Хайх зүйлээ бичнэ үү

Гэр бүлийн аз жаргал, бяцхан үрсийн хүмүүжил гээд өөр олон сонирхолтой сэдвээр нийтэлдэг "Avdar.club"-ийн үүсгэн байгуулагч, гэрэл зурагчин LuLu Dasha буюу Мөнхбилэгтэй өрнүүлсэн ярилцлагыг хүлээн авна уу.

Хүн бүрийн амьдралын хамгийн нандин, үнэтэй зүйл бол гэр бүл. Тиймээс ч бид гэр бүлдээ хамгийн сайхныг бэлэглэж, хамгийн жаргалтай цаг мөчөө хамт өнгөрүүлдэг. Гэр бүлийн аз жаргал, бяцхан үрсийн хүмүүжил гээд өөр олон сонирхолтой сэдвээр нийтлэлийн "брэнд" үүсгэн, хэдийн уншигчдын танил болоод буй "Avdar.club"-ын үүсгэн байгуулагч, гэрэл зурагчин LuLu Dasha буюу Мөнхбилэгийн сонирхолтой ярилцлагыг хүлээн авна уу.

-Бид таныг “Авдар клуб”-ын үүсгэн байгуулагч, чадварлаг гэрэл зурагчин гэдгээр сайн мэднэ. Харин хүмүүсийн сайн мэдэхгүй Lulu Dasha-г танилцуулаач?

-Юуны өмнө ярилцлагын буландаа урьж оролцуулсанд баярлалаа. Намайг Мөнхбилэг гэдэг. 2013 онд нөхөр бид 2 зэрэг сургуулиа төгссөн юм. Тэр үеээс би зураг дарах сонирхолтой болж, олон жил сонирхлоороо зураг дардаг байсан нөхөр маань надад камерны талаар бүх зүйлийг зааж өгснөөр миний зурагчин болох аялал эхэлсэн.

2014 онд нөхөр маань ажлаасаа гарахаар шийдэж, бид багахан хуримтлалаа ашиглан видео студи байгуулсан. Анхандаа хурим, найрын бичлэг, найз нөхдөдөө жижиг сажиг видео хийж нилээн туршлага хуримтлуулсан шүү. Энэ ажлаа хамтдаа хийж байгаад 2015 онд би төрөх дөхөж, харин нөхөр маань нэг найзтайгаа студийнхээ ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Харин би одоогоор ихэнх цагийг хүүдээ зориулж, хажуугаар нь “Авдар клуб”-ээ хөтлөх, зураг дарах зэрэг ажлуудыг амжуулж байна даа.

- Анх яагаад “Авдар клуб”-ыг үүсгэн байгуулах санаа төрсөн бэ? Юунаас урам зориг авсан бэ?

Ээж болохоосоо өмнө би хэд хэдэн орос ээжүүдийг инстаграм дээр дагадаг байсан юм.

Тэд олон сэдвээр ярилцана, төрөхдөө юу бэлдэх вэ, төрсний дараа яаж өөрийгөө арчлах вэ, ямар ном унших уу, ямар угж сонгох вэ, ямар тоглоом сонгох хэрэгтэй вэ гээд л нилээн тодорхой зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцдаг байсан. 

Эргээд энэ ээжүүдийн контент гэр бүлийн сэдэвтэй зарим нэг сайтууд дээр тавигдана. Тэр сайтууд миний ээж болсны дараа эрч хүчээ сэлбэж, урам зориг, хэрэгтэй мэдээллээ олж авдаг талбар болсон юм. Тэгээд эх хэл дээрээ гоё гэгээлэг зурагтай, эерэг мэдээ мэдээлэл түгээдэг, нэг ёсондоо ээжүүдэд хэрэгтэй зүйлсийг илүү шинэлэг бас эерэг байдлаар түгээдэг эх сурвалж би хайгаад олоогүй. Тэгж л анх “Авдар Клуб”-ыг үүсгэн байгуулах санаа орж ирсэн. Сайт дээрээ нээх гоё зураг дараад л нээх гоё агуулгатай нийтлэл хийнэ дээ гэсэн бодол үүнийг эхлүүлэх хүслийг минь дэвэргэж өгсөн дөө. 

- Яагаад заавал гэр бүлийн сэдвийг сонгосон бэ?

Анхны хүүхэд нь төрсөн гэр бүлд маш их өөрчлөлтүүд гардаг. Би яг энэ үедээ ирээд л гэр бүл гэдэг зүйлийг илүү гүн гүнзгий ойлгож, мөн суралцаж эхэлсэн. Гэр бүлийн сэдвээр бусдад маш их аз жаргал, урам зоригийг түгээж болно. 

- Энэ чиглэлээр ажиллахын хамгийн сайхан нь юу вэ?

Нийтлэлүүд маань хэдий цөөн гардаг ч их бага хэмжээгээр уншсан хүний сэтгэлд халуун дулаан, тав тухтай мэдрэмжийг өгдөг нь сайхан. Бид өөрсдөө ч нийтлэл бэлтгэх, шинэ мэдээ мэдээлэл олох, нийтлэлийн зургаа дарах үйл явцаас их аз жаргалыг мэдэрдэг. 

- Гэр бүлийн аз жаргал, бяцхан үрсийн хүмүүжил гээд хэн бүхний хамгийн нандин сэдвээр нийтлэлүүдээ бэлтгэдэг шүү дээ. Одоогоор хэдэн нийтлэлч ажиллаж байгаа вэ? Багийн хамт олноо танилцуулаач?

“Авдар”-т ордог ихэнх нийтлэлийг би өөрөө бэлтгэдэг. Мөн бид хэд хэдэн мундаг ээжүүдтэй хамтран нийтлэл гаргаж байгаа. Тэд маань цаг заваараа энэ ажлыг сайн дураараа хийдэг юм. Нийтлэлч Пүрэвсүрэн эрүүл хооллолтын талаар бичдэг бол, Энэрэл маань Монтессори арга барилын тухай хуваалцдаг. Мөн ээж болохдоо бэлдэж буй Мөнхзаяа маань гэр бүл төлөвлөлтийн талаар өөрийн судалж мэдсэнээ хуваалцдаг юм. Харин “Авдар”-ын маань өнгө үзэмжинд манай дүү анхаарал тавьж, график дизайн дээр ажилладаг. Бидний бичсэн нийтлэлүүдийг эмхэтгэн засдаг редактор, Дүүрэнжаргал найз маань байна. IT талын бүх ажлыг suuder.com хариуцаж явдаг. Бидний авдрыг улам үр өгөөжтэй сайт болгохын тулд бид саяхан шинэ нийтлэлчийн зар тавьсан байгаа. Удахгүй бүл нэмнэ ээ.

- Та блогтоо урьсан зочдоосоо зөвхөн гэр бүлээрээ хийдэг ёс заншилын тухай дугаар бүртээ асуудаг. Танай гэр бүлийн ёс заншил сонирхолтой санагдлаа. Хуваалцаж болох уу? 

Хүү маань төрөөд нохойндоо хандуулах анхаарал багассан болохоор бид амралтын өдрөөр заавал нохойгоо эрхлүүлж, удаан салхинд гардагийг эс тооцвол манай гэр бүлд удаан хугацаанд хэрэгжиж ирсэн ёс заншил бараг байхгүй. Авдрын нийтлэлээс харин шинэ санаанууд гардаг. Хамгийн их таалагдаж байгаа нь сүүлд ЭЭЖ буланд орсон Хишгээгийн гэр бүлийн заншил. Энэ нь нэг жилд заавал нэг шинэ газар үзэх. Аялал хүнд маш их зүйлсийг өгдөг болохоор хүүтэйгээ жил бүр аялдаг болохыг мөрөөдөж байна.  

-Хүүдээ зориулан модон гэр тоглоом хийснээр эко “Avdar Toys” үүссэн гэж сонссон. Тоглоомоо хэрхэн үйлдвэрлэж байна? Худалдан авагчдын сэтгэгдэлээс хуваалцаач? 

Хүүдээ анх хийсэн тэр модон авирдаг тоглоом манай хүүд байдаг хамгийн шилдэг тоглоомуудын нэг гэж хэлж болно. Тухайн үедээ мэдээгүй байсан ч одоо бид хийж өгсөн тоглоомныхоо үр дүнг нь ажиглаад л байгаа. Тоглоом үйлдвэрлэх үйл явц болон хүүхэд тэр тоглоомоор тоглож наадахыг ажиглах их сонирхолтой. Одоогоор бид аажуу уужуу энэ ажлаа эхлүүлж байна. Нөхөр маань үндсэн ажлынхаа хажуугаар үйлдвэрлэлээ явуулдаг болохоор, цөөн тоогоор, чанартай тоглоом хийх зарчимыг баримталж байна. Худалдан авсан эцэг эхчүүдэд мэдээж таалагдаж байгаа. Учир нь бид их хичээж байгааг тоглоомноос маань илрэхий харж болно.

-Хүүхдэд ээлтэй “Монтессори” орчныг монголын нөхцөлд хэрхэн бүрдүүлэх боломжтой вэ? 

Монтессори арга барил нь хүүхдийг хүндлэн, түүнийг аз жаргалтай бие даасан хувь хүн болгон өсгөх энгийн нэг арга юм. Энэ талаар уншаад үзэхэд л их ойлгомжтой бас хурдхан шиг хүүхэддээ ийм орчныг бүрдүүлмээр санагддаг. Орчин бүрдүүлнэ гэдэг тийм ч хэцүү биш. Харин үүнийг судлан ойлгох цаг зав л хэрэгтэй.

- Энэ талаар мэдээлэл авах хүсэлтэй залууст эх сурвалж санал болговол?

Авдар дээр маань энэ талаар хэд хэдэн нийтлэл бий. Мөн гадны эх сурвалжууд олон байгаа. Онцолж дурдвал, "How we montessori", "The montessori notebook", "Eco-momm.blogspot" зэрэг гадны сайтууд, мөн "Avdar.club" байна.

- Энэ чиглэлийн ажилд саад бэрхшээл болдог зүйл бий юу? 

Бид энэ ажлаа эхлүүлэхээс өмнө модтой хэрхэн ажиллах тухай олон зүйл уншиж судалсан ч, яг практик дээр олон асуудал гардаг юм билээ. Мөн солонгон тоглоомыг жишээ нь Монтессори, Вальдорф хүмүүжлийн талаар зохих мэдлэгтэй эцэг эхчүүд л сонирхон авж байгаа. Тиймээс бусад ээж аавууд тоглоомынхоо ач холбогдол, мөн чанарыг танилцуулахад хугацаа шаардлагатай байгаа юм. 

- Таны бодлоор монгол гэр бүлүүдийн нийтлэг онцлог юу вэ? Бид сайн эцэг эх байж чадаж байгаа болов уу? 

Эцэг эх бүр л өөрсдийнхөөрөө үр хүүхдийнхээ төлөө зүтгэдэг. Манай монгол хүүхдүүд эмээ өвөө нартайгаа ойр өсдөг болохоор илүү хэрсүү бас хүмүүстэй харьцах чадвар сайтай юм шиг санагддаг. Харин нийтлэг ажилагддаг сул тал гэвэл бид их хайнга. Гэхдээ тунг нь тааруулж чадвал энэ байдал хүүхдүүдэд маань эергээр нөлөөлнө. Мөн би монголд байдаг хүүхдүүдэд их атаархдаг. Яагаад гэвэл тэд байгальтай илүү ойрхон амьдардаг. Зундаа хөдөө гадаа явж аялах нь тэднийг илүү чийрэг, альваа зүйлд тэсвэр тэвчээртэй болгохоос гадна бидний анзаарахгүй олон зүйлийг сургаж байгаа.

Харин хөгжингүй орны том хотуудад амьдардаг бид нарт ийм боломж их ховор. Байлаа гэхэд ийм төрлийн аялал нь тансаг зэргийн амралт зугаалга болчихдог болохоор тэр бүр яваад байж чадахгүй.

- Нийтлэлүүдийг тань хараахан уншаагүй хүмүүст хандан хүүхдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаарах талаар зөвлөгөө өгөөч?

Би ээж болсныхоо дараа хүүхдийн хүмүүжлийн тухай нилээн олон ном уншсан юм. Бид ямар ч ухаалаг хүмүүжлийн арга барилыг ашигласан бай хүүхдэд хайр л дутвал ямар ч үр дүн гарахгүй гэдгийг ойлгон ухаарч байна. Онц сурдаг болохоор нь биш, айлын хүүхэдтэй тоглоомоо хуваадаг мундаг болохоор нь биш зүгээр байгаагаар хайрлах хайраар огт дутааж болохгүй. Ийм хайрыг тэдэнд мэдрүүлэх нь бас мэдлэг сорьсон ажил байдаг гэдгийг ойлгож авсан. Тиймээс би эцэг эхчүүдийг хүүхдийн сэтгэл зүйн талаар ном уншаарай гэж зөвлөмөөр байна. Учир нь хүүхэдтэйгээ зөв харилцаж, алдаа оноо зөрчлүүдийг нь хэрхэн, яаж шийдвэрлэж байгаагаараа бид хайрыг ойлгуулж чадах юм.

- Таны болон “Авдар клуб”-ын цаашдын зорилго юу вэ? 

Бидний барьдаг гол зарчмуудын нэг бол ЭЕРЭГ байдлаар эцэг эхчүүдэд хэрэгтэй, мэдүүштэй зөвлөгөө, мэдээг хүргэх юм. Уншигчид бидний бэлтгэсэн нийтлэлийг уншаад юун түрүүнд нүүрэнд нь инээмсэглэл тодорч, сэтгэлдээ халуун дулаан мэдрэмжийг авч, алдаа оноогоо засах, эсвэл зүгээр л аз жаргалтай болоосой гэж хүсдэг. Харин ойрын хугацаанд илүү олон хүнд хүргэхийг зорьж шинэ баг бүрдүүлэх ажлаа эхлээд байна.

- Сүүлийн асуултыг танд үлдээе. Монгол залууст хандан хэлэхийг хүсдэг зүйл бий юу?

Манай нийгэмд хар бараан зүйл их байна. Энэ бүх зүйл улс төрчдөөс юм уу, эрх мэдэлтэй баян тансаг хүмүүсээс эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаас болоод ийм байгаа юм биш. Энэ бүгд бидний хүмүүжлээс л болж байгаа. Эргэн тойрон дахь бүх зүйл бидний дотоод сэтгэлийн тусгал, хүүхдүүдээс маань гарж буй зан авир бүгд бидний тусгал. Хэрвээ бидний хүүхдүүд одоо байгаагаас илүү сайхан орчинд амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүсч байвал яг одооноос хүсч буй өөрчлөлтөө өөрөөсөө эхлээрэй гэж хэлмээр байна. Бид биеээрээ бас сэтгэлээрээ жаахан л хичээвэл маш олон зүйл өөрчилж чадна. Ер нь хайр гэдэг сэтгэлийн хөдөлмөр юм шүү дээ. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
49
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.