуудад үзэл баримтлалыг нь дэмжиж элсэх бус, ашиг хонжоо харж гишүүнээр элсэх явдал газар авсан учраас намууд бүтцийн хувьд шинэчлэгдэж бодлогын нам болох ёстой. Сонгуулийн сурталчилгаа нь бодлогын өрсөлдөөн болох ёстой” аж.

С.Ганбаатар популист үзэл баримтлалын томоохон төлөөлөгч тулдаа л Монгол дахь улс төрийн намуудын нэр хүнд навс унасныг өөрийнхөө рейтингээр бодитой харуулаад одсоны учир түүнд МАН, АН адилхан баярлаж, цаашдын хувь тавилангаа тодорхойлох зайлшгүй шаардлага ургаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны дүн гарсны дараа МАН, АН-ын аль ялагдсан тал хариуцлагын талаар нухацтай хэлэлцуж, тэндээс улс төрийн намын томоохон шинэчлэл эхэлнэ гэж найдна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
22
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.