Хайх зүйлээ бичнэ үү

"Станд ап урлаг бол нэг ёсны гудамжны реп байдаг шиг л чөлөөт хошигнолын нэг хэлбэр"

Элэглэл бол урлаг доторх урлаг гэгддэг. Тэр дундаа үзэгчтэй хамгийн ойроос харьцаж, тоглолт бүр нь шинэлэг, өвөрмөц содон байдгаараа станд ап комеди илүү онцлогтой. Энэхүү тайзны урлаг манай улсад танигдаад удаагүй ч Монголын "Ub comedy" клубын эвентүүд хэдийн залуусын хүсэн хүлээдэг арга хэмжээ болжээ. Тус клубын цорын ганц эмэгтэй гишүүн Олягийн гоцлон тоглолтоос нь өмнө бид түүнтэй нээлттэй яриа өрнүүллээ.

-Бид таныг "Ub comedy"-ийн хөгжилтэй, нээлттэй Оля гэж мэднэ. Олон нийтийн мэдэхгүй Оляг танилцуулаач?

Би бол энгийн нэг компанид ажилладаг, эдийн засагч мэргэжилтэй хүн. Станд ап комедиад яаж яваад орчихсоноо ч ойлгодоггүй шүү.

-Оля таны тайзны нэр үү? 

Жинхэнэ нэрийг маань Ууганбаяр гэдэг. Орос сургуульд ороход монгол нэрийг маань оросууд сайн хэлж чадахгүй байсан болохоор Оля гэх болсон. Тэгээд л нэг мэдэхэд гэрийхэн, найз нөхөд бүгд Оля гэж дууддаг болсон.

-"UB COMEDY" клубт хэзээ орсон бэ? Орост мөн энэ чиглэлээр тоглодог байсан гэж дуулсан юм байна? 

Өнгөрсөн 3 сард орсон. Өмнө нь ОХУ-д 2 гаруй жил энэ чиглэлээр тоглосон. Тэндээ "Өөрийгөө магтахгүй бол хэн ч магтахгүй" гэхээр багагүй амжилтанд хүрээд, монголдоо ирээд тайзаа их санасан. Тэгээд л энд ирснээсээ дөрөвхөн хоногийн дараа клубынхээ залуустай холбогдоод "Ub comedy"-д орсон.

-Хамгийн анх тайзан дээр хэзээ гарсан бэ? Тэр үед ямар санагдаж байв?

Монголд хамгийн анх "Big show"-ны өмнө тайзан дээр гарсан. Монгол хүмүүсийн өмнө огт ярьж үзээгүй байсан болохоор бага зэрэг сандралд орж, 5 минутын ярих хугацаандаа өөрийн мэдэлгүй шулагнаад байсан шүү /инээв/. Эхний удаад сандраад, дараа нь, тэрний дараа нь гэсээр одоо "Special" буюу гоцлон тоглолтоо танилцуулах гээд хүлээгээд сууж байна. Хүмүүс их ам сайтай, сайхан хүлээж авч байгаад баяртай байгаа. 

-Орост багадаа очсон уу? Тэнд яагаад станд ап  комедид оролцох болсон бэ?

Багаасаа очиж дунд сургуульд сураад монголдоо ирж сургуулиа төгссөн. Орост буцаж очих үедээ ковер дуунд их дуртай, сонирхлоороо дуулдаг байлаа. Манай коверийн залуус намайг "Чи ийм хөгжилтэй байж станд ап комедид орооч" гэдэг байсан. Би ч чадахгүй дээ, дуугаа дуулаад явья гэж боддог байлаа. Тэгтэл нэг өдөр манай ковер үдшийг Оросын Антон гэх комедигийн продюссер залуу үзсэн юм. Түүнд манай үзэгчид "Ковер дуулж байгаа Оля гэдэг охин үнэхээр хөгжилтэй, галзуу" гээд хэлчихсэн байсан. Тэр өдөр Антон намайг нээлттэй микрофоны үеэр хүрээд ирээрэй гэж урьсан.

Хүн урьсан болохоор яалт ч үгүй очсон л доо. Гэхдээ яасан ч тайз руу гарахгүй дээ гээд бодоод гараад явж байтал Антонтой мөргөлдчихсөн. Тэр намайг тэвэрч аваад "Ирсэнд үнэхээр баярлалаа. Юу ч болсон чи чадна. Би чамд итгэж байна. Чи юу ч ярьсан би инээнэ" гэж урам өгсөн. Тэгээд л тайзан дээр гараад ярьж өгсөн дөө. Юу ч ярьсан юм бүү мэд, жирэлзээд л өнгөрсөн. Тайзнаас буугаад сууж байтал гэнэтхэн л "Өнөөдрийн ялагч Оля байлаа" гэж зарласан. Би бүр гайхаад яаж тайзан дээр гарснаа санахгүй ч нэг мэдсэн шагнал аваад бууж байсан. 2 хоногийн дараа нөгөө продюссер над руу залгаад  "Би энэ комеди урлагаар 20 жил ажилласан. Цааш ирээдүйтэй хүнийг хараад л танина. Чи бол аз нь ивээгээд ялсан хүн биш. Чамд авьяас байна" гэж маш том урам өгсөн. Би ч тэр үгэнд нь хошгироод шууд л жилийн гэрээ хийчихсэн. /инээв/

-Тэгээд 2 жил тасралтгүй тогложээ?

Тийм ээ. Цаашид ч тоглох болно.

-Анх комедид тоглож байхад гэхэд гэр бүл, найз нөхөд тань хэрхэн хүлээж авсан бэ? 

Би бичлэгээ интернэтэд огт тавидаггүй. Ээж маань намайг их дэмждэг, нээлттэй хүн бий. Харин эмээ маань станд ап комедид арай л бэлэн биш байна. Удахгүй арай цензуртай бичлэгээ тавих л байх. 

-Та Монголын станд апын анхны эмэгтэй гишүүн шүү дээ. Өнөөдрийг хүртэл яагаад өөр эмэгтэй станд апад гарч ирээгүй юм бол? Айдаг юм болов уу?

Охидууд маань их бүрэг, ичимхий санагддаг. Намайг тоглож эхэлсэнээс хойш нээлттэй микрофоны өдөр олон охид гарч ирж, өөрийгөө сорьдог болсон. Охиддоо гэж хэлэхэд, хэзээ ч юунаас ч битгий айж байгаарай. Үнэхээр тэр мэдрэмж дотор чинь байгаад, хүнд хүргэмээр байвал, хүнд хүргэж чадна гэж санагдаж байвал хийх л хэрэгтэй. Би бол тэс хөндлөн, эдийн засагч мэргэжилтэй, урлагтай холбоотой хүн биш. Тэгэхдээ л энэ урлаг надаас өөрийн эрхгүй гарч байгаа зүйл. Комеди бол миний хувьд бүх стрессээ тайлж, аз жаргалтай болгодог зүйл. Энэ урлагтаа үнэхээр хайртай. Би залуустайгаа мөр зэрэгцээд явж байгаадаа баяртай байдаг. Станд ап бол бусад тайзны төрлүүдээс илүү мэдрэмж, хүч хөдөлмөр шаарддаг. Тайзан дээр гараад би өдөр бүр өөрийгөө шинээр нээдэг. 

-"Ub Comedy" нэмж эмэгтэй гишүүн авах уу?

Үнэхээр чадвартай, зоригтой хүн байвал бид нээлттэй. Надтай хамт тоглох эмэгтэй гарч ирвэл би үнэхээр баярлана. Гэхдээ тийм хүн ховор байна. Нэг, хоёр удаа амжилтгүй болоод "Өө би чадахгүй юм байна" гэх зэргээр манай эмэгтэйчүүд амархан шантардаг. Комедиг сурна гэж бараг байхгүй. Тухайн хүний төрөлхийн мэдрэмжээс л шалтгаална. Найзууд дундаа их хөгжилтэй байж чаддаг хүмүүс нээлттэй микрофоны үеэр гараад амжилтгүй болох нь бий. Тэгэхээр зүгээр нэг хөгжилтэй байхаас илүү мэдрэмжтэй, бэлтгэлтэй байх хэрэгтэй. 

-Станд ап комедиг хошин урлагийн үзүүлбэрээс ямар ялгаатайг сайн мэдэхгүй хүмүүс байдаг. Та ялгааг нь өөрийнхөөрөө тайлбарлаж өгөөч?

Хошин урлаг бол жүжигчилсэн, зохиомжтой тоглолт бол станд ап комеди илүү чөлөөтэй, өөрийн өнцөгөөс ярих, тоглолтын үед тайзаа мэдрэх, тайзны хүлээн авч буй байдлаас шалтгаалан яриагаа өөрчлөх ч хэрэгтэй болдог. Энэ талаараа маш ялгаатайг манайхан ойлгох хэрэгтэй.  

-Станд ап комедид тасралтгүй ирдэг, үнэнч фен нь болсон залуус олон бий. Харин зарим хүн шүүмжлэлтэй ханддаг. Тэдэнд хандаж хэлэхийг хүсдэг зүйл бий юу?

Өндөг шиг өөгүй хүн байдаггүй шиг юм хийж байгаа хүмүүс үргэлж л шүүмжлэлд өртдөг. Станд ап урлаг нь хөгжмөөр аваад үзвэл гудамжны реп шиг л чөлөөт хошигнолын нэг хэлбэр юм. Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрчихсөн урлаг учир хүн бүхэн сайхнаар хүлээж авах шаардлагагүй. Хараал хэлдэг, буруу үлгэр дууриал үзүүлдэг гэх зэргээр бидэн рүү сөрөг хандлага багагүй ирдэг. Үнэхээр буруу талаас нь харж байгаа хүмүүс заавал биднийг үзэх албагүй. Хэн ч тэр хүнд биднийг үзэх ёстой гэж шахаагүй. Сэтгэлээ тайван байлга, найзуудаа гэж хэлмээр байна. /инээв/

-Эмэгтэй хүний хувьд та эрчүүдийн хувьд хаалттай байдаг эмэгтэйчүүдийн ертөнцийг дэлгэдэг шүү дээ. Тоглолтынхоо санаа, сэдлийг яаж олдог вэ? 

Ихэнх үед комедигийн залуусынхаа яриаг сонсоод "Үгүй шүү, найзуудаа" гэсэн хандлага төрдөг. Тэгээд л тэдний эсрэг өнцөгөөс эмэгтэйчүүдэд ингэж санагддаггүй юм гэж авч үздэг. Эрчүүд ер нь бид л чадна, бид л та нараас илүү мэдрэмжтэй гэдэг хандлагатай байдаг. Үнэн хэрэгтээ эмэгтэйчүүд эрчүүдээс дутахгүй шүү дээ. Энэ талаас нь өөрийн өнцгөөс тоглохийг хичээдэг. 

-Та болон танай багийхан тоглолтоо хэрхэн бэлддэг вэ?

Хэрүүл хийнэ дээ /инээв/. Чи эхэлж гарна, үгүй би гарна гээд л маргана, бужигнана. Гэхдээ яг тайзан дээр гарахаас өмнө бүгд бие биенээ тэвэрч урам өгнө. Хүмүүс намайг олон залуусын дунд орчихоод эрхлээд, жаргаад байна гэж боддог юм шиг байгаа юм. Үнэндээ би тэднээс дутахгүй л үзэлцэнэ шүү дээ. 

-Оля ганц бие гэж сонссон. Ямар залуус таалагддаг вэ?

Хэцүү асуулт байна. Би өөрөө таг нь дэврээд буцалж байгаа ус шиг хүн болохоор ирээдүйн хань маань ч надтай адилхан байвал бие биеэ урж тасдаад хэцүү юм болох байх. /инээв/ Тиймээс дөлгөөхөн хүн таалагддаг. Гадаад төрх хамаагүй ч надаас арай өндөр байвал зүгээр байх. Тэгэхгүй бол над шиг хүн намхан залуутай явж байвал ээж хүү хоёр шиг харагдана шүү дээ. /инээв/ 

-"Ub Comedy"-ийн баг ойрын хугацаанд ямар зорилттой ажиллаж байна?

Дараагийн "Big show"-гаа хийнэ, түүндээ бэлдэнэ. Хэд хэдэн улсаар аялан тоглолт хийхээр төлөвлөөд байгаа. Хятадын Бээжин, Тьянжин хотуудаар аялан тоглолт хийсэн. Цаашид бид европын орнуудад суугаа монголчууддаа зориулан тоглолтоо хийх бодол тээгээд л явж байна. Би 9 сард Орос руу явна. Тэр хүртэл эндээ тоглоно. Орост очоод 12 сард мөн тэндэхийн багтайгаа тоглолт хийнэ. Хаана ч очсон тоглолтоо хийнэ дээ. /инээв/

-Станд ап комедигаа хэзээ ч орхихгүй гэсэн үг үү? 

Энэ бол миний хувьд орхиж, гээж болохгүй зүйл. Орост тоглож байгаад Монголдоо ирсэн даруйдаа комедигоо санаж эхэлсэн. Тэгээд л 4 хоногийн дараа залуустайгаа холбогдсон. Тайзан дээр гарч, комедигоо тоглохгүй л бол болохгүй, яаж ч амжилтгүй болсон тоглож л байвал би аз жаргалтай байдаг. 

-Гоцлон тоглолтоо ахиж хэзээ тоглох вэ?

Гоцлон тоглолтуудаа жилд 1 удаа л хийнэ. Тэгэхээр дараа жил тоглох байх. 

-Оросын станд ап комеди, монголынхтой харьцуулвал ялгаатай юу?

Онц ялгаа байхгүй. Намайг бол яг л адилхан хүлээж авдаг. Би тэнд ч бас ганц эмэгтэй нь байсан. Ялгаа нь гэвэл Орост станд ап комеди илүү дэлгэрсэн, том продакшны түвшинд оччихсон, бүх хүмүүс нь мэддэг, хүлээн зөвшөөрдөг болоод ч тэр үү илүү нээлттэй, тоглоход амар санагддаг. 

-Манайд энэ чиглэлээ илүү хөгжүүлье гэвэл яах хэрэгтэй юм бол?

Бид хийж л байна. Явж л байна. Залуус өмнөхөө бодвол станд ап комедиг их мэддэг болсон байна. Үздэг болж байна. Бид энэ урлагаа илүү задалж, продакшнтай болж, телевизийн эфиртэй болох хүсэл, зорилго бий.

-Станд ап комедид орохыг хүссэн ч чадахгүй байгаа охид, бүсгүйчүүддээ хандан юу гэж зөвлөх вэ?

Юунаас ч битгий айгаарай. Хамгийн гол нь инээдтэй байхаасаа битгий ай. "Смехотворный" буюу өөрийгөө шоолох, өөрийгөө элэглэхээс битгий ай. Би тайзан дээр өөрийгөө бүдүүн гээд л ярьдаг. Угаасаа ч бүдүүн хүн. Гэхдээ тайзнаас буухад хэн ч намайг "Чи бүдүүн" гэж хэлж чаддаггүй. Манай охидууд ичимхий, баригдмал харагддаг. Тиймээс өөрийгөө чөлөөлөөд, байгаагаараа, өөрийнхөөрөө л байж чадвал бусдад үнэлэгдэж, энэ урлагт орж чадна. Зарим хүмүүс зоосны нүхээр хардаг ч юмуу, мөнгө олно, од болно гэж бодож тоглоод хол явдаггүй. Энэ урлагт хайртай, дуртай байж л амжилтанд хүрнэ. 

-"Ub comedy"-гийн үзэгчиддээ хандан хэлэх үг бий юу?

Биднийгээ дэмжээрэй. Үзэж байгаагүй хэрнээ бусдын амнаас сонссон дам яриагаар биднийг дүгнэдэг хүмүүс нэг удаа ч гэсэн биднийг өөрийн биеэр ирж үзээрэй гэж хэлмээр байна. Тэгвэл магадгүй арай өөр өнцгөөс харах байх. Мөн хамтлагийнхаа залууст хандан "Хайртай шүү" гээд баярлаж явдгаа хэлмээр байна. 

-Одоо тайзруугаа гарах гэж байна. Амжилт хүсье. 

Баярлалаа. Гараад алаад өгнө өө /инээв/


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.