Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Солиотны тэмдэглэл буюу зохиолчийн сэтгэл зүй

Зохиолчид фантазын тусламжтайгаар зовиурт мэдрэмжээсээ салж, нөгөөтэйгүүр уншигчид ч ялгаагүй түүнийг нь уншин алжаалаа тайлдаг биз ээ. Уншигчид бодит ертөнцөөс тасран санаа амрахдаа өөр нэгэн хүний шаналлаас үүдэлтэй фантаз ертөнцөд саатна.


Эцгийгээ амиа хорлохоос өмнө Америкийн зохиолч Эрнест Хемингуэй өөрийгөө шаналгах, улигт бодлын  эмгэгтэй байлаа. Стивенсоны “Амиа хорлогчдын клуб”-ийг шимтэн уншсанаас илүүтэй гэр бүлийнх нь таагүй уур амьсгал, хямрал түүнийг амиа хорлох сэдэлд түлхсэн юм. Анхны эхнэр Хадлитайгаа гэрлэсний дараа амиа хорлохоор завдаж, таван жилийн хойно хоёр дахь эхнэр Паулинтайгаа амьдрах үедээ “Хэрвээ би аз жаргалтай байж чадахгүй бол амиа хорлоно”гэж хэлсэн гэдэг. Тэрбээр үргэлж л үхлийн тухай ярьж, хэрхэн үхэх тухайгаа бодож, шаналдаг байлаа.Тухайлбал, нойрон дундаа өөд болчихвол хамгийн зүгээр юм, эсвэл далайд живсэн нь ч дээр юм уу зэргээр мөнхөд үхлийн тухай үглэдэг, хэцүүхэн зан араншинтай нэгэн байв.

Энэ бодол нь биежиж, 60 насандаа амиа хорлосон. Царайлаг, найз нөхөд олонтой, сайхан бүсгүйчүүдтэй, спортын авьяастай, баян цатгалан, суу алдартай, Нобелийн шагналтны амиа хорлолт хүмүүсийн хувьд хүлээн авч чадахааргүй цочим үзэгдэл болжээ. Харамсалтай нь хүмүүсийн харж байсан шиг түүний амьдрал аз жаргалтай байгаагүй гэхэд болно. Бие, сэтгэлзүйн хавсарга эмгэгтэй. Архинд хэт донтсоноос арьс өнгөний болон сахарын өвчин тусч, хариугүй турж эцэн, бэлгийн сулралтай болсноос гадна ой тогтоолт нь саармагжиж, зохиолоо ч бичиж чадахаа байв. Амиа хорлохоос нэг сарын өмнө “Эрүүл саруул болохсон, сайн ажиллаж, найзуудтайгаа ууж идэн наргиж, хонгор бүсгүйчүүдтэй зугаалахсан, даанч эдгээрийн аль нь ч надад алга даа” хэмээн тэмдэглэн үлдээжээ.  

Түүний ачаар хүүрнэл бичлэгийн төрөлд товч бичвэрт гүн гүнзгий утгыг агуулах “айсбергийн арга барил бий болсон гэж үздэг. Зохиолынх нь дүрүүд ихэнхдээ юуны төлөө гэдгээ мэдэхгүй ч тэмцсээр л байдаг, мятаршгүй дайчид байдаг. Яг л “Өвгөн тэнгис хоёр”-ын Сантьяго өвгөн шиг. Мэдээж бүхий л дүр нь Хемингуэйн эсрэг ханддаг мэт. Амьдралдаа хэзээ ч тэмцэгч байгаагүй, сул дорой тэрээр “Эр хүн орондоо үхэх эрхгүй, дайны талбарт духандаа сумтай үхэх ёстой” хэмээн зохиолдоо бичиж үлдээжээ.

Америкийн яруу найрагч, зохиолч Эдгар Аллан По сэтгэцийн өвчтэй нь батлагдсан ч чухам ямар хэлбэрийнх байсан нь өдийг хүртэл тодорхойгүй. Тэрбээр ой санамжаа алдах, хүн дагаж мөрдөх, заримдаа хий үзэгдэл харахын зэрэгцээ харанхуйгаас айдаг эгэл биш сэтгэцтэй нэгэн байв. 1830-аад оноос ойр ойрхон сэдрэх болсон сэтгэл гутралын өвчнөө мартах гэж тасарч унатлаа архи уудаг болсноос донтолтын шинжтэй болжээ. Эхнэр нь нас барсны дараа байдал улам хүндэрсэн тул хоёр жилийн дараанаас хэд хэдэн удаа хүчтэй дурлаж, гэрлэх шийдвэрт хүрэв. Эхний  сүй тавих ёслол дээр сүйт бүсгүйгээ айлгаснаас болж хурим нь цуцлагдсан бол дараагийнх дээр нь өөрөө ирээгүй юм. Тэр өдрөө Балтиморт явж байхыг нь хүн харжээ. Хуримын өдрөө Балтиморт юу хийж явсныг нь хэн ч ойлгоогүй!

Ийнхүү хүнд хэлбэрийн хий үзэгдэл хардаг өвчин туссаны улмаас эмнэлэгт хэвтсэн ч удалгүй нас барсан билээ. Зохиолч ганцаараа үхэхээс хамгийн их айдаг байсан ч муу ёр түүнийг тойрсонгүй. Олон найз нь хамт байна гэж амласан ч 1849 оны аравдугаар сарын 7-ны шөнө түүний хажууд хэн ч байгаагүй юм. Нэр сууг олсон адал явдалт зохиол шигээ амьдарсан хүн гэвэл түүнийг л хэлэх билээ.

Францын зохиолч, философич Жан Жак Руссо параной буюу гэм зэмгүй хүмүүсийг харддаг сэтгэцийн өвчтөн байв. Тэрбээр хаа сайгүй түүний эсрэг хуйвалдаан зохиож буй гэдэгт итгэснээсээ болж өдөр бүр нэг газраас нөгөө рүү зугтан амьдардаг байж. Түүнчлэн бүх танил дотно нөхөд нь өөрийнх нь эсрэг ямар нэгэн муу зүйл хийж буй, үгүй ядахдаа төлөвлөж байгаа хэмээн ухаан мэдрэлээ алдтал харддаг байжээ.

Оросын алдарт яруу найрагч Сергей Есениний сэтгэл ямар ч шалтгаангүй, гэнэт хөөрдөг, хэсэг хугацааны дараа огцом гутардаг, хоёр туйл руу савласан сэтгэцийн хөөрөлтэй байлаа. Ийм хүмүүс хөөрсөн үедээ хэдэн өдрийн турш унтахгүй байж чадахаас гадна хий үзэгдэл харж, агуу их дэмийрэлд автдаг. Тэрбээр үргэлж шахуу тавилгаа авч шидлэн, аяга тавгаа хагалж, нүцгэн гараараа толь руу цохиж, бусдыг хорон үгээр иддэгээ цөөнгүй тэмдэглэжээ. Есенин сэтгэл гутралаа анагаахаар эмнэлэгт хэвтсэн ч тодорхой үр дүн гаралгүй байсаар эмнэлгээс гарсны дараа төд удалгүй амиа хорлосон юм.

Зохиолч, яруу найрагчид ерөөс гаднаасаа л төрх шинж нь тодорхой хүмүүс. Дуугүй царайлах хэрнээ дотроо дүрэлзтэл уурлаж бухимддаг, эсвэл хөл нь газар хүрэхгүй баярладаг, сэтгэл хөдлөлийн хувьд хамгийн тогтворгүй албан бус мэргэжилтнүүд бол тэд гэж би хувьдаа дүгнэдэг. Өөр ямар ч мэргэжил зохиолч, яруу найрагчид шиг төрөлхийн авьяас шаардахгүй бөгөөд тэдэн шиг байхын тулд яавал зохистойг мэдэх хүн хэн ч байхгүй. Зохиолч, яруу найрагч болохын тулд сургууль соёлд суралцах шаардлагагүй, тийм болгодог ямар ч жор байхгүйг хүн бүхэн сайн мэднэ. Уншигчдын оюуны цангааг тайлдаг, ертөнцийг харах цонхыг нээж өгдөг, бас ялимгүй төвөгтэй зантай тэд ер нь хэн юм бэ? Сэтгэл судлалын сонгодог онол тэднийг хэн бэ гэдгийг ойлгуулахад хөтөлж, бүрэн харуулахгүй ч сэжүүрийг нь сөхөх болно.

Тэднээс яах гэж зохиол бичдэгийг нь асуувал “мэдэхгүй ээ” л гэнэ. Зохиолоо бичих үедээ уншигчид хэрхэн хүлээж авах бол, би ямар хүн билээ гэх мэтээр эргэцүүлэх сонирхолгүй байдаг. Уран бүтээлч, зохиолчдыг хүүхэдтэй зүйрлэж болно. Хүүхдийн хамгийн сонирхолтой, хэзээ ч уйдахааргүй зүйл нь тоглоом болон тоглох үйл явц. Тэднийг сайн ажиглавал зохиолчийн шинж илт харагддаг. Хүүхэд бүр өөртөө нийцүүлж бяцхан ертөнцөө байгуулна. Эл үйл явцдаа маш нямбай хандах бөгөөд тэндээс сэтгэл хөдлөл нь бодит шалтгаангүйгээр гутрах, баярлах зэргээр хэрхэн савлаж буйг харж болно. Хэдийгээр тоглоомдоо маш нухацтай хандах ч бодит амьдрал дээрх төвөгтэй нөхцөл байдал болоод нүдэнд харагдах зүйлсийг төсөөлж буй юмтайгаа холбох тун дуртай байдаг. Энэ холбоос хүүхэд фантаз мөрөөдлөөсөө хэрхэн тоглоомын сэдвийг ургуулан гаргаж байгааг ойлгох чухал үзэгдэл юм.

Иймд зохиолчийн бүтээл, хүүхдийн тоглоом хоёр адилхан гэж дүгнэх боломжтой. Зохиолчид асар их сэтгэл хөдлөлд автаж, бодит ертөнцөөс тасарч, фантаз ертөнцийг үүсгэдэг бол хүүхэд тоглоомоор тоглох үедээ бодит ертөнцөөс холддог. Тэдэнд  ингэх шалтгаан бий юу? Хүүхэд насанд хэл ярианы хөгжил, өөрийгөө илэрхийлэх чадвар хангалттай хөгжөөгүй байдаг учраас мэдрэмж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх аргуудын нэг нь тоглоом болдог. Тоглоомдоо анхааран бодит ертөнцөөс салахдаа таагүй мэдрэмжээ гээх бөгөөд нэг л өдөр бодит болон фантаз ертөнцийн ялгааг ойлгож, аливаа асуудалд насанд хүрэгчдийн байр сууринаас хандаж сурна.

Насанд хүрсэн үедээ хүүхэд байх ахуйнхаа фантаз ертөнцийн зарим зүйлсийг бодит ажил хэрэг болгож, байшин барилга барьж, зохион бүтээж, үгүй ядахдаа мөрөөдөж байдаг. Мөрөөдөл бол тухайн хүний сэтгэлийн зовиураа түр зуур мартах гэсэн ухамсарт бус оролдлого мөн бөгөөд тоглоом тоглохоо больсон насанд хүрэгчид фантаз ертөнцдөө  хааяа боловч амьдарсаар байдгийн жишээ энэ юм.

Ер нь хүн фантаз мөрөөдөлгүй байсан бол сэтгэл санаа нь ямархан байхыг мэдэхгүй. Харин зохиолчид фантаз ертөнцдөө үргэлж амьдардаг. Учир нь фантазын тусламжтайгаар зовиурт мэдрэмжээсээ салж, нөгөөтэйгүүр уншигчид ч ялгаагүй түүнийг нь уншин алжаалаа тайлдаг биз ээ. Уншигчид бодит ертөнцөөс тасран санаа амрахдаа өөр нэгэн хүний шаналлаас үүдэлтэй фантаз ертөнцөд саатна.

Тэр саатах буудлыг бий болгодог ийм хүмүүсийг л зохиолч, яруу найрагчид хэмээн нэрлэдэг билээ. Бодит ертөнцөөс холдож, байж санаа амардаг тэднийг сэтгэл судлаач би бээр “галзуурахад ганц хуруу дутуу хүмүүс” хэмээн нэрлэх гээд байгаа бөгөөд үүнийхээ төлөө уучлал гуйхад бас бэлэн байгаагаа илэрхийлье.

Сэтгэл судлаач: Л.Энхтүшиг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
10 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
12 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
12 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.