Хайх зүйлээ бичнэ үү

Монголын цахим спортын "Mongolz" багийн ахлагч Лхагвын "Machinegun" Энхтайвантай уулзаж ярилцлаа.

Монголын цахим спортын хамгийн том төлөөлөл бол "Монголз" баг билээ. Бид энэ удаагийн ярилцлагын буланд Монголз багийн ахлагч Лхагвын Энхтайвантай уулзаж ярилцсан юм. Түүнийг “Machinegun” нэрээр хүмүүс сайн мэдэх билээ. Тэрээр 2003 оноос "Counter Strike" тоглож эхэлсэн бөгөөд цахим спортоор хичээллэж эхэлсэн цагаасаа чамгүй амжилт үзүүлээд байгаа юм. Түүний мэргэн онио, "солиотой" гэмээр тоглолтууд фенүүдээ үргэлж сандлаас нь босгом байсаар ирсэн билээ. Мөн тэр Европын алдарт цахим спортын байгууллага "Splyce"-ийн CSGO багт өнгөрсөн жил хүчин зүтгээд оны сүүлээр багтаа эргэн ирсэн юм.

-Анх компьютер тоглоомтой яаж танилцаж байсан бэ ?

-Би багадаа ээжтэйгээ хамт дүүгийнд нь очсон юм. Тэр үед би PC гэж мэддэг ч үгүй байлаа. Тэдний гэрийн хажууд нэг PC байсан. Ээжээс 300 төгрөг аваад тэр PC лүү ороод 200 төгрөгөөр 40 минут аваад тоглож байсан санагдана. Тэр үед "W,A,S,D" гэдэг үсэгнүүдийг ашиглаж тоглож болдгийг мэддэггүй учраас баруун талд байдаг заадаг сумаараа л тоглож өссөндөө. Өөрийн үеийн хүүхдүүдтэй нийлээд "cs_assault" гэдэг "map" дээр л бөөнөөрөө барьцааны хүнээ авраад, хөөцөлдөөд л тоглодог байждээ. 

-Саяхан Азийн аваргад оролцсон. Энэ талаар яриач?

-Бидний хувьд бэлтгэл тааруу байсан. Би Америк явахаасаа өмнө багийн ахлагч байсан. Эргэн ирээд шууд багийн ахлагч болно гэдэг боломжгүй байсан. Тоглодог хүмүүс мэдэх байх. Тоглоомонд явалтууд гэж бий. Бид стандарт явалтаараа сайн тактик хэрэгжүүлж чадаагүй. Стандарт явалтууд дээрээсээ бид өөрсдөдөө боломж гаргаж чадаагүй. Хэдэн раунд дараалж алдсаны дараа хүний сэтгэл зүйд их нөлөөлдөг. Раунд алдан сэтгэл санаагаар унаад сэхэхгүй байсаар байгаад л хожигдсондоо. Иймэрхүү үе зөндөө л таарна. Юм нэгээр дуусахгүй. Одоо монголын Коунтерын хувьд би хамгийн хөгшиндөө тооцогдох байх. Хэдийгээр хөгшин ч гэсэн надад зүтгээд цаашаагаа явах хоёр, гурван жил бий. Тэр үлдсэн хэдэн жилдээ багтааж чадах чинээгээрээ зүтгээд бүхий л бололцоогоо ашиглая л гэж бодож байна. Хүн мэдээж хожиж, хожигдоно. Хамгийн гол нь тэрэн дээрээ ухаарч чадахгүй бол тоглоод ч хэрэг байхгүй. Бид ч гаргасан алдаануудаа эргэцүүлж бодож байгаа.

-Таны хувьд мэргэжлийн тоглогч байхын хамгийн гайхалтай болон хэцүү зүйл юу вэ ?

-Мэргэжлийн тоглогч гэдэг үүднээс ялахын төлөө тоглоцгоох нь мэдээж. Бусад "Про" багуудтай нүүр тулах нь ч ойлгомжтой. Үнэхээр дийлэхгүй байх үе байна. Тэр үед л би их гутардаг. "Яагаад чадахгүй байна вэ?" гэх мэт сэтгэл гутрал цөөнгүй. Хожигдлын дараах мэдрэмж хамгийн хэцүү байдаг.  Гоё зүйл нь гэвэл миний тоглож буй CS:GO төрлөөр олон залуус тоглодог шүү дээ. Тэд нар намайг хараад намайг хүндлээд, сайшаагаад, урам өгөх нь надад сайхан байдаг. Надад урам өгдөг зөндөө хүн байгаа. Урам хугалдаг зөндөө ч хүн байгаа. Монголчуудын муухай зан байдаг. Нэг нь жоохон дээшээ гарах гэнгүүт доошоо татчих гээд байдаг. "Про" тоглогч гээд тэгтлээ өөрөөрөө бахархсан зүйл надад байхгүй ээ. Би зүгээр хийдгээ л хийж байгаа шүү дээ. Надад энэ улсад зодог тайлахаасаа өмнө юм үлдээж, цаашдаа Монголын цахим спортыг авч явах шинэ залуусыг бэлдэх зорилго бий. Бид нар улсын нэрийг мандууллаа гээд улсаас юм авахгүй. Гэхдээ хамаагүй ээ. Нийгэм нь л угийн ийм.



-Хамгийн анх компьютерийн мэргэжлийн тоглогч болно гэх үед гэр бүлийнхэн чинь ямар байр суурьтай байсан бэ?

-Би 10 жилдээ анх нууцаар л тоглодог байсан. Ар гэрийнхэн маань PC тоглоомонд дургүй байлаа. Нэг өдөр суугаад ээжтэйгээ ний нуугүй ярилцаж үзлээ. "Энэ миний миний ирээдүйг шийдэх гээд байна. Та намайг ойлгоод, хүлээн зөвшөөрөөч" гээд л ярьж байсан санагдаж байна. Тэр үед ээж минь хүний эх л хүн юм чинь ойлгоод, тэрэндээ өдий зэрэгтэй явж байна гэж боддог. Багаараа ялж, ялагдах үед ээж минь л цуг ялж, ялагдаад л явж байдаг байсан. Одоо ч дэмжсээр л байгаа.

-Азийн аварга болчихоод ирэхэд гэрийнхэн тань яаж хүлээж авсан бэ?

-Надад ах, ээж хоёр минь л бий. Түрүү жил цагаан сарын үеэр хотод буугаад Эрдэнэтэд ээж дээрээ очих үед ээж минь намайг хараад уйлж байсан. Нэгдүгээрт, би ээжтэйгээ уулзаагүй тав зургаан сар болчихсон. Хоёрдугаарт, амжилт гаргаад ирж байсан. Ээж минь ингээд хүүгээ санасны нулимс, бахархлын нулимс унагасан. Омогшдог юм байна билээ. Яг аварга болж байх үед ээж минь мэдээгүй байсан. Мэдэх боломжгүй байсан ч гэж хэлж болно. Ээжийн минь насны хүн интернет хэрэглээд байдаггүй шүү дээ. Манай бэр эгчийн талын дүү нар хэлсэн юм шиг байна лээ. Ээж минь гайхаад хүү минь тийм мундаг амжилттай явж байгаа юм уу гээд гайхсан гэсэн. Тэгээд л интернетээр ороод харсан юм байна лээ. Энэ завшааныг ашиглаад ээждээ баярлалаа гэж хэлье.

-IEM Katowice 2016-д дэлхийн шилдгүүдтэй нүүр тулсан. Сэтгэгдэл ямар байсан бэ?

-Тоглогч болгоны л мөрөөдөл шүү дээ. Учир нь бид нар "Counter Strike 1.6" тоглодог байхдаа тэр хүмүүсийн нэрийг бичиж тоглодог байлаа. Уулзаад, тоглоод, гар бариад, зураг даруулаад хүндэлж, биширдэг хүмүүстэйгээ нэг хэмжээнд очих тэр үеийн мэдрэмж хамгийн "аймаар".  Бараг л шар үс боссон. CSGO-с миний хамгийн дуртай тоглогч гэвэл "flusha", "kennyS" хоёр байна. Би гадаа өөрийн биеэр kennyS-тэй англиар яриад, инээлдээд flusha-тай зурагаа даруулаад байж байна гэдэг хамгийн сайхан мэдрэмж! Катовицед онгоцны буудлаасаа буудалруугаа очоод үүдэн дээр нь FalleN, f0rest, GeT_RiGhT гэх мэт тоглогчидтой таараад, тэд нар бидэнтэй мэндлээд, бид ч хариу мэндлээд. Үнэхээр гайхалтай!

-Мэргэжлийн тоглогчийн замнал дахь хамгийн тод дурсамж юу вэ ?

-IEM Taipei-д ялаад цом өргөж байх мөч. Цомоо өргөөд, багийнхан руугаа харж байх үед адреналин дээд хэмжээнд ялгарч байсан. Хамаг бие салгалаад, өөрөө тэрнээсээ кайф аваад, бараг л уйлчих гээд байсан. Тухайн үед хүн бүр биднийг шууд л хожигдоно гэж таамаглаж, нэг их зүйл хүлээхгүй байсан. Хүмүүс тийм юм яриад, бодоод байж байхад ялах тэнхээтэй байсан. Энүүгээрээ бид өөрсдийгөө сайн харуулсан гэж боддог. Аваргын төлөө тоглох эрхийн төлөө тоглолтод эхний тоглолтод хожигдсон. Тоглолтын завсарлагаанаар багийнхандаа би " За манайхаан үлдсэн хоёр тоглолтон дээрээ хожоод аваргын төлөө гарч ирээд аварга болцгооё" гэж ярьснаа санаж байна. Урам зориг өгсний дараа багийнхан минь "За одоо ороод монголчуудын сүр хүчийг үзүүлээд өгье!" гэж орилоод л орсондоо. 



-Хэр их бэлтгэл хийдэг вэ ?

-Би өмнө нь их тоглодог байсан. Вьетнамд байхад өдөрт 10 цаг тоглодог байлаа. Одоо найз охинтой болсон. Миний бэлтгэл ч багассан. Мэдээж найз охин, хайртай хүндээ цаг заваа зарцуулна шүү дээ. Одоо би өдөрт ойролцоогоор зургаан цаг бэлтгэл хийж байгаа. Найз охин маань ч намайг ойлгодог. Өдөр бүрийн тэр зургаан цагийг л үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг дээ.

-Бэлтгэл хийж, тоглоом тоглохгүй үедээ юу хийж цагаа өнгөрөөдөг вэ ?

-Гэр бүл, найз нөхөдтэйгөө л цагийг өнгөрөөнө. Болж өгвөл ийш тийшээ зугаална. Залуу хүмүүс юм байна хаяадаа шөнө орой гарч, орно. Эсвэл Эрдэнэтэд байгаа ээж рүүгээ л явна. Ээж дээрээ долоо хоног, сар ч болох үе бий.  Болж өгвөл дотны хүмүүстэйгээ л байх дуртай. Бэлтгэлийн байранд ч мэдээж тоглохгүй, бэлтгэл хийхгүй үе гарч ирнэ. Энэ үед бид нар байр цэвэрлэх хүнээ хөзөрдөж сонгодог юм.

-Хэрвээ та мэргэжлийн тоглогч болоогүй бол юу хийж байх байсан бол?

-Энэ талаар бодож байгаагүй юм байна. Гадагшаагаа явсан байж магадгүй биз. Эсвэл найз нөхөдтэйгөө нийлээд бизнес эхлүүлчихсэн ч байж мэдэх юм. Би оюутан байсан шүү дээ. Гэхдээ тоглоомноосоо болоод төгсөж чадаагүй. Гэхдээ би тоглогчийн замналаа дууссаны дараа сургуулиа заавал төгсье гэж бодож байгаа. Хүнд боловсрол илүүдэхгүй.

-Цахим спортын талбар дээр танай багийн хамгийн том зорилго, мөрөөдөл юу вэ?

-Бид шууд Major-т түрүүлнэ гэж худлаа амлаж чадахгүй ээ. Гэхдээ хичээнэ. Хамгийн ойрын зорилго гэвэл "Монголз" багийн стикер. Тоглодог хүмүүс мэднэ дээ. Тоглоомон дотор буун дээр наадаг стикер. Тоглож байх явцад буугаа харахад, миний гарын үсэг, багийн минь лого байж байвал тэр л хамгийн гайхалтай. Энэ зорилгынхоо төлөө явнаа. Ойрхон байгаа. Бид нарт бэлтгэл, хувийн ур чадварууддаа анхаарах зүйл байгаа. Гэхдээ болно доо.        



-Дэмжигчиддээ хандаж хэлэх зүйл байна уу ?

-Үнэхээр сайхан дэмжигч зөндөө бий. Хамт тоглож өссөн найзуудаас эхлээд олон талын хүрээлэл  бий. Тоглогчийн замнал маань дуусан дуустал дэмжээсэй л гэж хүсэж байна. Манайхан дэмжихгүй байлаа гэхэд муулаад байдаг. Монголоо төлөөлж байгаа ганц баг шүү дээ. Гаднынхантай өрсөлдчих гэж үзээд бор зүрхээрээ л явж байна. Хүмүүс бидний дотор орж үзээгүй. Ямар зовлон, шаналал байдгийг мэдэхгүй. Тэрийг мэдэхгүй хэрнээ муулаад байдагт нь заримдаа дургүй хүрдэг. Тиймээс болж өгвөл тэднийг анзаарахгүй байхыг хичээдэг.  Мөн CSGO төрлөөр хичээллэж буй залуустаа хандаж хэлэхэд, муулах тусам асах ёстой шүү! 

                                                                                                                      Ярилцсан А.Эрдэнэбаатар


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

fellow boomer 2021.12.01 192.82.66.25

nice one :p

0 Хариулах