Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Ерөнхийлөгч Х.Баттулга буюу улстөрд орсон тамирчид

Алдарт тамирчид зодог тайлаад улс төрд ордог явдал олон бий.


Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга ялалт байгуулж, Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч болсон билээ. Түүнийг сонгуульд ялалт байгуулахад Олон улсын жүдо, самбо бөхийн холбоод албан ёсоор баяр хүргэсэн. Энэ нь ч аргагүй, Х.Баттулга бол 1983 онд самбо бөхийн дэлхийн аварга, 1989 онд Дэлхийн Цомын аварга болж байсан бөх хүн. Мөн Азийн самбо бөхийн холбооны ерөнхийлөгчийн албыг хашиж, Монголын жүдо бөхийн холбоог одоо ч удирдаж байгаа. Хэдий 54 нас хүрсэн ч өглөө бүр дасгал хийж, төмөр өргөдөг хэвээр.

Алдарт тамирчид зодог тайлаад улс төрд ордог явдал олон бий. Ингээд манай Ерөнхийлөгчөөс гадна гадаадын ямар тамирчид их спортын замналаа дуусгаад их улстөрд шилжиж, ямар амжилт үзүүлж байсныг эргэн санацгаая.

Жеральд Форд (АНУ)

Форд 1974 онд АНУ-ын 38 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүнийг Төрийн тэргүүн байх үед Вьетнамын дайн дууссан бөгөөд Форд ЗХУ-тай харилцаагаа сайжруулж, Америкийн эдийн засгийн хямралыг даван туулсан юм. Мөн хоёр ч удаа амь насыг нь хөнөөх гэсэн оролдлогоос эсэн мэнд үлдэж чадсан Ерөнхийлөгч. 1977 онд Цагаан Ордныг орхисноосоо хойш 29 жил амьдарсан нь АНУ-ын Ерөнхийлөгч асан нарын хувьд албан тушаалаа өгөөд хамгийн удаан амьдарсан рекорд амжилт гэнэ. За энэ яахав. Гол яриандаа ороход Форд залуудаа Мичиган их сургуулийн америк хөлбөмбөгийн багт тун дажгүй тоглодог, 1932-1933 онд АНУ-ын оюутны аварга болж байсан тамирчин хүн. Даанч мэргэжлийн хөлбөмбөгт хөл тавихаас илүү улстөрч болохыг тэр илүүд үзсэн.

Имран Хан (Пакистан)

Энэтхэг, Пакистан зэрэг оронд крикет үндэсний спорт. Энд крикетийн тамирчид бурхан л гэсэн үг. 1992 оны Дэлхийн Цомд Английг ялан түрүүлсэн Пакистаны шигшээ багийн домог Имран Хан зодог тайлаад улс төрд орсон. Тэрбээр улсынхаа хамгийн том улстөрийн хүчний нэг “Техрик-е-Инсаф” намыг тэргүүлж байна. Талибаны эсрэг эвлэрэшгүй дайн явуулж байгаа түүнийг ирээдүйн Ерөнхийлөгч гэж олон хүн үздэг.

Кевин Жонсон (АНУ)

NBA-гийн од, “Финикс”-ийн домог, 1994 оны дэлхийн аварга, “Бүх оддын тоглолт”-нд 3 удаа оролцож явсан Кевин Жонсон их спортоо орхиод огт газардаагүй. Зодог тайлсан бусад сагсан бөмбөгчдийн адил тэр телевизийн салбарт хүч сориогүй, тайлбарлагч, дасгалжуулагч ч болоогүй, улстөрийн ертөнцөд шумбан орсон юм. 1998 оны 12 дугаар сард тэр Калифорни мужийн Сакраменто хотын даргаар сонгогдсон. Тус хотын дарга болсон анхны хар арьст хүн гэж байгаа. Жонсон энэ албан тушаалдаа 2016 он хүртэл ажилласан билээ.

Жим Баннинг (АНУ)

Жеймс Пол Дэвид Жим Баннинг Америкийн мэргэжлийн бейсболын лигэд 17 жил тоглосон. 1955-1971 онд “Детройт”, “Филадельфи”, “Лос-Анжелес”, “Питтсбург” багуудад харьялагдаж байсан тэрбээр долоон удаа “Бүх оддын баг”-т сонгогдож байлаа. Түүний 14 дугаарыг “Филадельфи” баг мөнхлөсөн тул хэн ч эзэмших эрхгүй. 1996 онд Бейсболын алдрын танхимд Жим Баннинг нэр хүндтэйгээр заларсан юм. Зодог тайлаад Баннинг 1999-2011 онд Кентукки мужаас сенатор болон ажилласан. Харамсалтай нь тэр энэ жилийн тавдугаар сард 85 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн.

Жесси Вентура (АНУ)

Жеймс Жорж Янош буюу Жесси Вентура бол 1970-1980-аад оны мэргэжлийн бөх прореслингийн од. Холливудын хэд хэдэн кинонд дүрээ мөнхөлснийхөө дараа тэр улстөрд шилжсэн. 1999-2003 онд Миннесота мужийн амбан захирагчаар ажиллаж байлаа.

Арнольд Шварценеггер (Австри/АНУ)

Төмөр Арниг хүн бүр мэднэ. “Мистер Олимп” тэмцээний долоон удаагийн аварга түүний үлгэр жишээгээр сая сая хүн бялдаржуулах урлагаар хичээллэж эхэлсэн билээ. Зодог тайлаад Холливудыг байлдан дагуулсан Терминатор дараа нь улс төрд орсон. 2003 оны 11 дүгээр сард Шварценеггер АНУ-ын хамгийн их хүн амтай, баян муж болох Калифорнийн Амбан захирагчийн сонгуульд ялж, 2006 онд дахин сонгогдсон. АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд ч санаатай байсан боловч гадаадад буюу Австрид төрсөн болохоор хуулийн дагуу өрсөлдөх боломжгүй болсон юм. 2011 онд амбан захирагчийн албан тушаалаа өгөөд эргээд кино ертөнцдөө орсон билээ.  

Кен Драйден (Канад)

Стэнлийн Цомыг 6 удаа хүртэж, Шилдэг хаалгачын “Везина Трофи” шагналыг 5 удаа гардсан “Монреаль” багийн домогт хаалгач. Драйден хоккей тоглож байхдаа нэг жилийн чөлөө авч, 1974 онд Макгилл их сургуулийн диплом авч байлаа. Учир нь тэр зодог тайлаад юу хийхээ шийдсэн байсан юм. Мөсөн талбайгаа орхиод Кен улстөрд орж, 2004-2006 онд Канадын Нийгмийн хангамжийн сайдын албан тушаалыг хашиж байв.

Жорж Веа (Либери)

1995 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч Веа жижигхэн Либери улсдаа ард түмний шүтээн байлаа. Тиймээс зодог тайлаад тэр шууд л улсынхаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн. 2005 оны сонгуульд Веа сонгогчдын 28 хувийн санал авч, хоёрдугаар шатанд шалгарсан ч дараагийн шатанд Элен Жонсон-Серлифт ялагдаж байлаа. Элен алдарт хөлбөмбөгчийг ялаад Африк тивийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болсон.

Мэнни Пакьяо (Филиппин)

Энэ цагийн шилдэг боксчдын нэг Мэнни зодог тайлаагүй байгаа. Тэр 10 жилийн өмнө буюу 2007 оноос улстөрд орсон. Филиппиний Либерал намыг байгуулж, 2010 оны сонгуульд ялалт байгуулан, Конгресст суусан. Удалгүй Парламентийн Дээд танхимд сенатор болсон билээ. Мэнниг эх оронд нь тахин шүтдэг тул удахгүй Ерөнхийлөгч болох нь тодорхой.

Пал Шмитт (Унгар)

Энэ жагсаалтын гол од. Яагаад гэвэл түүний гаргасан спорт, улс төрийн амжилт энд бичигдсэн оддоос хавьгүй илүү. Пал Шмитт 1968, 1972 оны олимпод туялзуур сэлэмний төрлөөр түрүүлсэн, олимпийн хошой аварга тамирчин. Мөн дэлхийн хошой аварга. Зодог тайлаад Унгарын ҮОХ-г удирдаж байсан ч улам дээш ахихаар шийдсэн юм. Ингээд 2010 онд Унгарын Ерөнхийлөгч болсон. Гэхдээ түүнийг ард түмэн сонгоогүй, парламент сонгосон. Хэдий хоёрхон жил Ерөнхийлөгч байсан, докторын диплом нь хуурамч байсан нь илрэн, хэрүүл шуугиантай халагдсан ч Унгарын Ерөнхийлөгч байсан нь бодит үнэн билээ.  

Виталий Кличко (Украин)

Мэргэжлийн боксын хүнд жинд WBO, WBC холбооны дэлхийн аварга болж байсан Кличко зодог тайлаад мэргэжлийн улстөрч болсон. 2014 онд тэр нийслэл Киев хотын дарга болж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно хэмээн мэдэгдэж байв. Дүү Кличко ч саяхан зодог тайлсан тул ах дүү Кличко нар Украин улсын улстөрийг эзэгнэх цаг ирэх биз ээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
8 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
8 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
18
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.