Хайх зүйлээ бичнэ үү

19 мин

Амралтын өдрүүдээр онгорхой байдаг нотариат байна уу?

"Amazon" компанийн инженер А.Амарбаярын бичсэн сонирхолтой нийтлэлийг хүргэж байна.


Ажилд ороод удаагүй байлаа. Тэр үед: “Амазон-д ажилладаг гэхээр, хайрцаг зөөдөг юм уу?” гэсэн утгатай нийтлэл багагүй тарчихсан байсан. Үүний дээрээс миний туршлага дээрээ үндэслэн чадан ядан бичсэн: “АНУ-н компаниудад ажлын ярилцлага өгсөн туршлагаас” гэсэн сэдэвтэй блог пост маань санаснаас бүр хамаагүй ихээр газар авчихсан байсан үе.

Яг энэ үед надруу хэд, хэдэн хүмүүс холбогдож асуултууд тавьж байсны хамгийн их сонирхолтой нь: “Амазон-д Монголоос бараа зарж болох уу?“, “Амазон-д яаж нийлүүлэгч болох вэ?” гэсэн асуултууд байсан юм. Миний хувьд хамгийн сайн санаж байгаа 2 хүмүүсийн нэг нь хувцас бүтээгч, дизайнер байсан бол нөгөөх нь модон хийц, гар урлалч, бүтээгч байсан юм. Энэ хүмүүсийг би: “бүтээгч” гэж нэрлэх дуртай. Учир нь энэ хүмүүс зүгээр дамын наймаа, бизнес хийж байгаа хүмүүс биш яг өөрсдөө хийсэн, бүтээсэн зүйлстэй хүмүүс байсан нь их анхаарал татаж байсан.

Би бас дотроо: “нээрээ Амазоны сайтууд дээр Монголоос бараагаа шууд борлуулж болдог юм болов уу” гээд судалж үзтэл бүртгэлийнх нь анкет-д: “Монгол” гэдэг үг ч харагдахгүй байсан юм. Ингээд миний тархинд: “Яагаад?” гэдэг асуултууд ар араасаа төрч, нэг л их юмнаас хоцрогдоод яваад байгаа юм шиг сэтгэгдэл төрж, энэ асуултын хариуг олох, мөн энэ байдлыг эвдэж, өөрийнхөө чадах хэмжээнд ямар нэг шийдэл олохыг зорилтоо болгосон билээ.

Томоохон корпораци компанийн нэг давуу тал нь мэдлэг, мэдээлэл хайж олоход заавал хэн нэгнээс асуугаад байлгүй, өөрөө сайн хайж, судалвал эхний ээлжийн хангалттай мэдээллийг олоод авчихаж болдог. Ингээд дотоод системүүд дотроо: “Монгол” гээд хайж эхэллээ. Үндсэн 5-6 маш том мэдээллийн цогц системүүд байдаг. Хайсан хайлтын үр дүнд гарж ирж байгаа зүйлс нь ерөөсөө л дэлхийн улсуудыг жагсаасан жагсаалт дотор Mongolia гэдэг үг харагдахаас өөр онц зүйлс олдсонгүй. Эхний 2 өдрийн судалгааны ажил маань иймэрхүү дууссанд яагаад ч юм сэтгэл дундуур байсан ч, бууж өгсөнгүй архивууд ухаж үзэхээр шийдэв. Архив ухахдаа, өнөөх Амазоны сайт дээр борлуулагч болж бүртгүүлэхэд хэрэглэдэг анкетын системийг хариуцдаг багийг олж тогтоон, тэднийхтэй холбож хайлтуудаа үргэлжлүүллээ. Ингээд аалзны тор шиг их мэдээлэл дунд орж, 1 линкнээс нөгөө линк, нөгөө линкнээс бас нэг линк…гэж явсаар нэг мэдэхэд яг хэрэгтэй зүйл дээрээ буусан юм. Ерөнхийдөө дэлхийн орнуудыг 3 хуваачихаж.

1-р зэрэглэлийн орнуудад АНУ, Канад, Япон…гэх мэт өндөр хөгжилтэй орнууд. 2-р зэрэглэлд нь дараагийн ээлжийн тэлэх зах зээлтэй орнууд. Гэтэл 3-р зэрэглэлд манай орон байхыг хараад яагаад ч юм шар гозойх шиг болсон юм. Зүгээр орхисонгүй өнөөх багаас нь заваал олж мэдхийг хүслээ. Ингээд магадгүй Амазончууд анхныхаа удаа ажилд ороод удаагүй байгаа хүнээс гэнэт Монголын талаар имэйлүүд авч эхэлсэн болов уу. Маш хялбар зүйл л асуусан: “Монгол улсад маш олон чадвартай, бүтээгчид, үйлдвэрлэгчид байна. Гэтэл борлуулагчаар бүртгүүлэх гэхээр Монгол орон сонгох сонголтон дээр нь алга байна. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?“. Хэд, хэдэн хүн дамжсаны эцэст энэ чиглэлээр хариуцаж ажилладаг нэг багийн менэжэрээс ирсэн хариулт товчхондоо бол: “Монгол улсаас Амазоны сайтууд руу ирж байгаа хандалт бараг харагдахгүй байна. Манайх тэлж болох зах зээлүүдийнхээ нэг шалгуураар вэбсайт-рүүгаа ирж байгаа хандалтын мэдээллийг хардаг юм. Хандалт багатай оронд зах зээлийн судалгаа хийх хүн, хүч одоохондоо байхгүй.” гэсэн юм. Энэ хандалтыг яаж бий болгох вэ?

Нэг мэдхэд АНУ-н талархлын баяр, зул сарын баяр гээд хамгийн завгүй өдрүүд эхэлж ажилдаа дарагдчихав. Ямар ч байсан өнөөх сураг тавьсан 2 хүндээ хариуцлагатайгаар мессэж бичиж, ийм юм боллоо гэсэн жижигхэн тайлан өгч амжсан. Гэхдээ л энэ бодол ерөөсөө толгойноос гардаггүй байсан юм. Нэг өдөр AWS буюу Amazon Web Service-н талаар судалж байгаад, олон улсын маркетингийн хүнтэй нь ярих боломж олдсон юм. Сонирхоод Монголын талаар асуутал бас л өгч байгаа хариулт нь – Монгол улсаад 1, 2 байгууллага л албан ёсоор AWS технологиудаас хэрэглэдэг гэсэн мэдээ байдаг, тэрнээс ер нь хандалт маш бага тул зах зээл гэж тооцохгүй. Манай бүтээгдэхүүнүүдийн талаар бараг мэддэггүй байх гэсэн зүйл хэлж байсан санагдаж байна. Энэ 2 тохиолдолд нийтлэг ажиглагдсан зүйл нь юу вэ гэхээр Амазон шиг хэмжээний компань Монголыг зах зээл гэж тооцохын тулд Монголд хүмүүс нь тэр зах зээлийг бий болгох хэмжээний шаардлага үүсчихсэн, сонирхлоо илэрхийлчихсэн байх хэрэгтэй болж таарах нь. Харамсалтай нь энэ мэдээлэл Амазоны зүгээс байхгүй, “#харанхуй” байгаа болохоор авч хэлэлцдэггүй болж таарлаа. Гэтэл магадгүй та: “Заавал яагаад Амазон гэж? Ер нь Амазон гэж хэн юм? Эднийхтэй, эднийхгүй болоод л байна…” гэж магадгүй.

Маш товчхондоо бол – хамгийн хурдан, шуурхай, найдвартай, чанарын баталгаатай байдлаар бараа, бүтээгдэхүүнээ дэлхийн олон САЯ хүмүүст хүргэх боломжийг бий болгож чадахуйц онлайн худалдааны платформ. Энэ том өгүүлбэрийг жаахан задлаад, тоо баримттай дурьдвал: Өнгөрөгч оны байдлаар нийт 14 оронд Амазоны вэбсайт үйл ажиллагаагаа явуулж, бараа бүтээгдэхүүнүүдийг өөрсдөө болон хувь хүмүүс, албан байгууллагуудаар заруулдаг байна. Эдгээр 14 орны хүн амын тоо өнөөдрийн байдлаар 3.9 тэрбүм буюу дэлхийн хүн амын 52%-д хүрэхүйц хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн үг юм. Зөвхөн Хойд Америк гэхэд өнөөдрийн байдлаар 480 сая орчим бараа бүтээгдэхүүн Амазоны сайт дээр борлогддог бол энэ нь 3 онлайн худалдаа болгоны 1 нь Амазоных гэж явдаг болж таарч байгаа юм. Энэ нүсэр платформын цаана 400 гаруй мянган ажилчид: “Customer Obsession” буюу худалдан авагчдынхаа сэтгэл ханамжийн төлөө бүхнээ дайчилж, ажиллах соёлтой ажилчид байдаг гээд бодохоор манай Монгол бизнес эрхлэгчид, бүтээгчдэд маань олзуурхууштай боломж гэж бодож явдаг юм.

Өнөөх хандалтыг яаж бийж болгох вэ? Амазоны хүмүүст Монгол гэдэг үгийг яаж олон сонсгох вэ? гэдэг асуултууд толгойд эргэлдсээр… нэг мэдэхэд дахиад л хэсэг хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол хүн болсон юм хойно өнөөх хүн болгоны хэлдэг: “НӨҮ-ХАУ” буюу Know-How гэгчийг сурч, мэдэж тэр бүхнээ ямар нэг байдлаар эх орондоо бага ч гэсэн хэрэгтэй зүйлс зарцуулчих юмсан гэсэн сэтгэл бодол цаг тутамд л төрж байдаг гэх үү дээ. Хүмүүс гадагшаа явлаа, эх орондоо ирж юм хийсэнгүй гэж шүүмжлэх тохиолдол эх байдаг ч би тэр болгонтой нь санал нийлдэггүй. Учир нь дэлхийн технологийн хөгжил энд ид явж байна. Цахилгаан машин, өөрөө өөрийгөө жилооддог машин, удахгүй нисдэг машин, цаашлаад сансарт хүссэн хүн бүхэн нь явдаг болох нь, хиймэл оюун ухаан хүний амьдралын салшгүй хэсэг болж байна. Энэ бүхний дунд орж, буцалж, мэдэж, суралцаж түүнээсээ буцаад эх орондоо хүргэж, ахиц, дэвшилт гаргахад хувь нэмрээ оролцох хүмүүс зайлшгүй байх ёстой гэж улам ихээр бодох болсон. Мэдээж эх оронд маань иймэрхүү зүйлс бодож, сэтгэж, хийж байгаа хүмүүс байгаа гэдэгт итгэж байна. Гэтэл тэр бодол, санал, бүтээлийг дэмжээд гаргаад ирэх процесс, дэмжлэг бага – гаргаад ирсэн зүйлийг нь шингээх зах зээл нь бүр бага болчихоод байгаад байдаг байх. Энэ бүхний эцэст ямар ч байсан гадны оронд ажиллаж байгаа ч, эх орондоо “хийсэн” гэсэн зүйлтэй болно гэж хүсдэг хүсэл бол бий… Ингээд шинэ технологи, үйлчилгээ гарч ирэх тутамд л: “Монголд ийм зүйл оруулчихвал, хүмүүсийн амьдрал хэр өөрчлөгдөж, хялбар болох бол доо…” гэж бодох нь их. Наад зах нь л онлайнаар худалдан авалт хийхэд, түүнийг нь 2 хоногт, эсвэл бүр 1 хоногт, за бүр 1-2 цагт баталгаатай хүргээд өгчихдөг үйлчилгээ байвал яах вэ? Дэлгүүр ороод гарахдаа касс-нд бичүүлнэ гэж хүлээхгүй шууд аваад гараад явдаг бол яах вэ? гэх мэт зөндөө л асуултууд тохиолдоно. Заримдаа найзууд маань Монголд наа чинь явахгүй дээ…утаа, замын бөглөө, хулгай, зэлгий…гээд л хэлж өгнө дөө. Нэг том ажиглагдсан ялгаа нь юу вэ гэхээр АНУ-д хэрэглэгдээд байгаа: “баталгаатай, чанартай, найдвартай” гээд байгаа үйлчилгээнүүд нь Монголд хөрвүүлэгдэхээрээ: “бүтэхгүй, болохгүй, явахгүй, хулгай, зэлгий, луйвар” гэсэн үг, ойлголтын хананд тулаад зогсчихдог нь тиймэрхүү санагдсан. Ийм байдлыг хүлээн зөвшөөрөөд л, шинэлэг юм ярьж, оюун ухаандаа нэвтрүүлэх гэхээр л ийм зүйлсээр тагалчихаад байвал хэцүү санагддаг шүү.

Хамгийн сүүлийн үеийн технологиудын нэг болох: “Alexa” (Алекса) бол ухаалаг, хийсвэр хувийн туслах юм. Том өгөгдөл, хиймэл оюун ухаан дээр тулгуурлан хүний асуусан асуултанд хариулах, тодорхой түвшинд хөгжим тоглох, пицца захиалах, гэрэл асааж, унтраах гээд даалгасан зүйлсийг хийж чаддаг технологи. Энэ гарч ирэхэд би дотроо: “Монголд…” гээд л өнөөх бодлоо бодсон юм. Энэ бодлоо 2 жишээтэй холбож гаргаж ирье. 2016 оны зуны амралтаараа Монголдоо очлоо. Нэг өдөр ажлаар явж байгаад Монголд гэрээгээр ажиллаж байгаа (expat гэж нэрлэгддэг) хүнтэй танилцсан юм. Надаас гайгүй кофе шоп, хоолны газар, ойр болох арга хэмжээ гээд л их зүйлийн талаар асуусан юм. Би ч бас жилдээ ганц л очдог болохоор энэ талаар мэдлэг, мэдээлэл муу. Интернэтээс хайж үзлээ. Гэтэл үнэхээр криллээр бичээд, латинаар бичээд, буруу крилээр, буруу латинаар бичээд хайгаад хүссэн мэдээллээ олж чадсангүй. Өнөөх хүнээс иймэрхүү мэдээллээ ер нь яаж олж авч, амьдарч байна вэ гэхэд – “FB-р хайна эсвэл хүмүүсээс л сонсоно доо” гэж хэлэхийг нь сонсоод яагаад ч юм нэг дотор бачимдаад явчихав. Учир нь – өндөр хөгжилтэй орнуудад энэ асуудлаа технологи ашиглаад шийдээд өгчихсөн байдаг. Ингээд энэ хүнд амжилт хүсээд, дотроо нэгийг бодоод явсан юм даа. 2 дахь тохиолдол нь яг АНУ буцах үед болсон явдал. Явахын өмнөх өдөр гэнэт нотариат орж итгэмжлэл хийх шаардлагатайгаа санав. Амралтын өдөр байж таараад, амралтын өдөр онгорхой нотариат олно гэдэг ч өнөөх багадаа үздэг байсан Тансан лам баруун зүгт ном залахаар явж байгаа юм шиг л адал явдалтай зүйл болж хувирсан даа. Хичнээн их алхаж, хаалттай хаалганууд очиж тогшив… Нотариатуудын утасны дугаарууд нь интернэтэд биш хаалганы дээрх эсвэл цонхон дээр байгаа рекламны самбар дээрээ байдаг гэдгийг олж мэдлээ. Дотроо: “Энэ мэдээллийг нэг эмхэгтэж, цэгцлээд хүмүүс хайж олоход хялбар болгочихдог бол амар юм даа…” гээд л бас л бодогдож билээ. Нөгөө талаас намайг нотариат хайгаад явж байгаа гэдгийг аль нэг нотариатч нь мэдсэн бол магадгүй надруу өөрөө хандчихсан бол хэн хэндээ л амар болчих биз. Гэтэл энэ тогтолцоо нь даанч байхгүй. Өндөр хөгжилтэй орнуудад энэ асуудлыг шийдэж өгсөний бас нэг тустай тал нь өнөөх бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ олгож байгаа хувь хүн, аж ахуйн нэгжүүд нь худалдан авагч, үйлчлүүлэгчдийнхээ талаар илүү их мэдээлэлтэй болох боломжтой болдог. Хэн хаана юу хамгийн ихээр хайж байна, оройн цагаар хүмүүс ямархуу төрлийн хоолны газар хайж байна, амралтын өдрүүдээр хүмүүс ямар үйлчилгээний газрууд хайж байна, хайхдаа юуг илүү сонирхож байна (интернэт хурд өндөртэй, гаднаа машины зогсоолтой, өглөө эрт онгойдог гээд л нарийсч өгнө шүү дээ). АНУ-д хэрвээ би яг нэг амралтын өдөр босоод магадгүй машиныхаа тосыг солиулахыг хүссэн бол утсаараа 2-3 минут хайхад л хүссэн мэдээллээ олоод авчихна. Гэтэл Монголд магадгүй гэрээсээ гарч, тос нь дуусч байгаа машинаа барьж хэдэн, хэдэн газруудыг очиж үзэж байж аль нэгнээр нь солиулах биз. Гэтэл тэр тосоо солиулсан газар нь чанаргүй үйлчилгээтэй, өмнө нь хүмүүс хохирч байсан газар бол бас яах вэ? Хохирогч болоод үлдэх үү эсвэл энэ мэдээллийг олж авах арга байна уу? Бас л бодох асуудал…

Ингээд бодохоор ганц Амазоны зүгээс Монголын талаар мэдээлэл: “харанхуй” байгаад байгаа биш Монгол улс дотроо ч гэсэн мэдээллэл харанхуй байгаад байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Технологийн компаньд ажиллаж байгаа хүний хувьд энэ бол технологиор маш хялбархан шийдээд өгчихөөр асуудал шиг санагддаг. Гэтэл өнөөдрийг хүртэл яг энэ чиглэлээр оролдож үзэж байсан хэд, хэдэн хувь хүмүүс, багууд байсан ч яагаад нэг их амжилт олоогүй байна вэ? гэсэн асуулт төрсөн юм. Салбарынхаа хүмүүстэй ярилцаж үзэхэд: “Хүмүүс нь иймэрхүү технологи хэрэглэж сурах болоогүй” гэсэн нийтлэг хариулт зарим нь өгч байсан бол зарим нь: “Худалдан авагч, худалдагч гэсэн харилцаа Монголд байраа сольчихсон байдаг. Юм авах гэж байгаа хүн нь зарж байгаа хүндээ загнуулан, зандруулан байж, гуйж байж арай гэж авдаг. Тиймээс бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ олгож байгаа газруудад тэгж цаг, хугацаа зарцуулж өөрсдийгөө технологи дээр байрлуулах шаардлага байхгүй. Худлаа мэдээлэл өгөөд эсвэл мэдээлэл нь шинэчлэгдэхээр тоохоо больдог” гэсэн ч хариултууд авч байлаа. Энэ магадгүй үнэний ортой байх. Өнөөдөр онлайнаар худалдаа хийнэ гэхээр л нурууных нь араар хүйт оргидог хүмүүс байна. Картаар худалдаа хийнэ гэхээр итгэхгүй, бэлэн мөнгөөр худалдаа хийдэг хүмүүс байна. Данснаас мөнгө авчихаад карт (дэвтэр)- дээрээ заавал тэрийгээ бичүүлж авдаг хүмүүс байна. Нэг л мэддэг хоолны газартай бол тэрийгээ насаараа сонгож, шинэ соргог юу байна гэдгийг олж мэдэхийг хүсдэггүй хүмүүс байна. За тэгээд мэдээж интернэт, ухаалаг төхөөрөмжүүд, апп – гэгчийд сайн ашиглаж чадахгүй эсвэл мэдэхгүй хүмүүс байна. Монголын хүн амыг 100% гэж үзээд дээр дурьдсан бүлэг хүмүүсийг хассаар байтал цаана нь үлдэх хүмүүс хэдэн хувьтай болж байгааг тооцоолмооргүй санагдах. Гэтэл энэ байдалтай бид нар эвлэрээд л яваад байх уу? Энэ: “мэдээллийн хар хайрцаг”-нд бид нар орчихоод, дотор нь төөрөөд, заавал бие, хүчээ гарган байж мэдээлэл гээчийг олж авах шаардлагатай ю? Заавал би 10 хоолны газар орж үзэж байж аль сайн гэдгийг нь олж мэдэх хэрэгтэй юу? Заавал 10 кофе шоп орж байж аль нь хамгийн сайн интернэттэй гэдгийг мэдэх шаардлагатай ю? Өмнө нь эдгээр газруудад орсон хүмүүс сэтгэгдлээ интернэтэд биччихсэн байвал, тэр мэдээллийг олж уншаад, шүүлтүүр хийгээд сайн гэснийг нь зориод очвол мөнгө, цаг хэмнэчихмээр санагдах юм.

Ийнхүү: “Мэдээллийн Хар Хайрцаг” гэсэн нэрчлэл гаргаж ирсэн юм. Энэ хар хайрцгийг бид нар эвдэх хэрэгтэй. Үүнийг эвдэхийн тулд 1 хүн хүчлээд нэмэргүй. Магадгүй өмнө нь үзсэн хүмүүс шиг дуусчих магадлалтай. Энэ хайрцгийг эвдлэхийн тулд: “awareness” гээж зүйлийг бий болгож, хүмүүсийн чихэнд, нүдэнд ийм юм байгаад байнаа гэсэн ойлголтыг, сэтгэгдлийг, мэдрэмжийг төрүүлэх хэрэгтэй байх. Массыг хамарч байж, олноороо хүлээн зөвшөөрч байж, бие биенээрээ хөшүүрэг хийж байж энэ хайрцаг эвдэрч, Монгол маань технологийн хувьд нэг дэвшилттэй алхам хийх байх гэж найдаж байна. Энэ “awareness” гээж зүйлийг яаж бий болгох вэ гэхээр – олныг хамарсан зүйл хийх хэрэгтэй. Өнөөдөр олныг хамарсан зүйл, технологийн холбоотой зүйл гэхээр хамгийн оновчтой шийдлүүдийн нэг бол: “hackathon” тэмцээн болж байгаа юм. Анх 1999 онд hackathon (hack + marathon) гэж хэрэглэгдэж байсан энэхүү ойлголт нь өнөөдөр дэлхий даяар хамрагдсан, олон төрлийн тогтсон, бүтэц зохион байгуулалттай, олныг хамтарч чаддаг, awareness бий болгож чаддаг зүйл нэгэнтээ болжээ. Үүн дээр үндэслээд, энэ зуны амралтаараа Монгол явахдаа Монголдоо: “HackUB” гэсэн нэртэй hackathon тэмцээн зохион байгуулъя гэж шийдсэн юм. HackUB гэдэг нь Hack Ulaanbaatar гэдгийн товчлол. Бас товчлоод үзвэл: “HUB” болчихож байгаа юм. Энэ hackathon-оор Монголдоо яг өнөөдөр өмнө дурьдсан мэдээллийн хар хайрцган дотор амьдарч байгаа хүмүүсийг авчирч, яриа хийлгэх, илтгэл тавиулах, туршлагаас хуваалцах за тэгээд мэдээж чадалтай багууд авчирч шийдэл гаргуулж авах юм. Статистикийн мэдээллээс харахад жилд Монголд дунджаар 400-500 мянган жуулчид ирж байна. Эдгээр хүмүүс наад зах нь Монголд ирээд хүссэн хоолны газар, бар, кофе шоп, дэлгүүр, зочид буудал, арга хэмжээнийхээ талаар мэдээллийг олон улсын стандард болсон Англи хэл дээр хурдан хугацаанд авчихаж чадаж байвал дотоодын бизнесүүдээ ч гэсэн дэмжих боломжтой болох байх гэсэн итгэл төрдөг юм. Үүн дээрээс нэмэгдээд гадаадын гэрээт ажилчид (expat), эх орондоо иргээд ирсэн Монголчууд (repat), за тэгээд мэдээж бизнессүүд эсвэл арга хэмжээ зохион байгуулж буй газрууд. #HackUB бол энэ бүгдийг холбож өгсөн апп зохиох тэмцээн болж хувирч байгаа юм.

#HackUB тэмцээнийг зохион байгуулах гээд өнөөдрийн байдлаар 10 сайн дурын хүмүүс 1 сар гаран ажиллчихаад байна. Тэмцээн нь маань 8.1 – 8.9-ны хооронд Startup Terminal гэсэн газар болохоор товлогдоод байгаа бөгөөд 7.1-нд багуудын бүртгэл эхэлчихсэн байгаа. Эхний 2 өдөр Bootcamp Session буюу зочид авчирч бизнес, менэжмэнт, технологи, Монголд тулгардаг асуудлуудын талаар ярианууд хийлгэж, мөн сургалт, мэдлэгийн шинж чанартай илтгэлүүд орох бол дараагийн 5 өдөр нь оролцох 10 багууд маань апп аа бичиж, бэлэн болгож, баг болгон дор хаяж 20 бизнес бүртгэж авч, 50 хэрэглэгчдээр хэрэглүүлэн сэтгэгдлийг нь бичүүлж авах юм. Ингээс сүүлийн өдөр багууд илтгэлээ тавьж хэн нь ялагч болохыг шийдэх болно. 10 багт ментор болохоор АНУ болон Японы томоохон технологийн компаниудад ажилладаг Монголчууд маань сайн дураараа элссэн байгаа. Эдгээр компаниудаад дурьдахад: Google, Facebook, Microsoft, IBM, Amazon…гэх мэт. Зочин илтгэгчид маань мөн шүүгчид маань бас маш чадварлаг хүмүүс байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Үүнд: Wagner Asia, Unread, Apple…зэрэг орж буй юм.

Энд нэг зүйлийг хэлэхэд – #HackUB төслийг зохион байгуулахдаа нэг тавьсан шаардлага бол Амазон-д ямар нэг байдлаар энэ төслийг дуулгах, хамтарч ажиллах байсан юм. Ингээд 2017 оны 5 сарын сүүлээр Амазоны хэсэг ажилчид дахин нэг удаа: “Монгол” гэдэг үгийг хаа сайгүй сонсох болсон юм. “Монголд ийм юм хийх гэж байна, дэмжээч…” гээд томоохон багууд руу шууд хандсан юм. Ингэж явсаар Amazon Web Services-ээс хамтарч ажиллах санал авч, ялсан багийн 7 гишүүнд Amazon Echo гэсэн машин алдартай ухаалаг туслахтай төхөөрөмжийг, мөн AWS-н хүн болгоны $100-н кредит, футбольк, наалт, тэмдэгллийн дэвтэр зэрэг зүйлсийг өгөхөөр болсон юм. Энэ бол маш том амжилт. Олон хүмүүс Монгол гэдэг талаар сонсож, анхныхаа удаа AWS-с Монголд болох гэж буй тэмцээнийг спонсорлох боллоо. Нөгөө талаас Монголд байгаа хөгжүүлэгчид, бизнес эрхлэгчид, судлаачид маань AWS-н талаар мэдэж боломжтой болж байгаа юм. WIN-WIN гэх үү дээ?

Ямар ч сайн дурын арга хэмжээ зохион байгуулахад төсвийн асуудал байнга үүсч байдаг. Наад зах нь байр, хоолны зардал, зохион байгуулах зардал, оролцогчдод өгөх бэлэг…гэх мэт. Тиймээс бид тэмцээн болохоос өмнө сайн багуудыг бүргүүлээрэй гэж уриалахаас гадна хөрөнгө оруулах хувь хүмүүс, албан байгууллагуудтай хамтарч ажиллахдаа байнга бэлэн байгаа гэдгийг албан ёсоор дуулгах хэрэгтэй байх. Хамтдаа нийлж байгаад, мэдээллийн хар хайрцагийг эвдэж, эх орондоо хэрэгтэй мэдээллийн технологийн дэвшилтэт алхам хийх боломж бидний урьд байна. Дэлхийн хэмжээний компаньд бас өөрсдийгөө таниулах боломж байна. Шилдэг оролцогчдоос ажлын боловсон хүчнээ сонгож авах боломж бас байна. Өөрсдийгөө сурталчлуулах боломж бас байна. Ингээд бодоод үзэхээр тэмцээн зохион байгуулах арга хэмжээнд багахан ч гэсэн хандив өргөж, тус болоход алдах зүйл байхгүй байгаа биз?

За ингээд блог пост оо өндөрлөе. Энийг бичих гэж 3 цаг орчим суулаа. Өмнөх постууд дээрээ байнга хэлдэг шиг нуршсан бол, үг үсгийн алдаа гаргасан бол хүлцэл өчье.

Мэдээллийн Хар Хайрцаг-н асуудалтай санаа нийлж, HackUB төслийг маань дэмжиж байгаа бол таниас хүсэх зүйлс бол:

Энэ постыг SHARE хийх
www.hackub.com сайтаар маань орж төсөлтэй танилцах, бүртгүүлэх эсвэл спонсорлох
https://www.gofundme.com/hack-ulaanbaatar орж хандив өргөх

Эцэст нь – гадны өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа уриалахад: Know-How гэдгээ эсвэл байгаа боломжоо ашиглаад Монголдоо ямар нэг юм хийчих боломж байвал их бага гэлтгүй хийж байгаарай гэж уриалах байна. :)

Хүндэтгэсэн,
А. Амарбаяр

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
7 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
18
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

баяса 2019.08.18 202.9.43.88

бүтэн сайнд ажилладаг натиорат байна у да үгүй юу

0 Хариулах