Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Уран зохиол: Франц Кафкагийн “Дайрлага” өгүүллэг

XX зууны Герман хэлтний уран зохиолын томоохон төлөөлөгч Франц Кафкагийн "Дайрлага" өгүүллэгийг хүлээн авна уу.


XX зууны герман хэлтний уран зохиолын томоохон төлөөлөгч Франц Кафкагийн "Дайрлага" өгүүллэгийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. 

 

Арваннэгдүгээр сарын тэвчихүйеэ бэрх харуй бүрий наашилж байлаа. 

Би гэрэл гэгээ нүргэлэх гудамж талбайгаас жихүүрхэн өрөөний салхивч, нөмрөг хөшиг сэлтээс туугдсан аятай яаран холдохдоо өрөөн дундах толины тусгалд хачин үзэгдэл үзээд эрхгүй бархиран орилж,  миний тэрхүү хашхираан дунд ч, орилохоо больсон хойно ч хаалга тогших юм уу, өөр ямар нэг гойд чимээ анир дуулдаагүй атал үүдний хаалга над өөд нээгдэх нь тэр. Нүд ирмэхийн зуургүй шүү. Зам дагуух морин тэргүүд тулаанд мордож, хүзүү юугаараа дайснаа хандсан аятай тэмүүлсээр байхад ч нүд ирмэхийн зуургүй гэгч болдог л хойно.

Гэрэл нь унтраастайгаас түнэр харанхуй ноёлох үүдний хонгилоос хүүхэд үү гэлтэй янз төрхтэй хий үзэгдэл  босгон тушаа өлмий дээрээ чичрэсхийн зогсоо харагдлаа. 

Бүрэнхий нөмөрсөн өрөөнд гэнэтхэн гаднаас гудамжны гэрэл анивчхийхэд охин нүүрээ гараар халхлан, өнөөх гялбаа арай хийж хөндлөвчийн дэргэдэх сүүдэрт хучигдан доогуур харанхуйлаад өнгөрөхөд цонх руу цочирдонгуй зэрвэсхийн харах шиг болов. Охин хаалганы хананд баруун тохойгоороо тулсан ч шанаа, хүзүү, хөлийн шагайгаа гадна нь гаргасан аж.

Би түүнийг анзаараад, ингээд нүцгэн шахуу байгаад байж болохгүй гэж бодоод халаагуураас хүрмээ аван, сандрал догдлолоо дарах гэж хэрэндээ хурдхан ам нээюү гэсэндээ “Өдрийн мэнд” гэж түүнд хандав. Гэнэтийн айлчлалаас юуг ч юм хүлээж байсан ч аманд эвгүй амтагдан, сормуус хацар юуг чичгэнүүлэн байлаа. 

Охин хана тушаа зогссон хэвээр шохойдож цайруулснаас биржийсэн ханыг баруун гарын хуруугаараа имрэн хацар нь ягаарах агаад ямар нэг зүйл хайсан шиг харагдана.

-Чи манайд ирээ юү? Том сууцанд андуурч эндүүрэхийг алийг тэр гэх вэ. Би ч энэ гурван давхарт суудаг байдаг л нэг залуу л даа. Хайж байгаа хүн чинь мөн эсэхээ мэдэхгүй юм гэхэд тэр,

-Чишш … Зүгээр … гэж мөр алдлав.

-Тэгвэл наашаа ор л доо. Хаалгаа хаагаадахъя.

-Түрүүхэн хаачихлаа. Зоволтгүй.

-Зовсондоо биш ээ. Эндэхийн түрээслэгчид бүгд намайг таньдаг юм. Одоо ч ихэнх нь ажлаасаа буугаад ирэх дөхөж байна. Тэд намайг өрөөндөө зочинтой байгааг сонсвол хаалга нээгээд харчихна. Тэгэх ч эрхтэй. Өдрийн ажлынхаа дараа арайхийж нэг амар тайван оройг өнгөрүүлэх гэж байхад нь үймүүлэх нь таалагдахгүй л болов уу. Чи ч илүү мэднэ дээ. За алив.

-Хүмүүс ороод ирнэ гэж санасангүй. Аль хэдийн хаачихсан. Хааж чадахгүй харагдав уу. Бүр цоожилсон гээч.

-За тийм байж. Шалгаахаа больё. Заавал цоожлох хэрэггүй байсан юм. Ингээд ороод ирсэн юм чинь тухлалдаа. Гэртээ байгаа юм шиг л бай. Зовох хэрэггүй. Би чамайг эндээс яв эсвэл үлд гэж шаардахгүй. Чи намайг таних уу? Эсвэл би өөрийгөө танилцуулах уу? 

-Үгүй дээ, хэрэггүй. Нэг муу хүүхдэд юунд ингэж сүр болоод байгаа юм?

-Хүүхэд байлгүй яахав. Тийм ч том биш ч нэг их балчир биш хүүхэд. Залуу охид ийм үед өрөөгөө түгжчихгүй л байх.

-Тийм байж. Чамайг мэддэг гэсэн ч ингэж худлаа саймширч сүржигнээд байх хэрэггүй дээ. Гуйя, больж үз. Хаана байгааг чинь ч мэдэх юм алга, ямар ч харанхуй юм. Гэрлээ асаавал дээргүй юу. Өө ... үгүй тэгэх хэрэггүй. Надруу агсраад байгаагаар чинь л санаж байя гэж хий үзэгдэл өгүүлэв.

-Байз. “Арай гэж” ингээд ирсэнд чинь баярлаж байхад өөрлүүгээ агсарсан гээд байгаа юм уу? “Арай гэж” гэсэн нь оройтсныг хэлж байна л даа. Яагаад оройтосныг чинь мэдэхгүй ч би л баярлаж хөөрөхдөө өөрийгөө буруугаар ойлгуулчих шиг боллоо. Чамд тавгүй хандсан бол бурхныг бодож ахин маргалдахаа больцгооё. Гэхдээ яагаад тэгэж бодсон юм бэ? Гомдмоор юм. Гэнэт л гарч ирчихээд шаардлага тавиад байх юм. Үл таних гийчид найрсаг байдагсан.

-Тийм байх. Гэхдээ тэд надаас илүү чамд ойртоод байхгүй л болов уу. Чи ч мэдэх атал энэ чинь юу вэ? Инээдмийн үзүүлбэр үзмээр байгаа бол би даруй алга болъё.

-Юу? Чиний ичих ч үгүй ороод зогсож байгаа энэ өрөө минийх юм шүү. Чиний наад хуруугаа бухимдмаар үрээд байгаа хана ч минийх. Миний өрөө, миний хана. Мөн чанар чинь ингэхийг албадаад байна гэх гээд байна аа даа? Чи угаасаа л тийм байхгүй юу. Мөн чанар чинь ч минийх. Миний хандлагаар чи юу ч биш болно.  

-Энэ тэгээд хандлага чинь уу? 

-Хэлсэнчлэн.

-Дараа хэзээ ирэхийг мэдэж байна уу? 

-Би юу ч мэдэхгүй ...

Тэгээд би дэнлүү, чийдэн аль аль нь байхгүйгээс орны дэргэдэх лааг асаалаа. Тэндээ удтал сууж залхаад пальтогоо нөмрөн, буйдан дээрээс малгайгаа шүүрээд лааг унтраалаа. Гарахдаа сандалны хөлд бүдрэх шахав.
Гарч яваад шатан дээр давхрынхаа түрээслэгчтэй таарлаа.

-Тэнүүлч залуу, ахиад л гарах нь уу? гэж тэр асуунгаа шат алгасан гарч ирэв.

-Манайхыг дайрлага дайрчихаад байхад би яах болж байна?

-Хоолноосоо урт үс олчихоод ингэж байна уу?

-Сонс. Сүнс л бол сүнс. Тохуурхах хэрэггүй. 

-Тийм л дээ. Гэхдээ хий үзэгдэлд итгэдэггүй бол яах вэ?

-Намайг арай итгэдэг гэж бодоогүй биз дээ. Гэхдээ итгэхгүй байлаа гээд юу өөрчлөгдөх юм?

-Хий үзэгдэл гарч ирлээ ч айж мэгдэхгүй л байхгүй юу. 

-Аах... Дараа нь үүнийг бодож болох л юм. Эхлээд бол яагаад гараад ирэв гэдэгт л зовних байна. Ийм айдас холддоггүй юм. Ялангуяа сэтгэлд тун хүчтэй төрж байхад... Би бүр сэтгэл хөөрснөөс бүх халаасаа нэгжээд байсан шүү.

-Чи түүнээс айгаагүй юм бол яагаад гараад ирснийг нь асуучих байсан байлгүй дээ.

-Чи хий үзэгдэлтэй ярьж ч үзээгүй байх. Тэд утга учиргүй ярьдгаас хэнд ч шууд юм хэлээд өгчихдөггүй юм. Хий үзэгдлийн оршихуйн мөн чанар биднийхээс хувь илүү тодорхойгүй байдаг юм. Жингүй хөнгөн байдлыг нь ч гайхах юмгүй. 

-Тэднийг гаршуулж болдог гэж сонссон юм байна?

-Чи ч ихийг мэдэх юмаа. Тийм л дээ. Гэхдээ хэн л тэгэхийг хүсэв гэж.

-Эмэгтэй хий үзэгдэл байсан юм бол яагаад үгүй гэж? гээд тэр нэг шат өгсөв.

-Аа ... тэглээ ч хамаагүй ...

-Би бодолд автлаа. Хөрш маань надаас хэдийн холдоод дээд давхрын шатнаас бөгтийн намайг харахтай нь зэрэгцэн би “Яасан ч ялгаагүй” гэж орилоод “Хий үзэгдлийг минь надаас булаах гээд үзээрэй, ахин хэзээ ч харьцахгүй гэж мэдээрэй” гэхэд тэр, 

-За тоглож байна даа гээд нүүр буруулан одлоо. 

-Тэгсэн чинь дээр гэж би хэлээд одоо л гарч салхилах хэрэгтэй гэж бодсон ч дэндүү ганцаардалд автаад байсан тул буцаж ороод унтахаар хэвтлээ. 

1912 он, Прага хот

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
9 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
11 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
25
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.