Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан: Өдөр болгон сонгууль болдог болоосой

Аргаа барж батлуулсан ОУВС-гийн урт хугацаат санхүүжилтийн хөтөлбөрийнхөө BYE PARTY-г дэнж хотойтол хийх нь. Ингэхэд үдэшлэгийн маань таксыг дээлтэй Ганбаа төлөх юм биш биз.


Дахин санал хураалтын тов өдөр өдрөөр наашилж, хэзээ мөдгүй дахин санал хураах нь. Санал хураалт нь нахиж буй энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль, түүнийг тодруулахаас өмнө өрнөдөг кампанит ажил өдөр бүр болдог болоосой. 

Юуны урьд монголчуудыг бүгдийг эрхлүүлж, бөөцийлсөн, бидэнд “ээлтэй” шийдвэр болон амлалт шилээ даган гарч байгаа нь сайхан.  Жишээ нь, Халтмаагийн Баттулгад улсын хувь заяаг даатгавал, зээлтэй хүмүүсийг нэг удаа өршөөнө гэв. Машин тэргээс эхлээд гэр ахуйн цахилгаан бараа худалдаж авсан гэхчлэн бүх лизинг тэглэгдэнэ гээд л төсөөл. Борви бохисхийлгүй ажиллаж байж олсон хэдэн төгрөгөө зээлийн төлбөрт “уншуулах” шиг муухай мэдрэмж энэ хорвоод лав байхгүй. Тиймээс Х.Баттулгыг Ерөнхийлөгч болгочихоод өр, ширгүй амьдарна гэж бодохоор л өөрийн эрхгүй дуу аялмаар санагдаж байгаа биз дээ. 

За энэ ч гайгүй. Миеэгомбын Энхболд төрийн тэргүүн болбол гэрлийн хурдаар ажил хийх юм гэдгийг нь үдшийн бүрийд энэхүү бичвэрээ тэрлэж суухдаа л ойлгож байна. Ажлын цаг хэдийнэ өнгөрсөн ч засаг төр бидний төлөө шийдвэр гаргаж, маргаашнаас эхлээд хүүхдийн мөнгө олгохоор болсон тухайгаа тунхаглав. Хачин юм шүү. Өнгөрсөн зун л санхүүжилт нь зогсоод, тэрнээс хойш сураг алдарсан миний охины 20 мянга! Тэгээд бүр бүтэн нэг жилийнхийг нөхөж олгоно гэж бодохоос. Дэлгүүрийн шилэн лангуунд нүд унагасан нөгөө чамин цүнхээ авдаг хэрэг ээ. Бүлтийтлээ гоёж аваад наадмаар сайхан найрлах минь. 

Мартсанаас, энэ наадмаар 9 хоног ЦАЛИНТАЙ амрах тухай (мэдээж бямба, ням гарагт өгөхгүй) сонссон уу? Дугуй хуушуур эргүүлж, дурдан бүсээ зүүлээ гэж надад цалин бодох юм байна. Засгийн газар долоодугаар сарын 10-ны ажлын өдрийг 16-ны бямба гарагт шилжүүлснээр дарааллаад 9 хоног амрах боломж бүрдсэн байна билээ.

Энэ мэт сайхан шийдвэрүүдийг эс тооцсон ч сонгууль бол “бурханы бүтээл” юм аа. Яагаад гэж үү? Биднийг “тэнгэрээс л ажигладаг” томчуудын талаар тэр бүр олж мэдэж чадахгүй факт, баримтуудыг дуу, дүрсний өндөр нягтралтайгаар хүлээн авч байна.  

Хамгийн эхлээд, та биднийг дөрвөн жил талцуулж, хагаралдуулсан төмөр замыг нэрлэж болно. Царигийн маргаанаас үүдэлтэй төмөр замын дуулианы буруутанг Х.Баттулга гэж зарим нь цоллодог ч албан ёсны тайлбар тэр хэзээ ч  хийгээгүй. Төмөр замтай холбогддог түүний нэр сайд, даргаас эхлээд сэжигтэн, буруутан хүртэл явсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч гэх сэтрийг зүүсэн энэ цагтаа харин төмөр замтай холбоотой албан ёсны мэдэгдлийг анх удаа өөрийн биеэр хийсэн юм. 

“Миеэгийн хүү” ч яг адил. Түүний улс төрийн карьерт хамгийн том хар толбо үлдээсэн газрын наймаа гэх хардлагын талаар М.Энхболд албан ёсоор хэзээ ч дуугарч байсангүй. Үнэн эсвэл худал нь үл мэдэгдэх энэ яриаг эцэст нь тэр няцаахдаа үзэмж төгөлдөр, шинэ тэгээд шилэн барилгуудын газрыг би өгсөн юм гэж хэлэв. Ямартай ч хотын төв цэгт өнгө нэмж сүндэрлэх “Central tower”-ыг барих газрын зөвшөөрлийг тэр өгсөн гэнэ лээ. Харин тэрхүү шилэн барилгын эзэн, та бидний MCS-ийн гэх тодотголоор нь сайн таних Ж.Оджаргал ямар ч наймаа болоогүй гэдгийг телевизийн цэнхэр дэлгэцээр М.Энхболдын ПИАР-ын эхлэл болсон “Бүрэн зураглал” нэвтрүүлэгт орохдоо албан ёсоор хэлсэн юм. 

Энэ мэтээр бодвол, өдөр бүр сонгууль болдог бол гоё юм аа. Даанч энэ тансаглалыг даах эдийн засгийн чадавхи Монгол Улсад хараахан алга. Тэрбумаар хэмжигдэх мөнгөөр ганцхан өдөр сонгуульддаг монголчууд их наядаар хэмжигдэх халамжийн бодлогоо дахин сэргээж эхэллээ. Түүнээс ч их мөнгөнийхөө өрийг тэглүүлэх талаар ярьж байна. Аргаа барж батлуулсан ОУВС-гийн урт хугацаат санхүүжилтийн хөтөлбөрийнхөө BYE PARTY-г дэнж хотойтол хийх нь. Ингэхэд үдэшлэгийн маань таксыг дээлтэй Ганбаа төлөх юм биш биз. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
29
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.