Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Бяцхан улаан цэг” буюу Сингапур хэрхэн Сингапур болсон бэ?

Сингапурын хөгжлийн суурь нь амласандаа хүрдэг чанар, хүндлэл, итгэлцэл.


Сингапур улс бол хамгийн хүчирхэг брэнд. Их Британийн “Brand Finance” зөвлөх компанийн өнгөрсөн жил гаргасан “National brands 2016” тайлангийн хүчирхэг брэнд болсон улсуудын жагсаалтыг тэд ийн тэргүүлжээ. 1965 онд Малайзын бүрэлдэхүүнээс гарахад нэг хүнд ноогдох орлого нь 500 ам.доллар байсан нь тухайн үеийн Гана улсынхтай зэрэгцэж байв. Харин өдгөө Сингапурын нэг хүнд ноогдох орлого 55 мянган ам.долларт хүрсэн нь хорвоогийн хүмүүс тус улсын хөгжлийн нууцыг эрчимтэй сонирхох шалтгаан болжээ.



Зөвхөн хүн амынх нь орлого төдийгүй засаглал, эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлтүүдээрээ тус улс дэлхийн хүчирхэг орнуудын жагсаалтуудын эхэнд бичигддэг. Тэгвэл Сингапурын Үндэсний их сургуулийн Ли Куан Югийн нэрэмжит Төрийн бодлогын дээд сургуулийн профессор Лим Сион Гуан үүнийг хөгжлийн суурь болох сайн манлайлал хийгээд нийтийн удирдлага, төрийн албатай холбон тайлбарлалаа. Сингапурын Төрийн албаны тэргүүн, Засгийн газрын хөрөнгө оруулалтын корпорацийн ерөнхийлөгч асан эл эрхэм “Stars” байгууллагын Монголтой танилцах аяллын хүрээнд хүрэлцэн ирээд буй.



Энэ хүрээнд тэрбээр “Төрийн засаглал: Сингапурын манлайлал ба төсөөллийн түүхээс”  сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийсэн юм. Сингапур улс төрийн алба, нийтийн удирдлагын тогтолцоогоор дамжуулан хэрхэн хөгжиж, хүчирхэг брэнд болж чадсан тухай түүний ярианаас онцлох хэсгүүдийг хүргэе.

Хэтийн зорилго ба “Солиотой хүмүүс”



“Засгийн газрууд богино хугацаанд хийх өөрчлөлтийг хэтрүүлэн тооцож, урт хугацаанд бий болгох өөрчлөлтийг доогуур үнэлдэг” хэмээн Сингапурын үсрэнгүй хөгжлийг удирдан чиглүүлсэн багийн гишүүн болох Лим Сион Гуан онцолж байна. Сингапурын ерөнхий сайдаар 1959-1990 он хүртэл ажилласан Ли Куан Ю болон түүний үндэслэсэн Ардын үйл хэргийн нам хүмүүст амласан амлалтаа биелүүлэхийн тулд маш урт хугацааны зорилго тавьж, тасралтгүй, тогтвортойгоор хэрэгжүүлж ирсэн нь өнөөгийн амжилтын үндэс аж. Ойрын хэдэн жилийг биш, харин одоогийн хүүхдүүд, тэдний үр хүүхдүүд ямар нийгэмд хэрхэн амьдрах тухай зураглалыг бий болгож, түүндээ нийцүүлэн зорилго тавьж, тууштай урагшлах ёстойг хэллээ. Харин үүнд хүрэхийн тулд “Солиотой” гэмээр эрэмгий, чадварлаг удирдагчид хэрэгтэйг ч мөн онцолсон юм. “Хорвоо ертөнцийг өөрчилнө гэдэгтээ итгэдэг солиотой хүмүүс л түүнийгээ үнэхээр биелүүлж чаддаг” хэмээх эшлэлийг тэр Сингапурын жишээтэй ч холбон тайлбарлалаа.

Хүндлэл ба итгэлцэл



Маш олон төрлийн шашин шүтлэгтэй хүмүүс зэрэгцэн амьдардгаараа Сингапур улс тэргүүлдэг. Гэсэн атлаа шашин хоорондын мөргөлдөөн, элдэв зөрчил талцал үгүй. Ли Куан Ю шашин шүтлэгийг хувь хүний сонголт хэмээн үзэж, уг эрхийг нь хуульчилжээ. Ингэхдээ хувийн сонголт, үзэл баримтлалаа эргэн тойрны бусад хүмүүст тулгахгүй байх, тэдний эрхэнд халдах ёсгүйг ч мөн чухалчлан авч үздэг аж. Нээлттэй байхын сацуу хүндлэлийг гол мөрдлөг болгодог нь тус улсын нийгмийн төдийгүй засаглалын тулгуур тухай Лим Сион Гуан ярьж байна. “Төр улсын хувьд итгэлцэл гэдэг бол хамгийн чухал валют”.

Хамгийн чухал 4 зүйл

Сингапурын төрийн алба дөрвөн хэсэгт гол анхаарлаа төвлөрүүлэн, тэдгээрийг сайжруулахын төлөө ажилласаар иржээ. Тэдгээр нь: Ажлын байр; Орон сууц; Боловсрол; Эрүүл мэнд аж. Сингапур 707.1 км² газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 190 дүгээр байранд орж, газрын зураг дээр тэмдэглэхэд ердөө нэг цэг л харагддаг учраас “Бяцхан улаан цэг” хэмээх нэршилтэй болсон юм. Энэ тохиолдолд ажлын байрыг нэмэгдүүлж, хүмүүсийг орлоготой байлгахын тулд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлага тулгарчээ. Ингэхийн тулд гадны хөрөнгө оруулагчдыг ч татах хэрэг гарсан. Учир нь Сингапурт дотоодод нь хангалттай зах зээл байсангүй.

Харин орон сууцны хувьд өнөөдөр тус улсын иргэдийн 90 хувь нь өөрсдийн өмчилдөг орон сууцанд амьдардаг болсон үзүүлэлт нь мөн л дэлхийд тэргүүлж байна. Нийгмийн Халамжийн Төв Сангийн (Central Provident Fund) тусламжтайгаар хурдацтай өссөн цалин хөлс, заавал төлөх ёстой нийгмийн даатгалын хадгаламжаа ашиглаж байр авах боломжоор хангасны дүнд өөрийн байртай айл өрхийн тоо ийн өндөр хэмжээнд хүрсэн аж. Түүнчлэн боловсролын тогтолцоо, эрүүл мэндийн үзүүлэлт ч дээгүүр ордгийн суурийг төрийн сайн засаглал, тасралтгүй үргэлжлэх залгамж шинж, амласан амлалтаа биелүүлж, хэлсэндээ хүрдэг чанар гэдгийг онцолсон юм.






 


 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
3 өдрийн өмнө
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
3
3 өдрийн өмнө
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
48
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.