Хайх зүйлээ бичнэ үү

Набоков кино бүрийхээ гол жүжигчдийг өөрөө биечлэн сонгодог байсан бөгөөд Лолитагийн дүрийг 2500 гаруй охидын дундаас сонгосон нь 14 настай Доминик Суэйн байлаа.

Нэрт зохиолч Владимир Набоковийн сонгодог бүтээл болох “Лолита” романаас сэдэвлэсэн уран сайхны кино одоогоос 15 жилийн өмнө бүтээгджээ. Набоков киноныхоо гол жүжигчдийг өөрөө биечлэн сонгодог байсан бөгөөд түүнийг нас барсны дараа ч найруулагч энэ хүслийг нь хүндэтгэн маш өндөр шалгуураар Лолитагийн дүрийг 2500 гаруй охидын дундаас сонгосон нь 14 настай Доминик Суэйн байлаа. Түүнийг энэ дүрд тоглоход утга зохиолын ертөнц, уншигч олон Набоковыг хэрхэн хүлээж авч чадаагүй билээ, яг л түүн шиг кино урлаг ч Доминикийг тийм ч таатай хүлээж авсангүй. Тус номыг хоёр ч удаа дэлгэцийн бүтээл болгосон бөгөөд анх 1962 онд Стэнл Кубрик найруулсан бол хоёр дахь удаад 1997 онд Эдриан Лайны найруулснаар "Лолита" дэлгэцнээ амилсан юм. Хоёр дахь удаагийн “Лолита”, гэхдээ бидний сэтгэл хамгийн тодоор буун үлдсэн Лолита болох Доминик Суэйний 2012 онд өгсөн ярилцлагыг хүлээн авна уу. 

-Лолитагийн дүр таны хувьд юуг илэрхийлдэг вэ? 2500 гаруй залуу охидоос шалгарах үедээ юу бодож байв?

Зураг авалт эхлэх үед найруулагч Адриан Лаинд /тус киноны найруулагч/ би эхэндээ таалагдаагүй л дээ. Тэр үзэгдэл бүрд минь л ямар нэг шүүмж хэлдэг байсан шүү /инээв/ Гэхдээ би Гумбертын дүрд тоглосон Холливүүдийн алдарт жүжигчин Жерими Иронстой хамтран ажилласандаа баяртай байдаг. Би залуу, туршлагагүй байхад тэр маш их тусалж, дэмжиж байсан. Дүрийн хувьд бага зэрэг айж байсан ч баяртай байсан. 

-Зохиолч Владимир Набоковын романы өгүүлэхүй, утга найруулгаас юу нь таныг татсан бэ? Энэ романы гол дүр болон ажиллахдаа юуг мэдэрсэн бэ? 

Би зохиолчийг, түүний “Лолита”-г үнэхээр биширдэг.  Кино зураг авалт бүрийн өмнө би номоо эргүүлж тойруулан, энд тэндээс нь уншдаг байсан. Нэг дор бүтнээр нь бол бараг зургаан удаа уншсан.  Найруулагчийн надад илгээсэн захидалд “Лолита бол гуравдагч буюу саармаг хүн. Өөрийн гэсэн үзэл бодолгүй” гэсэн байсан. Тэгэхээр нь би түүнд “Юу ч ойлгосонгүй, түүнд байхгүй бол би бүтээчихье л дээ” гэсэн. 14 настай зөрүүд охид юу эс хэлэх вэ дээ. /инээв/

-Хоёр дахь удаагийн “Лолита” өмнөхөөсөө илүү харилцан яриа ихтэй, уран яруу хэл найруулгатай учраас олонд хүрсэн гэгддэг. Шударгаар хариулбал, танд аль нь илүү сайн бүтээл болсон бэ?  

Кубрик /“Лолита” (1962) киноны найруулагч/ маш сайн уран бүтээлч. Мэдээж сүүлийн хувилбар нь өмнөхөө сэргээн засварласан, шинэчилсэн байх ёстой. Тэгж чадсан гэж боддог. Киноны гол үйл явдал болох Гумберт Гумберт хүүхдэд сэтгэлтэй болдог хэсгийг олон нийт маш буруутгадаг. Гэтэл тэр ч бас хүүхэд байсан. Хөвгүүн охинд дурлаж, гэвч бүтэлгүйтнэ. Хүмүүс цаад сэтгэл зүйн утга учрыг нь харалгүй “Өө энэ чинь зүгээр л хөгшин эр балчир охины тухай хүчирхийллийн кино байна” гэдэг. Гэтэл Лолитаг мэдрэх л юм бол маш их өгүүлэмж бий. 

-”Лолита”-д тоглосноор та Холливүүдэд өөрийн гэсэн дүр зургийг бий болгосон. Та угаасаа л энэ төрлийн бүтээлд тоглохоор зорьж байсан уу?

Би үнэндээ дуу оруулагчаар Диснэй эсвэл Пиксерт ажиллана гэж бодож байсан. “The Simpsons”-ийн охины дүрд дуу оруулна гээд бүр итгэчихсэн явсан. Би тэр дүрд яг тохирсон хоолойтой, бас улаан үстэй ч байлаа /инээв/

- Та олон кинонд, олон ч найруулагчтай хамтран ажилласан хүн. Хамгийн их гар нийлсэн найруулагч хэн бэ? Найруулагч нар ер нь танд нөлөөлдөг үү?

Адриан Лаин миний аав шиг л хүн. “Briar Patch” киноны Зев Берманы төсөөлөх чадвар, “Alpha Dog” киноны Ник Кассаветесийн хүнийг олж харах, хүнд нөлөөлөх гайхалтай чадварыг биширдэг. Хүн төгс байхдаа бус дүрдээ төгс тохирох хэрэгтэйг тэр мэддэг. Надад бол найруулагч маш их нөлөөлдөг. Зарим найруулагч жүжигчнийг ажилд авч л байгаа гэж бодож хайхардаггүйгээс олон нууцлаг авьяасыг харалгүй өнгөрүүлж буй мэт санагддаг. 

- "Лолита"-д тоглох үедээ энэ киног олон нийт яаж хүлээж авах бол гэж санаа зовж байсан уу? Их шуугиан дэгдээсэн шүү дээ. 

Зохиолчийн уг роман нь өөрөө тийм шүү дээ. Сонгодог, тэр хэмжээгээрээ шуугиан тарьсан зохиол. Зураг авалт эхлэхэд л хүмүүс яах бол гэж бодож байсан ч би багийнхандаа болон өөртөө итгэлтэй байсан. Интернетэд хүртэл кино зургийг минь эвлүүлэн өөрчилж, хэт хүчирхийллийн шинжтэй болгосноос кино бүтээгдсэнээс 3 жилийн дараа л олон нийтэд бүрэн цацагдсан. Өөрийн гэсэн онцгой гойд мэдрэмжийг үзэгчдэд хүргэсэн болохоор гайхалтай уран бүтээл гэж боддог. Уран бүтээл хүний өөрөө мэдэхгүй ч сэтгэлд нь хадгалагдсан байгаа мэдрэмжийг нүднийх нь өмнө гаргаад тавьчихдаг.  

 

Эх сурвалж: The-talks


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.