Илиас Илиадис: Шүтдэг бөхтэйгээ барилдаад хөлсийг нь арилгахгүй гээд усанд ордоггүй байлаа


  |     2017-08-08 20:13   |     16872
  2017-08-08 20:13   |     16872

Спортын сэтгүүлч А.Түмэнбаяр

Олимпийн наадмын алт, хүрэл медальт, ДАШТ-ий 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт, Европын АШТ-ий 2 алт, 2 хүрэл медальт, IJF-ийн Мастерс, Их дуулга, Гран При ангиллаас 4 алт, 3 мөнгө, 2 хүрэл медальт, Дэлхийн цом, Европын нээлттэй тэмцээнүүдээс 6 алт, 4 мөнгө, 6 хүрэл медальт, Европын 23 нас хүртлэх залуучуудын хошой аварга, Европын залуучуудын хүрэл медальт, Европын өсвөр үеийн аварга медальт, Армийн анхдугаар наадам болон ДАШТ-ий аварга, Европын цомын аварга,  Олон улсын тэмцээний 6 алтан медальт.

Энэ түүхэн амжилтын эзэн бол Грекийн үндэсний баатар Илиас Илиадис юм. 18-хан настайдаа олимпийн аварга болж улсынхаа үндэсний баатар болсон тэрбээр манай улсад арав хоногийн хугацаатай ирээд байгаа юм. Тодруулбал, тэрбээр Олон улсын Жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн нэрэмжит #JudoForTheWorld цуврал баримтат киноны 12 дахь хэсгийн гол баатар нь бөгөөд тус киноны зураг авалт манай улсад үргэлжилж байна. Түүхэн амжилтаараа их спортын амьд домгуудын нэг болж, түүхэнд нэрээ тамгалж чадсан энэ эрхэмтэй ярилцсанаа хүргэж байна.   

Ийм орчинд өссөн хүүхдүүд том амжилт үзүүлэх нь аргагүй юм байна

-Жүдо бөхийг сонирхогч монгол түмэн таныг ирсэнд маш их баярлаж байна. Ингэхэд та манай улсад анх удаагаа ирж байгаа байх аа. Ер нь та манай орны талаар ямар ойлголттой байсан бэ. Төсөөлж байснаас тань өөр байна уу?

-Монголд анх удаагаа ирж байна. Танай сайхан оронд ирэхээсээ өмнө ямар түүх соёл, зан заншилтай ард түмэн бэ гэдгийг маш олон зүйлээс сонирхон уншиж байсан. Монгол орон эртнээс нүүдэлчин удамтай, хүн ард нь мал мал аж ахуй эрхэлдэг гээд л... Гэтэл энэ түүхэн   уламжлалаа одоо хүртэл алдаагүй, яг хэвээр нь хадгалж үлдэж чадсан нь үнэхээр гайхалтай санагдаж байна. Хүмүүсийн аж амьдрал сэтгэлд ойр дотно, сайхан санагдсан. Бас манай Гүржийн  хөдөөний амьдрал Монголынхтой их ойролцоо юм. Зарим хүн сайн мэдэхгүй байж магадгүй. Хэдийгээр би Грек улсын иргэн гэж явдаг ч гүрж хүн шүү дээ. Миний нэрийг Гүржээр Жаржи Звиадаури гэдэг. Тэнд миний ах дүүс байдаг. Тиймээс би үргэлж нутагтаа очдог. Афины олимпийн 90 кг-ын аварга Жураб Звиадаури чинь миний үеэл.

-Танд манай орны юу нь хамгийн их таалагдав. Бас таалагдаагүй зүйл юу байв?

-Надад хамгийн их таалагдсан зүйл гэвэл монголчууд түүхээ, нүүдэлчин соёлоо яг хэвээр нь хадгалж үлдсэн нь, үлдээж байгаа нь үнэхээр гайхалтай санагдаж байна. Харин таалагдаагүй зүйлийн тухайд гэвэл надад энэ тэр гэж хэлэх эрх байхгүй л дээ.

-Та Олон улсын Жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн баримтат киноны төслийн багийнхантай ирсэн. Энэ баримтат киноны зураг авалтад манай жүдочид оролцож байгаа. Зураг авалтад оролцох явцад манай жүдочдын онцлогийг анзаарч харж байгаа байх, тийм үү?

-Хөдөө, онгон зэлүүд байгальд, ийм орчинд өссөн хүүхдүүд ийм том амжилтад  хүрэх нь аргагүй юм байна. Миний очсон Баянхонгор аймгаас л гэхэд сайн жүдоч олон төрсөн байна. Тухайлбал, жүдо бөхийн Монголын анхны эмэгтэй дэлхийн аварга М.Уранцэцэг, 73 кг-ын шилдэг жүдочдын нэг Г.Одбаяр нарыг энэ нутгийнх гэж мэдлээ. Мөн Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, Д.Сумъяа нарын олимп, дэлхийн медальтнуудыг хөдөө өссөн гэж дуулсан. Тиймээс миний энэ бодол улам баталгаажиж байна.

-Ингэхэд та манай жүдочидтой хэзээ хамгийн анх нүүр тулж байв. Тэр үед танд төрж байсан сэтгэгдлийг эргэн дурсвал сонирхолтой байх болов уу?

-Мэдээж тэгэлгүй яахав. Би 2008 оны хоёрдугаар сард анх удаа Монголын бөхтэй анх барилдаж байлаа. Тодруулбал, Парист болсон супер дэлхийн цомын тэмцээний -100 кг-д жин өгсөж барилдаад аваргын төлөө Н.Түвшинбаяртай таарсан. Гэвч тэр барилдааны үеэр хавирга маань хугарч, нэлээд удаж байж эдгэрсэн. Тэр үед авсан бэртэл маань одоо болтол надад мэдрэгддэг. Ер нь танай бөхчүүд үнэхээр бяртай. Сүүлд гэхэд танай хоёр ч бөхтэй барилдаад ялагдсан. Тэд үнэхээр хүчтэй өрсөлдөгчид байсан шүү. /Жич: Тэрбээр 2015 оны Астанад болсон дэлхийн аваргад ОУХМ Л.Отгонбаатартай барилдаж цэвэр ялагдсан юм. Харин Г.Алтанбаганад Дюсселдорффын Гран при тэмцээнд торгуулиар ялагдсан билээ/  

Тамирчин хүн магтаал, шүүмжлэлд автах учиргүй

-Гэхдээ та бол энэ спортод нэрээ тамгалж чадсан домгуудын нэг. 18 настайдаа олимпийн аварга болсон. Грек улсын үндэсний баатар болж байсан гээд л... Ингэхэд 18 настай жаахан хүү олимпийн аварга болох тэр үед яг ямар мэдрэмж төрж байсан бэ?

-“Афин-2004” олимпод 18 настай, таны хэлдэгээр жаахан хүү оролцоод алтан медаль авч байлаа. Яг үнэнийг хэлэхэд тухайн үед надад юу ч бодогдоогүй. Олимпийн аварга болчихоод байхад шүү дээ. Харин 2008 оны Бээжингийн олимпод оролцсоныхоо дараа 2004 онд өөрийгөө юу бүтээж чадсан бэ гэдгээ ойлгосон. Учир нь, Бээжингийн олимпод оролцохдоо би бүтэн олимпийн циклийн турш тасралтгүй хүнд хэцүү дасгал сургуулилалт, бэлтгэл хийсэн ч амжилт үзүүлээгүй. Тэгээд л тэр үнэ цэнийг мэдэрсэн. Үнэндээ тэр цаг хугацаа надад амьдралд тохиолдох саад бэрхшээлүүдийг хэрхэн яаж, даван туулахыг сургасан он жилүүд байсан. 2008-2009 онд миний спортын амьдралын хамгийн хүнд хэцүү үе тохиолдсон. Гэмтэл бэртэл гээч зүйл намайг хайртай спортоос минь салгах дөхсөн шүү.

-2007 оны ДАШТ-ээс мөнгөн медаль авсанаасаа хойш та гэмтэл, бэртэл гээд нэлээд хүнд асуудалтай тулгарсан. 2008 оны Бээжингийн олимпийн нээлтийн ёслолд Грекийн далбааг барин жагссан ч эхний тойрогт ялагдсан. Тухайн үед таныг хүмүүс зодог тайлах нь гэж ярьж байлаа. Гэвч та 2010 оны ДАШТ-д түрүүлсэн. 2011 онд нь бас түрүүлсэн. Та тийм хүнд цаг үеийг хэрхэн даван туулсан бэ?

-Үнэхээр тэгсэн. Гэхдээ би тэр хар дарсан он жилүүдийг дурсах үнэхээр дургүй. Учир нь тэр үед надаас бурхан хүртэл нүүрээ буруулсан юм шиг санагдаж байлаа. Гэмтэл бэртэл, ээлж дараалсан ялагдал гээд л... Гэхдээ энэ бүхнийг даван туулахад гэр бүл минь хамгийн гол нөлөөг үзүүлсэн. Миний эхнэр Грекийн талбайн теннисний тамирчин. Бид хоёр хүүхэдтэй. Би тэднийхээ сэтгэлийн дэмээр өөрийн хайртай спортдоо эргэн ирж, дэлхийд гурван удаа түрүүлсэн гэж боддог.

-Сонирхоод асуухад тамирчин хүнд бэртэл гэмтэл түүнээс үүдэлтэй сэтгэл зүйн дарамт гээд элдэв асуудал тохиолддог. Тэр үед энэ бүх дарамтаас яаж гардаг вэ?

-Барилдаан бүртээ анхаарлаа дээд цэгт нь төвлөрүүлэхийг хичээдэг. Бусдын үгэнд автдаггүй. Магтаал, шүүмжлэл гээд аль алийг нь чихнийхээ хажуугаар гаргадаг. Тамирчин хүн магтаал, шүүмжлэлд автах учиргүй.

Надад дэвжээн дээр гарч ирсэн жүдоч бүр хүчтэй санагддаг

-“Рио 2016” наадамд эхний тойрогт та Хятадын тамирчинд цэвэр ялагдсан. Төд удалгүй зодог `тайлна гэж мэдэгдсэн. Одоо танд арай эрт зодог тайлчихлаа даа гэсэн бодол байдаг уу. Ер нь тэр ялагдал таны хувьд шок байсан уу?

-Хэнд ялагдсандаа биш л дээ, хамгийн гол нь “Рио”-гийн олимпод оролцохоосоо өмнө зодог тайлах шийдвэрээ гаргачихсан байсан юм. Яагаад гэвэл тэр үед миний оюун санаа өмнөх шигээ байхаа больчихсон байсан. Учир нь Австрид эмчлүүлж байхад эмч маань надаас  “Илиас чи яг эвдрэл ихтэй хугацаа нь дууссан машин шиг болчихож. Одоо болих болоогүй юм уу?” гэж асуусан. Тэр үед би бүх хүчээ шавхан “Рио”-д зодоглоод тэгээд спортоо орхино гэж бодсон. Их ч хичээсэн. “Рио”-гийн олимп бол миний амьдралын хамгийн өндөр бэлтгэгдсэн тэмцээн байсан. Гэвч тэр өдөр бүх зүйл санаснаар болоогүй.  

-Та барилдаж байхдаа дэлхийн олон орны шилдэг жүдочидтой хүч үзсэн. Ер нь аль орны тамирчинтай барилдахад хамгийн хэцүү байсан бэ. Улс болгоны жүдочдын онцлогийг дурдаач гэвэл?

-20 жил амь амьдралаа зориулсан энэ спортын замналд надтай нэг ч амар өрсөлдөгч таарч байгаагүй. Хүмүүс надаас чиний хамгийн хүчтэй өрсөлдөгч чинь Хироши Изүми байсан уу гэж асуудаг. Харин надад дэвжээн дээр гарч ирсэн жүдоч бүр хүчтэй санагддаг байсан. Улс болгоны онцлогоос гэвэл Япон бөхчүүд хамгийн шилдэг жүдог барилддаг бол Европын бөхчүүд холимог барилдаантай. Харин гүрж болон монголчууд өөр өөрсдийн арга барилтай. Тэр дундаас монгол бөхчүүдийн барилдааны онцлог надад их таалагддаг. 66 кг-ын жинд барилддаг Д.Төмөрхүлэгийн барилдаан гайхалтай санагддаг шүү.

-Тийм гэж үү?

-Тийм ээ. Астанад болсон ДАШТ-д Д.Төмөрхүлэгийг хүрэл медалийн төлөө барилдаад ялагдахад үнэхээр их харамссан. Би чинь түүний үнэнч фенүүдийн нэг байхгүй юу.

-Ингэхэд жүдо бөх таны хувьд яг юу вэ. Бас жүдогоос олж авсан хамгийн том зүйл гэвэл?

-Энэ спортоос би өөрийгөө олж авсан. Багадаа зурагтаар жүдо үзээд хэзээ энэ бөхчүүд шиг сайн тамирчин болох бол гэж мөрөөддөг байлаа. Бас маш олон жүдочдыг шүтэн биширдэг байсан. Үнэндээ би өмнөх үеийн аваргуудаас эхлээд Д.Төмөрхүлэг хүртэл бүх шилдгүүдээс суралцаж өдийг хүрсэн юм шүү дээ. Миний хувьд хэдэн цагаар ч хамаагүй жүдогийн бичлэг үздэг. Жишээ нь, 1989 оны ДАШТ-ий аваргын төлөөх барилдааныг тод санадаг. Монголын шигшээ багийн дасгалжуулагч О.Балжинням л гэхэд ЗХУ-ын Коба Куртанизедээс хамаагүй илүү барилдаад хантэйгаар /шүүгчдийн саналаар/ ялагдсан байдаг.  

-Ингэхэд та шүтээн болсон тамирчидтайгаа хэзээ анх нүүр тулж байв?

-2000 оны Сидней олимпийн наадмын жин бүрийн медалийн төлөөх барилдаануудыг тод санаж байна. Алдарт Косей Иноүэгийн түрүүлээд ээжийнхээ зургийг тэврэн зогсож байгааг хараад биширж байлаа. Сиднейн олимпийн хамгийн шилдэг барилдаан Японы Макото Такимото болон БНСУ-ын Чо Ин-Чул нарын хооронд болж байсан. Тиймээс тэр  бөхчүүдтэй барилдаж үзэхийг үнэхээр их хүсч байсан. Энэ хүсэл маань Сидней олимпийн 73 кг-ын аварга Италийн Жузеппе Маддалонитэй барилдсанаар биелсэн. Бас Маддалонитэй барилдаад миний биед хөлс нь наалдсан байхад нь усанд орохгүй хоёр хонож байлаа шүү дээ. Шүтээн болсон тамирчдаа тэгж их хүндэлдэг байсан хэрэг.

-Хэдийгээр та зодог тайлсан ч маш их бэлтгэл хийдэг. Таны бэлтгэл хийж байгаа бичлэг интернэтэд олныг шуугиулдаг. Ингэхэд та яагаад ийм их бэлтгэл хийдэг юм бэ. Магадгүй та эргэн ирэлт хийх гэж байгаа юм биш биз дээ. Үнэндээ 30 нас  гэдэг  жүдоч хүний хувьд ид барилдах үе шүү дээ?

-Би амьралынхаа 20 жилийг жүдо бөхөд зориулсан. Тогтмол өндөр түвшинд барилдахын тулд ачаалалтай бэлтгэл хийдэг байсан. Тиймээс үүндээ дасал болчихсон гэх үү дээ. Хэдийгээр би тэмцээнд оролцохоо больсон ч цаашид бэлтгэл сургуулилтаа хийсээр байх болно. Учир нь надаас үлгэр дууриалал авдаг олон тамирчин бий. Тэр хүмүүст би зөвөөр үлгэрлэх ёстой. Намайг олон хүн харж байхад би цэнгээний газраар яваад байж болохгүй биз дээ. Тэгээд ч надад тийм газар очих хүсэл үнэндээ байдаггүй. Би энэ спортынхоо зөв үлгэр дууриалал нь байх ёстой.

Грекийн жүдогийн амжилт И.Илиадисаар эхэлсэн. Одоо надаар дуусч байна даа

-Монголчууд бас гүржүүд бөхөд хайртай дуртай ард түмэн. Харин Грект ямар байдаг вэ?

-Монгол болон Гүрж улс үндэсний гэсэн тодотголтой бөхийн спорттой ард түмэн. Тиймээс бөхчүүд нь дэлхийд өндөр түвшинд өрсөлддөг гэж боддог. Харин Грект бөхийн спорт тийм ч сайн хөгжөөгүй. Жүдо бөхийн спортын суурь нь 17 жилийн өмнө тавигдсан гэж үздэг. Үнэндээ Грекийн жүдогийн амжилт И.Илиадисаар эхэлсэн. Одоо надаар дуусч байна уу даа гэж боддог.

-Та дасгалжуулагч болж болно шүү дээ?

-Жүдо бөхийн спорт миний амьдралыг 20 жилийн өмнө өөрчилсөн. Би энэ спортоос маш олон зүйлийг сурч мэдсэн учраас түүнийгээ бусдад зөв үлгэрлэхийг хүсдэг. Харин дасгалжуулагч болох талаар огт бодож байгаагүй. Дасгалжуулагчаар ажиллах нь хамгийн хүнд ажлын нэг гэж боддог. Ялангуяа жүдо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж, тамирчдаа амжилтад хүргэнэ гэдэг надаас асар хол санагддаг.

-Манайд тамирчдаа олимп, дэлхийн аварга болоход өндөр шагнал өгдөг. Танай улсад тийм шагнал өгдөг үү?

-Жүдо бол миний амьдрал. Тэр ч утгаараа би жүдог мөнгө олох зорилгоор ашигладаггүй. Гүрж болон ОХУ л гэхэд олимпийн аваргадаа 1 сая доллар өгдөг гэсэн. Харин Грект тийм биш. Грект багийн спорт түлхүү хөгжсөн. Багийн спортын шагнал бусдаасаа харьцангуй өндөр байдаг. Миний хувьд тодорхой хэмжээний цалингаа аваад явдаг.

-Тэгвэл та ямар нэг бизнес эрхэлдэг үү. Гүржид ямар нэг зүйл байгуулсан уу?

-Би одоогоор бизнест хөл тавьж амжаагүй л байна. Би жүдо бөхөөр дэлхийд нэрээ гаргасан. Энэ нэр хүндээ цаашид хамгаалж явна гэж бодож байгаа.

-2012 оны олимпийн хүрэл медалиа та сүмд өргөсөн. Яагаад?

-Би Үнэн алдартны шашинтай. Энэ шашинг ОХУ, Серб, Украин, Гүрж, Румын зэрэг 10 гаруй улс шүтдэг. Лондонгийн олимпийн өмнө би өөрийн мөргөл үйлддэг сүмд ямар ч медаль хүртсэн хандивлана гэж амалсан юм. Амалсандаа хүрсэн хэрэг л дээ.

-Эцэст нь асуухад таныг манай улсад ирэхээс өмнөхөн Ерөнхийлөгчийн сонгууль болж МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүнээр сонгогдсон. Энэ талаархи таны бодлыг сонсмоор байна?

-Жүдо бөхийн спортоос хувь хүн маш олон талын боловсрол, ёс суртахууныг суралцдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулгыг сонгогдсонд дэлхийн жүдочид бүгд баяртай байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жүдод анхаарал хандуулсаны хүчинд тамирчид нь олимп, дэлхийд амжилт гаргаж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр танай тамирчдын гаргах амжилт улам нэмэгдэх байх. Бас би Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан. Тэр ч бүү хэл хамт бэлтгэл хийсэн. Тэгээд нэг зүйлийг бодсон. Энэ хүн бол агуу удирдагч юм байна гэж. Ийм хүн дан ганц Монголын жүдод бус дэлхийн жүдод их нөлөө үзүүлэх хүн гэж харж байна. Жүдогийн шинэ түүх бичигдэж байна шүү дээ.

-Танд маш их баярлалаа.


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

15 сэтгэгдэлтэй

  • ganbaatar   [202.70.46.220]
      2017-08-13 02:43
    Box xun iim l baix estoi.Sain jvdochin shuu.

  • ganbaatar   [202.70.46.220]
      2017-08-13 02:43
    Box xun iim l baix estoi.Sain jvdochin shuu.

  • Chintogtokh   [213.55.176.181]
      2017-08-11 22:04
    Er ni xiisen ymtai, alivaad bie, setgelee zoriulsan xen ch bolow xelex vgtei tegsen atlaa asar daruu tolow, engiin egel, uxaalag uujim baix ymdaa. Setgel neg ix saixan sergeed yawchixlaa.

  • Chintogtokh   [213.55.176.181]
      2017-08-11 22:04
    Er ni xiisen ymtai, alivaad bie, setgelee zoriulsan xen ch bolow xelex vgtei tegsen atlaa asar daruu tolow, engiin egel, uxaalag uujim baix ymdaa. Setgel neg ix saixan sergeed yawchixlaa.

  • Зочин   [124.166.233.3]
      2017-08-10 14:05
    Aguu buh l gene buhchuud n l tanih bh da. ene olon medaltai amjilttai buhiin hajuud manai hed bol sumandaa l tanigdah tudii

  • tumur   [202.70.46.228]
      2017-08-09 15:30
    Aguu Yuma alias

  • Зочин   [66.181.180.253]
      2017-08-08 20:48
    Manai tuvshee shig aguu avarga hun l dee mundag byartai hun shig bgaam

  • baagii   [203.91.115.37]
      2017-08-08 20:25
    Unheer baharhmaar domog bolson tamirchin saihan yriltclag boljee

  • baagii   [203.91.115.37]
      2017-08-08 20:25
    Unheer baharhmaar domog bolson tamirchin saihan yriltclag boljee

  • БАТ   [66.181.160.105]
      2017-08-08 20:18
    ҮНЭХЭЭР САЙХАН ЯРИЛЦЛАГА БАЙНА. ЭРҮҮЛ МЭНД СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

  • БАТ   [66.181.160.105]
      2017-08-08 20:18
    ҮНЭХЭЭР САЙХАН ЯРИЛЦЛАГА БАЙНА. ЭРҮҮЛ МЭНД СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

  • Bold   [82.10.183.252]
      2017-08-08 17:26
    Mash saihan yariltslaga bna bayarllaa

  • Bold   [82.10.183.252]
      2017-08-08 17:26
    Mash saihan yariltslaga bna bayarllaa

  • Tsogt-Ochir   [103.11.193.202]
      2017-08-08 15:30
    Gaihaltai tamirchin yumaa. Neg zuildee tuushtai, ingej hundetgeltei handana gedeg jinhene tamirchin hunii l yos surtahuun yum daa. Tiimdee ch amjiltuud ni hovorsoor bdag bh. Czech-iin olympiin avarga Krpalek gej ih mundag zaluu, orsoldogchoo hundelne, avarguudaa mashid hundelne. Tiimde ch bas l delhiin bolon olympiin avarga bolson. Harin italiin Basile gej showdahaas oor zuilgui bituu mori bn. Odoo ch ahij amjilt gargana gedeg ni hudal bize ter italy nuhur.

  • Tsogt-Ochir   [103.11.193.202]
      2017-08-08 15:30
    Gaihaltai tamirchin yumaa. Neg zuildee tuushtai, ingej hundetgeltei handana gedeg jinhene tamirchin hunii l yos surtahuun yum daa. Tiimdee ch amjiltuud ni hovorsoor bdag bh. Czech-iin olympiin avarga Krpalek gej ih mundag zaluu, orsoldogchoo hundelne, avarguudaa mashid hundelne. Tiimde ch bas l delhiin bolon olympiin avarga bolson. Harin italiin Basile gej showdahaas oor zuilgui bituu mori bn. Odoo ch ahij amjilt gargana gedeg ni hudal bize ter italy nuhur.

Үндэсний бөх: О.Хангай чансааг тэргүүллээ

Чансаанд 2017 оны цагаан сараас эхлэн Улсын наадмыг оролцуулан нийт 23 барилдааныг тооцжээ.

  2017-12-14 08:10

А.Венгер “Хөлбөмбөгчид сүмогоос суралцах хэрэгтэй”

Өрсөлдөгчөө хүндэлж байгаа болохоор сүмочид хэчнээн баярласан ч сэтгэлээ ил гаргадаггүй.

  2017-12-14 03:29

ЖҮДО: “WORLD MASTERS” тэмцээнээс 8 алт, 5 мөнгө, 6 хүрэлтэй

Манай тамирчид “Мастерс”-т эхэлсэн цагаас нь маш амжилттай оролцож байгаа.

  2017-12-13 08:48