Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Дахин төрөлт: Урлагаас илааршлийг олох нь

Уран бүтээлч Жалхаажавын Мөнхцэцэгийн бүтээлүүд эмэгтэй хүн байх, домог хийгээд дом, илааршихуй, дахин төрөлтийн тухай эргэцүүлэлд хөтөлнө.




Зураач Ж.Мөнхцэцэгийг анзаарахгүй өнгөрөх аргагүй. Тэр тийм ч өндөр биш. Этгээд содон хувцаслалтын тухай яриа ч түүнээс хол. Харин урт үс, аятай төлөв, намба төв байдал нь урлагийн хүрээний хамгийн танигдсан төрхийн нэг билээ. Угаас бүтээлүүдийг нь  үзсэн хүн бүтээлчийг нь түвэггүй таньж чадна. Түүний нэрийн хуудас болох аргаль угалзийн эвэрийг санагдуулам эхнэр үс, сул тавьсан эсвэл сүлжмэл үстэй бүсгүйчүүд үнэндээ өөрийн нь хөргүүд ч байж болох юм.



“Би хүүхэд байхаасаа л урт үстэй хүүхнүүд зурдаг байв. Уран бүтээлдээ тавьсан анхны цэг маань үснээс эхэлсэн ч байж мэднэ. Том болсон хойноо үсийг илүү ухамсартайгаар хүлээн авч, дүрсэлсэн нь илэрхий. Үсийг хэрхэн өөрийн бүтээлдээ биежүүлэн буулгаж, зураг болгохоо далайн хясааны гадаргуу дээрх товгор гүвгэр зурааснаас анх олж харсан. Мөн тэдгээр зураас чимээгүй бөгөөд алгуурхан нүүж буй бидэртсэн элсэн манханыг санагдуулдаг. Энэ санаа маань их үстэй, хүчтэй монгол эмэгтэйг дүрсэлсэн томоохон хэмжээний зураг туурвих олон сэдлийг төрүүлсэн юм” хэмээн зураач тайлбарлаж байна. Жаахан охин бодож төлөвлөсний үндсэн дээр үсийг сонгон авч зураагүй нь мэдээж хэрэг. Тэгвэл Ж.Мөнхцэцэг үүнийг хувь заяа, совин билэгээс үүдсэн гэдэгт итгэдэг.



Олимпийн гудамжин дахь Шангрила төвд шинээр нээгээд буй Тооно галерей түүний шинэ үзэсгэлэн “Илааршил”-ийг толилуулж байна. Энэ сарын 8 буюу бямба гараг хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд уран зураг, зөөлөн, хатуу баримлын төрлийн 30 гаруй бүтээлийг дэлгэжээ. “Түүний бүтээлүүдээс өнөөдрийн бидний өөрийгөө хайх, өөрийгөө бүтээх гэсэн хором бүрийн эрмэлзлийг “бүрэн бүтэн болох” гэсэн санаагаар дамжуулж буйг харж болно. Мөнхцэцэг эх хүн үрээ хайрлахын төлөө биеэ хэрхэн тэлж чаддаг, биеэ хэрхэн хувиргаж чаддаг болохыг харуулдаг. Энэ хэрээрээ эмэгтэй хүн амьдралд илүү уяатай байж, тэнцвэрийг авчирч, амьдралыг илааршуулж байдаг мэт” хэмээн Тооно галерейн захирал И.Болдцэцэг өгүүллээ.



Монголын Дүрслэх урлагийн коллеж, Беларусийн Минск дэх Дүрслэх урлагийн академид боловсрол эзэмшсэн тэрбээр анхны үзэсгэлэнгээ яг 20 гаруй өмнө Урчуудын эвлэлийн хороонд дэлгэж байв. Тэр цагаас түүнийг үзэгчид урт үст эмэгтэйчүүдээр нь таних болсон болов уу. Энэ тухай урлаг судлаач Н.Оргилболд “1994 онд бүтээсэн “Бүсгүй” хэмээх бүтээл дээр буусан зүрхний бичлэг адил хөнгөн зураасууд нь өөрийн эрхгүй бүсгүй хүний сэтгэлийн бичлэг мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Тэрхүү зураасууд нь ус мэт долгиолох ба долгион бүр нь өөр. Зураас бүрийг тайлж уншихыг хичээн бодлогшрон харах мөчид л тэр эмэгтэйн нууц аажим аажмаар дэлгэгдэх мэт сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлдэг нь гайхамшигтай. Эхнэр үстэй зураасаар дундуураа хуваагдсан түүний дүрүүд үргэлж хоёр ертөнцийн хооронд орших бөгөөд бясалгасан дүрийг илэрхийлж байдаг. Тухайлбал “Төвлөрөл” дээр дундуураа зураасаар заагдсан зураачийн “улаан өнгийн” дүр бичигдсэн байдаг. Эхнэр үснийх нь нэг тал нь замбараатай самнасан байх боловч нөгөө талын үс нь задгай намирч буй сэтгэгдлийг үзэгчдэд үлдээдэг. Ийм маягаар хоёр ертөнцийг зөвхөн зураасаар хоорондоо зааглаад зогсохгүй үсний засалтаар хүртэл хоорондын ялгаа нь тодрон гарч ирэхийг олж харна. Үс бол хүний “үргэлжлэл” байдаг. Биеийн нэгээхэн хэсгээсээ салах эмэгтэйн дүр нь зураач өөрөө байдаг. Түүний бүтээлүүд бүтээгчийнхээ дүр, амьдрал, сэтгэл, шаналал, гуниг, бясалгал бодролыг харуулдаг. Гэвч энэ бүхний цаана монгол бүсгүйн ухаалаг, хүчтэй, энергетик дүр төрх гэрэлтэх нь сонирхолтой” хэмээн “Толинд тусах тэр гоо дүрийг мөнхийн оньсого гэдэг” нийтлэлдээ бичсэн нь бий.



Хэдийгээр үс түүний ажлуудын салшгүй чухал хэсэг боловч гол суурь нь домог, хууч яриа, ардын уламжлалт анагаах ухаан байдаг. Тэрбээр багадаа бие султай хүүхэд байсан учраас аав ээж нь бариач, домчид нууцаар үзүүлж байсан нь тод дурсамжуудыг бүтээжээ. Эмээгийн нь ярьж асан үлгэр домог, эрт дээр үеийн явдал Ж.Мөнхцэцэгийн бүтээлд тусгалаа олох нь ч бий. “Би 2005 оны үеэс ардын уламжлалт анагаах ухааныг сонирхож, ном сударт шимтэж эхэлсэн. Тэр дундаа “Анагаах ухааны дөрвөн үндэс” ном гарын авлага маань гэж хэлж болно. Харин үүнээс өмнө үс, хүний биеийн эд эрхтэн зурж эхэлсэн нь бэлтгэлээ хийж байсан мэт санагддаг юм. Ингэж бүтээлүүд маань оюун санаа, сүнстэй болсон шиг”.



Ж.Мөнхцэцэгийн ажлууд дахь эмэгтэйчүүд голдуу нүцгэн дүрслэгддэг. Гэсэн ч тэдгээрт эмэгтэй хүний биеийн гоо сайхныг харуулах гэсэн оролдлого, бэлгэст  анхаарал хандуулсан янз огт үгүй. Түүнчлэн зургуудаас нь цоо ширтэх, гунигтай эсвэл бодлогошронгуй харцыг та олж харахгүй. Учир нь тэдгээр эмэгтэй дотогш харж байгаа учраас нааш чиглэх харцыг нь дүрслэх аргагүй юм. Баатруудынхаа нүдийг цэгэн толбоор дүүргэдэг нь ийм учиртай. Энэ хоёр үүднээс харвал Ж.Мөнхцэцэгийн бүтээлүүд дэх дүрүүдийн эд эрхтэн магад бодит ертөнцийн махан бие бус, харин мэдрэмж, зөн совин, өөр оршихуйд орших биднийг төлөөлөх оюун санааны бие байж болох юм. Ардын анагаах ухааны дом, гүн ухаанд түшиглэсэн ажлуудыг эмчилгээний нь үүднээс тайлбарлах боломжтой. Хонь, ямааны ноос ашиглан хүүхдийн хүйс солих домогт түшиглэн хийсэн зөөлөн баримал ч түүний урланд бий. Ерөөс түүний бүтээлүүд илааршилтай ийн холбогддог бөгөөд туурвих үйл явц нь бүтээгчийгээ, харин гүйцэт төгссөн хойноо үзэгч, хүртэгчийн оюун санаа, мэдрэхгүйг илааршуулдаг мэт мэдрэмж төрнө.



Хэдийгээр зураач ардын уламжлалт анагаах ухаанд түшиглэсэн бүтээлүүд туурвидаг ч ёс заншил, дом бүрийг тэгтлээ дагадаггүй. Тэдгээрийг ёсчлон биелүүлэхээс илүүтэй урлагаар хүргэж буй гүүр нь болж буй гэлтэй. Ингэхдээ биеэр үйлдэх зан үйлд бус, агуулж буй гүн утга санаанд нь шүтсэнээр итгэл үнэмшилийг дамжуулж бас бүтээсэн хэрэг мэт. Нөгөө талаас Ж.Мөнхцэцэгийн бүтээлүүдийг судлаачид социалист нийгмийн дараах Монголын нийгмийн эмэгтэй хүний дүр, төлөвшилтэй хамааруулан үздэг.



“Хаалттай нийгмийн дараа монголчуудын өөрсдийгөө хэн гэдгийг таних гэсэн ородлого, хандлагууд бөө мөргөлийн шашны тэсрэлт, үндэсний баатруудыг төрүүлсэн. Харин Ж.Мөнхцэцэгийн хувьд энэ асуулт  өөр лүү нь буюу эмэгтэй хүний бие рүү хөтөлжээ. Социалист нийгэм задран унасны дараах бужигнаант үе түүний эмэгтэй хүн, эх хүний нь хувьд тохиосон бие, сэтгэлзүйн асуудлуудтай давхацдаг.  Энэ бүхнийг бүтээлээрээ давж туулах гэсэн дотогш чиглэсэн оролдлого нь нэг талаар зугталт, нөгөө талаар шинэ нээлт болж чадсан” тухай Калифорнийн их сургуулийн профессор, урлаг судлаач Ц.Уранчимэг бичсэн юм.



Тэгвэл Английн урлаг судлаач, “Asian Art News” сэтгүүлийн эрхлэгч Иан Финдлей “Мөнхцэцэгийн эмэгтэйчүүдийн хөргүүд зөөлөн, хээнцэр эсвэл эмзэгийн аль нь ч биш. Харин тэдний хүчтэйг харуулах тод өнгө, гүн бүтцээс хөргүүд амилсан шинжтэй. Тэрбээр өөрийн орны зан үйл соёлын тухай хүүрнэдэг ч үүний цаадах эмэгтэй хүнийн оршихуйн тухай ч өгүүлж чаддаг” хэмээсэн нь бий.



Зураач Ж.Мөнхцэцэг Азийн урлагийн тус сэтгүүлд “Жил ирэх бүр би сая нэг уран бүтээлч болж буйгаа мэдэрдэг. Гэсэн ч миний дотор ямар нэгэн зүйл үгүйлэгдсээр байгааг ч мэдэрдэг” хэмээн өгүүлжээ. Ийн яриснаас зургаан жилийн дараа тэр ярьж байна. “Миний дотоод тал, мэдрэмжүүд бүтээлд маань чухал байр суурь эзэлнэ. Доторхоо ухаад л байвал юу гарч ирэхийг би ч өөрөө мэдэхгүй шүү дээ”.



Түүний сүүлийн үеийн ажлуудад эмэгтэй хүн, оюун санаа, сэтгэлийн эрчимийг бэлгэдэх үснээс гадна амьтан, шувууд олонтаа дүрслэгджээ. “Ард түмэн бүхний соёлд шувуу ямар нэгэн зүйлийг бэлгэддэг. Манайд гэхэд шувууг хэл мэдээ авчирна гэдэг. Бас сүнсний шилжилтийг илэрхийлэх нь ч бий. Уламжлалт анагаахын чухал хэсэг болох судас барих ухаанд судасны лугшилт цохилтыг шувууны хэлээр төлөөлүүлдэг нь сонирхолтой, сайхан санагддаг юм. Энэ хүний судас намрын богширго шиг жиргэж байна гэх мэт хэлдэг. Би тэр дүрслэл, илэрхийлийг хэрэглэсэн нь энэ. Шувуу хүн, бусад амьтныг бодвол нисдэг нь өөр зүйл, оршихуй руу шууд нэвтрэн орохыг бэлгэддэг мэт” хэмээн Ж.Мөнхцэцэг тайлбарлан ярьсан юм.



 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
33
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.