Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Юрий Власкогийн сүүлчийн ярилцлага

Тэр олимпийн аварга болох зорилготой байсан.


Өнгөрсөн сарын 29-нд чөлөөт бөхийн ертөнцөд том гарз хохирол учирсан билээ. Чөлөөт бөхийн залуучуудын Европын хошой аварга, Буриадын ирээдүйтэй бөх Юрий Власко харамсалтайгаар амь насаа алдсан. Түүний амийг хохироосон гэмт хэрэгтнүүд баривчлагдсан бөгөөд бүгд архаг гэмт хэрэгтнүүд байсан нь тогтоогдсон юм. Одоо Власкогийн найз нөхөд, гэр бүлийнхэн нь алуурчдад ялын дээд хэмжээ оноож өгөх хүсэлт гарган, гарын үсэг цуглуулж эхлээд байна.

Авьяаслаг тамирчин, ирээдүйтэй бөх Юрий Власкогийн хамгийн сүүлчийн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Тэр юу бодож, хүсч мөрөөдөж явсан талаар унших тусам улам харуусал төрөх аж.

Спортс.ру 2017 он. 06 сар. 26 өдөр

- Юра, 2015, 2016 оны тивийн аваргад түрүүлсэн талаараа яриач. Ямар сэтгэгдэл төрж байв?
- Ялалтын амт намайг улам их цэнэглэдэг. Ялах болгондоо би бөхийн спортод улам дурладаг. Ямар мэдрэмж төрсөнөө дүрсэлж хэлэхэд хэцүү юм. Ийм мэдрэмжийг спортоос өөр газар хэзээ ч мэдрэхгүй. Анх тивийн аварга болоод тун их баярлаж байснаа санаж байна. Түрүүлнэ гэж бодоогүй байсан болохоор тэр байх.
- Яагаад?
- Би Улаан-Үдэд болсон УАШТ-д ялагдчихаад байлаа. Медаль ч аваагүй болохоор сэтгэлээр унаж, яахаа мэдэхгүй болоод байсан. Долоо хоног гэртээ амраад ирэхдээ би 104 кг-аас 93 кг болтлоо турсан байв. Юу ч хийх хүсэлгүй, тураад л байсан. Энэ үед авга ах Сергей Юрьевич намайг Улаан-Үдэд дуудсан юм. Дасгалжуулагч Александр Шмыгин надад туслаж, бид бэлтгэлдээ орсон. Европын дэвжээнд түрүүлэх нь ойртсон гэж мэдэж байсан ч яг тэр үед бол өөрийгөө аварга болно гэж бодоогүй байсан.

- Ялагдсан үедээ сэтгэлээр их унадаг уу?
- Үеэсээ шалтгаална. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Владикавказ хотод болсон УАШТ-д ялагдсандаа одоо ч харамсдаг. Батырбек Цакуловд унасан барилдаан одоо унтаж байхад ч толгойд орж ирдэг. Шүүлт тааруу байсан тул манай багш нар ч ууртай байлаа. Би яллаа гэж бодож байтал ялагдчихдаг. Уурлаад хашгарч, шал нүдэн, нэг үгээр хэлэхэд биеэ барьж чадахгүй болсон байсан. Надад том сургамж болсон тэмцээн. Одоо бол би биеэ барьж, тайвширч, цаашдаа яаж барилдахаа бодож чаддаг болсон.
- Гэхдээ энэ тэмцээний дараа чамайг Бухарестэд болсон Европын аваргад оролцуулсан. Яагаад?
- ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч Виктор Алексеев намайг цугларалтад урьсан болохоор татгалзаж чадаагүй. Ингээд залуучуудын шигшээ багтай хамт Москвад бэлтгэлд гарсан. Намайг Туркт тэмцээнд оролцуулаад түрүүлвэл тивийн аваргад явуулна гэж хэлсэн юм. Би тэр үед Туркт хоёр ч удаа тэмцээнд ороод ялагдаж байсан болохоор сандраад л яаж ийгээд медаль авчих юмсан гэж л бодож байлаа. Яаж барилдсан, юу хийж байснаа ч сайн санадаггүй. Тав барилдаад бүгдэд нь ялж, түрүүллээ. Ингээд л шигшээ багт орчихсон. Бүгд намайг авсанд гайхаж байж билээ. 2015 оны Европын аваргад түрүүлээд би өөртөө итгэлтэй болж, ивээн тэтгэгчидтэй ч болсон.
- Тэмцээнд орохдоо өрсөлдөгч тамирчдын талаар судладаг уу?
- Үргэлж биш ч гэсэн судлана. Өнгөрсөн жилийн Европын аваргаар би бүх өрсөлдөгчийнхөө бичлэгийг үзэж, юу хийдгийг нь мэддэг болсон байлаа. Үүнийхээ ачаар түрүүлсэн.
- Нэг ярилцлагадаа чи Осетиний идэрчүүдийн дэлхийн аварга Георгий Гогаевийг гол өрсөлдөгчөө гэж дурдсан байсан.

- Би түүнийг нэг ч ялаагүй байгаа. Гогаев маш хүчтэй. Гэхдээ би түүнээс айж байгаа юм биш л дээ. Түүнээс гадна олон өрсөлдөгч надад бий. Кавказ маш олон сайн бөхтэй. Бүгд өөр өөр техниктэй.
- Бөх барилдаж байгаад больсон гэсэн. Харин одоо чөлөөт бөхөд хайртай, дуртай гэж байдаг. Дахин бөхөд дурлуулсан ачтан тань хэн бэ?
- Би 9 настайгаасаа сонгомол барилдаанаар хичээллэсэн. Бараг хүчээр л бэлтгэл хийдэг байсан. Дургүй байсан болохоор жил хэртэй яваад бөхөө хаясан. Ингээд хагас жил хоккей тоглоод бас л нэг өдөр орхисон. 11-12 настай л байсан үе. Аав намайг спортоор хичээллэх хэрэгтэй гэж ухуулж, би спортод эргэн ирсэн юм. Аав, авга ах маань өөрсдөө барилдаж явсан хүмүүс. Бэлтгэл сургуулиа таслахаар аав “Чи гудамжинд зүгээр явахыг хүсээд байгаа юм уу” гэж асууна. Би “бөх барилдахыг хүсч байна” гэдэг байв. Аав “Тэгвэл чи бөхөө л барилд. Өөр юу ч битгий хий” гэж хэлдэг байлаа. Аав минь 2010 онд нас нөгчсөн.
- Үлгэр дууриал болгодог бөхчүүдээ нэрлээч.
- Миний хувьд энэ бол манай Саша Богомоев. Багаасаа түүний бэлтгэлийг харж байсан. Түүнтэй мэндлээд л их баярладаг байж билээ. Богомоев ямар бэлтгэл хийж, яаж өсөн дэвжиж байгааг бид өөрийн нүдээр харж байлаа. Багт нэг лидер байхад бусдад нь амар байдаг. Түүний гаргасан замаар бид замнаж явна. Өөр шүтээн гэвэл Бувайсар Сайтиев. Энэ хүн бол домог. Чөлөөт бөхөд бүгдийг хийж чаддаг хүн.
- Чи Красноярскт болсон Бувайсар Сайтиевийн нэрэмжит тэмцээнд түрүүлсэн. Өөртэй нь танилцаж чадсан уу?
- Тэр үед анх удаа түүнтэй үг сольж чадсан. Дараа нь Красноярскт шилжээд илүү дотно харьцаатай болсон. Бэлтгэл дээр тэр амжилтандаа битгий хана, бэлтгэлээ улам сайн хий гэж захьдаг. Бувайсар Хамидовичийн хэлсэн “Өөрийгөө ялж чадсан хүн л хүчтэй” гэдэг үг их таалагддаг. Өглөө болгон эрт босон, бэлтгэл хийж, залхуу зангаа дарж чадаж байгаа бол чи өөрийгөө ялж байна гэсэн үг. Бусдаас их бэлтгэл хийж, бусдаас илүү тэвчих хэрэгтэй.
- Чи хүмүүстэй зайгаа барьдаг уу, эсвэл эсрэг үү?
- Өөрийгөө хэт нээлттэй хүн гэж би боддог. Зарим хүнд хэт итгэж, нээлттэй байсандаа зарим үед харамсдаг.
- Өөрт чинь таалагддаггүй өөр дутагдал байна уу?
- Байхгүй.
- Өөрийгөө өө сэвгүй гэх гээд байна уу?
- (инээв) Үгүй дээ, гэхдээ би үнэхээр өөрийнхөө бүх юманд хайртай.
- Хүний ямар чанарыг илүү үнэлдэг вэ?
- Үнэнч, шудрага занг үнэлдэг. Энэ хамгийн чухал зүйл. Аав минь надад “Найз нөхөд үнэнч, итгэлтэй байх ёстой” гэж байнга хэлдэг байсан.

- Зарим тэмцээн уралдаан дээр уурлаж, халуун цочмог аашилдагаа юу гэж бодож байна?
- Мэдээж тархи толгой тайван, харин булчин шөрмөс халуун байх ёстой. Би өмнө нь хөл гарын дасгал хийгээд булчинтай болчихлоо, одоо барилдаж болно гэж боддог байсан. Харин одоо хамгийн чухал нь маш түргэн сэтгэх юм гэдгийг ойлгосон. Маш олон янзын мэх байгаа шүү дээ. Дасгал сургуульдаа хөлбөмбөг, сагсан бөмбөг, регбийн дасгал оруулдаг. Энэ тоглоомууд хурдан сэтгэж бодоход тус болдог. Бөмбөг ирлээ, хэнд дамжуулах вэ гээд л секундэд бодохгүй бол болохгүй. Бөх ч мөн адил. Түргэн сэтгэж, шийдвэр гаргаж байх ёстой.
- Тайвшрахын тулд онцолж хийдэг зүйл байна уу?
- Унтахынхаа өмнө ном уншдаг. Христийн шашин, В.Путиний тухай номнууд. Цугларалтад гарахдаа номоо авч явна. Бэлтгэл хийгээд ядарсан харьж ирээд номоо уншина. Тэгээд л унтана даа. Бараг нойрны эм шиг л үйлчилнэ шүү дээ.
- Өөрийн гэр гэж үздэг газруудаа нэрлэвэл.
- Улаан-Үд, Эрхүү, Сибирь. Би байнга нүүж явсан болохоор нэг газар удаан амьдарч байгаагүй. Хаана ч очсон гэртээ байгаа юм шиг л байдаг. Би Улаан-Үдэд төрөөд Осинский дүүргийн тосгонд шилжиж, тэнд 2-р ангиа төгсөөд Эрхүүд нүүсэн. 7-р ангиа төгсөөд Улаан-Үдэд очиж, дөрвөн жил амьдраад Красноярскт ирсэн. Одоо тэнд амьдарч байна. Дахиж ийш тийш явмааргүй байна.
- Очих дуртай газар?
- Кисловодскт бэлтгэл их хийдэг. Сайхан байгальтай газар. Буриадад хээр талд гарах дуртай. Буриад үндэсний бөх барилдах сайхан. Энхалукт дуртай. Эрхүүд манай гэр ойд ойрхон, жижигхэн голтой. Ээж, эмээ минь өссөн газар. Тэнд амрах дуртай.
- Ойрын төлөвлөгөө?
- Энэ жил би коллеж төгсөнө. Тэгээд Буриадын их сургуулийн спортын тэнхимд элсэх төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж тамирчин хүн бүрийн мөрөөдөл Олимпийн аварга болох. Тамирчин болгон хүрч чадахгүй өндөрлөг ч би чадна гэдэгтээ итгэлтэй байна. Энэ талаар л бодож байгаа. Би тамирчны замналынхаа эхлэл дээр байна. Өөртөө би “Юунаас ч битгий ай, өөрийгөө бүү хайрла, тэвч, тэс” гэж байнга хэлдэг. Ингэж байж дээд зэргийн бөх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
46
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.