Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Төгссөн ах эгч нараас нь шинэ оюутнууддаа өгсөн АЛТ ШИГ зөвлөмжүүд

Туулаад гарсан хүмүүс л оюутны амьдралыг мэднэ дээ.


Арван жилийн сургуулиа төгсөн, их дээд сургуульд элсэн суралцаж эхлээд буй залуус бүрт баяр хүргэе! Одоо та бүхний урд хамгийн том сорилт, бас хамгийн сайхан үе тулж ирээд байгаа билээ. Бүх зүйл өөрчлөгдөж, өмнө нь байсан бүх зүйл их сургуульд өөр болдог жамтай. Та хэрэв шинэхэн оюутан бол, заримдаа яахаа мэдэхгүй хэцүү байдалд орж байвал эдгээр зөвлөгөө тус болно!

  • Дүн гаргах дөхөөд, яг шалгалт, бие даалт гээд ухаарлын долоо хоног ирсэн үед бол унтах нойр, идэх хоол гэдгийг бүгдийг нь мартаад яг тэр үед өөрийгөө бүрэн зориулах хэрэгтэй. Сэтгэлээсээ хийсэн зүйл л багш нарын сэтгэлд тодоос тод үлддэг. Жишээ нь би яг ухаарлын долоо хоногт өгөх ёстой бие даалтаа шөнөжин сууж, өөрийн үзэл бодлыг шингээж, маш их зүтгэл гарган хэнээс ч хуулахгүйгээр хийсэн. Дараа нь хамгийн шилдэг судалгааны өгүүллэгээр шалгарсан шүү.

О.У, 23 настай

  • Дүү нартаа зөвлөхөд, сонирхож байгаа, эсвэл бүр элсэн орохоор шийдсэн сургуулийнхаа группт заавал нэгдэж ороорой. Бас мэдээлэл түгээдэг пэйж, сайтыг байнга шалгаж, орж гарч байгаарай. Энэ бол мэдээллийг түргэн шуурхай авах хамгийн зөв арга. Би анх тийм групп байдаг гэж ч мэдэхгүй сургалтын албаны гэх хүн рүү ярьсаар байгаад загнуулж байсан. Дараа нь группт орсон чинь би ганцаараа тийм өнчин ботго биш гэдгээ мэдэрсэн. 

Х.Н, 20 настай

  • Мэдэхгүй зүйл гарвал тухайн сургуульд сурдаг хүмүүсээс асуугаарай. Өөрсдөө туулаад гарсан хүмүүс үнэтэй зөвлөгөө өгдөг юм билээ. Бүр "Энэ багш дээр чи өөрийгөө унана гээд бодчих за юу" гээд шууд хэлж билээ. Үнэндээ хэрцгий багш байсан. Гэхдээ анхнаасаа л айхтар гэдгийг нь мэдсэн болохоор хичээж байгаад сайн гарч байсан даа. Анхнаасаа багш нарынхаа тухай асууж мэдэж аваарай.

П.Г, 22 настай

  • Бичиг баримтаа хуулбарлан авч, ямагт хэдэн хувь илүү авч яв. Эх хувиар нь авч явахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Би лав хамаг юмаа алдаад, ээждээ загнуулаад, өөрөө уйлаад бөөн юм болж байсан. Ер нь канон гэдэг зүйлийн үнэ цэнийг эртнээс мэдрэх хэрэгтэй.

Ж.Ж, 19 настай

  • Цээж зураг цаашид байнга хэрэг болох тул арав, хориор нь авахад буруудахгүй. Ялангуяа гоё гарсан зургаа бол бүр байж болох хамгийн их хувиар гаргуулж ав. Цаашаа тэгээд зурган дээр ер нь гоё гарна гэж байхгүй. Цаанаасаа л нэг амьдрал үзсэн царайтай болчихдог юм билээ. Оюутан болохоосоо өмнө авахуулж байсан цээж зураг одоо хүртэл надад байдаг. Миний аминд дөрвөн жил орж явна даа.

Х.А, 21 настай

  • Одооноос эрт босч сураарай. 10 жилд нэг хичээл 40 минутаар ордог байсан бол их сургуульд нэг хичээл цаг гучин минут орно. За тэгээд лекц, семинар гээд олон цаг орохоос гадна эхний хичээл өглөө 7:40-өөс эхлэх хуваарьтай байж магадгүй учир эрт унтаж байх хэрэгтэй. Өглөө хамгийн эхний цагт хичээл тавигдвал, за тэгээд өдөржин завсарлагагүй хичээл орно гэдэг бол тухайн хүний хүртэх ёстой л зүйл юм билээ. Нойрны үнэ цэнийг мэдэрнэ дээ. Одоо утас, интернэт зэргийг больчих л хэрэгтэй.

А.З, 20 настай

  • Хүнээс юм гуйна гэдэг бараг боломжгүй тул бүх зүйлээ хангалттай бэлдэж аваарай. Үзэг бал, дэвтэр цаас гээд бүгдийг нь хангалттай авч явж бай. Шал танихгүй хүүхдүүдээс юм гуйна гэдэг чинь ёстой тэнэг юм билээ. Анх бүр бал олдохгүй, хичээлийн дундаас гүйгээд гарч болохгүй, утсан дээрээ багшийнхаа яриаг бичиж авч байсан.

У.Ц, 22 настай

  • Хурдан гүйдэг байх хэрэгтэй. Яг завсарлагааны үеэр буфет, цайны газар пиг болно. Нээх олон шавааралдсан хүмүүсээс хааяа бүр айдаг байлаа. Завсарлагаанаар юм олж иднэ гэдэг чинь ер нь тэгээд алаан байхгүй юу.

Т.Б, 22 настай

  • Номын сантай нөхөрлө. Угаасаа чи цаашид энэ газраас хэзээ ч салахгүй. Гадуур зардаггүй ховор ном, багшийн унш гэсэн олдоц муутай сурах бичгүүд бүгд номын санд л байдаг. Тиймээс эртхэн уншигчийн карт нээлгэж, номын санд суудаг болох хэрэгтэй. Заримдаа хүүхдүүд өрсөөд авчихдаг болохоор номгүй үлдэх, олох гэж бөөн юм болох үе байдаг. Багш чинь нэг ном хэлсэн л бол хамгийн түрүүнд очиж зургийг нь дарж байгаарай.

О.Г, 25 настай

  • Хичээл ордог багш, ангийн дарга, танилцсан хүүхдүүд гээд бүх шаардлагатай дугаарыг тэмдэглэж авдаг байх хэрэгтэй. За тэгээд дараа нь нөгөө дугаар дундаа төөрөх үе байдаг болохоор онцгой содон шинж тэмдэг, санаж байгаа юугаар нь ч хамаагүй хадгалаарай. "Химийн том чихтэй охин", "Хацар нь хонхойдог шар үстэй охин", "Математикийн ууртай багш" гэх мэтээр хадгалсан дугаарууд надад олон байдаг.

Ц.С, 19 настай 

  • Оюутан болоод эхний хоёр жил бол мөнгийг зүгээр цацдаг юм билээ. Юм үзээгүй зан гаргаад их олон дэмий зүйлд мөнгөө үрчихсэн байдаг. Тэгээд л сүүлийн хоёр жил "шамирдаг" байхгүй юу. Тийм болохоор анхнаасаа мөнгөө маш сайн хадгалаарай. Сүүлд аминд орно шүү.

Я.М, 24 настай

  • Эхний хэдэн сардаа бол тогтмол төөрнө. Ангиа олохгүй хоцорч орох үе их бий. Болж өгвөл өмнөх өдөр нь ч юм уу анги, байршлаа сайн мэдээд авчих хэрэгтэй. Хоцроод л байвал муу нэртэй болно шүү. Хэд хэдэн удаа өөр хичээл дээр сууж байгаад дундаас нь шахуу шал далий зүйл гэдгийг нь ухаараад гарч явсан тохиолдол бий бий.

О.Б, 20 настай

  • Зарим багш нар ирцээрээ дүн гаргах тохиолдол хүртэл байдаг. Яасан ч байсан гэсэн хичээлээ хэзээ ч битгий таслаарай. Зүгээр хойно унтаж байсан ч яах вэ, анги дотроо л байж байх хэрэгтэй шүү. 

Т.Х, 20 настай

  • Юм болгоноо цаг тухай бүрт нь л хийхгүй бол ШУТИС-ийг чи хэзээ ч төгсөхгүй. За өөр сургууль байсан ч хамаагүй цагийн юмыг цагт нь л амжуулахгүй бол тэгээд мөнхийн оюутан хэвээрээ үлдэнэ шүү.

Г.Д, 25 настай

  • Хэрэв МУИС-д элсэн орж байгаа бол нэг л юм хэлье. СИСИ цаашдын дөрвөн жилийн амьдралын чинь хамгийн хар бараан дурсамж болж үлдэх болно. Гайгүй хурдан нэттэй, өндөр сонор сэрэмжтэй байгаарай. Компьютер, утсаа савж болохгүй шүү. СИСИ-г даваад гарсан л бол чи жинхэнэ МУИС-ийн оюутан!

Т.С, 21 настай

  • Автобусанд чихцэлдэж үзсэн гэж өөрийгөө бодож байна уу? Яг үнэндээ оюутан болох хүртлээ хэн ч жинхнээсээ чихцэлдэж, өлсөж үзээгүй байдаг.

Л.М, 22 настай 

  • МУИС-ийн хоёрдугаар байрны урд талын гарцаар улаан гэрлээр хэзээ ч битгий гараарай. Гуйя.

Д.Б, 23 настай

  • Лекцээ бүрэн бүтэн тэмдэглэж авах нь л хамгийн чухал. Дүнгээ гайгүй гаргахыг хүсэж байгаа бол бүх зүйлийг сайн тэмдэглэж авдаг байх хэрэгтэй. Гэхдээ оюутан болоход хүссэн хүсээгүй юмыг яг урд шөнө нь хийж дуусгах чадвартай болдог юм даа. Ямар ч хүнд зүйл байсан аргалах чадвартай болно.

Т.Ө, 23 настай

  • Оюутан нас хамгийн сайхан гэж хүмүүсийн хэлдэг худал зүйл биш ээ. Дараа нь бодоход хамгийн хөгжилтэй, инээдтэй, хэцүү үе бүхэн энэ цаг үед л өнгөрсөн байдаг.  Бас оюутан болоод яг зүрхний андуудтайгаа уулздаг юм билээ. Шөнө болтол сургууль дээрээ суухаас гадна, янз бүрийн бие даалт хамт хийж, багшийг хамт хүлээж, хамт хоолонд орж, лекц орж байхад онгоц буудуулаад л, яг л санаа нийлсэн хүмүүсээ олдог. Төгссөнийхөө дараа хатуу чанга багш нараа бодоход хүртэл сайхан. Ангийн зугаалга, шинэ жил, хонхны баяр гээд бүгд дахин давтагдахгүй тийм л сайхан үе. Ажилд ороход бүх зүйл өөрчлөгддөг юм билээ. Дараа нь оюутан насаа бодоод суухад ч сайхан байдаг. Бүгдэд нь амжилт хүсье. Ямар дүнтэй төгссөн нь хамаагүй, олж авсан туршлага, мэдлэг, ирээдүйн зорилго чинь л чухал юм шүү.

С.А, 27 настай

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
41
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.