Хайх зүйлээ бичнэ үү

мин

МОНГОЛ: ХҮЛЭЭЛТ ба БОДИТ БАЙДАЛ-ын тухай таны мэдэх учиртай бүхэн

Дэлхий дараа үеийн удирдагчдыг эгнээндээ нэгтгэж, хүрээгээ эрчимтэй тэлж буй "Stars" байгууллагын энэ оны танилцах аялал “Монгол: Хүлээлт ба бодит байдал” сэдвийн хүрээнд үргэлжилж байна.


Швейцарьт үндэслэсэн “Stars” олон улсын сүлжээний гишүүд долдугаар сарын 2-6-ны хооронд Монголтой танилцах аялал хийж байна. Дэлхий дараа үеийн удирдагчдыг эгнээндээ нэгтгэж, хүрээгээ эрчимтэй тэлж буй уг байгууллагын энэ удаагийн танилцах аялал “Монгол: Хүлээлт ба бодит байдал” сэдвийн хүрээнд явагдаж буй.



Хэрэн тэлж буй өргөн сүлжээ


Швейцарьт 2008 онд байгуулагдсан уг байгууллага есөн оронд салбартай болж, өдгөө 100 гаруй орны 1700 гишүүнтэй болсон бөгөөд жил бүр дунджаар 250 гишүүн нэмэгддэг. Бизнес, шинжлэх ухаан, улс төр, урлаг соёл, иргэнийн нийгмийн залуу манлайлагчдаас бүрддэг уг сүлжээний гишүүдийн дундаж нас 35-45 юм. Голдуу гүйцэтгэх удирдлагад хүрэхээс өмнөх шатны мэргэжилтнүүд, залуу манлайлагчдыг элсүүлж, илүү сайн, илүү хариуцлагатай удирдагч болж төлөвшихөд нь бэлтгэх, хооронд нь танилцуулах, эдийн засаг болон нийгмийн үр ашигтай, эерэг хамтын ажиллагааг эхлүүлэхэд хөтлөх зорилготой.



Монголтой танилцах аялал

Энэ удаагийн танилцах аяллын хүрээнд Монголын нийгэм, улс төр, бизнесийн орчинтой танилцах, Засгийн газрын гишүүд болон гадаад, дотоодын компаниудын гүйцэтгэх түвшний удирдагчидтай биечлэн уулзаж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Өөрөөр хэлбэл Монголд хөрөнгө оруулалт хийх, хамтарч түншлэх боломжуудыг эрэлхийлж буй юм. Үүнээс гадна гишүүд энэ сарын 5-ны лхагва гарагт Stars Mongolia Chapter буюу Монгол дахь албан ёсны салбарын нээлтийн ажиллагаанд оролцох аж. Одоогоор Монголоос 10 гишүүн элссэн бөгөөд салбарын ерөнхийлөгчөөр Ч.Энхзаяа ажиллах юм байна.

Чухал зочид

“Монгол: Хүлээлт ба бодит байдал”-ын хэлэлцүүлгийн зочид, илтгэгчид дотоод, гадаадын нөлөө бүхий судлаачид, шинжээчид, улс төр, бизнесийн төлөөллүүдээс бүрдэж байна. Уулзалтанд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн Л.Болд, Зориг сангийн тэргүүн С.Оюун, Ли Куан Югийн Нэрэмжит Сингапурын Үндэсний Их Сургуулийн профессор Лим Сион Гуан, Датакомыг үндэслэгч, Нээлттэй мэдлэг боловсролын сангийн ТУЗ-ийн дарга Д.Энхбат, Америкийн Монгол судлалын төвийн Монгол дахь салбарын захирал Марк А.Тассэ, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дэд захирал К.Энхчулуун, Түшиг группын ерөнхий захирал Г.Баттүшиг,  Профессор Жак Уэтерфорд, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд захирал Ө.Азжаргал тэргүүт төлөөлөгч оролцож буй.

Хүлээлт ба бодит байдал: Хятад ба Монгол



Монголын үүх түүх, өнөөгийн байдал, хэтийн төлөв, зорилгын талаар салбар салбарын төлөөлөгчид “Stars”-ынханд танилцуулсан. Түүнчлэн тэд эдгээр өдрүүдэд Монголд бизнес эрхлэхийн давуу ба бэрхшээлтэй талууд хийгээд хөрөнгө оруулах боломжууд, нийгмийн үр ашигтай төслүүдийг хэрэгжүүлэх арга замуудын тухай ойлголт авч, судалж байна. Тэр дундаа сайд Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн Л.Болд нарын оролцсон хэлэлцүүлэг гишүүдийн анхаарлыг ихээр татаж байв. Оролцогчид Монголын хоёр хөрштэйгөө харилцах харилцааны талаар голлон асууж, цаашдын хамтын ажиллагаа, урд хөршийн талаарх олон нийтийн дундах сөрөг хандлагыг хэрхэх тухай илүүтэй сонирхох аж.

“Терроризмоос үүдэлтэй хямралууд нүүрлэсэн өнөө цагт Монгол орон маш ашигтай, сайн байрлалд байгаа. Бидэнд шинэ боломжууд нээгдсээр байна. Хоёр том гүрний дунд хавчуулагдсан байрлалтай учраас үүнийг ашигтай тал руу эргүүлж, эдийн засгийн коридор болж, Швейцарь шиг хөгжих зам бий” хэмээн Л.Болд хэлэв.

Харин Ц.Мөнх-Оргил “Ний нуугүй хэлэхэд, ойрын 20, 30 жилийн дотор эдийн засгийн төв болох боломж манайд үгүй. Харин бидний хамгийн гол түшиглэх, цааш хөгжүүлэх учиртай ирээдүйтэй салбарууд бол уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал. Энэ тал дээр бид идэвхийлэн ажиллаж байна” гэсэн юм.



Тэгвэл хуучин хийгээд шинэ сайдын аль аль нь Монголын хамгийн гол түнш нь Хятад улс гэдэгтэй санал нэгдэв. Монгол, Хятад хоёр улсын хоорондох хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэх тал дээр юу хийх хэрэгтэй тухайд Л.Болд, “Үүнд цаг хугацаа хэрэгтэй. Жижиг алхмууд, зохицуулалтууд, ойлголцол шаардагдана. Гэхдээ та бүхэн хоёр улсын харилцаа, худалдаа, түншлэл 20 жилийн өмнө ямар байсантай харьцуулахад өнөөдөр хамаагүй дээрдэж, аажмаар дээшилсээр байна” гэв.

“Монгол: Хүлээлт ба бодит байдал” танилцах аялал, хэлэлцүүлэг үргэлжилсээр буй бөгөөд энэ пүрэв гарагт өндөрлөнө.




 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
5 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
7 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
3
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.