Хайх зүйлээ бичнэ үү

Нобелийн шагналт зохиолч Орхан Памук өөрийн шинэхэн роман, төрөлх хот Истанбулаа гэх элгэн халуун сэтгэлийнхээ тухай 2015 онд "Time"-д өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Нобелийн шагналт зохиолч Орхан Памук өөрийн шинэхэн роман, төрөлх хот Истанбулаа гэх элгэн халуун сэтгэлийнхээ тухай, мөн 2015 онд болсон аймшигт халдлагыг улс эх орон нь хэрхэн хүлээж авсан тухай “Time” сэтгүүлд мөн онд ярьсныг орчуулан хүргэж байна. Түүний “Цас” романыг эх хэлнээ хөрвүүлэн уншигчдын гарт хүргэсэн орчуулагч Б.Баясгалан энэхүү ярилцлагыг орчуулсан билээ.

-Таны шинэ роман “Оюун санааны маань этгээд харь тал”-д Истанбулын ажилчин ангийн төлөөлөл, жирийн нэг эрийн 1960-аад оноос эдүгээх хүртэл амьдралыг дүрслэн үзүүлжээ?

-Эхэндээ би нэг боза (соёолжны исгэмэл) худалдаалагчийн тухай бэсрэг роман бэлдэж байлаа. Истанбулын гудамжны амьдралын тухай 600 гаруй нүүр, ийм том туульсын роман болчихно гэж бодоогүй хэрэг. Цуглуулсан материал маань хэтэрхий баялаг болчихоод зохиол сунахаас өөр аргагүй болсон. Доод ангийн, жирийн л нэг худалдаачны тухай чухам л “Кармазовын хөвгүүд” юм уу “Хамлет”-ийн тухай бичиж буй юм шиг, хүнийх нь мөн чанарыг бүхий л талаас нь шавхаж бичих амаргүй байсан шүү.

-Романы тань гол баатар Мелвүт боза зардаг. Энэ ундаа түрэгүүдийн амьдралд ямархуу утга учиртай эд вэ?

-Энэ ундаа Оттаманы эзэнт гүрний үед ихээхэн түгээмэл байж л дээ. Соёолж, амуу буудай нэрж хийдэг болохоор уусан хүн жаахан хөлчинө. Гэлээ ч үүнийг уусан хүнд шашин шүлэгтээ тэрс үйл хийлээ гэж огт бодогддоггүй байсан болохоор тэгж түгсэн нь аргагүй биз. Түркүүдийн хувьд энэ бол Оттоманы үеийн өрнүүн түүхийн гэрч, өнө эртний зан заншил, хүчирхэг эзэнт гүрэн, үргэлжлэх залгамж холбоотой байсан сайхан үеийн маань дурсгал юм даа.

-Та өөрөө энэ ундааг хүртэж явав уу?

-Ийм роман биччихсэн хүн уудаг л байж таарна даа. Гэхдээ надад тийм ч сайхан амттай эд санагддаггүйг хэлэх хэрэгтэй.

-Романы өрнөл дундах хэдхэн арван жилд Истанбул хот хэрхэн өөрчлөгдөж, өсөн дэлгэрч буйг бид бэлхнээ харлаа. Энэ хооронд ямар нэг алдагдсан, гээгдсэн зүйлс бий юу?

-Би бага насны танил гудамжууд маань бүгд устаж үгүйрлээ гэж гасалж гонгиносон, уйтай хүн байхыг бодоогүй. Харин ч Истанбулын шинэ оршин суугчидтай хамт, энэ хотыг шинээр нээхийг хүссэн. Аль ч хотод амьдарч буй хүмүүс хайрлан дурлаж, уурсан хилэгнэж, ямар нэг зүйл хүсч мөрөөсч амьдардаг. Гэвч элдэв янзын бэлгэдэл, тэмдэг, архитектурын сонин содон дурсгал, хотын залгамж халааг хадгалах гэх мэт ойлголт ер ямар хэрэгтэй юм бэ? Бидэнд дурсамжаа юүлж хадгалах зүйл хэрэгтэй байдаг болоод л тэр шүү дээ.

-Та 2006 онд Нобелийн утга зохиолын шагнал гардсан. Шагнал авснаа утсаар анх дуулах ямар байв аа?

-Миний хувьд тийм ч гэнэтийн явдал байгаагүй ээ. Шагнал зарлагдахын урьд орой би нэг турк найзтайгаа хамт зоог барьж суулаа л даа. Тэгэхэд тэр маань “Маргааш цаадуул чинь ...-нд саналаа өгнө дөө” гээд л ярьж байв. Өглөө нь утас дуугарахад би юу болоод байгааг хэдийнэ мэдэж байсан. Яагаад гэвэл над руу өглөөний 07.00 цагт хэн ч залгадаггүй л байхгүй юу.

-Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны талаарх таны бодлыг асууж болох уу?

-Тэр илүү захирангуй болоод ардчиллыг огт хүндлэхгүй байна. Уг нь Турк улс сонгуулийн ардчилсан тогтолцоотой ч хүний үг хэлэх эрх чөлөөг аваад үзэхэд бүрэн дүүрэн ардчилалд хүрэх яагаа ч үгүй байна. Туркт үг хэлэх эрх чөлөө хамгийн аймшигтай зөрчигддөг.

-Эрдоаны хийж буй зүйлсийг ултайхан эсэргүүцчих хүч байхгүй гэж үү?

-Тийм хүч байлгүй яахав гэж тун баяртай хэлэх байна. Эрдоан одоо сонгогчдын саналыг улам бүр алдсаар байгаа. Бүр өөрийнх нь талын консерватив хүн биш гэж үзээд нүүр буруулах маягтай болж. Турк түмэн жинхэнэ ардчиллыг уландаа гишгэсэн, дарангуйлагч Ерөнхийлөгчөөс татгалзаж эхэлж буй нь таатай хэрэг.

-Эдүгээ Европыг нөмрөөд байгаа дүрвэгсэдийн асуудал Туркт яажшуу нөлөөлж байна даа?

-Би Таксим талбайн ойр амьдардаг. Сирийн дүрвэгсэд гудамжинд гуйлгачлаад сууж буйг өдөр бүр харах юм даа. Турк улс даруй 2 сая дүрвэгч хүлээж авсан. Герман улс ганцхан жилийн дотор 800.000 гаруй дүрвэгчийг хүлээн авч, бичиг баримт олгон нийгмийн хамгааллыг нь шийдэж Туркээс лав ер олохгүй дориухан ирээдүйг бэлэглэж буйд нь би талархаж байгаа.

-Та Туркийг Европын холбоонд элсүүлэх ухуулгыг нэлээд манлайлж явсан. Харин одоо Европт Туркийг шингээх зай бий болов уу?

-Европын холбоонд нэгдэх тухай асуудал бүтэлтэй болоогүй. Туркийн үндсэрхэгүүд, шашны бус арми үүнийг хүсээгүй. Европын консервативуудад ч энэ санаа таалагдаагүй. Харин одоо Европ өөрсдийнхөө асуудлыг яая гэж байна.

-Турк энэ аравдугаар сарын 10-нд үнэнхүү аймшигт алан хядлагын гэрч боллоо. Улс орон тань энэ үйл явдлыг яажшуу хүлээж авав?

-Магадгүй би туйлын өөдрөг байж мэднэ, гэхдээ энэ үйл явдал Туркийн ард түмнийг үнэхээр нэгтгэсэн. Тогтвортой, тайван ардчиллыг хүсэх, Эрдоаны үйл ажиллагааг жигших, мөнхүү аймшигт аллагыг үйлдсэн хэнийг ч болов буруутган хэлэлцэх хүмүүсийн энэ хандлага сонгуулиар дамжин ардчилсан, энх тайванч улс орныг бүтээх замыг тавих болов уу гэж итгэж байна.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
6
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.