“Икигай” буюу япончуудын ажил, амьдралаа дээшлүүлэх тухай ухагдахуун


  |     2017-08-09 17:21   |     1322
  2017-08-09 17:21   |     1322

BBC-д нийтлэгдсэн, Японы нийтлэлч Юукари Мизухашигийн “икигай” гэх ойлголтын тухай нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Японы том хотуудын ажилчин ангийн иргэдийн энгийн нэг өдөр “сүши зумэ” гэх тогтсон хэмнэлээс эхэлнэ. Энэ нь галт тэргэнд зүү орохын зайгүй болтол шахцалдан суусан хүмүүсийг сушинд нямбайлан чихэж багтаасан будаануудтай зүйрлэсэн хэллэг юм л даа.

Энд хаашаа ч харсан стресст орсон хүмүүс байдаг. Японы нийгэмд түгээмэл ажиглагддаг ажиллаж, хөдөлмөрлөх “дарамт” нь оффисын ажилчдыг орой хүртэл олон цагаар ажиллахад хүргэдэг. Илүү цагаар ажиллах нь энд энгийн үзэгдэл болсон бөгөөд шөнө дунд явдаг хамгийн сүүлчийн галт тэргэнд оффисийн хувцастай ажилчид дүүрэн байх тохиолдол элбэг. Тэр хүмүүс яаж ингэж амьдраад байна вэ гэж үү?

Нууц нь Япончуудын “Икигай” (ikigai) гэх ухагдахуунтай холбоотой байж мэдэх юм. Энэ үгийг англи болон бусад хэл рүү шууд орчуулах боломжгүй бөгөөд ерөнхий санаа нь амьдралын аз жаргал гэх ойлголттой дөхөж очдог. Үндсэндээ, “икигай” нь таныг өглөө орноос босох шалтгаан гэсэн үг.

“Икигай” нь ихэвчлэн Барууны соёлын “Венн диаграм”-тай холбогддог. Энэ нь таны дуртай зүйл, таны сайн хийж чаддаг зүйл, дэлхий ертөнцөд хэрэгтэй зүйл, мөнгө олж болох зүйл гэсэн 4 үндсэн чанараас бүрддэг диаграм юм.

Гэхдээ Япончуудын хувьд энэ ойлголт нь нилээн өөр. Таны “икигай” цалин мөнгөтэй огт хамааралгүй байж ч мэднэ. Үндэсний судалгааны төвөөс 2010 онд 2000 гаруй япончуудын дунд явуулсан судалгаагаар нийт иргэдийн ердөө 31% нь хийж буй ажлаа “икигай” хэмээн үздэг тухай тэмдэглэжээ. Хүмүүний амьдралын утга учир нь ажил байж болох ч зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй нь ойлгомжтой шүү дээ.

Илүү ойроос харвал

Тоёо Эйва Их сургуулийн профессор, сэтгэл судлаач Акихоро Хасегавагийн 2001 онд хийсэн “икигай”-н тухай судалгааны ажил дээр тэмдэглэснээр энэ нь япон хэлэнд өдөр тутам хэрэглэгддэг үг аж. “Ики” нь амьдрал гэсэн утгатай бол “гай” нь үнэ цэнэ, утга учир гэсэн үг юм.

Хасегавагийн үзсэнээр “икигай” нь Хэйаны үе буюу 794-1185 оны үетэй холбдогдож байна. “Гай” нь япон хэлэнд хясаа гэх утгатай “кай” гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд япончууд хясааг ихэд хүндэлж, үнэлдэг байсантай холбоотой гэнэ.

Японд “икигай”-н тухай маш олон ном, зохиол байдгаас “Икигай ни цуитэ” буюу “Икигайн тухай” (1966) гэх ном хамгийн алдартай нь. Энэ номд бичсэнээр “икигай” нь “аз жаргал” гэсэнтэй ижил хэр нь нюуансын хувьд арай өөр. Икигайн ойлголтоор та хэдий одоо зовж, шаналж байсан ч ирээдүйн сайн сайхан руу тэмүүлэхийг хэлдэг аж.

Урт, удаан наслалт

Японы Эрүүл мэндийн яамны судалгаагаар япон эмэгтэйчүүдийн дундаж наслалт 87, эрчүүдийнх 81 байна гэжээ. Тэгвэн энэ урт наслалтын нууц “икигай”-тай ямар нэгэн байдлаар холбогдох болов уу?

Зохиолч Дан Буэттнерийн үзэж буйгаар урт наслалт, “икигай” хоёр яах аргагүй холбоотой аж. “Цэнхэр бүс: Урт насалсан хүмүүсийн зөвлөсөн урт наслалтын сургааль” номын зохиолч тэрбээр дэлхийн хамгийн урт наслалттай орнуудаар аялж, энэхүү номоо бичжээ. Урт наслалттай бүс нутгуудыг тэр “Цэнхэр бүс” хэмээн нэрлэжээ.

Үүний нэг нь 100-аас дээш насалсан иргэдийн тоогоор тэргүүлдэг жижиг арал Окинава юм. Энэ бүсийн иргэдийн урт наслалт өвөрмөц хооллолттой нь яах аргагүй холбоотой. Тийм болохоор “икигай” үүнд яах аргагүй нөлөө үзүүлдэг хэмээн Буэттнер бичсэн байна.

“Хөгшин хүмүүс бусдаас талархал хүртдэг. Тэд залуу үеийнхэндээ сурч, мэдсэнээ өвлүүлэхийг ихээр хүсдэг. Тийм болохоор энэ нь хөгшчүүдэд амьдралын утга учир бэлэглэж, нийгэм, оршин байгаа газартаа хувь нэмрээ оруулах урам зориг өгдөг” гэлээ.

Буэттнерийн үзсэнээр таны үнэлдэг зүйл, хийх дуртай зүйл, сайн хийж чаддаг зүйл гэсэн 3 ойлголтын огтлолцол нь “икигай” аж.

Гэхдээ зөвхөн “икигай”-гаа мэддэг байхад хангалтгүй гэнэ. Хамгийн гол нь “икигай” хийж буй үйл хөдлөлийн чинь утга учир байх ёстой.

92 настай Томи Менака эмээгийн хэлснээр түүний “икигай” нь KBG84 бүжгийн хамтлагийнхантайгаа хамт дуулж, бүжиглэх юм байна. Тэгэхээр “икигай” хүн хүний үнэлэмжээс хамаардаг гэсэн үг.

Бодитой үйлдэл хийх нь

“Багийн ажиллагаа хувь хүний үйл хэргийг тодорхойлдог энэ нийгэмд японы ажилчид бусдад тус болох, талархал хүлээх, эргэн тойрныхноороо үнэлүүлэх нь юу юунаас илүү чухал” хэмээн “Жинзай Кензушо” хүний нөөцийн зөвлөх компанийн Гүйцэтгэх захирал Тошимицу Сова ярилаа.

“Probity Global Search” компанийн Гүйцэтгэх захирал Юуко Такатотой ажилладаг хүмүүс бүгд маш өндөр чадвартай хүмүүс. Тэд бүгд өөрсдийнхөө “икигай”-н дагуу ажиллаж байгаа гэж үздэг байна. Такатогийн ярьж буйгаар тэр хүмүүст нэг нийтлэг чанар байдаг. Тэр нь аливааг санаачлан хийх эрч хүч, мөн үүнийгээ маш хурдан үйлдэл болгож чаддаг чадвар юм.

“Хэрвээ та ямар нэг компани үүсгэн байгуулмаар байвч алдаа гаргах вий гэж айж магадгүй. Ийм үед аль хэдийн тэр бүхнийг биеэр үзэж, туулсан хүнтэй очиж уулз. Төлөвлөж байсан зүйлээ бодит үйлдэл болгосон хүнийг харсны дараа та ч бас үүнийг хийж чадна гэсэн итгэлтэй болно” хэмээн Такато ярив.

Жижиг сэтгэ

“Икигай” философийн утга учир нь ухаан жолоогүй, олон цагаар ажиллах биш. Японы нийт ажил эрхлэгчдийн бараг дөрөвний нэг хувь нь сард 80 ба түүнээс дээш илүү цагаар ажилладаг гэсэн судалгаа бий. Үүнээс болж “кароши үзэгдэл” буюу жилд 2000 гаруй хүн хэт их ажилласнаас болж сэтгэл санааны гутралд орж, амиа хорлох үзэгдэл болоод байна.

“Икигай” нь хичээнгүй, урт хугацаагаар ажиллахаас илүүтэй бусдын амьдралд ямар нэг өөрчлөлт авч ирэх эсэхтэй холбоотой.

Мичиганы Их сургуульд явуулсан нэгэн судалгаагаар хөрөнгө босгох хоёр багийн хүмүүстэй уулзаж ярилцсан бүлэг нь утасаар ярьж мөнгө босгосон бүлгээс 171% илүү хөрөнгө босгож чадсан байна. Өөрөөр хэлбэл бусадтай уулзаж, тэдэнд туслаж буйгаа биеэр мэдэрсэн нь сурагчдын үйл хөдлөлд нөлөөлж, утга учрыг нь мэдрүүлсэн гэсэн үг.

Энэ нь бидний өдөр тутмын амьдралд ч хамаатай. Дэлхий нийтийн өлсгөлөнг бууруулах арга зам гэсэн асар том зүйл ярихын оронд эхлээд эргэн тойрныхоо хүмүүст туслаад үзэх хэрэгтэй.

“Икигай”-гаа төрөлжүүл

Хийж буй ажлаа өөрийн “икигай” болгосон хүмүүсийн хувьд тэтгэвэрт гарна гэдэг асар том өөрчлөлт, золиос байдаг. Энэ нь богино карьертай тамирчдад түгээмэл тохиолддог.

2012 онд зодог тайлсан гүйлтийн аварга Дай Тамесуэ нэгэн ярилцлагадаа “Спортоор хичээллэснээр би чухам юунд хүрэх гэж зориод байсан бэ? Миний хувьд бусадтай уралдаж, өөрийгөө дайчилж байгаагаараа би бусад хүмүүсийн харах өнцгийг өөрчлөх нь гол зорилго байсан” гэжээ. Зодог тайлснаасаа хойш Тамесуэ спорттой холбоотой бизнесүүдийг дэмждэг компани байгуулжээ.

Түүний жишээнээс “икигай” хэрхэн өөрчлөгдөж, хувирч болохыг харж болно. Зодог тайлсныхаа дараа тэр хийж байсан зүйлийнхээ утга учрыг, түүнээс илүү юу хийж болохыг ойлгосон.

Икигай гэх ухагдахууны тухай ойлголт илүү утга учиртай, сэтгэл дүүрэн амьдрахад тань тус нэмэр болох болов уу. Харин таны “икигай” юу вэ?



Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Эмма Стоун 2017 оны хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг тэргүүлжээ

“La La Land” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин сүүлийн нэг жилийн дотор 26 сая долларын орлого олсон байна.

  2017-08-18 18:25

Хүмүүсийн салахдаа хэлсэн 25 ХУРЦ ЭШЛЭЛ

Би танай дүүд сайн болсон. Хоёулаа салъя.

  2017-08-18 14:32

Селена Гомезтой усны дусал шиг адилхан охин

Түүний зураг бүрийн доор “Чи Селена мөн үү?”, “Ямар адилхан юм бэ?” гэх зэрэг сэтгэгдэл дүүрч, түүнд зориулан “Яг Селена шиг охин” нэртэй фэн хуудас хүртэл нээжээ.

  2017-08-18 14:15