Хайх зүйлээ бичнэ үү

Ердөө долоон сарын өмнөөс хөгжилтэй бичлэг хийж эхэлсэн тэдний "Facebook" хуудас аль хэдийн зуун хорин мянган дагагчтай болоод байна.

Бидний өдөр тутмын амьдралд тохиолддог үйл явдлыг хөгжилтэй бөгөөд мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэдгээрээ хөгжилтэй бичлэг хийж интернэтэд байршуулдаг бусад залуусаас ялгараад буй "Mesmerism"-ийн залуус Э.Мөнх-Эрдэнэ, Д.Ганцогт нартай цөөн хором ярилцлаа.

-"Mesmerism"-ийн залуусыг юу нэгтгэж, ийм төрлийн бичлэг хийхэд хүргэсэн бэ?

Д.Г: Монголд "Vine" хийдэг олон мундаг залуус байдаг ч тэд бичлэгүүдээ гаднын яг энэ чиглэлээр бичлэг хийдэг залуусын хэмжээнд хүргэе гэж зорихгүй, нэг төвшиндөө хийгээд байгаа юм шиг санагддаг байсан. Тэгээд бид ярилцаж байгаад хүн бүрт тохиолддог, хөгжилтэй зүйлсийг бага зэрэг хэтрүүлэг, ёгтлол оруулж, сэтгэл гаргаад хийгээд үзье гэж шийдсэн. "Яагаад  Монголчууд гадныхан шиг өндөр чанартай, хөгжилтэй контент бүтээж болохгүй гэж" гэх ярианаас л бүх юм эхэлсэн дээ.

Э.М: Залууст өөрсдийн чадлаараа зөв мессеж хүргэе гэж бодсоны үүднээс бичлэгээ хийж эхэлсэн. Бичлэг хийхдээ их сэтгэлээ гаргаж, ач холбогдол өгдөг.

- Таны бичлэгүүдийг үзээд хүмүүс юу ойлгоосой гэж хүсдэг вэ?

Э.М: Бичлэг болгон өөр өөр санаа илэрхийлж байгаа. Ерөнхийдөө бид нэгэн залуу үеийн төлөөлөл учраас Монгол залуусыгаа ийм байгаасай гэж бодож явдаг зүйлсээ шууд илэрхийлдэг. Хэрхэн хүлээн авах нь хувь хүнээс л шалтгаалах байх.

-Бичлэг хийх санаагаа хаанаас олдог вэ?

Д.Г: Бичлэгийн санааг бид хоорондоо ярилцаж байгаад олдог. Тухайн үед нийгэмд ямар үйл явдал өрнөж байна, сошиалыг юу шуугиулж байна гэх зэргийг ажиглаж байгаад ёгтлохыг нь ёгтлоод, хөгжилтэйг нь инээдэм болгоод бичлэгээ хийдэг дээ.

-Бичлэг дээр гардаг нь та хоёр ч гэлээ мэдээж арын алба байж таарна. "Mesmerism" хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ?

Д.Г: Мөнхүүш бид хоёроос гадна Б.Чингүүн гэж зураглаачтайгаа нийлээд гурвуулаа. Хүмүүс биднийг олуулаа гэж боддог юм билээ. Бид гурав бүх юмаа өөрсдөө л хийхийг хичээдэг. Жишээ нь зураг Э.М шаардлага гарлаа гэж бодоход хэн хамгийн гарын дүйтээдээ "Чи зур" гээд л зуруулчихдаг.

-"Mesmerism"-ийнхэн хэдэн настай вэ?

Э.М: Бид гурав нийлээд яг 69 настай. /инээв/

-Та хэд бичлэг хийхээс бусад үедээ юу хийдэг вэ?

Э.М:  Энгийн амьдрал маань ердөөсөө л энэ: Өглөө босож Цогтоогийнд очоод бичлэгээ хийнэ, үгүй бол бичлэгийн санаа олно гээд л  бичлэг маань бараг  бидний  ажил болчихсон доо. Чөлөөт цаг гарвал спортоор хичээллэнэ, хөгжмөө тоглоно, кино үзнэ гэх мэт олон юм хийдэг дээ.

Д.Г:  Бид хамтдаа кино их үздэг. Ялангуяа гадны киноноос бидэнд харах, суралцах зүйл их байдаг болохоор завтай үедээ кино театраас салахгүй шүү дээ.

-Хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ?

Д.Г:  Өчигдөр “Мичин гарагийн бослого”-ыг үзсэн. Их таалагдсан.  Бүтэн хоёр цаг гучин минутын киног ажрахгүй үзсэн шүү.

-Та нарын хамгийн дуртай кино юу вэ?

Д.Г: Миний хувьд “Сувдан эрэг” кино их таалагддаг. Бас Өмнөд Солонгосын нэг ангит инээдмийн кинонууд их хөнгөн, зөв шийдэлтэй санагддаг.

Э.М: Би Том Хардигийн тоглосон “Legend”-д их дуртай. Бас “Magic Mike” гээд гоё гоё кино олон шүү.

-Цаашдаа кино урлагт хүч үзэх зорилго бий юу?

Э.М: Байгаа. Мэдээж ямар ч юм өсөж дэвшинэ шүү дээ. Бидний хийж байгаа зүйл бол жижигхэн хэмжээний ч гэсэн бүтээл, контент юм.  Би өөрөө жүжигчин болохоор суралцаж байгаа болохоор бодсон юм байгаа.

Д.Г: Кино урлаг бол гайхалтай том ертөнц. Тэр ертөнц рүү бид бэлэн болсон цагтаа л орно доо. Ойрын үед зөвхөн бичлэгээ л сайн хийх бодолтой байна. Гэхдээ кино урлагт орсон ч бид хэзээ ч "Mesmerism"-ээ орхихгүй.

-"Mesmerism"-ийн бичлэг сошиалд нийтлэгддэг болоод хэдий хугацаа өнгөрсөн бэ?

Д.ГХамгийн анхны бичлэг 2016 оны 12 сарын 15-нд орж байсан.  Бид долоон сарын турш  90 гаруй бичлэг хийсэн байна.

-Бичлэг хийдэг болсноос хойш та нарын амьдралд ямар өөрчлөлтүүд гарав?

Э.М: Өөр болсон юм нэлээн байгаа. Гадуур явахаар хүмүүс таньж, сайхан эерэгээр хүлээж авдаг болсон. 

Д.Г: Бичлэг хийдэг болсноос хойш бид улам л завгүй болоод байгаа шүү. Хүмүүс биднийг хүлээдэг болчихсон  болохоор илүү гоё бичлэг хийх юмсан, өмнөхөөсөө сайжрах юмсан гэж хичээдэг болсон. Хаа нэг газар ямарваа асуудал гарах үед манай хуудсанд “за та хэд юм хийгээрэй, уриалаарай” гэсэн мессежүүд их ирдэг.  Энэ нь бидний нийгмийн хариуцлага нэмэгдэж байгааг харуулж байна гэж үзээд бид хүмүүсийг зөв зүйлсэд уриалахыг хичээж байгаа.

-Гэрийнхэн, хамаатнууд тань бичлэгүүдийг хэрхэн хүлээж авдаг вэ?

Э.М: Манай гэрийнхэн маш их дэмждэг. Бараг бичлэг нь орохоос өмнө шейр хийчихдэг шд. /Инээв/. Би жүжигчин мэргэжилтэй. Тийн болохоор ийм байдлаар өөрийгөө хөгжүүлээд явж байгааг минь их дэмждэг.

Д.Г: Их дэмждэг. Түүнээс гадна найз нөхөд, дотнын хүмүүс бол нэн ялангуяа их шоглодог болсон.  “Хүүе Цогтоо гялс дэлгүүр гараад ирээч” гэхээр нь би дэлгүүр гараад ирэнгүүт л “Аая, би "Mesmerism"-ийн Цогтоог дэлгүүр явуулчихлаа шүү дээ” гэх зэргээр шоглодог шүү. Ах эгч нар “Хэн байх чинь хамаагүй шүү, босоод хогоо шүүрд”, “Чи яагаад хэвтээд байгаа юм, өөрийгөө од гээд бодчихсон юмуу?” гээд л шоглож өгнө шүү дээ.

-Найз охинтой юу?

Д.Г: Манай Мөнхүүш чинь аягүй мундаг шүү дээ. Найман жил үерхсэн найз охинтой. Би бол ганц бие. Одоохондоо найз охинтой болох цаг нь болоогүй гэж бодож байгаа.

-"Mesmerism"-ийн бичлэгүүд дээр хүмүүс сөрөг сэтгэгдэл, шүүмж хэр их үлдээдэг вэ, шүүмжийг хэрхэн хүлээж авдаг вэ?

Д.Г: Манайд ер нь сөрөг коммент бага ирдэг. Гэхдээ ер нь бичлэгээс л шалтгаална даа. Хүмүүсийг бага зэрэг сэрдхийлгэсэн, хүнд асуудал хөндсөн бичлэгүүдэд сөрөг комментууд ирэлгүй яахав. Гэсэн ч бид бичлэгээ аль болох эерэг талаас нь харуулж, хөгжөөх бас цаагуураа ямар нэг мессеж өгөхийг хичээдэг. Мэдээж шүүмжийг хүлээж авдаг, алдаа дутагдалаасаа суралцахыг хичээдэг.

-Бусад бичлэг хийдэг залуустай их сайн харилцаатай бололтой. Хэр дотно вэ?

Д.Г: Мэдээж бид нар нэг нэгнээ мэднэ. Хамгийн дотно нь Гремикс. Бас “Молпедиа”-ийн Ганаа, Алтак хоёрыг танина. Тэдэнтэй хамт бичлэг хийж байсан.

-Нэг бичлэг хийхэд хэр хугацаа зарцуулдаг вэ?

Д.Г: Нэг бичлэгийн маань үргэлжлэх хугацаа дунджаар 1-2 минут байдаг. Тэр богинохон бичлэгийн зургийг авахад гурваас зургаан цаг зарцуулдаг. Тэгээд бичлэгээ янзлана, эвлүүлнэ, дуу дэвсэнэ гээд бараг бүтэн өдрийг зарцуулдаг.

-Хамгийн урт хугацаа зарцуулсан бичлэг аль нь вэ?

Э.М: Аяллын бичлэгээ хийх гэж 16 өдөр зарцуулсан юм байна. 15 хоног аялаад ирсэн хойноо нэг өдөр эвлүүлж янзлаад хийсэн бичлэг байгаа.

-Аяллын сонин сайхнаасаа хуваалцаач ?

Д.Г:  Энэ аяллын хамгийн гол нь гурвуулханаа, гурван мянган километрийг туулсан явдал байлаа. Анх удаа ингэж зоригтой аялж үзсэн. Үнэхээр сайхан яваад ирлээ. Очсон газар болгондоо бичлэг хийгээд явахад хүмүүс  "Mesmerism"-ийн хоёр ирчихсэн бичлэг хийж байна” гээд л их гоё хүлээж авч байсан. Бас хүмүүсээс "Манай Дарханд ямар бичлэг хийсэн бэ?", "Хөвсгөлд юу хийсэн бэ" гэх зэрэг асуултууд их ирж байсан. Энэ мэтээр бүтэн 15 хоног адал явдал ихтэй аялаад ирлээ.

Э.М: Өмнө нь ингэж хол явж үзээгүй. Огт зам мэдэхгүй хүмүүс гэнэт шийдээд л шууд гараад явчихсан. Аймгуудаар анх удаа яваад, явсан газар болгондоо бичлэг хийгээд л их үр бүтээлтэй аялсан. Залуучуудыг ингэж дотооддоо аялж үзээсэй гэж хэлмээр байна.

-Бичлэг хийхэд ямар ямар хүндрэлтэй асуудал тулгардаг вэ?

Д.Г: Бичлэг холбох үеэр ая олох хамгийн хүндрэлтэй байдаг.  Яг тухайн бичлэгт тохирсон ая олохын тулд их цаг зарцуулдаг. Бид нэг тавьсан аяаа дахин ашиглахгүй байхыг хичээдэг.

-“Наруто” анимены “ Heroes come back”  гэдэг дууг танай албан ёсны theme song гэхэд хилсдэхгүй шүү дээ. Аниме их үздэг үү?

Э.М: Тэр дуу бол яах араггүй бидний багаасаа сонсож, бүр чихэнд хоногшчихсон дуу. Их дурсамжтай дуу болохоор байнга ашигладаг. Аниме үздэг байсан. Нарутод л хамгийн дуртай.

Д.Г: Аниме их үзнэ. Хамгийн дуртай нь “Full metal Alchemist ” байгаа. Мөн “Наруто”, “Bleach”, “One piece” гээд олон аниме үздэг байлаа.

-"Mesmerism"-ийн ирээдүйн зорилго юу вэ ?

Д.Г: Бид "Mesmerism"-ийг санаачилж, эхлүүлсэндээ их баярлаж, өөрсдийгөө азтайд тооцдог. "Mesmerism" бидэнд маш олон зүйл сурч, хийж бүтээхэд тус болсон. Хэдэн ч жил өнгөрч, бид бүгд өөр зүйл хийдэг боллоо гэсэн хэзээ ч "Mesmerism"-ээ бол орхихгүй. Харин ч илүү том болгож, өргөжүүлэх зорилго бий.

А.Отгонжаргал


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.